Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 314/ШШ2025/00138

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

    Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч А.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дугаар багийн *** дүгээр байрны ** тоотод оршин суух ************* овгийн *************нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дугаар багийн *** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ************* овгийн *************, *************нарт холбогдох

 

           Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 186,120,000 төгрөг гаргуулах, оршуулгын зардал  29,880,479 төгрөг, нийт 216,000,479 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч *************, нарийн бичгийн дарга Н.Анужин, нэхэмжлэгч *************, түүний өмгөөлөгч М.Дамбийням, хариуцагч, хариуцагч *************итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батсайхан нар оролцов.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгч ************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт *************нь 99-70 ӨВА улсын дугаартай “*************” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж манай ** настай охин *************амь насыг хохироосон. Техникийн шинжээчийн дүгнэлтээр *************нь Монгол Улсын Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдсон. Улмаар Өвөрхангай аймгийн Прокуророос *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай Прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдсэн боловч эрүүгийн хариуцлага оногдуулах насанд хүрээгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг прокурорын тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Уг шийдвэр хүчин төгөлдөр болсон.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

508 дугаар зүйлийн 508.5-д “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж,

511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж,

 

Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэхэмдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан.

Талийгаач нь гэмт хэрэг гарах үед буюу ** нас ** сартайдаа нас барсан. 2024 оны байдлаар Монгол Улсын хүн амын дундаж наслалт 71.5 байна. Үүнээс үзэхэд насны зөрүү нь 56.4 болж байна. Үүнийг гэмт хэрэг болох үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр үржүүлэхэд 186,120,000 төгрөг болж байна.

 

Мөн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсаны оршуулгын зардал 29,880,479 төгрөг болсон. Үүнийг нэмээд нийт 216,000,479 төгрөг болж байна.

 

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д “7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана.” гэж заасан.

Иймд өсвөр насны шүүгдэгч *************төрсөн эх, хууль ёсны төлөөлөгч *************, төрсөн эцэг *************нараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 186,120.0 төгрөг, оршуулгын зардалд 29,880,479 төгрөг, нийт 216,000,479 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

             2. Хариуцагч, хариуцагч *************итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* шүүхэд гаргасан тайлбартаа “...Хариуцагч, хариуцагч *************итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* би нэхэмжлэгч ************* овогтой ************* тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч ************* нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлснйй доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу 186,120,000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Манай хүү *************холбогдсон авто ослын хохирол, гэм хорын нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрч байгаа боловч Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах, гэм хорын хэмжээг багасгаж болно”, мөн зүйлийн 514.2-т “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж хуульчилсан байдаг.

 

Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу “Гэмт хэргийн улмаас нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бодож тооцох боломжтой гэж үзэж байна.

 

Үүнийг гэмт хэрэг болох үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 99,000,000 төгрөг болж байна.

 

Оршуулгын зардал болох 29,880,479 төгрөгийг хэрэгт хавсаргасан нотлох баримтын шаардлага, хэрэглээ, зориулалтыг үл харгалзан хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

 

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч ************* нь хариуцагч *************, *************нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 186,120,000 төгрөг гаргуулах, оршуулгын зардал  29,880,479 төгрөг, нийт 216,000,479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно.”, 106.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.” гэж заасан.

             Нэхэмжлэгч *************, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ “Хариуцагч *************, нэхэмжлэгч *************гийн ************* бид нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн 99,000,000 төгрөг, оршуулгын зардал 29,880,479 төгрөг, нийт 128,880,479 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дотор 50 хувь болох 64,441,239 төгрөгийг, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дотор үлдэгдэл болох 64,441,239 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 87,120,000 төгрөгийг төлөхгүй байхаар харилцан тохиролцож байна.” гэжээ.

          Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй  байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

           Зохигч эвлэрсэн 128,880,479 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад  ногдох улсын  тэмдэгтийн хураамж 802,352 төгрөгийн тавин хувь болох 401,176 төгрөгийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************аас гаргуулж орон нутгийн орлогод оруулж,

          Шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухай асуудлаар тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

             1.*************гийн нэхэмжлэлтэй хариуцагч *************, ************* нарт холбогдох иргэний хэрэгт зохигчид “хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн 99,000,000 төгрөг, оршуулгын зардал 29,880,479 төгрөг, нийт 128,880,479 төгрөгийг гаргуулах” шаардлагын хүрээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *************, ************* нараас улсын тэмдэгтийн хураамжид 401,176 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

3. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ЦЭЦЭГЭЭ

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Д.МӨНХТУЯА

                                                ШҮҮГЧ                    А.ҮҮРИЙНТУЯА