Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00292

 

 

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00292

 

 

Х.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/03120 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ДХЦС- ТӨХК-д холбогдох Хамтын гэрээнд заасан нэг удаагийн тэтгэмж 16,128,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.С-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ДХЦС- ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6/88 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус байгууллагад ажиллаж байгаад хүнд нөхцөлийн улмаас тэтгэвэрт гарсан. Миний бие ДЦС-3 ТӨХК-д 1983-2000 он хүртэл, ДЦС-2 ТӨХК-д 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. ДХЦС- ТӨХК-ийн 2019-2020 оны хамтын гэрээний 5.15-д компанийн захиргаа, ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад уг салбарт ажилласан жилийг ХХДХ-т 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр үржүүлэн бодож, нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан байхад тэтгэмж олгоогүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин үржүүлж тэтгэмж олгох ёстой тул 1,344,000 төгрөг, мөн хамтын гэрээнд 11-15 жил ажилласан бол 12 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж олгон гэж заасан. Иймд нийт 16,128,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

ДХЦС- ТӨХК нь цахилгаан, дулаан үйлдвэрлэх, цахилгаанаар болон дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг 100 хувийн төрийн өмчит хувьцаат компани бөгөөд Төрийн албаны тухай хууль болон түүнтэй холбоотой журмуудын хүрээнд хамаардаггүй. Х.С- 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус байгууллагын аж ахуйн хэлтэст автын механикаар анх ажилд орсон бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тус хэлтсийн барилгын засварчнаар шилжин ажиллаж байгаад 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хөнгөлөлттэй нөхцөл /хэвийн бус буюу хүнд/-өөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Х.С- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3-т зааснаар хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарч тэтгэвэрээ тогтоолгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлд хамтын гэрээгээр зохицуулах харилцааг тодорхой заасан. Эрчим хүчний салбарын 2019-2020 оны хамтын гэрээний 5.19-д нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг тухайн байгууллага эдийн засгийн боломждоо тулгуурлан хамтын гэрээгээр зохицуулна гэж заасан. Үүний дагуу ДХЦС- ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2019-2020 оны хамтын гэрээний 5.15-д Компанийн захиргаа нь тус станцад 5 ба түүнээс дээш жил ажилласан ажилтныг өндөр насны тэтгэвэрт гарахад нь тус салбарт ажилласан жилийг салбарын хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр үржүүлэн бодож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан. Гэвч Х.С- тус компанид 1 жил 1 сар ажилласан. Иймд Х.С- хамтын гэрээний заалтын шаардлагыг хангаагүй тул тэтгэмжийг олгох үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДХЦС- ТӨХК-аас 852,768 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.С-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,275,232 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 260,094 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25,016 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25,016 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.2 дахь хэсэгт нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарч болно гэж заасан. Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуульд заасныг баримтлан 852,768 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,275,232 төгрөгт холбогдох хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Намайг ажиллаж байхад компанийн захиргаа тэтгэвэрт гаргасан хүмүүст 2019-2020 оны хамтын гэрээний 5.15-д зааснаар тус салбарт ажилласан жилийг салбарын хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгож байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязаарлалгүй бүхэлд нь хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1.    Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

1.а. Нэхэмжлэгч Х.С- нь хариуцагч ДХЦС- ТӨХК-д холбогдуулан Хамтын гэрээнд заасан нэг удаагийн тэтгэмжид 16,128,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... тэтгэмж авах шаардлагыг хангаагүй тул олгох боломжгүй ... гэж маргажээ.

1.б. ДХЦС- ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/124 дугаар тушаалаар Х.С-ыг аж ахуйн хэлтэст туршилтын 3 сар хүртэлх хугацаанд автын механикчаар ажиллуулж, сарын цалинг 1,047,600 төгрөгөөр тогтоосон байна. Мөн захирлын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/208 дугаар тушаалаар барилгын засварчнаар шилжүүлэн ажиллуулсан байна. (хх-ийн 113-114)

1.в. Ажил олгогч ДХЦС- ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/88 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр Х.С-ыг аж ахуйн хэлтсийн барилгын засварчны үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Өөрөөр хэлбэл, Х.С- нь 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12 жил 7 сар хөдөлмөрийн хүнд буюу халуун нөхцөлд ажилласан гэх үндэслэлээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ийн 2-т заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр авах эрх үүсч тэтгэвэр тогтоолгосон үйл баримт тогтоогджээ. Иймд ажил олгогчийн Б/88 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж заасан үндэслэлд хамаарахгүй, хөнгөлөлттэй нөхцлөөр буюу өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

1.г. ДХЦС- ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2019-2020 оны хамтын гэрээний 5.15-т Компанийн захиргаа ажилтанг өндөр насны тэтгэвэрт гарахад тус салбарт ажилласан жилийг салбарын хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр үржүүлэн бодож нэг удаагийн тэтгэмж олгоно /тэтгэмжийг ажилласан сард нь харгалзан олгоно/ гэж заасныг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хамтын гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр компанийн захиргаа нь тус станцад 5 ба түүнээс дээш жил ажилласан ажилтанг өндөр насны тэтгэвэрт гарахад тус салбарт ажилласан жилийг салбарын хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр үржүүлэн бодож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж өөрчилжээ. Хамтын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа болох нь Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 01/1911 тоот албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 89,102/

Нэхэмжлэгч Х.С- нь тус компанид 1 жил 1 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул хамтын гэрээний 5.5-д заасан тэтгэмж авах эрх үүсээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

1.д. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар Х.С-од нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох үндэслэлтэй гэж шийдвэрлэсэнд хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргаагүй. Харин тооцооллын алдаа гаргасныг залруулах боломжтой.

Анхан шатны шүүх Х.С-ын цагийн тарифт цалинг 5,760 төгрөгөөр тогтоосон гэж дүгнэсэн атлаа 5,076 төгрөг х 504 цаг=2,558,304 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь тооцооллын хувьд алдаатай болсныг залруулан 5,760 төгрөг х 504 цаг = 2,903,040 төгрөг : 3 сар = 967,680 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Х.С-од олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

1.е. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 45,016 төгрөгийг буцаан олгов.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/03120 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 852,768... гэснийг ... 967,680... гэж, ... 15,275,232 ... гэснийг ... 15,160,320... гэж,

2 дахь заалтын ... 25,016... гэснийг ...27,774... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.С-ын төлсөн 45,016 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНДKJN

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Н.БАТЗОРИГ