Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 37

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Алтангэрэл

Улсын яллагч Э.Тулгаа

Хохирогч М.Анхбаяр

Шүүгдэгч Х.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ж овогт Х мын Б д холбогдуулан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн 201721010044 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1983 оны 06 сарын 10-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, Ж овогт Х мын Б . РД:ПБ

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б  нь Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед 04-44 ХОҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ иргэн М.Анхбаярын жолоодож явсан мотоцикльтэй мөргөлдөж улмаар М.Анхбаярын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч Х.Б ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би 2017 оны 06 сарын 04-ний өдөр дүү болох Төлөнбекийн 04-44 ХОҮ улсын дугаартай Приус-20 маркийн авто машин унаад Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт байрлах бариач эмгэнд 10 настай охин Ахерхегийн толгойг нь бариулчаад 20 цагийн үед Баянсудал руу явж байтал Далт багийн нутаг дэвсгэрт байрлах цагаан дэлгүүрийн эгц өөдөөс буюу ертөнцийн зүгээр баруун талаас харсан гудамнаас зүүн зүгрүү гартал миний баруун гар талаас ертөнцийн зүгээр урд зүгээс улаан өнгийн мотоцикль гараад ирсэн тэгэхээр нь би тормоз гишгэсэн тэгээд буугаад харахад тухайн мотоцикль миний баруун хойд талын дугуйны ойролцоо, нэг эрэгтэй хүн машин доор, эмэгтэй хүн хажууд нь байсан. Тэгээд хүмүүс ирээд машин доор байсан хүнийг татаж гаргаад цагдаа эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг,

 

Хохирогч М.Анхбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би 2017 оны 06 сарын 04-ний өдөр Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах хадам аавындаа эхнэр Х.Баярмаагийн хамт очоод байж байгаад орой хэдэн цагийн үед юм сайн санахгүй байна. Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт байрлах гэрлүүгээ эхнэрийн хамт улаан өнгийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн мотоциклоороо цагаан дэлгүүрийн чанх урдаас харсан байрлА  хашааныхаа хаалгаар орох гээд чигээрээ явж байтал манай хашааны булангаас ертөнцийн зүгээс зүүн талаас ирж байх гудамнаас гэнэт Приус-20 маркийн бор саарал өнгийн авто машин гараад ирхээр би баруун гар талруугаа буюу тухайн машин надруу чиглэх зүгийн эсрэг зүгрүү үрүүлээ дарсан тэр хооронд тухайн машин мотоциклыг дайрсан нэг мэдэхэд би Булган сумын хүн эмнэлэг дээр сэрсэн үйл явдал болох үеийг санахгүй байна” гэх мэдүүлэг,

             

            Гэрч Х.Баярмаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2017 оны 06 –р сарын 04- ний өдөр нөхөр болох М.Анхбаярын  хамт Булган сумын  Бүрэнхайрхан  багийн нутагт байрлах  аавынхаа  гэрт очоод орой  20:00 цагийн үед нөхөр  мотоциклоо  унаад  би  ардуур  нь  суугаад  гэрлүүгээ  явсан. Тэгээд хашааруугаа  орох гээд  явж байтал  манай хашааны  хажууд  талын  гудамнаас  бор өнгийн   Приус 20 маркын авто   машин  гэнэт гарч   ирсэн  нэг мэдэхэд би тухайн Приус 20  маркын авто машины  урд талын  гуперны доод хэсгээс  нь босч  ирэхэд манай нөхөр  машины доор ороод уначихсан  орилж байсан. Тэгтэл  машины  жолооч  хойшоо  ухарч  байх шиг   байхаар нь  би машинаас нь  татаж буулгаад  ойр хавьд  байсан хүмүүсийг дуудаад  машиныг өргөөд Анхбаярыг татаад  гаргасан” гэх мэдүүлэг,

Зам тээврийн ослын талаар шинжээч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад И.Гантогтохын  2017 оны 06 сарын 09-ний өдөр гаргасан зам тээврийн ослын дүгнэлтэд:” Приус 20 маркын 04-44 ХОА  улсын дугаартай  авто машиныг жолоодож  явсан  Х.Б  , БНХАУ-д  үйлдвэрлэгдсэн   улсын дугааргүй    улаан өнгийн  HAOJIN маркын  мотоцикль  жолоодож явсан  М.Анхбаяр  нар нь  замын хөдөлгөөний  дүрмийн  зүйл заалт зөрчсөн. Приус 20 маркын 04-44 ХОА  улсын дугаартай  авто машиныг жолоодож  явсан  Х.Б  , Монгол улсын  замын хөдөлгөөний  дүрмийн  9.2 Жолооч  хөдөлгөөнд  аюул саад  бий болохыг  мэдсэн үед  тээврийн  хэрэгслийн  хурдыг  хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох  арга хэмжээ авна.

7.13. Хөдөлгөөний дараалал нь  энэ дүрмийн  бусад заалтуудад  тусгагдаагүй  газарт  жолооч баруун   гар талаас ойртон ирж яваа  тээврийн хэрэгсэлд  зам тавьж өгнө гэх  дүрмийн заалт зөрчсөн” гэх дүгнэлт,

Хохирогч М.Анхбаярын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 12-ны өдрийн 311 тоот:

1.  М.Анхбаярын биед гэмтэл учирсан байна.

2.  М.Анхбаярын биед  зүүн дал  ясны  хүзүүвч хэсгийн  хугарал, баруун талын  XII, XI, IX, X-р хавиргануудын цууралт, тархи доргилт, зүүн дал, мөр, цээжний  баруун  хажуу, баруун хөлийн шилбэ, шагайн хэсгүүдэд тус бүр зулбарлалтууд , зөөлөн  эдийн  няцрал  гэмтлүүд  тогтоогдлоо.

3.  М. Анхбаярын  биед  учирсан  дээрхи  гэмтлүүд  нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой .

4.  М. Анхбаярын  биед учирсан дээрхи  гэмтлүүд нь  шинээр үүсгэгдсэн     гэмтлүүд байх боломжтой, /үзлэг болон  шинжилгээний хариунд  гарсан өөрчлөлтүүд/.

5. М.Анхбаярын биед гэмтлүүд учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох  боломжгүй .

6. М. Анхбаярын  биед  учирсан  дээрхи  гэмтлүүд  нь Хууль зүйн сайд , Эрүүл мэндийн   сайдын  хамтарсан тушаалаар  баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн  гэмтлийн  зэрэг тогтоох  журмын 2.3.1-д  ...... гэмтэл , түүнээс  үүссэн эд  эрхтний  бүтэц , үйл  ажиллагааны  хямрал  нь  эрүүл мэндийг дөрвөн долоо    хоногоос  дээш буюу  удаан хугацаагаар сарниулсан  гэх шалгуур шинж тогтоогдсон тул  гэмтлийн  хүндэвтэр зэрэгт хамаарна.

7.  Цаашид эрүүл мэндийн болон  хөдөлмөрийн  ерөнхий чадвар  тогтонги  алдалтанд  удаан хугацаагаар  нөлөөлөх эсэх нь  эмчилгээ болон  эдгэрэлтийн  үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт,

Шүүгдэгч Х.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролыг бүрэн барагдуулсан болно” гэв.

            Хохирогч М.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

     - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл

            - Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал

            - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл

            - Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл

            - Эд мөрийн баримтаар тооцох тогтоол

            - Гэрэл зургийн үзүүлэлтүүд

            - Эд зүйлд үнэлгээ тогтоолгох баримт

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.Б  нь Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед 04-44 ХОҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ иргэн М.Анхбаярын жолоодож явсан Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн мотоцикльтэй мөргөлдөж улмаар М.Анхбаярын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Х.Баярмаагийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 311 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоогдсон акт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Сум дундын Прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл ангийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Б ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй юм. Иймд шүүгдэгч Х.Б ийн үйлдсэн гэмт хэрэгт нь Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Х.Б  нь хохирогчтой харилцан тохиролцож, эвлэрсэн гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 3 жилийн хорих ялаас бага хугацаагаар тогтоосон ялтай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн болон тэдний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийг ялаас чөлөөлөх нь зүйтэй байна. 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас Х.Б д холбогдуулан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

            2. Шүүгдэгч Ж овогт Х мын Б ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Х.Б ийг ялаас чөлөөлсүгэй.

           4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Х.Б ийн ПБ  регистрийн дугаар бүхий, иргэний үнэмлэхийг шүүхийн толтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мотоциклийн салхины хамгаалалтын хагархай, кондукторын хагархай, дохионы хагархай зэргийг  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

         8. Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.