Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/48

 

 

 

 

 

 

  2024        08        14                                        2024/ДШМ/48

 

М.Эд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Уламбаяр,  

Нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Э.Уламбаярын эсэргүүцлээр М.Эд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Халиугчин овогт Мын Э, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын арматурын 3 дугаар зэрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн .... сумын ... дүгээр багийн ... дүгээр гудамжны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар......../.

М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... оны .... дугаар сарын ....-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Х.О-ийг “гэрт хүргэж өг” гэх шалтгаанаар зодож хамар ясны хугарал, таславчийн мурийлт хавирганы цууралт, зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Уламбаяр эсэргүүцэлдээ: “...2024/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт:

1.Шүүгдэгч Халиугчин овогт Мын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй... гэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай...” гэжээ.

Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино...” гэж заасан байхад шүүгдэгчид оногдуулаагүй ял буюу “нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 ...дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд тооцохоор заасан.

Иймд Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох нь:” хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай ...” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.” гэж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.“ гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны … дугаар сарын ….-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын … дүгээр багийн нутаг дэвсгэрт Х.О-ийг “гэрт хүргэж өг” гэх шалтгаанаар зодож хамар ясны хугарал, таславчийн мурийлт хавирганы цууралт, зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Эы дээрх үйлдэл нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогч Х.О….ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-12-р тал/,  Иргэний нэхэмжлэгч Г.А…ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р тал/, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 26/86 дугаартай албан бичиг түүний хавсралт /хх-ийн 16-17-р тал/, гэрч Х.Б…ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.А….гийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 203 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-р тал/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 27-30-р тал/ зэргээр нотлогдож тогтоогдсон байх ба эдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж хуульчилсан байх ба анхан шатны шүүхээс хуулийн энэхүү заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэхдээ “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай...” гэж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч М.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,  39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 3 дахь заалтын “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.” гэснийг “...торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Л.ЭРДЭНЭБАТ

                          Б.СОСОРБАРАМ

                                                                            Н.БАЯРХҮҮ