Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/50

 

П.Шт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Үүрийнтуяа,

Яллагдагчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,

Нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШТ/33 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Дээд шатны прокурор Ч.Алтансүхийн эсэргүүцлээр П.Шт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Үхэр онход овогт Пгийн Ш, ,,, оны … дугаар сарын ….-ны өдөр Хөвсгөл аймгийн Т суманд төрсөн, эрэгтэй, …. настай, бүрэн дунд боловсролтой, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын … дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................../.

П.Ш нь Хөвсгөл аймгийн Т сумын төв Ц 0багийн 0дугаар гудамжны 05 тоотод 0 оны 02 дугаар сарын 06-наас 07- нд шилжих шөнө Ш.Мтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар цээжний гялтан ясны урагдал, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирга, өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, хэвлийн баруун зүүн хэсэг, доод уруулын салст, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч Ш.М нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШТ/33 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үхэр онход овогт Пгийн Шт холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч П.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жижиг модон ширээ 1 ширхгийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:  “...Шүүх өмнө нь 2024 оны 04 дүгээр сарын 17 -ны өдөр өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2024/ШТ/ЗЗ дугаартай шүүхийн тогтоолоор “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйл, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн зүйл, заалтын 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон...” прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан 'шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 5 дахь зүйлийн аль нэг шийдвэр гаргах атал хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.0зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШТ/ЗЗ дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх нь зүйтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1.Прокуророос П.Ш нь Хөвсгөл аймгийн Т сумын төв Ц 0багийн 0гудамж, 05 тоотод 0 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Ш.Мтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар цээжний гялтан ясны урагдал, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн талын 2,3,7,8-р хавирга өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, хэвлийн баруун зүүн хэсэг, доод уруулын салст, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Ш.М нас барсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.” гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлсон бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болох үндэслэл тогтоогдсон тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шийдвэрлэхээр заасан байна.

Гэтэл шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны тов тогтоосон атлаа 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШТ/33 дугаартай тогтоолоор “... хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,1, 1.2, 1.6-д заасан хэрэгт нотолбол зохих зүйлийг мөрдөгч, прокурор тогтоож ирүүлээгүй, өөрөөр хэлбэл гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй ...” гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасантай нийцээгүй байна.

3.Яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхээс мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргах учиртай бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг зөв тогтоох нь зүйтэй.

Иймд энэ талаар гаргасан Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.0зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШТ/33 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ЭРДЭНЭБАТ

                            ШҮҮГЧИД                                  Б.СОСОРБАРАМ

                                     Н.БАЯРХҮҮ