Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 225/МА2022/00007

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 225/МА2022/00007

 

 

 

С.*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 132/ШШ2021/00521 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.*******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргад холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн, хариуцагч Булган аймгийн Тэшиг сумын Засаг дарга Ж.Гансүх, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* би Булган аймгийн Тэшиг суманд байрлах******* ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан бөгөөд контрактын гэрээг дүгнэсэн дүгнэлт 58 хувьтай хангалтгүй дүгнэгдсэн гэх зөвлөмж******* ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлөөс ирүүлсэн гэх үндэслэл, шалтгаанаар Булган аймгийн Тэшиг сумын Засаг дарга 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/16 дугаартай захирамжаар******* ОНӨААТҮГ-ын захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд уг шийдвэрийг надад 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гардуулж, мэдэгдсэн.******* ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн контрактын гэрээг дүгнэсэн нь хууль, дүрэм, журамд нийцээгүй, хууль бусаар дүгнэсэн ба уг хууль бусаар дүгнэсэн гэрээний дүгнэлтийг үндэслэн Булган аймгийн Тэшиг сумын Засаг дарга нь үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан.

Иймд С.******* миний бие ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулахаар шүүхэд гомдол /нэхэмжлэл/ гаргаж байна. С.******* намайг Булган аймгийн Тэшиг суманд байрлах******* ОНӨААТҮГ-ын захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулан өгч, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Тэшиг сумын Засаг дарга Ж.Гансүх шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ контрактын гэрээг дүгнэсэн нь хууль, дүрэм, журамд нийцээгүй хууль бусаар дүгнэсэн акт хэмээжээ. Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу******* ОНӨААТҮГазрын захирал,******* ОНӨААТҮГазрын Төлөөлөн удирдах зөвлөл нь контрактын гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 дугаартай байгуулсан. Тус гэрээний дагуу талуудын эрх, үүрэг, хариуцлага, гэрээ дүгнэх журам гэх зэрэг талууд хооронд үүсэх асуудлыг зохицуулсан. Тус гэрээний 1.5-д Гэрээг жил бүр******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захиралтай контракт байгуулах, дүгнэх журам-ын дагуу дүгнэнэ гэж зааснаар******* ОНӨААТГазрын төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 дугаартай гэрээний биелэлтийг дүгнэсэн.

Тус дүгнэлтээр******* ОНӨААТҮГ-ын захирал С.*******тай байгуулсан контрактын гэрээний биелэлтийн дундаж оноо 58%-тай үнэлэгдэж хангалтгүй гэж дүгнэж 06 дугаартай тогтоол гарсан. Монгол Улсын Компанийн тухай хууль, нэхэмжлэгч С.*******тай байгуулсан контракт гэрээний дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь гэрээг дүгнэх нь түүний бүрэн эрхийн асуудал байдаг.******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүгнэлт, Булган аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 171 дугаартай албан бичгээр******* ОНӨААТГазрын захирал С.*******ыг чөлөөлөхийг зөвлөж, эрх бүхий байгууллагатай зөвшилцөж чөлөөлсөн тул Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/16 дугаартай захирамж нь хууль зөрчөөгүй хуульд нийцсэн шийдвэр юм.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 132/ШШ2021/00521 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ыг Булган аймгийн Тэшиг сумын "Тэшиг-Ус" ОНӨААТҮГ-ын захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 6,226,656 /зургаан сая хоёр зуун хорин зургаан мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар С.*******ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт бичилт хийхийг Булган аймгийн Тэшиг сумын*******" ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 114576 /нэг зуун арван дөрвөн мянга таван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Булган аймгийн Тэшиг сумын Засаг дарга Ж.Гансүх давж заалдах гомдолдоо: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан ажил олгогчийг ажлаас буруу халсан гэж тогтоохдоо

А. Анхан шатны шүүх контрактыг үнэн зөв дүгнэсэн нь эргэлзээ төрөхөөр байна гэх дүгнэлтийг хийсэн. Ийнхүү эргэлзээ төрөхөөр байна гэх дүгнэлтийг ямар нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийж байгаагаа тайлбарлаагүй. Контрактыг дүгнэсэн дүгнэлтийн аль хэсэг эргэлзээ төрөхөөр байгаа нь тодорхойгүй буюу шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хууль зүйн үндэслэлийг шүүх анхаарч шийдвэрлээгүй. Контрактыг дүгнэхдээ хууль зөрчсөн эсэх, эсвэл контрактыг буруу дүгнэсэн гэх няцаасан нотлох баримт нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй байхад хариуцагч талыг нотлох баримтаа гаргаж өгөөгүй мэт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж байна.

Б. Контракт гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг баримтлаагүй гэж буруутгасан. Гэвч хуулийн ямар заалтыг баримтлах байсныг баримтлаагүй болох, баримтлаагүй нь ажилтны эрх ашгийг зөрчсөн үндэслэл эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй буюу хуулийн зохих заалтын дагуу шийдвэрлээгүй гэж үзэж байгаа нь хуулийн ямар заалт зохицуулалтыг ажил олгогч зөрчсөн болохыг тодорхой тайлбарлаагүй атлаа зөрчсөн гэж үзэж ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

2. Цалин хөлс нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх заалтыг зөрчсөн. Цалин хөлсний дунджийг шийдвэрлэхдээ ямар нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэж байгаагаа дурдаагүй 2021.01 сараас цалин бууруулж 1,000,000 төгрөгөөр цалинжуулж байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шүүх анхаарч үзэлгүй дундаж цалин хөлсийг 1,375,000 төгрөг байсан мэт дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна. Түүний сарын цалин 2021.01 сараас эхлэн 1,000,000 төгрөг болсныг талууд маргаагүй байгааг шүүх анхаарч шийдвэрлээгүй.

Нэхэмжлэгч харин 2021.01 сараас цалин бууруулж 1,000,000 төгрөг болсныг зөвшөөрөхгүй байгаа гэж маргасан ба энэхүү маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2-т заасан маргаанд хамаарахгүй бөгөөд цалин хөлсний маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-т заасан маргаанд хамаарч байгааг, хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэргийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.16-ны өдрийн 132/ШШ2021/00521 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Булгантамир, У.Хүрэлсүх нар давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлжээ.

Шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй байна.

Тухайлбал, ... өмгөөлөгч нар нь үйлчлүүлэгчийн няцаалт, байр суурьт аль ч үе шатанд тайлбарлах, туслалцаа үзүүлэх эрхтэй хуулийн зохицуулалтыг хязгаарлаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хүрсэн.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана. гэж заажээ. Шүүх хуралдаан даргалагч 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд шүүхийн шийдвэрийн үндэслэлийг ИХШХШТХ-ийн 119.1-д зааснаар танилцуулахдаа ...Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчид ашигтайгаар дүгнэж ...нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ... гэж дурджээ. Өөрөөр хэлбэл, шүүх талуудын маргаагүй хэсэгт дүгнэлт өгч******* ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгоогүй, нэхэмжлэгч түүнтэй маргаагүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлаар хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь ноцтой зөрчил гэж үзнэ.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар:

...Хөдөлмөрийн тухай хуульд хугацаатай болон хугацаагүй гэрээ байгуулах ба одоо мөрдөгдөж байгаа хуулиар хугацаатай хөдөлмөрийн гэрээнд туршилт, дагалдан, цагаар, контрактын гэрээг байгуулж ажиллах бөгөөд ажил олгогчийн буюу хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг******* ОНӨААТҮГ-ыг ашигтай ажиллуулах, өр зээлд оруулахгүй, санхүүгийн чадамжтай болгох, түүний удирдах чадварыг үнэлж хөдөлмөрийн гэрээний онцгой төрөл болох контракт байгуулж, бусдаас өндөр цалин хөлс өгч ажиллуулсан боловч 2015 оноос хойш энэ байгууллага өр, зээл, төлбөрт орсон талаарх баримтыг үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...гэрч Ц.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг, банкны зээлээр ашиглалтын шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл худалдан авч, актлагдсан байдал, гэрчүүдийн мэдүүлгээр гэрээг дүгнэх талаар 2-3 удаа хандаж байсан талаарх асуудлаар огт дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал, Контрактын гэрээ нь 2021 оны 01 дүгээр сард дуусгавар болж, контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн бол сунгах эсэхийг ажил олгогч шийдвэрлэхээр заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Мөн Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 1.5-д гэрээг дүгнэхдээ төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас 2019 оны 260 дугаартай тогтоолоор батлагдсан Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам-ыг баримтлахаар дурджээ. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн албан бичигт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 260 дугаартай тогтоолоор баталсан "Төрийн өмчит үйлдвэрийн газар төрийн өмчит компаний захиралтай контракт байгуулах, дүгнэх журам, контрактын загварыг аймаг орон нутгийн онцлогийг тусгаж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталж мөрдөх учиртай гэжээ. ...Дээрх байдлаас дүгнэж үзвэл 260 дугаартай тогтоолоор баталсан журмын 2 дугаар хавсралтыг үндэслэн******* ОНӨААТҮГ-ын захиралтай байгуулсан контрактын гэрээг дүгнэснийг буруутгах боломжгүй юм... гэж тус тус дурдсан.

Үүнээс үзвэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-1/1695 тоот албан бичигт дурдсан үйл баримтыг гуйвуулан тайлбарлаж байна. Тус албан бичигт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 260 тогтоол нь зөвхөн Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компаний захиралтай байгуулах контрактын гэрээнд үйлчилнэ гэж тайлбарласаар байхад 260 дугаар тогтоолоор дүгнэх ёстой гэж шүүх үзэх боломжгүй юм.

...Мөн шүүх дүгнэхдээ талуудын контрактын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно гэж заасан. Харин гэрээг дүгнэснээр цааш сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна. Гэрээнд талуудын хүлээх үүрэг, эдлэх эрхийн талаар тодорхойлсон бөгөөд гэрээний 2.1,4-т...3.2.7-д ...гэж тус тус заажээ... гэж дүгнэхдээ ажил олгогчид олгосон эрхийг үүрэг болгосон хуулийн зохицуулалт мэтээр хуулийн зохицуулалтыг хэтрүүлэн нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 25.4-т заасан хууль зүйн ойлголт нь зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх, эрх олгосон зохицуулалтыг шууд сунгаж болох талаарх дүгнэлтийг хийсэн байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ би 07.07-ны өдөр халагдсан гэж байхад 07.05-ны өдрөөс цалин хөлсийг тооцсон, мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин хөлсний нийлбэрийг бодох ёстой байтал шүүгч 3-5 сар гэж тодорхой байдлаар дундаж цалинг өсгөж, мөн нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сараас сарын 1,000,000 төгрөгийн цалин хөлс авч байгаа талаар зохигчид мэдүүлсэн. Энэ талаар маргаагүй байхад сарын цалин хөлсийг 1,350,000 байхаар гэж буруу тооцсон байна.

Нөгөөтэйгүүр ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээдийг тодорхойлсон байхад шүүхэд Тэшиг сумын Засаг даргыг хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч нэхэмжлэгчийн цалинг Тэшиг сумын Засаг даргын Тамгын газарт хариуцуулахаар даалгаж шийдвэрлэсэн нь хариуцагчаар оролцоогүй этгээдэд шүүхийн шийдвэрээр даалгаж, түүний эрхийг зөрчиж болохгүй нөхцөл үүссэн байна. Тэшиг сумын Засаг даргын Тамгын газар нь төсвийн тухай хууль тогтоомжид зааснаар өөрийн төсөвтэй байгууллага бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч болон гуравдагч этгээдээр оролцоогүй болохыг шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 2.3-д Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлах замаар байгуулагдсан компанийн үйл ажиллагааг энэ хуулиар, түүнийг үүсгэн байгуулахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна, мөн хуулийн 2.4-д Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх хороо, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга болон тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасны дагуу Тэшиг ус ОНААТҮГ-ийн хувьд Компанийн тухай хуулийг хэрэглэх бөгөөд Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын Гүйцэтгэх удирдлагыг Компанийн тухай хуулийг хэрэглэхээр зохицуулсан байна.

Компанийн тухай хуулийн 83.6-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна, мөн хуулийн 83.7-д Энэ хуулийн 83.6-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурах бөгөөд гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна, мөн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь мөн хуулийн 76.1.8-д компанийн Гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, 76.1.9-д компанийн Гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох-оор тус тус хуульчилсан байна.

Гэтэл шүүх аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын хувьд Компанийн тухай хуулийг хэрэглэх үү, эсвэл Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх нь зөв эсэх талаар ойлгомжтой дүгнэлт хийгээгүй байна. Дээр дурдсан хуулийн зохицуулалтаар аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагын хөдөлмөрийн харилцаатай холбоотой шууд томилох, чөлөөлөхтэй хамааралтай зохицуулалтыг хуульд тусгайлан заасан бөгөөд тухайн харилцаатай холбоотой эх сурвалж хууль нь Компанийн тухай хуулийг үндэслэн дүгнэлт хийгээгүйгээс болж шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэх нь эргэлзээ үүсэж байгаа юм.

Мөн******* ОНААТҮГ-ын Гүйцэтгэх захирал нь Төлөөлөн Удирдах Зөвлөлтэйгээр Контрактын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг ТУЗ нь дүгнэж хангалтгүй дүгнэлт хийсэн. Харин Тэшиг сумын Засаг даргын хувьд ТУЗ-өөс ирүүлсэн саналын дагуу өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78.2.2-т заасны дагуу Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн эрх баригчийг томилох, чөлөөлөх гэсэн заалтын дагуу Гүйцэтгэх удирдлагыг томилох чөлөөлөх эрхийг олгосон заалтыг хэрэгжүүлсэн.

Гэтэл уг хуулийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч С.*******тай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй асуудал тул Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Улмаар С.*******тай байгуулсан Контрактын гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн Контрактын гэрээний төрөлд хамаарч байгаа боловч тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль буюу Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээний асуудал болон түүнийг томилох чөлөөлөх асуудал яригдах учиртайд шүүх дүгнэлт хийгээгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн******* ОНТӨААТҮГ-нь Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй байх шаардлагатай эсэх талаар дүгнэлт хийж, энэ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан дүрэм, журмыг баримтлах эсэх талаар дүгнэлт хийж, ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг тухайн дүрэм журамтай холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй бөгөөд хүчингүй болгуулах талаар огт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байдаг. Гэтэл Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэр үндэслэлтэй эсэх талаар бус харин Засаг даргын захирамж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78.2.2-т нийцэж гаргах нь зөв эсэх талаар дүгнэлт хийх нь хууль зүйн хувьд ач холбогдолтой гэж үзэж байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.16-ны өдрийн 00521 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 132/ШШ2021/00521 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ыг Булган аймгийн Тэшиг сумын******* ОНӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 6,226,656 /зургаан сая хоёр зуун хорин зургаан мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар С.*******ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт бичилт хийхийг Булган аймгийн Тэшиг сумын******* ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчид үүрэг болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх С.*******ы нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 132/ШЗ2021/01308 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ Мандал овогт Сэрждорж /ВС71072213/-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна.

Өөрөөр хэлбэл С.******* шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад Мандал овогт Сэрждоржийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн нь ойлгомжгүй болжээ.

Мөн нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байхад иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжид нэхэмжлэлийн шаардлагад заагаагүй нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай шаардлагад иргэний хэрэг үүсгэж энэхүү шаардлагаа эцэслэн шийдвэрлэжээ.

Эдгээр зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Мөн шүүх 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1530 цагт хийхээр хойшлуулжээ. Гэтэл шүүх товлосон цагаасаа өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1430 цагт шүүх хуралдааныг эхэлж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 132/ШШ2021/00521 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Б.СОСОРБАРАМ

Н.БАЯРХҮҮ

 

 

 

 

.