| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2017/00037/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2017-07-06 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 38
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл
Улсын яллагч Э.Тулгаа
Хохирогч Б.Б , Б.П
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хосбаяр нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас насанд хүрээгүй шүүгдэгч Х-н овогт Б-гийн П , Шар хүүхэн овогт Баатарцолын Б нарт холбогдуулан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн 201721010038 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдааныг хаалттай явуулав.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1999 оны 09 сарын 16-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, Х-н овогт Б-гийн П . /РД:ПБ/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1999 оны 06 сарын 08-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, Ш-н овогт Б-ын Б . /РД:ПБ/
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 05 сарын 28-ны өдөр 17:00 цагийн үед иргэн Б.П ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд,
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.П нь 2017 оны 05 сарын 28-ны өдөр 17:00 цагийн үед иргэн Б.Б ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд
заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс
нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 05 сарын 28-ны өдөр би ангийнхаа найз Батбаяртай хамт Сорхогтан хатны цэцэрлэгт хүрээлэнд сууж байгаад нэгж авахаар хоёулаа гараад дэлгүүр явсан юм. Бид хоёрыг цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгаар гарч явахад манай үеийн 6 хүүхэд орж ирсэн. Тэдний нэг нь Батбаяртай уулзъя гээд хамт модруу орсон. Би үлдсэн хүүхдүүдийн хамт сүүдрэвчинд яриа өрнүүлээд зогсож байтал Мөнгнөхүү, Батбаяр хоёр гар бариад гараад ирсэн. Гэтэл сүүдрэвчинд сууж байсан Сумъяа гэх хүүхэд босож ирээд “та хэд ямар сонин болчихсон юм бэ” гээд манай найз Батбаярыг заамдаад авахаар нь би очоод “найзууд яах гэсэн юм бэ больцгоо” гээд салгаад Батбаярыг аваад цаашаа явж байтал П араас дуудаад эргээд хартал “та нар ямар сонин болчихсон юм бэ” гэхээр нь би “яасан юм бэ” гэтэл миний хамар хэсэг рүү толгойгоороо 2-3 удаа мөргөсөн. Би мөн адил урдаас нь мөргөсөн. Миний үснээс татаад өвдөглөхөөр нь би нүүр хэсэг рүү нь 2-3 удаа удаа цохьсон. Тэнд байсан хүүхдүүд биднийг салгасан. Би гол дээр очиж цусаа угаагаад аав руугаа залгаж болсон асуудлыг хэлсэн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Пүрэв-очрын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 05 сарын 28-ны өдөр би үеийнхээ 5 хүүхэдтэй гол руу явж байтал хамт явж байсан Мөнгөнхүү гэдэг хүүхэд Б.Б , Батбаяр хоёрыг харчихаад энэ хоёртой уулзачихаад явъя гээд очтол тэр хоёр урдаас гараад ирсэн. Мөнгөнхүү, Батбаярыг уулзъя гээд хамт модруу орсон. Би үлдсэн хүүхдүүдийн хамт сүүдрэвчинд яриа өрнүүлээд зогсож байтал тэр хоёр гар бариад гараад ирсэн. Гэтэл Сумъяа Батбаяр хоёр маргалдсан. Тэгээд Б.Б Батбаярыг аваад цаашаа явж байхад нь би араас нь дуудаад та хэд ямар сонин болчихсон юм бэ гээд зодолдож эхэлсэн. Тэнд байсан хүүхдүүд биднийг салгаад Б.Б , Батбаяр хоёр яваад өгсөн. Тухайн үед Б.Б нь Батбаяр, Сумъяа хоёрыг салгаж байхдаа наад архичидтайгаа юу ярьдаг юм бэ гэж хэлснээс болж маргалдаж зодолдсон...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”тухайн үед толгойн зураг авхуулсан. Тархины гэмтэлтэй гэсэн. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Б.П ын биед мөн адил гэмтэл учирсан тул бид хоёр хоорондоо харилцан тохиролцож эвлэрсэн...” гэх мэдүүлэг.
Хохирогч Б.П ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”тухайн үед тархи доргилттой байсан. Мөн хамрын яс хугарсан. Надад Б.Б аас нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Бид хоёр харилцан тохиролцож эвлэрсэн...” гэх мэдүүлэг.
Гэрч М.Сумъяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 05 сарын 28-ны өдөр би Булган сумын нутаг дэвсгэрт байрлах Сорхогтан хатны цэцэрлэгт хүрээлэн рүү орох гээд Мөнгөнхүү, П , Булганбат, Бум-эрдэнэ нарын хамт явж байтал Батбаяр, Б хоёр таарсан. Тэгтэл Мөнгөнхүү Батбаярыг хоёулаа уулзаадхъя гээд модруу аваад орсон. Үлдсэн хүүхдүүд юм яриад зогсож байтал удалгүй тэр хоёр хоорондоо гар бариад гараад ирсэн. Батбаяр бид хоёр нэг анги болохоор юм яриад байж байтал Б.Б хажуунаас Батбаярыг наад архичидтай чинь юу ярьдаг юм бэ гэхээр нь П босоод юу гэнээ гэтэл Б үнэнийг чинь л хэллээ шүү дээ гэсэн. Тэгээд тэр зодолдоод бид нар салгаж явуулсан...” гэх мэдүүлэг,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 289 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Б ын биед гэмтэл учирсан байна.
2. Б.Б ын биед мохоо зүйлийн үйлчлэлээр, хамар ёсны баруун талын хугарал тархи доргилт, 2 нүдний дээд болон доод зовхинуудад тус бүр 4х2см цус хуралтууд, зүүн хөмсөгний доод хэсэгт 0.5х0.5см, хамрын баруун хэсэгт 2х1см тус бүр зулгаралт, хамрын нуруунд хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
3. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй.
4. Б.Б ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ.
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 290 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.П ын биед гэмтэл учирсан байна.
2. Б.П ын биед мохоо зүйлийн үйлчлэлээр, тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд 3х2см цус хуралт, зүүн нүдний гадна 1х0.5см, баруун мөрөнд 1х0.5см, цээжний зүүн урд хэсэгт 5х1см өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
3. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй.
4. Б.П ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ.
- Шүүгдэгч Б.Б ын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/
- Шүүгдэгч Б.П ын нас тоолсон тэмдэглэл /хх-н 10-р хуудас/
- Шүүгдэгч Б.Б ын зан байдлын тодорхойлолт,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 56, 57/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА , хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 05 сарын 28-ны өдөр 17:00 цагийн үед иргэн Б.П ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Б.П нь 2017 оны 05 сарын 28-ны өдөр 17:00 цагийн үед иргэн Б.Б ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь Б.Б , Б.П нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 289, 290 тоот дүгнэлтүүд болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Б.П нарт холбогдох хэргийг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б , Б.П нар нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчтой харилцан тохиролцож, эвлэрсэн гэж мэдүүлсэн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б , Б.П нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 3 жилийн хорих ялаас бага хугацаагаар тогтоосон ялтай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн болон тэдний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарыг ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, шүүгдэгч Б.Б ын ПБ99060818 регистрийн дугаар бүхий, шүүгдэгч Б.П ын ПБ99091613 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийг шүүхийн толгоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас Б.Б , Б.П нарт холбогдуулан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Х-н овогт Б-гийн П , Шар хүүхэн овогт Баатарцолын Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б , Б.П нарыг ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.Б ын ПБ99060818 регистрийн дугаар бүхий, шүүгдэгч Б.П ын ПБ99091613 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийг шүүхийн толгоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгохыг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.