Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 124/ШШ2026/0006

 

  

                                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Х М” ХХК, /.................../;

            Хариуцагч: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын цэгийг тогтоосон захиргааны хэм хэмжээний акт нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.А, шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.Түвшинбаяр, гэрч А.Б, Д.Б нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч “Х М” ХХК тус шүүхэд “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Х М” ХХК-ийн эзэмшиж буй МV-010882 болон МV-015606 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргажээ.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            2.1. Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг анх 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолоор баталсныг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй байна.

            2.2. Мөн нэхэмжлэгч “Х М” ХХК 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            2.3. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаартай тогтоолоор 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгожээ. (Хавтаст хэргийн 130 дугаар хуудас)

            2.4. Улмаар, хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар дахин Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг баталсан байна. (Хавтаст хэргийн 99-104 дүгээр хуудас)

            2.5. Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд хамаарч байх тул захиргааны хэрэг үүсгэсэн.

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч “Х М” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Увс аймгийн Хяргас сумын нутаг Шар уул, Ичээт хэмээх газарт МV-010882 болон МV-015606 дугаартай 2 ашиглалтын тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг 2009 оноос эхлэн жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрийг талбайн хэмжээгээр бүрэн төлөн эзэмшсээр ирсэн билээ. Уг 2 тусгай зөвшөөрлийн талбай нь зэрэгцэн оршдог талбайнууд болно. Тус компани нь тухай бүр, тухайлбал хамгийн сүүлд 2015 онд дээрх ашиглалтын талбайдаа үйл ажиллагаа явуулахаар холбогдох бичиг баримтыг хуулийн дагуу бүрэн бүрдүүлэн санхүүжилтээ шийдвэрлэж, их хэмжээний зээл аван ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлж, богино хугацаанд /20 орчим хоног/ ажилласан. Гэвч 2015 онд Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, үргэлжлүүлэн ажиллаж чадаагүй. Түүнээс хойш ч уг талбайд ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй. Үүнээс болж манай компани хөрөнгө оруулагч нарын өмнө их хэмжээний өр төлбөрт орж, өнөөг хүртэл эргэн төлөлт хийж чадаагүй байна. 2020 оны эхээр сумын удирдлага, нутгийн иргэдтэй уулзаж, үйл ажиллагаа явуулах чиглэлээр харилцан тохирч, хамтран ажиллах санал бодлоо илэрхийлэн хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулахад шаардлагатай баримт бичгээ бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Улмаар уулын ажлын төлөвлөгөө, болон холбогдох баримт бичиг бүрдүүлэхээр ажиллаж байх явцад Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох ажилтны зүгээс Байгаль орчны яамны цахим санд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасан хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа талаар мэдээлэл өгч, уулын ажлын төлөвлөгөө батлах боломжгүй талаар мэдээлэл өгсөн. Иймээс тус компанийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас албан бичгээр тодруулахад 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 066/2256 тоот албан бичгээр тус компанийн эзэмшиж буй МV-010882, МV-015606 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаартай тогтоолоор батлагдсан усны хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа талаар мэдээлэл өгсөн. Улмаар усны сан бүхий газар, усны хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа тул тус компанийн дээр дурдсан тусгай зөвшөөрөл эзэмшиж буй талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутаг “Х М” ХХК-ийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар 2020 онд захиргааны хэргийн шүүхэд хандсан. Улмаар, Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар шүүгчийн захирамжаар “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаар тогтоолоор өмнө гаргасан 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 тогтоолыг хүчингүй болгосон. Нэгэнт Увс аймгийн ИТХ хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгосон тул манай компанийн зүгээс тухайн тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа явуулахтай холбоотой техник эдийн засгийн үндэслэл, бусад баримт бичгийн дахин шинэчлэн боловсруулахаар мэргэжлийн байгууллагад хандаж тодотгол хийлгүүлж, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн, төрийн эрх бүхий байгууллагуудаар хянуулан баримт бичгийн шаардлагыг хангаж, эзэмшиж буй талбайд үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангах явцад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Увс аймгийн ИТХ-ын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоолоор манай компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдийн талбай нь дахин усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхацсан гэсэн мэдээлэл өгсөн. Хяргас нуур-Завхан голын сав газарт хандахад манай компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбай нь Увс аймгийн ИТХ-ын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоолоор баталсан усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай гэсэн албан хариуг өгсөн болно. Бидний зүгээс Увс аймгийн ИТХ ийм шийдвэр гаргаж, манай компани хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж байгаа талаар огт мэдээлэлгүй байсан болно. Тус компани нь 2012 онд МV-010882, МV-015606 дугаар тусгай зөвшөөрөл нь 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхацсан гэж Хяргас сумын ИТХ, Ашигт малтмалын газраас тус тус мэдэгдсэний дагуу 2010 онд дээрх 2 тусгай зөвшөөрлөө хүлээлгэн өгч нөхөх олговор авах /723.58 сая төгрөг/ хүсэлтээ хүргүүлж байсан. Гэвч 2015 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон ба уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагт Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсонтой холбогдуулан дээрх 2 тусгай зөвшөөрлөө сэргээлгэн буцаан авах хүсэлтээ төрийн эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн. Ингээд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын тогтоолд заасан холбогдох хилийн заагаас чөлөөлөгдсөн талаар хариу өгч, манай компанийн эзэмшиж байсан дээрх 2 тусгай зөвшөөрлийг буцаан олгосон. Увс аймгийн ИТХ нь 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай тогтоол гаргахаасаа өмнө тус компанид аливаа хэлбэрээр огт мэдэгдээгүй бөгөөд манай компанийн санал, тайлбарыг огт аваагүй. Тодруулбал Увс аймгийн ИТХ-ын дээрх шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, сонсох ажиллагаа зүйл заалтыг тус тус зөрчсөн. Увс аймгийн ИТХ нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаар тогтоолын 1 дэх заалтаар өмнө нь манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайг усны хамгаалалтын бүсэд авсан 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2 дахь заалтаараа “Тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх”-ийг аймгийн Засаг даргад даалгасан. Энэ тогтоолоос харахад манай компанийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд дахин хамгаалалтын бүс тогтоох асуудал цаашид яригдахгүй байх боломжтой гэж бид ойлгож, тухайн талбайд үйл ажиллагаа явуулахаар ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, уулын ажлын төлөвлөгөө болон бусад баримт бичиг бүрдүүлэлтэд дахин 254.7 сая төгрөг зарцуулж, бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Гэтэл манай компанид мэдэгдэхгүйгээр, аливаа санал, тайлбар огт авахгүйгээр дахин манай компанийн үйл ажиллагаа явуулах боломжийг хориглосон шийдвэрийг Увс аймгийн ИТХ нь 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн байна. Увс аймгийн ИТХ нь 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай тогтоолын тэмдэглэх хэсэгт үндэслэл болгосон Усны тухай хуулийн 11.1.4-д “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэж заасан ба уг тогтоолыг гаргахдаа хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг тэмдэглэх хэсэгт тусгаагүй, дүгнэлт гаргуулаагүй. Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, улсын тусгай хамгаалалттай газар болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй байгаа талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015, 2016 онуудад тус тус албан бичгээр, 2025 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас цахимаар тодорхойлолт өгсөн. Түүнээс хойш Засгийн газрын тогтоолд аливаа нэмэлт, өөрчлөлт ороогүй байхад Увс аймгийн ИТХ холбогдох хууль зөрчин 2007 онд олгогдсон МV-010882 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл, 2010 онд олгогдсон МV-015606 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцуулсан байна. Манай компанийн хувьд дээр дурдсаны дагуу 2025 оныг хүртэл хугацаанд нийт 1,265,880,000 орчим төгрөгийг үйл ажиллагаандаа /хайгуулын ажил, баримт бичиг боловсруулах зардал, татвар, төлбөр гэх мэт/ зарцуулсан хэдий ч хууль, журмын дагуу ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаагаас зардлаа нөхөх боломжгүй болж хохироод байна. Иймд Увс аймгийн ИТХ-ын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралт дахь онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайгаас “Х М” ХХК-ийн эзэмшиж МV-010882, МV-015606 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэж маргаж байна.

            3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий захиргааны акт буюу 2025 онд гаргасан Иргэдийн хурлын тогтоол гаргахад Захиргааны ерөнхий хууль, хуулийн бол 62.2-т бас хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэж заасан. Мөн 62.5-д хэлэлцүүлгийн явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж гарсан саналыг захиргааны хэм хэмжээний актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэнэ гэж заасныг зөрчиж энэ шийдвэрээ гаргасан байгаа. Энэ нь юугаар нотлогдож байгаа юм бэ гэвэл хариуцагч талаас 2023 онд Удирдлагын академи дээр хэлэлцүүлэг хийсэн. Манай компанид бол мэдэгдсэн гэдэг. Бид нар очоогүй, оролцоогүй манай компанид утсаар мэдэгдсэн байсан. Тэр хэлэлцүүлэг ямар утгатай хэлэлцүүлэг болсон бэ гэхээр 2019 оны тогтоолтой холбоотойгоор маргалдагч талууд, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа компаниудын төлөөллүүд оролцсон ийм хэлэлцүүлэг болсон. Уг хэлэлцүүлэгт оролцогч талууд өөрсдийнхөө одоо хохирлоо яаж шийдвэрлүүлэх вэ, 2019 оны тогтоолоо эргэж харж, нягталж, цуцалж өгнө үү, биднийг үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөөч гэдэг агуулгатай л асуудлууд яригдсан. Түүний хүрээнд 2024 онд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн 2019 оныхоо хамгаалалтын бүс тогтоосон шийдвэрээ хүчингүй болгосон, тэр нь юугаар нотлогдож байгаа юм бэ гэхээр хэрэгт авагдсан, тухайн өдрийн хуралдааны тэмдэглэл байгаа. Тэр тэмдэглэл дээр тухайлбал “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Батжаргал “...энэ тогтоол яагаад өнөөдрийг хүртэл орж ирэхгүй болсон бэ, хүчингүй болгох биш зөрчилтэй асуудлыг нь салгаж хүчингүй болгож болохгүй юм уу” гэж бас хандаж байсан. Мөн Засаг дарга Ч.Ч “...усны сав газраас хэлэлцүүлэг хийгээд саналаа гаргасан. Эрх ашиг нь зөрчигдсөн газар нь шүүхэд хандсан асуудлууд байдаг” гэдэг асуудлыг ярьсан байдаг. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б “удирдлагын академи дээр очиж сургалт авч, нэг өдрийн талд Байгаль орчны газар, усны газар мөн сумдын удирдлага, маргалдагч талууд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар оролцсон хэлэлцүүлэг хийсэн. Энэ хүрээнд бид тогтоол хүчингүй болгох ажлаа эхлээд хийж байна. Тэгээд дараагийн асуудлыг хуулийн дагуу оруулж ирэх нь Ч.Ч даргын бүрэн эрхийн асуудал шүү” гэдэг ийм тэмдэглэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хэлээд байгаа тэр хэлэлцүүлэг хийсэн гээд байгаа асуудал 2025 оны энэ тогтоол гаргахтай холбоогүй 2024 онд 2019 оны тогтоолоо хүчингүй болгох зорилгоор хийж байсан хэлэлцүүлэг байгаа юм. Тэрнээс хойш шинэ тогтоол гаргаад уг тогтоол дээр 1 дүгээр заалтаараа “2019 оны тогтоолоо хүчингүй болгож, 2 дугаар заалтаараа “тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох асуудлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг дарга”-д даалгасан. Тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий усны сан бүхий газарт дахиж хамгаалалтын бүс тогтоох асуудлыг оруулж ирэхгүйгээр зөвхөн тэр давхцаагүй газрууд дээрээ бүсээ тогтоогоод тэр асуудлаа шийдье гэдэг ийм заалттай байгаа. 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоол гарснаас хойш манайх үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо гээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоолоо Байгаль орчны яаманд хүргүүлээд байгаль орчны яамны мэдээллийн сангаас манай давхцалтай хэсэг хасагдсанаар бид нар үйл ажиллагаа явуулах боломжтой болоод Ашигт малтмалын газарт хандаж техник эдийн засгийн үндэслэлээ 2025 онд шинээр боловсруулж батлуулсан. Улмаар уулын ажлын төлөвлөгөөгөө бас батлуулсан ба 2026 онд ажиллах төлөвлөгөөгөө хийгдсэний дараа Байгаль орчны яамд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг заавал хийлгэхээр хуулийн дагуу хандаад байж байтал “танайх усны сан бүхий газар дахин давхацсан, нөлөөллийн үнэлгээг баталж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамгаалалтын бүс тогтоосон тогтоол гаргаж, манайд ирүүлсэн” гэдэг асуудал яригдсан. Тэгээд бид албан ёсоор өөрийн харьяа сав газартаа хандаад байгаль орчны мэдээллийн сангаас цахим лавлагаа бол гаргуулсан. Хяргас нуур, завхан голын сав газарт хандахад “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин танайх усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхацсан талаарх мэдээлэл, мэдээллийн санд байна” гэдэг хариу бичиг өгсөн. Бид нараас ямар нэгэн санал тайлбар гаргах боломж олгоогүй, хариуцагчийн хийсэн гээд байгаа 2023 оны хэлэлцүүлэг нь 2025 оны маргаан бүхий тогтоол гаргахтай холбоотой хэлэлцүүлэг байгаагүй. Тухайн хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар тэмдэглэл, гарсан саналыг захиргааны хэм хэмжээний актын төсөлд хэрхэн тусгасан талаараа мэдээлэл бэлтгэсэн гэдэг ч Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргэгдсэн материалд байхгүй. Жишээлбэл, манайх ямар санал гаргасан юм, тэр нь яаж туссан юм гэдэг танилцуулга бэлтгээгүй, мэдээж эсрэг шийдвэр гаргаж байгаа болохоор шийдээд явсан байна. Хариуцагч талын гаргаж өгсөн баримт дотор 2025 оны тогтоол хэлэлцсэн хурлын хуралдааны тэмдэглэл байна. Түүнд хурлын төлөөлөгч нараас Жишээлбэл, Д.Ц төлөөлөгч “...ийм юм хийж болохгүй ээ. Эдийн засгаа дэмжих ёстой хуулийн хүрээнд нь энэ компаниудыг ажиллуулах ёстой” гэдэг санал гаргаад, тэр санал нь дэмжигдээгүй, олонхоороо батлаад явсан. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Б уг нь бол тогтоолд санал хураалгахаас өмнө “давхцалтай байгаа 24 солбилцолын цэгийг үлдээгээд бусдыг нь батлаад явъя” гэж хэлсэн. Тэгтэл яагаад тогтоол батлагдахдаа энэ чигт нь ингээд баталсныг  ойлгохгүй байна. Усны газрын мэргэжилтэн Ц.Б манайхаас гарсан саналыг батлах нь зүйтэй гэдэг тайлбараа хэлсэн. Нөгөө талаас төрийн байгууллага бол аливаа шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг зөв үнэлж, түүндээ тохирсон шийдвэр гаргаж ажиллах ёстой. Манай компанийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг нь ухаж сэндийчээд малтчихсан, энэ талаарх 2019 онд авсан зураг нотлох баримтаар өгсөн. Тэрнээс хойш нөхцөл байдал бүр л муудсан байгаа. Нинжа хэлбэрээр хүмүүс ухаж, гол усыг нь том техниктэй ирээд ухаад явсан байдаг. Тэр үед энэ төрийн байгууллагууд нь хамгаалахгүй юу хийж байсан юм. Бүтэн зунжингаа л ухаад л явсан байсан. Манай компанид ч мэдэгдээгүйгээр талбай руу ороод ухчихсан байсан. Тэгээд одоо усаа хамгаална гээд ингээд яг хуулийн дагуу төрөөс Засгийн газраас эрхийн өгөөд Ашигт малтмалын газраас шийдвэр нь гараад ажлаа хий гээд өгчихсөн тусгай зөвшөөрөлтэй талбайг өөрсдөө ажиллаж чадахгүй байхад хэн нь мэдэхгүй хүн ухсан байдаг. Хэрвээ гол ус хамгаалах гээд байгаа бол тэр газрыг тийм болгосон хүмүүстэй яагаад энэ төрийн байгууллагаас нь хариуцлага тооцохгүй, арга хэмжээ авахгүй байж, яг тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компани ажлаа хийе гэхээр болохгүй гэдэг байдлаар асуудалд хандаад ийм шийдвэр гаргуулж байгаа нь зохисгүй  байна. Ер нь бол энэ эс үйлдэхүй чинь өөрөө хууль бус л үйлдэл байгаа. Манай компани мэдээж одоо ажиллавал орон нутагтайгаа заавал хамтран ажиллах гэрээ хийнэ. Энэ шийдвэр хүчингүй боллоо гэж бодоход байгаль орчинд нөлөөлөх байдлын төлөвлөгөөгөө батлуулж, байгаль орчны яамнаас байгаль орчны нарийвчилсан нөлөөллийн үнэлгээг хийлгэнэ. Түүний дагуу даалгаврууд гарч тэр хүрээнд ажиллана. Тэгээд хамтран ажиллах гэрээ байгуулж хуулийн дагуу ажиллах ёстой. Бид нар бол энэ зарчмаар ажиллах гээд өдий хүртэл яваад чадахгүй байна” гэв.

            3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Лиценз өгөхдөө бүгдийг нь шалгаад нөхөн сэргээлтээ хуулийн дагуу сайн хийгээрэй гээд лиценз өгсөн. Хэрэв гол устай ухаж болохгүй байсан бол яах гэж лиценз өгөх юм, нэгэнт маш их мөнгө зарцуулсан тул ардаас нь явахаас өөр аргагүй. Лиценз 5 жилээр батлагддаг тэр бүрд нь бид бүх сайд дарга нараар батлуулдаг. Гэтэл ганцхан энэ Ц.Б, н.А гэдэг 2 хүн дээр ирээд болохоо байчихдаг. Бид ямар ч хууль зөрчөөгүй бүх ажил хуулийн дагуу явагдаж байна. Голын эхнээс 2 километрийн наана манай лиценз дуусаж байгаа. Хайгуулаа хийгээд буцаагаад яг байсан хэвд нь оруулж улсад буцааж өгөх ёстой. Бид нар дураараа ухах гээд байгаа биш, харин дураараа ухсан газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээж өгье гэсэн. Хамгийн гол нь 2019 онд баталсан тогтоолын баримтууд дээр бичиг дээр нэг ч цаас нэмэхгүйгээр Хууль зүй, дотоод хэргийн яамд хандахад 8 хоногийг дотор сайд нь хэм хэмжээний актыг бүртгэсэн. Хэрэв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцүүлэг хийж бидэнтэй уулзсан бол яамд энэ тогтоол батлагдахгүй байх байсан. Аль буруутай этгээд нь хохирлыг гаргах ба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буруутай гэж үзвэл энэ олон тэрбум төгрөгийг юугаараа төлөх юм. Зөвхөн манай 2 компани гэхэд 10 орчим тэрбумын хохиролтой, цаана нь 40 кампани байгаа хэчнээн хохирол гарч ирэхийг хэн ч мэдэхгүй. Биднийг хэлэлцүүлэгтээ оролцуулсан бол ядаж төлбөрөө олж авъя гээд би хөөцөлдөнө шүү дээ. Бид өөрийн хөрөнгөөр мал ундаалах боломжтой цөөрөм хийлгэе гээд 25 сая төгрөгөөр цөөрөм хийлгэх төсөл хийлгэсэн. Бид наана нь ажлаа хийгээд мал нь цөөрмөөсөө ундаалаад, ажил дууссаны дараа гол нь хэвийн урсах байсан. Анх эрх бүхий газар нь өөрөө мэдээд болно бүтнэ гээд зөвшөөрлийг нь өгсөн” гэв.

            3.4. Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар 2019 оны 5 дугаар сард хэлэлцэн баталж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлсэн боловч шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэдэг үндэслэлээр бүртгээгүй болно. Иймд уг асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэхээр Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаатай хамтран тодорхой ажиллагаануудыг хийсний үндсэн дээр 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж 36 дугаар тогтоолоор Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг тогтоосон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14-т “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх”, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” эрхтэй. Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаа нь 2020 оноос хойш Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох асуудлыг шийдвэрлүүлэхээр судалгаа, шинжилгээний ажлуудыг явуулсан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэжээ. Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанаас 2020 оноос эхлэн хамгаалалтын бүсэд давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай нэг бүрчлэн уулзаж давхцалын талаар танилцуулж тайлбар, санал гаргах боломжийг олгосон. “Х М” ХХК-ийн захирал Б.Ц Увс Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаатай удаа дараа ирж уулзаж, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох асуудалтай танилцаж байсан. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хотод Удирдлагын академийн сургалтын танхимд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэж үзсэн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж ажилласан ба уулзалтын зарыг өдрийн өдрийн болон утсаар товыг хүргэж ажилласан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох талаарх тогтоолын төслийг боловсруулж uvs.khural.mn сайтад байршуулан иргэд, аж ахуйн нэгжээс санал авч ажилласан. Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баталсан удирдамжийн дагуу томилогдсон шинжээч, Увс аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 10 сарын 20-ны өдөр “Ичээтийн гол”-д очиж ажилласан ба тус компанийн захирал Б.Ц-ийг байлцуулсан. Ажлын хэсэг ажиллан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дүгнэлтээ гарган ирүүлсэн байна. Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 141 дүгээр албан бичгээр хүсэлт гарган Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3/2661 тоот дүгнэлтийг гаргуулсан. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/2814 дугаартай дүгнэлтийг гаргуулсан. Иймд “Х М” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлав.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны тогтоолыг Хууль зүйн яам хүлээж авч захиргааны хэм хэмжээний актад бүртгээгүй. Тийм учраас энэ процесс 2020 оноос хойш тасралтгүй үргэлжилсэн. Үүнтэй холбоотойгоор тус актыг батлахын тулд нийт эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг мөн цахимаар Увс аймгийн www.khural.gov.mn сайтад тогтоолын төсөлтэй холбоотой мэдээллийг байршуулсан.  2023 оны 11 дүгээр сард Удирдлагын академид Улаанбаатар хотод урьдчилсан хэлэлцүүлэг хийгдсэн. 2019 оны тогтоолыг тухайн үедээ хүчингүй болгох эсэх нь  2020-2024 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал байсан. Авлигатай тэмцэх газраас 2024 оны 11 сарын 28-ны өдрийн “энэ усны лицензтэй холбоотой тогтоолоо батал, энэнтэй холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхийг үгүйсгэхгүй байна” гэсэн албан бичгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Б-д ирүүлсэн. Тусгай зөвшөөрөлтэй талбайд нийт 72 лицензийг улсын тусгай хамгаалалтаас гаргаад шилжүүлэхийг нь шилжүүлээд, “улсын тусгай хамгаалалттай газраа хамгаалаад авчихъя” гэж төрийн байгууллага үзэж байгаа. Гэтэл энэ хүмүүс болохоор манай талбай усгүй, процессын дагуу ажил хийгдээгүй байна гээд байгаа. Гэтэл маргаан бүхий хэм хэмжээний актыг батлах процесс 2019 оноос хойш тасралтгүй хийгдсэн. Нэхэмжлэгчийн талбайд 20 өрхийн 3100 гаруй мал тухайн газарт байдаг. Тэгэхээр тэдний эрх ашиг сонирхолд бас хөндөгдөж байгаа. Нэхэмжлэгч компани 2023 оны хэлэлцүүлэгт оролцоогүй гэж байна. Бид нар оролцох талаар нь урьдчилсан байдлаар утсаар болон “Өдрийн сонин”, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын www.khural.gov.mn цахим сайтад мэдээлэл байршуулж зар хүргүүлсэн” гэв.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг яг биечилж зурагласан хүн байна. 2 жилийн судалгааны ажил хийсэн. Ерөнхийдөө энэ сав газрын тухай ойлголт бас өгөхгүй бол Увс нуур-Тэс голын сав газрын захиргаа гэдэг маань Хөвсгөл, Завхан, Увс аймгийн 14 сумд хамаардаг. Нэхэмжлэгч компанийн лиценз байгаа газар бол Завхан гол, Хяргас нуурын сав газарт хамаардаг. Гэхдээ аймгийн хэмжээний усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоохын тулд тухайн одоо аймагт байгаа сав газрын захиргаа хариуцаж зохион байгуулсан. Яагаад гэхээр усны мэргэжлийн байгууллага учраас, миний хувьд бол гадаргын ус хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Энэ процесс эхлэхдээ тухайн сумын хамгаалалтын бүс тогтоох ажлын хэсгүүдийг тухайн сумынх нь Засаг даргын захирамжаар нь ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгүүд тэрийг хянаж үзээд, бүх багийн дарга нар, гол ус мэддэг иргэд, байгаль орчны ажилтан, ажлын хэсгийн ахлагчаар тухайн сумын Засаг даргын орлогч ажилласан. Ингээд аль дээр зураглах вэ, энэ устай юу, усгүй юу, хамгийн ихдээ хаана хүртэл урсдаг вэ, орхигдсон булаг байна уу гэх мэтээр ингэж суурь судалгаа хийж сансрын зурагтай харьцуулан тухайн жилийн байгалийн усны тоо бүртгэлтэй нягталж тулгасан. Дэлхийн байгаль хамгаалах сангаас гаргасан хилийн зураглалтай харьцуулсан гэх мэт маш олон харьцуулалт зураглалтын дундаас эргэлтийн цэг гаргаж ирсэн. Ингээд аймгийн Байгаль орчны газар, мэргэжлийн хяналт, газрын алба гээд холбогдох мэргэжлийн байгууллагуудад хэлэлцүүлэг хийж танилцуулсан. Үүний үндсэн дээрээс энэ зураглалыг хийж 2019 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулсан. 2019 онд 9/01 дүгээр тогтоолыг батлуулахдаа процессын алдаа гаргасан, түүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “хэм хэмжээний акт батлахдаа эрх ашиг хөндөгдөж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцүүлэг хийсний дараа дахиж хурлаар батлуул” гэсэн дүгнэлт, зөвлөмж өгсөн. Мөн тухайн үед бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дүгнэлт авсан ба Барилга хот байгуулалтын яамнаас бол байгаль орчны яамнаас дүгнэлт өгсөн бол манайх өгөх шаардлагагүй гэсэн. Улмаар процесс дахин явуулж хэлэлцүүлэг хийж эхэлсэн. 2019-2020 онд хэлэлцүүлгүүд хийгдээд, Увс аймгийн иргэдийн хурлын сайт дээр энэ тогтоолын төслийг хавсралтын хамт байршуулсан. Тухайн үед ковид гарч, аж ахуй нэгжүүд ихэнх нь Улаанбаатарт хотод байгаа учраас Усны газар дээр нэг нэгээр нь дуудаж хэлэлцүүлэг хийсэн. Тэр хэлэлцүүлэгт бол нэхэмжлэгч компани ирээгүй. Дараа нь Б.Ц гуай манай байгууллага дээр ирэх үед ийм хэлэлцүүлэг хийсэн бөгөөд танай компанийн 2 лиценз Ичээтийн голын хамгаалалтын бүс дээр давхцалтай байгаа асуудлыг өөрт нь танилцуулж, хэлэлцүүлэгт оролцсон гэж үзэж оролцогчдын нэрс дээр гарын гарын үсэг зуруулсан. Энэ утгаараа эдний компанийг хэлэлцүүлэгт оролцож, хүлээж авсан гэж үзэж байна. Үүний дараагаар дахин лицензийн давхцал бүхий 40 аж ахуйн нэгжийн талбай дээр 2 яамны төлөөллийн  мэргэжилтэн орон нутгаас томилогдсон ажлын хэсгийн гишүүдийн хамт газар дээр нь очиж үзэж дүгнэлт гаргасан. 2019 онд усны тоо бүртгэлийг бол манай байгууллага аймгийн хэмжээнд хийсэн. Ингээд 2019 онд хийсэн цэг, тэмдэгт дээр 2025 онд мөн ямар ч өөрчлөлт оруулаагүй. Яагаад гэхээр бид нар вэб сайтад яг тэр цэгүүдээр тогтоолын төслөө байршуулсан. Барилга хот байгуулалтын яам болон Байгаль орчны аялал жуулчлалын яамнаас 2022 дүгнэлт гаргуулсан. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хэлэлцүүлгийг 2023 онд зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийг бүгдэд нь хүргэх гээд утсаар ярьсан Б.Ц гуайн дугаар луу залгасан, мессеж бичсэн, сонин дээр зарласан энэ баримтуудыг хэрэгт өгсөн. Тус хэлэлцүүлэгт 20 гаруй аж ахуйн нэгжүүд ирж уулзсан, сумын хурлын төлөөлөгч, хурлын дарга нар оролцсон. Аж ахуйн нэгжийн төлөөллүүд зарим нь бүр өмгөөлөгчтэйгөө ирсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2 мэргэжилтэн, Усны газрын дарга, албаны даргатайгаа ирж өргөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцүүлгүүд явагдсан. Усны тухай хуульд заасны дагуу хил заагийг тогтоосон. Ус байвал усны хил зааг тогтоох ёстой, лицензтэй бол тогтоохгүй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Тэгэхээр устай газарт хил заагийг тогтоож байгаа. Энд 275 гол, 868 булаг, 30 гаруй нуур бусад ус ноогдох газрууд хамаарч, 100 гаруй мянган цэг байна” гэв.

4. Шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.Түвшинбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Алт ухахад яг голын доор байдаг болохоор усаа хайрлаж, голын голдрил өөрчилж болохгүй гэж иргэн хүний хувьд үзэж байна. Дэлхий нийтээр гол усны хомсдолд орж байгаа болохоор нэхэмжлэгч тал буруутай гэж бодож байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт өгч, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актын “Х М” ХХК-ийн эзэмшиж буй МV-010882 болон МV-015606 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч “Х М” ХХК нь “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Х М” ХХК-ийн эзэмшиж буй МV-010882 болон МV-015606 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

            3. Нэхэмжлэгч талаас “...Маргаан бүхий захиргааны актын талаар манай компанид аливаа хэлбэрээр огт мэдэгдээгүй, санал, тайлбар аваагүй. Усны тухай хуулийн 11.1.4-т зааснаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудаас дүгнэлтүүдийг гаргуулаагүй, тэмдэглэх хэсэгт тусгаагүй. ...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй гэж тодорхойлдог. Засгийн газрын 289 тогтоолд аливаа нэмэлт, өөрчлөлт ороогүй байхад Увс аймгийн ИТХ холбогдох хууль зөрчиж манай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцуулсан. Манай компани 1,265,880,000 орчим төгрөгөөр хохироод байна” гэж маргажээ.

            4. Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “...Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох асуудлыг 2019 оны 5 дугаар сард хэлэлцэн баталсан боловч шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэдэг үндэслэлээр хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгээгүй. 2020 оноос эхлэн хамгаалалтын бүсэд давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай нэг бүрчлэн уулзаж давхцалын талаар танилцуулж тайлбар, санал гаргах боломжийг олгосон. “Х М” ХХК-ийн захирал Б.Ц Увс Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаатай удаа дараа ирж уулзаж, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох асуудалтай танилцсан. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод Удирдлагын академийн сургалтын танхимд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэж үзсэн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж ажилласан ба зарыг өдрийн өдрийн болон утсаар товыг хүргэсэн. ...Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3/2661 тоот дүгнэлт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/2814 дугаартай дүгнэлтийг гаргуулсан” гэж тайлбарлав.

            5. Маргааны үйл баримтуудад хууль зүйн дүгнэлт хийвэл;

            5.1. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг анх 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолоор баталсныг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй байна.

            5.2. Нэхэмжлэгч “Х М” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            5.3. Улмаар, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаартай тогтоолоор 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон.

            5.4. Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар дахин Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоосон байна.

            6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, …нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж заасан бөгөөд Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоосон Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоол нь хариуцагчид хуулиар олгосон эрхэд хамаарах буюу Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний акт батлан гаргах, журамд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн тодорхойлсон эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

            7. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8, 48 дугаар зүйлийн 48.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмыг үндэслэн Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг 1 дүгээр хавсралтаар, унд ахуйн  ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн эргэлтийн цэгийг 2 дугаар хавсралтаар тус тус тогтоож, Усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг аймгийн хэмжээнд мөрдүүлэх, хамгаалах, тэмдэгжүүлэх, давхцалыг арилгах зэрэг дэглэмийг мөрдүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулж, хэрэгжилтийг жил бүр тайлагнахыг бүх шатны Засаг дарга нарт даалгасан шийдвэр гаргажээ.

            8. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт “Энэ хуулийн  22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэж зааснаар хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох, хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох бүрэн эрхтэй байна.

            9. Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтоох”-оор заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 дугаар тушаалаар  “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг баталсан, уг журмын 2.10-т “энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглах харилцааг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д заасны дагуу зохицуулах”-аар, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д “гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулах”-аар тус тус заасан.

            9.1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д  “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж тусгайлан заасан тул маргаан бүхий хэм хэмжээний актын улмаас “Х М” ХХК-ийн Ашигт малтмалын газраас 2007 онд олгосон МV-010882 дугаартай, 2010 онд олгогдсон МV-015606 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай Ичээт голын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд бүхэлдээ давхацсанаар нэхэмжлэгч үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болжээ.

            10. Увс аймгийн Хяргас сумын Ичээтийн голын усны энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд нэхэмжлэгч “Х М” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнууд багтсан нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

            11. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.

            12. Маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яам 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7284 дүгээрт бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2025 оны 06 сарын 26-ны өдрийн 20 дугаарт бүрэн эхээр нь нийтэлснээр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (Хавтаст хэргийн 106-109 дүгээр хуудас)

            13. Түүнчлэн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14-т “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх” гэж зааснаас үзвэл хариуцагчийг эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            14. Нөгөө талаас, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна”, 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэж хуульчилсан.

            14.1. Дээрх зохицуулалтаас үзэхэд, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар эрх олгосон асуудлаар захиргааны хэм хэмжээний акт батлахдаа, шийдвэр гаргах ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу явуулсан нөхцөлд захиргааны байгууллагын үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэнэ.

            15. Хариуцагч талаас “...“Х М” ХХК-ийн захирал Б.Ц Увс Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаатай удаа дараа ирж уулзаж, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох асуудалтай танилцаж байсан. ...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй аж ахуйн нэгжүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийн зарыг утсаар хүргэсэн боловч нэхэмжлэгч компани ирээгүй” гэж тайлбарлаж байх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан хэм хэмжээний актын төсөлд ялангуяа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэг буюу “Х М” ХХК-ийн саналыг авч, гаргасан саналыг актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж, оролцоог бүрэн хангаагүй гэх үйл баримт тогтоогдож байна.

            15.1. Тодруулбал, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод Удирдлагын академийн сургалтын танхимд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй аж ахуйн нэгжүүдтэй уулзалт, хэлэлцүүлэгт нэхэмжлэгч “Х М” ХХК оролцоогүй ба хэлэлцүүлгийн явцад дахин Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас усны сан бүхий газрын “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” асуудал яригдаагүй, хэлэлцүүлгийг үндэслэн 2024 оны 18/10 дугаартай тогтоол гарсан гэж гэрч А.Б, Д.Б нар мэдүүлсэн.

            15.2. Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй аж ахуйн нэгжүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, улмаар 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаартай тогтоол гаргаж “...2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, 2 дахь заалтаараа “Тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг дарга”-д даалгаж шийдвэрлэсэн байна.

            15.3. Өөрөөр хэлбэл, 2023 онд хийгдсэн хэлэлцүүлгийн үр дүнг 2025 онд маргаан бүхий хэм хэмжээний актыг батлан гаргахдаа ашиглаж, маргаан бүхий хэм хэмжээний актыг гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн оролцоог бүрэн хангасан гэж хариуцагч тал үзсэн, нэхэмжлэгчээс уг хэлэлцүүлгийг үндэслэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй маргаантай байгаа тул энэ талаарх дүгнэлт хийлээ.

            16. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаартай тогтоолын 2 дахь заалтаар “Тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг дарга”-д даалгасан нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүдэд ашиглалтын талбай нь усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцах шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргахгүй гэх ойлголтыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэгт чиглэсэн агуулга бүхий шийдвэр байна.

            16.1. Энэхүү шийдвэрийн дараа 2025 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл төрийн эрх бүхий байгууллагаас гарах шийдвэр өөрчлөгдсөн ба энэ тохиолдолд захиргааны байгууллагаас гарах шийдвэрийн талаар хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэгт урьдчилан мэдэгдэж санал тайлбарыг авах ажиллагааг шинээр хийсэн байх шаардлагатай.

            16.2. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг тогтоосны нэг нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчим бөгөөд энэ зарчмыг хангаснаар захиргааны байгууллагад үр нөлөөтэй, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжийг олгохоос гадна шийдвэр гарснаас хойш гардаг сөрөг үр дагаврыг бууруулах боломжийг олгодог.

            17. Иймээс нэхэмжлэгчийн “...2024 оны тогтоолоос харахад манай компанийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд дахин хамгаалалтын бүс тогтоох асуудал цаашид яригдахгүй байх боломжтой гэж ойлгож, тухайн талбайд үйл ажиллагаа явуулахаар ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, уулын ажлын төлөвлөгөө болон бусад баримт бичиг бүрдүүлэн бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Гэтэл манай компанид мэдэгдэхгүйгээр, аливаа санал, тайлбар авахгүйгээр манай компанийн үйл ажиллагаа явуулах боломжийг хориглосон шийдвэрийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн” гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

            18. Усны тухай хуульд заасан хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох, хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох шийдвэр гаргах, ялангуяа тухайн усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд нөлөөлөх шийдвэр гаргахдаа хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу хэм хэмжээний актын төслийг бэлтгэхтэй холбоотой үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ хуульд зааснаас бусад тохиолдолд мөн хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу актын төсөлд ялангуяа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэг буюу “Х М” ХХК нь тухайн усны сан бүхий давхцалтай бүсэд үйл ажиллагаа явуулах боломжтой эсэх, хэрэв цаашид үйл явуулах хүсэлтэй бол хэрхэн шийдвэрлэх эсэх, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүсвэл учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэх эсэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан саналыг актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэх зэргээр оролцоог хангах нь хуулиар хүлээсэн үүрэг болно.

            18.1. Энэхүү ажиллагааг хариуцагч бүрэн явуулсны эцэст усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцнэ.

            19. Энэ нь хариуцагчийн чиг үүрэгт хамаарах бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Х М” ХХК-ийн эзэмшиж буй МV-010882 болон МV-015606 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

            20. Харин хариуцагч Увс иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас маргаан бүхий хэм хэмжээний актыг батлан гаргахдаа Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “...хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэж заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн Барилга, хот байгуулалтын яамны 3/2661 дугаартай “Дүгнэлт хүргүүлэх тухай”, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгүүдээр усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг тогтоох талаар дүгнэлтийг хариуцагчид ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан “...холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудаас дүгнэлтүүдийг гаргуулаагүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

            21. Шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.Түвшинбаяр “...дэлхий нийтээр гол усны хомсдолд орж байгаа болохоор нэхэмжлэгч тал буруутай гэж бодож байна” гэж  дүгнэлт гаргасан боловч хариуцагч маргаан бүхий хэм хэмжээний актыг гаргах ажиллагаанд тухайн төрлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн оролцоог бүрэн хангаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан хэлэлцүүлэг зохион байгуулж санал авах ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүнд үзлээ.

            22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х М” ХХК-д олгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дэх хэсэг, 106.3.11 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалт, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Х М” ХХК-ийн эзэмшиж буй МV-010882 болон МV-015606 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х М” ХХК-д олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.БАТДОРЖ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.АЛТАНЦЭЦЭГ

                                                                   ШҮҮГЧ                                         С.ОЮУНГЭРЭЛ