Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00251

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00251

 

 

С.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/02805 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НХ- ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 641,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяртогтох, С.Энхсаруул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

С.О- нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах НХ- ХХК-ийн салбар дэлгүүрийн нэг болох Аз жаргал хотхоны 1 дүгээр давхарт байрлах Номин супермаркетаар 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үйлчлүүлээд гарахдаа тус дэлгүүрийн үүдний зориулалтын налуу шатаар бууж явах үедээ унаж гэмтсэн. Тухайн үед босож чадахгүй байсан тул эмнэлгийн түргэн тусламжийг дуудаж улмаар Гэмтэл согогийн үндэсний төвд хүргэгдсэн. Тус эмнэлэг хөл хугарсан болохыг оношилж хэвтүүлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэс засалд орсон. Мөн хөлөндөө ачаалалтай татлага эмчилгээг хийлгэсэн. 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2 суга таягтай явдаг болсон. Тухайн үед Номин супермаркетын ажилчдаас гарч ирсэн тусалж, утсаа өгөөд холбогдоорой гэж байсан боловч хоёр удаа холбогдоод дахин холбогдоогүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд зориулсан тус дэлгүүрийн аюулгүйн шат стандартын шаардлага хангаагүй болохыг тогтоосон. Номин супермаркет дэлгүүрт байрлуулсан хаяг, санал хүсэлтийн хуудас, тус байгууллагын цахим сайтад байрлуулсан танилцуулгаас харахад НХ- ХХК нь Номин супермаркет дэлгүүрийг хариуцан үйл ажиллагаа явуулдаг тул НХ- ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Иймд мэс засал хийлгэсэн 506,900 төгрөг, татлага авсан 9,300 төгрөг, хэвтрийн хөтөвч авсан 25,000 төгрөг, шээлтүүр авсан 8,000 төгрөг, 2 суга таяг 60,000 төгрөг, тулгуурт таяг авсан 32,500 төгрөг, нийт 641,700 төгрөгийг НХ- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

НХ- ХХК-ийн эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэл нь хүнс, барааны дэлгүүр, аялал жуучлал, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, кино театр, мэргэжлийн түр сургалт явуулах, савлагааны үйл ажиллагаа, агуулахын үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, түрээс зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Аз жаргал хотхоны 1 дүгээр давхарт байрлах Номин супермаркет нь НХ- ХХК-д хамааралгүй бөгөөд тухайн дэлгүүрийг НХ- ХХК-ийн охин компани болох Номин тав трейд ХХК хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Иймд НХ- ХХК нь нэхэмжлэлийг хариуцах этгээд биш гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч НХ- ХХК-аас гэм хорын хохирол 641,700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус аюулгүйн налуу шат стандарт хангаагүй болохыг тогтоосон. Номин супермаркетад байрлуулсан хаяг, санал хүсэлтийн хуудас, цахим сайтын танилцуулгыг үндэслэн Номин супермаркетыг НХ- ХХК-ийн нэг салбар гэж гэм хорын хохирол 641,700 төгрөгийг гаргуулахааар нэхэмжилсэн. Тус компани нь Номин супермаркетыг охин компани хариуцдаг гэж тайлбарласан. Тус супермаркетын танилцуулга самбарт Номин тав трейд ХХК үйл ажиллагаа явуулдаг талаар байхгүй, харин ... НХ- ХХК үйл ажиллагаа явуулж байна, та тухтай үйлчлүүлнэ үү... гэх мэтийн сурталчилгаа тус супермаркетын гадна талд болон дотор хананд байсан. Хариуцлага яригдах үед НХ- ХХК нь Номин тав трейд ХХК хариуцна гэсэн. НХ- ХХК-ийн супермаркетаар үйлчлүүлж байна гэж төөрөгдүүлсэн. Иймд гэм хорын хохирлыг НХ- ХХК-аас гаргуулна гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аз жаргал хотхоны 1 дүгээр давхарт Номин супермаркетыг НХ- ХХК бус, Номин тав трейд ХХК хариуцан үйл ажиллагаа явуулдаг тул манай компани нэхэмжлэлийг хариуцахгүй. Номин тав трейд ХХК-ийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргах талаар нэхэмжлэгчид тайлбарласан. НХ- ХХК нь Номин тав трейд ХХК-ийн толгой компани юм. Хариуцагчаас хохирлыг барагдуулах гэхээр санхүүгийн тайлан тооцоо, аудитын асуудлаас шалтгаалан боломжгүй байна. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт толгой компани нь охин компанийн өр авлагыг хариуцахгүй гэж заасан тул НХ- ХХК нь хохирлыг хариуцах боломжгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1. Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч НХ- ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 641,700 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... Номин супермаркет нь НХ- ХХК-д хамааралгүй, Номин тав трейд ХХК хариуцдаг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргасан.

С.О- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Аз жаргал хотхонд байрлах Номин супермаркетаар 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үйлчлүүлэн гарч явахдаа үүдний налуу шатан дээр унаж гэмтэж хохирол учирсан... гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Аз жаргал хотхоны нэгдүгээр давхарт байрлах Номин супермаркетын үйл ажиллагаа явуулж буй барилгын өмчлөгч буюу эзэмшигч нь тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

2. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 500 дугаар зүйлийн 500.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтыг хэрэглэх эсэх талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/02805 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.О-ын төлсөн 19,901 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Н.БАТЗОРИГ