Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2026/0131

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч:    Шүүгч Б.Анхбаяр

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “М*******” ХХК

Хариуцагч:    Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага:Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.878.512 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 05/1898 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.878.512 төгрөгийг “М*******” ХХК-д олгохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах”

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Ган-Эрдэнэ

Танхимын дугаар: 1

 

                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

1.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Манай компани нь Х******* аймгийн Хэрлэн суманд байрших Монос Х******* 1, Монос Х******* 2 эмийн сангуудыг хариуцан ажиллуулдаг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан ХЭ-04/1341 тоот, ХЭ-04/1340 тоот “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээнүүдийн дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ бүхий” жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид хөнгөлөлттэй олгох үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж ирсэн. Дээрх харилцааг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.7, 3.1.8, 9.1.7 дахь заалтуудаар тодорхой зохицуулсан байдаг бөгөөд “Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” тухай гэрээний 2.4.7 дэх заалтын дагуу тухайн оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгосон эмийн нэхэмжлэхийг Х******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст цаасан хэлбэрээр, мөн цахим хаягаар хүргүүлж эмийн үнийг авдаг журамтай. Гэтэл 2025 оны 05 дугаар сард манай компанийн нягтлан бодогч Г.О*******, Гүйцэтгэх захирал Б.С******* нар ажлаас гарсан тул 2025 оны 05 дугаар сарын хөнгөлөлтийн тайланг эмийн сангийн эрхлэгч С.******* хариуцан гаргаж хүргүүлсэн бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох тайланг төсвийн цаглабарт хугацаагаар тасалбар болгож илгээдэг журамтайг миний бие ажил үүргийн хувьд мэдэх бололцоо гараагүй, урьд хөнгөлөлтийн тайланг Гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нар хариуцан илгээдэг байсан тул 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны хөнгөлөлтийн тайланг хоцроосон юм. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Х******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хандаж албан хүсэлт, өргөдөл гаргасан боловч хариуцагч тал гэрээний 2.4.7 дахь заалтыг мөрдөөгүй буюу хугацааг хоцроосон шалтгаан зааж хөнгөлсөн эмийн үнийг бүхэлд олгохоос татгалзсан. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11.3 дахь хэсэг “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгох...” гэж заасны дагуу иргэд, даатгуулагчдад хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 2025 оны 06 дугаар сард батлагдсан төсвийн хуваарьт багтаж хэтрүүлээгүй бодитой үзүүлсэн, гүйцэтгэлээр баталгаажсан, мөн “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээний гэрээ”-ний 2.1.7.2 дахь хэсэгт зөвхөн гэрээний 2.4.4-т заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч хянахаас татгалзах зохицуулалттай тул манай компанийн иргэдэд үзүүлсэн хөнгөлөлттэй эмийн үнийг олгохгүй байгаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7,878,512 төгрөгийг “М*******” ХХК-д олгохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж өгнө үү...” гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: “...Үзлэг хийхэд 2025 оны 06 дугааp сарын 23-ны өдөр өргөдлөө явуулсан, өргөдлийн хариуг өгсөн байна. Үүн дээр Х******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын газар гээд албан бичгээ хаяглачихсан байж. Ерөнхий газар луу гарга гэсэн 24-ний өдрийн майл байна. Ингээд 7 дугаар сарын 01-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт өргөдлөө засаад явуулсан. Хариу ирэхгүй байж байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэгч анхны нэхэмжлэл өгснөөс хойш хариу хэрэгт авагдсан. Татгалзсан үндэслэл бол хугацаа хоцроосон гэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т бодит нөхцөл байдлыг тогтоогоод ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийнэ, нотлох баримтыг цуглуулж үнэлнэ. Энэ үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж байгаа. Байгуулсан гэрээнийхээ дагуу зөвхөн нэхэмжлэлийг хүлээгээд, хүлээж авахаас татгалздаг харилцааг зохицуулаагүй. Хянан баталгаажуулна. Хүсэлтүүд байвал шийднэ. Алданги тооцох шаардлагатай юу, үгүй юү, үүнийг шийдэх гэрээ байгаа. Бидэнд энэ ажиллагааг бол хийгээгүй, хариугаа хуулийн хугацаанд өгөөгүй байгаа. Хариу өгснөөр хүндэтгэн үзэх шалтгаан байсан уу, алданги тооцох уу, үгүй юү гэдэг нөхцөл байдлууд тогтоогдох ёстой. Гэтэл энэ байдал тогтоогдоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж бид үзэж байгаа. Гэрээний 2.4.4, 2.4.7 гэдэг 2 заалт бол адилхан заалт гэж үзэх ямар ч боломж байхгүй. 2 өөр зохицуулалттай. Нэг нь нэхэмжлэх буюу шууд мөнгөө үнийн дүнтэй нь бичээд цахимаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлдэг заалт. 2.4.7 дахь заалт нь 6, 12 дугаар саруудад үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийг гэж байгаа. Энэ гүйцэтгэлийг гэдэг үг дахиад хойшоо давтагдаж байгаа. Тухайн сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хуанлийн 2 хоногт багтааж, 11-ний өдрөөс хойш тухайн сар дуусах хугацааны гүйцэтгэлийг дараа сарын нэхэмжлэхтэй нь хамтатган хүргэх. Өөрөөр хэлбэл 2.4.7 дээр дан гүйцэтгэл гэж байгаа. Тэгэхээр энэ бол тодорхой гүйцэтгэлээ хийсэн тохиолдолд хуулийн хугацаандаа багтвал нэхэмжлэхийг хянаж үзэх заалт байгаа. Гэрээний 2.4.4-т бол хатуу, тухайн сарынхаа нэхэмжлэхийг дараа сарын 5-ны дотор хүргүүлнэ гэж байгаа. Иймд Эрүүл мэндийн даатгалын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг харгалзаж үзээч гээд шаардлага дээрээ бичээд байгаа юм. Эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгоно гэж байгаа юм. Гүйцэтгэлээр нь тооцож байгаа. Тэгэхээр бид нэгэнт гүйцэтгээд жорын хөнгөлөлтийн үнэ хоорондоо таарсан байгаа учраас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1-д зааснаар зардлын төлбөрийг сангаар төлүүлэх эрхтэй. Татгалзсан хариу дээр 2.1.7.2 дахь заалтаар хоцорсон гэж үзэж байна гээд татгалзаж байгаа юм. Гэрээний 2.4.4 буюу дараа сарын 5-ны дотор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэх гэж заасан. Гэрээний заалт өөрөө ийм тухайлсан тодорхой биш байгаа тохиолдолд хуулийнхаа заалтыг барьж үзнэ үү. 2.1.7 дахь заалтаар нэхэмжлэхийг хянана гэж байна. Янз бүрийн баримт нотолгоог үндэслэнэ гэж байгаа шүү. Тэгэхээр хүсэлтүүдийг ерөөсөө хүлээж авдаггүй, авсан ч хариу өгдөггүй нөхцөл байдлууд байгаа. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа, урьдчилан тогтоох, хүндэтгэн үзэх шалтгаан байна уу, үгүй юү гэдгийг энэ байгууллага ерөөсөө тогтоодоггүй. Шууд л олгохгүй гэдэг хариу өгдөг зүйл байгаа юм. За энэ асуудлуудыг харгалзаж үзээч ээ гэж биднүүс үзэж байгаа. Үзлэг хийхэд 6 дугаар сарын 24-ний өдөр майл явуулсан байна. 6 дугаар сарын 23-ны өдөр хүсэлтээ гаргаад 24-ний өдөр явуулж байсан. 23-ны өдөр явуулж байсан майл байгаа. Иймд бид тухайн сардаа багтааж хүндэтгэн үзэх ийм ийм шалтгаан байсан гэдэг бичгээ албан ёсоор хүргүүлж байсан байна.” гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ:

2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...“М*******” ХХК-тай Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ” жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчдад хөнгөлөлттэй олгох үйлчилгээг үзүүлдэг. “М*******” ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны  өдрийг дуусталх хугацааны нэхэмжлэлийг “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2.4-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ:, 2.4.7-д “төсвийн тухай хуульд заасан санхүүгийн төсвийн цаглабартай холбогдуулан тухайн төсвийн жилийн 6, 12 дугаар саруудад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг тухайн сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хуанлийн 2 хоногт багтаан ирүүлж, ...” гэж зааснаар хуанлийн 2 хоногт багтаан ирүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөрдөн ажиллаагүй бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 49, 50 дугаартай албан бичгийг нэхэмжлэлийн хамт Х******* аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст ирүүлсэн. Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн ажлын байр солигдсон, чөлөөлөгдсөн эсхүл ажил үүргийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ мэдээгүй, мэдэх бололцоо гараагүй гэх шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтаанд тооцогдохгүй болно. Иймд нэхэмжилж буй 7,878,512 төгрөгийг олгох боломжгүй байна. Нэхэмжлэгч байгууллага гэрээнд заасан хугацаанд эмийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн нэхэмжлэлээ ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй болно. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 12 дугаартай тогтоолыг хавсралтаар батлагдсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын 3.1.1.1-д зааснаар цахим хяналтыг хийж төлбөрийн хэмжээ тогтоох бөгөөд хяналт хийгдээгүй нэхэмжлэлд төлбөр олгохгүй...” гэжээ.

2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан хариу тайлбартаа: “...Майл хаягаар хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхойлоод 06 дугаар сард хугацаандаа багтааж хүсэлтээ явуулсан гэж байна. Гэтэл байгууллагын гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн ажлын байр солигдсон нь, мөн гэрээнд заасан, хуульд заасан үүргээ мэдэхгүй байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцдог хуулийн зохицуулалт байвал харгалзаж үзэх боломжтой байсан. Хууль мэдэхгүй байх нь хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11.3-т үзүүлсэн тусламж үйлчилгээг гүйцэтгэлээр нь тооцож олгоно гэсэн заалт байгаа. Танайх гэрээнд заасан үүргийнхээ дагуу 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд үзүүлсэн гүйцэтгэлээ 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор ирүүлэх ёстой байсан. Ирүүлээгүй. Үүнийгээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрөөд байна. Нэгэнт ирүүлээгүй гүйцэтгэлийг манайх хянах боломжгүй. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 12 дугаар тогтоолоор баталсан Чанар, төлбөрийн хяналтын журмын 1.1-т зохицуулсан байгаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн байгууллагаас гэрээний дагуу худалдан авах тусламж үйлчилгээний чанар, төлбөрийг хийхдээ энэхүү журмыг баримтална гэсэн заалт байгаа. Тэгэхээр манайх худалдан авч байгаа тусламж үйлчилгээгээ буюу эмийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн тусламж үйлчилгээг хянахдаа энэхүү журмыг баримтална. Энэ журмын 3.1.1.1 дээр цахим хяналт хийнэ гэж байгаа. Цахим хяналт хийх гэхээр цахимаар ирүүлсэн мэдээлэл байхгүй, гүйцэтгэл байхгүй. Тэгэхээр хугацаандаа ирүүлээгүй тул цахим хяналт хийх боломж байхгүй. Мөн журмын 4.2.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын гэрээнд харилцан тохиролцсон шаардлагын дагуу нэхэмжлэхийн мэдээллийг илгээх гэдэг үүргийг эрүүл мэндийн байгууллага өөрсдөө хүлээдэг байгаа. Эрүүл мэндийн даатгалын хуулийн 10 дугааp зүйлд эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулна гэж байгаа. Өөрсдөө даатгалын сангаас тусламж үйлчилгээнийхээ нэхэмжлэлийг нэхэмжлэх эрхтэй гээд байна. Гэрээ байгуулж байж энэ эрх нь нээгдэнэ. Гэрээ байгуулаагүй газарт энэ эрх нээгдэхгүй. Нэгэнт гэрээ байгуулаад эрх нь нээгдэж байгаа бол гэрээнд заасан үүргээ биелүүлэх нь тухайн байгууллагын үүрэг байгаа. Манайх энэ гэрээнд заасан хугацааны дотор нэхэмжлэхээ илгээнэ, гүйцэтгэлээ илгээнэ, тэгээд төлбөрөө авна, үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ нэхэмжлэлийг авна гээд гэрээгээр харилцан тохиролцсон байгаа. Энэ тохиолдолд манайх Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжлэлээ гаргуулж авах эрхтэй гэдэг байдлаар тайлбарлаад байгаа нь үндэслэл бүхий болж чадахгүй байна. Гэрээнд заасан үүргийг чинь манайх хүлээе, танайх энэ үүргээ хүлээгээрэй гээд харилцан тохиролцоод гэрээ байгуулсан. Өнөөдөр манайх мэдээгүй байсан, чадаагүй байсан, ойлгоогүй байсан. Дэндүү хатуу заалттай. Энийг ер нь бол ингэж ойлгохгүй гээд яриад байгаа нь үндэслэл бүхий болж чадахгүй байна. Иймд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох боломжгүй байгаа энэ тохиолдолд манайх санхүүжилтийн нэхэмжлэхийг нь хянаж, гүйцэтгэлийг олгох боломжгүй байна. Хүндэтгэн үзэх шалтгааныг танайх тогтоогоогүй гээд байна. Манайх ийм хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас нэхэмжлэхээ гэрээнд заасан хугацаанд илгээж чадаагүй гээд танайх хавсралтаар ирүүлээд байгаа шүү дээ. Гүйцэтгэх захирал солигдсон, томилогдсон тушаал чөлөөлөгдсөн тушаал. Эдгээр чинь хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй. Харин бүр хууль мэдэхгүй байгаа нь өөрөө хуулиас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тэгэхээр хууль болон гэрээнд заасан үүргээ мэдэхгүй байгаа нь өнөөдөр хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй. Харин хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг зөвхөн Татварын ерөнхий хууль дээр л тодорхойлж өгсөн байгаа. Үүнийг Улсын дээд шүүх тайлбарласан. Тайлбарласан тогтоолоос харахад нэхэмжлэгчийн эдгээр шалтгаан хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар, тэдгээрт хавсаргасан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:

    1. “М*******” ХХК болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2025 оны 02-ны өдөр “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г “М*******-1” эмийн сан ХЭ-04/1340 дугаартай, “М*******-2” эмийн сан ХЭ-04/1341 дугаартайгаар тус тус нэг жилийн хугацаатайгаар байгуулжээ.
    2. 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдөр дуустал хугацаанд эмийн хөнгөлттэй жороор олгосон төлбөрийн нэхэмжлэлийг 06 дугаар сарын 12-ны өдөрт багтаан хүргүүлэхээр гэрээнд гэрээнд заасан боловч нэхэмжлэгч уг хугацааг хэтрүүлжээ. 
    3. Улмаар 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр [email protected] хаягаас Х******* аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн [email protected] хаяг руу “Нэхэмжлэх илгээлээ” гэсэн гарчигтайгаар  06 дугаар сарын 23-ны өдрийн 49 дугаартай албан бичгээр “М*******-1” эмийн сангаар олгосон хөнгөлөлтийн төлбөрт 3,492,248 төгрөгийн хүсэлт, нэхэмжлэхийн хамт, мөн өдрийн 50 дугаартай албан бичгээр “М*******-2” эмийн сангаар олгосон хөнгөлөлтийн төлбөрт 4,386,264 төгрөгийн хүсэлт, нэхэмжлэхийн хамт илгээсэн байна.
    4. Мөн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр [email protected] хаягаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын [email protected] хаяг руу “Өргөдөл илгээлээ” гэсэн гарчигтайгаар 5 дугаартай “Монос-1, Монос-2 эмийн сангуудаар хөнгөлөлттэй эмийн үйлчилгээ үзүүлсэн, гүйцэтгэх захирал ажлаас гарсан тул журмын зохицуулалтыг мэдэхгүй хугацааг хэтрүүлсэн тул төлбөрийн нэхэмжлэхийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн утгатай хүсэлтийг гаргаж, дээр дурдсан 49, 50 дугаартай албан бичгүүд, нэхэмжлэхүүдийн хамт, “Албан тушаал хослон гүйцэтгэгч томилох тухай” Б/47 дугаартай “Монос” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хавсаргажээ.
    5. Хүсэлтийн хариуг 06 дугаар сарын 24-ний өдөр [email protected] хаягаас цахим шуудангаар “Албан бичиг нь Х******* аймгийн ЭМДХ-т гэж хаяглагдсан байна. [email protected] хаяг руу илгээнэ үү” гэж өгчээ.
    6. 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дахин [email protected] хаягаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын [email protected] хаяг руу “хагас жилийн тайлан хоцроосон талаарх тайлбар бүхий хүсэлт албан тоотыг илгээж байна. Хариу шийдвэр гаргаж өгнө үү” гэж, дахин дээрх баримтуудыг хавсарган хүргүүлэхдээ 5 дугаартай албан бичгийг “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт” гэж хаягласан байна.
    7. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 05/1989 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “гэрээнд заасан үүргээ мөрдөн ажиллагаагүй байна. Төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргахад гүйцэтгэийн төлбөрийн дүнг нөхөн тохируулж оруулах боломжгүй тул гэрээнд заасан хугацаанд ирүүлээгүй нэхэмжлэлийг хянах боломжгүй” гэж татгалзсан хариу өгч, тухайн хугацаанд хамаарах эмийн үнийн хөнгөлөлтийн санхүүжилтийг олгоогүй байна.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд

            Уг шийдвэрийг эс зөвшөөрч “М*******” ХХК-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан

2.1 “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 7,878,512 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 7,878,512 төгрөгийг “Монос Х*******” ХХК-д олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Хэргийг хянан шийдвэрлэх явцад 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа

2.2 “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 7,878,512 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 05/1898 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож,

Даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 7,878,512 төгрөгийг “Монос Х*******” ХХК-д олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” гэж тодруулсан.

Гурав. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

            3.1 Нэхэмжлэгчээс даатгуулагчдад үзүүлсэн эмийн үнийн хөнгөлтийн санхүүжилтийг шаардаж, хариуцагчаас гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хянахгүй, санхүүжилт олгох боломжгүй гэж маргаж байна.

            3.2 “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ээр нэхэмжлэгч хөнгөлттэй эмийн жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид хөнгөлттэй үнээр олгох, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар чанарын болон төлбөрийн хяналт, гүйцэтгэлд үндэслэн санхүүжилт олгох үүргийг тус тус хүлээсэн байна.

            3.3 Мөн гэрээний 2.4.7-д “төсвийн тухай хуульд заасан санхүүгийн тайлангийн цаглабартай холбогдуулан тухайн төсвийн жилийн 6, 12 дугаар саруудад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг тухайн сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хуанлийн 2 хоногт багтаан ирүүлж, 11-ний өдрөөс тухайн сар дуусталх хугацаанд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг дараа сарын нэхэмжлэлтэй хамтатган хүргүүлэх”, 2.1.7-д “Дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах: 2.1.7.2 гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл” гэж заасан.

3.4 Гэтэл “М*******” ХХК 2025 оны 06 дугаар сарын 01-ээс 10-ны өдрийг дуусталх үйлчилгээний нэхэмжлэхийг 06 дугаар сарын 12-ны өдөрт багтаан хүргүүлээгүй болохоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн, мөн цахим шуудангаар илгээсэн хүсэлтүүддээ тодорхой дурджээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэл хүргүүлэх хугацааг хэтрүүлсэн гэрээнд заасан үүргээ зөрчсөн буруутай байна.

3.5 Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч гэрээний 2.4.4-т заасан зардал олгоход шаардлагатай нэхэмжлэл, мэдээллээ цахим системээр болон цахим хаягаар хүргүүлж байжээ.

3.6 Түүнчлэн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системээс “жорын дугаар, үйлчлүүлэгчийн РД, борлуулсан огноо, нэхэмжилсэн үнийн дүн” зэргийг багтаасан “М*******-1, 2” эмийн сангуудын 2025 оны 06 дугаар сарын 01-ээс 11-ний өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэндийн даатгалын эмийн хөнгөлөлтийн бүртгэлийг нотлох баримтаар гаргасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нараас үйлчилгээ авсан тухай бүртгэл болон эмийн үнийн хөнгөлөлтийг даатгуулагчдад үзүүлсэн “М*******-1” эмийн сан 3,492,248 төгрөг, “М*******-2” эмийн сан  4,386,264 төгрөгийн, нийт 7,878,512 төгрөгийн үнийн дүнтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.

3.7 Дээрх гэрээний 1.3-т “Талууд үйл ажиллагаандаа Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль холбогдох бусад хууль, тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас баталсан журам, заавар болон энэхүү гэрээг дагаж, мөрдөнө”,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага дараах эрх, үүрэгтэй: 13.1.1.даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх” /9 дүгээр зүйлийн 9.1.7-д “Эрүүл мэндийн тухай хуулийн ...-т заасан эрүүл мэндийн байгууллагын эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт”/,

10 дугаар зүйлийн 10.1-д “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээг байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ.” гэж заажээ.

3.8 Эдгээрээс үзэхэд, нэхэмжлэгч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хувьд “М*******-1, 2” эмийн сангуудаараа  2025 оны 06 дугаар сарын 01-ээс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу эмийг хөнгөлттэй үнээр олгож үйлчилсэн, холбогдох мэдээллийг даатгалын байгууллагад хүргүүлсэн байх тул эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн зардлыг гаргуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэлээ гаргах хугацаа хэтрүүлсэн нь уг зардлыг санхүүжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

3.9 Мөн эрүүл мэндийн даатгалын санг тухайн хугацаанд үйлчилгээ авсан даатгуулагчдад олгосон хөнгөлөлтийн зардалд зарцуулах нь эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ уг даатгалын сангаас хуваалцах эрх бүхий даатгуулагчийн эрхийг хамгаалах Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зорилтод нийцнэ гэж үзлээ.

3.10 Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 05/1898 дугаартай албан бичиг татгалзал нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хууль бус бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу хөнгөлттэй олгосон эмийн зардал болох 7,878,512 төгрөгийг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ.

3.11 Эдгээрээс гадна, цахим систем дэх бүртгэлд “олгосон үнийн дүн”-г нийт 7,880,477 төгрөг гэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийн дүнг дэмжиж байгаа болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 7,878,512 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 05/1898 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 7,878,512 төгрөгийг “Монос Х*******” ХХК-д олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АНХБАЯР