Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/51

 

 

 

 

 

2024        08         19                                         2024/ДШМ/51

 

   Б.Тод холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүгдэгч: Б.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр

Нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/203  дугаар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Тод холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Цагаан хуулар овогт Бын Т, 000 оны … дугаар сарын …-ний өдөр Хөвсгөл аймгийн Л суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл …, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Л сумын … дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар ................./.

Б.Т нь 000 оны 12 дугаар сард Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Л сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Н” гэх газар өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр, цахилгаан хөрөө ашиглан 12,9523 метр куб босоо нойтон шинэс мод бэлтгэж, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи-эдийн засагт 13,294,095 төгрөгийн хохирол учруулж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолоор Цагаан хуулар овогт Бын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Бын Тыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Л сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Л сумаас гадагш явахыг хориглож, Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Тоос 39,882,285 (гучин есөн сая найман зуун наян хоёр мянга хоёр зуун наян тав) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулж, Эрүүгийн 000 дугаар хэрэгт Porter маркийн 000ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Тын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Porter маркийн 000ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Б.Тоос гаргуулж улсын орлогод оруулахыг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаанд битүүмжлэгдсэн 12,9523 метр куб хэмжээтэй босоо нойтон шинэс модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 000 дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь мод битүүмжлэхтэй холбогдон гарсан зардал 2,262,590 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Тоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэх зохицуулалтад нийцдэг.

Гэтэл миний үйлчлүүлэгч Б.Тод хүрээлэн буй орчинд аливаа байдлаар хохирол учруулах ямар нэгэн санаа зорилго байхгүй байсан.  ...Гэвч сум орон нутгийн төрийн захиргааны удирдах байгууллага болон ойн мэргэжлийн байгууллагын алдаатай бодлого, шийдвэрээс шалтгаалан өөрийн үйлдлийг хууль ёсны хэмээн итгэж, экологи-эдийн засагт хохирол, хор уршиг учирна гэдгийг урьдчилан мэдэх боломжгүйгээр болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг зөрчилд холбогдсон байдаг.

...Иймд миний үйлчлүүлэгч Б.Тыг зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзэх боломжгүй бөгөөд түүнийг буруутгаж буй үйлдэл нь бодит байдалд нийцэхгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангахгүй байгаа юм.

Тодруулбал, тус гэмт хэргийн обьектив тал болох зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн идэвхтэй үйлдэл тогтоогддоггүй.

...миний үйлчлүүлэгч Б.Т нь Л сумын ойн мэргэжлийн байгууллага болох “Л Уул” ХХК-ийн 000 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тусгаарлуулж өгсөн талбайд ХӨА серийн 22-084598 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт үндэслэн зохих журмын даггуу мод бэлтгэсэн байдаг. Мөн ойгоос мод ашиглаж бэлтгэсний төлбөр болох 249,067 төгрөгийг Төрийн сангийн дансанд тушаасан болох нь сумын байгаль хамгаалагч Н.Бямбахишигийн жагсаалтаар нотлогддог. Дээр дурдсан мод бэлтгэх эрхийн бичигт “...Мод бэлтгэгчийн нэр: ...Б.Т ...........4-р баг... Мол бэлтгэх эрх авсан. Т гэх гарын үсэг...” зэрэг бичилт байх тул миний үйлчлүүлэгчийг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж буруутгах боломжгүй.

...Иймд миний үйлчлүүлэгч Б.Тыг хууль бусаар мод бэлтгэсэн гэх эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар ял шийтгэл оногдуулсан байх боловч тус гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг бүрэн хангаагүй байгааг харгалзан үзэж, ...шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Б.Тод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Б.Тыг зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Б.Т нь 000 оны 12 дугаар сард Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Л сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Н” гэх газар өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр, цахилгаан хөрөө ашиглан 12,9523 метр куб босоо нойтон шинэс мод бэлтгэж, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи-эдийн засагт 13,294,095 төгрөгийн хохирол учруулж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна. Тодруулбал:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно.” гэж зохицуулсан бөгөөд шүүх хуралдаан даргалагчийг зохих журмын дагуу томилсон баримт хэрэгт авагдаагүй, Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

2. Хөвсгөл аймгийн прокурорын газрын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” өөр өөр дугаар, агуулга бүхий 2 тогтоол хэрэгт авагдсан байх ба тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг “Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч яллагдагчийн холбогдсон зарим эрүүгийн хэрэг нь нотлогдоогүй бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан хэрэг бүртгэлтэд буцаана.” гэсэн зохицуулалтыг удирдлага болгон яллагдагч Б.Бямбадалай нарт холбогдох хэргээс яллагдагч Б.Тод холбогдох хэргийг тусгаарлаж, “Хэрэгт мөрдөн байцалтын хийлгэхээр Мөрдөн байцаах тасагт хүргүүлсүгэй.” гэж тогтоожээ. Гэвч хэрэгт  мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй,  прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Прокурор  эрүүгийн хэргийг буруу тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болох бөгөөд уг зөрчлийг  тус  шүүх зөвтгөх боломжгүй.

3.Прокурор “Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл”  үйлдэж, 2338000770324 дугаартай хэргийг  бүхэлд нь  хуулбарлахдаа “ХУУЛБАР ҮНЭН” тэмдэгт тавигдах шаардлага хангаагүй, бүртгэлийн дугааргүй, хуулбарласан албан тушаалтны гарын үсэггүй, хэзээ хуулбарласан он, сар, өдөр тодорхойгүй тэмдэг дарсан нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.”, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ.” гэж тус тус зохицуулсныг болон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор баталсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”  зөрчжээ.

4.Прокурорын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 376а дугаар яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, яллах дүгнэлтэд тусгавал зохих зүйлийг бүрэн тусгасан эсэх нь тодорхойгүй. Тухайлбал, яллах дүгнэлтийн Гурав.Нотлох баримтуудын талаар: гэх хэсэгт 1-3 дугаарыг давхардуулсан, өгүүлбэр дунд дугаарласан, 3 гэж дугаарласнаас хойш дугаар алгасаж 8 гэж дугаарласан.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тус шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/203  дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Тод урд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАЯРХҮҮ                                                       

                       ШҮҮГЧИД                                     Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                       Б.СОСОРБАРАМ