| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/00029/И |
| Дугаар | 314/ШШ2025/00059 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 314/ШШ2025/00059
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би
Нэхэмжлэгч “*************” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын *** дүгээр багийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай ************* овгийн ************* холбогдох,
“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 15,013,287.18 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*************” ХК-ийн Өмнөговь салбарын захирал *************шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...*************нь нэхэмжлэгч ************* ХК-ийн Өмнөговь салбарын ************* тооцооны төвтэй 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ /онлайн цалингийн зээл/ байгуулж 13,455,800 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр дараах цалингийн зээлийг авсан. Үүнд:
1.2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэмэлтээр 100,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг хувийн хэрэглээнд зориулан,
2.Хамгийн сүүлд буюу 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр онлайн цалингийн зэлийн үлдэгдэл 12,851,233.56 төгрөг дээр нэмэлтээр 1,500,000 төгрөг, нийт 14,351,233.56 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай тус тус зээлсэн. Тус гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 2,306,736.25 төгрөг, зээлийн хүү 1,843,375.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,812.31 төгрөг, нийт 4,154,924.03 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж зээл төлөх мэдэгдлийг 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр болон 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр тус тус хүргүүлсэн боловч хариуцагч буюу зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 387 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1.2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/52258516 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,
2. 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах: Үндсэн зээлийн төлбөр 12,749,063.75 төгрөг, зээлийн хүү 2,133,155.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,568.17 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 4,500 төгрөг, нийт 15,013,287.18 төгрөг гаргуулах” гэжээ.
Нэхэмжлэгч “*************” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, хариуцагч *************нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “...”*************” ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *************дугаартай нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* миний бие нь *************15,013,287.18 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнээс 2025 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд 10,003,497.27 төгрөгийг *************гаргуулж, үлдэгдэл 5,009,789.91 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 20-нд 835,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-нд 835,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-нд 835,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-нд 835,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-нд 835,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-нд 835,000 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэй эвлэрлээ.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*************” ХК-ийн Өмнөговь салбарын захирал *************нь хариуцагч *************холбогдуулан “Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 15,013,287.18 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *************нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 10,003,497.27 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5,009,789.91 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 20-нд 835,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-нд 835,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-нд 835,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-нд 835,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-нд 835,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-нд 835,000 төгрөгийг тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хариуцагч ************* ************* дахь ************* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-ээр нотлогдон тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан бөгөөд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,016 төгрөгийн тавин хувь болох 116,508 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 116,508 төгрөг, хариуцагч *************116,508 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*************” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*************” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *************холбогдох “Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 15,013,287.18 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,016 төгрөгийн төгрөгийн тавин хувь болох 116,508 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 116,508 төгрөг, хариуцагч *************116,508 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*************” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ