Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 29

 

 

******* ******* Х-ний нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Говь-******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2021/00252 дугаар шийдвэртэй,  ******* ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй *******-Улиастайн ******* ******* ******* ******* ******* хувьцаат компанид холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дашдаваа, Г.Нямаа /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амартүвшин /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наваан-Юндэн, О.Аюурзана, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм /онлайнаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 27,743,961 төгрөг, алданги 13,871,980 төгрөг, нийт 41,615,941 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: ******* ******* Х нь 2013 оны 12дугаар сард *******-Улиастайн ******* ******* ******* ТӨ-тай Тайширын усан цахилгаан станцын тунелийн тохижилт, Гэгээн нуур амралтын газрын тохижилтын ажлыг 90 сая төгрөгөөр хийхээр гэрээгээр тохиролцсон горимуудаар гүйцэтгэхээр, гэрээгээр хүлээсэн ажлыг хийж гүйцэтгэх явцад ажлын гүйцэтгэлийн төсөвт ороогүй, тооцоогүй орхигдсон 70,979,625 төгрөгийн ажлыг өөрийн хөрөнгөөр болон бусад байгууллагаас зээлээр авч уг тендерийн ажлыг чанарын сайн үнэлгээтэйгээр улсын комисст 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн билээ. Анх тендер зарлахдаа төсөв тооцоогоо алдаатай гаргасан ажлын явцад 2 тал харилцан тохирч, төсөвт тусгагдсан ажлууд дээр нэмж ажил хийгдсэн учир төсөв нэмэгдэж хэтэрсэн энэ байдлаа хоёр байгууллага харилцан тохиролцож ярилцаад шалгалт оруулж улмаар аудитын дүгнэлт гаргуулсан. Аудитын дүгнэлтээр бүх хийсэн ажлын зардлын тооцоог зардал бүрээр нь гаргаж дүгнэлт гаргахад 6 объектод гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын нийт төсөвт өртөг нь 167,743,961 төгрөг болсон. Энэ төсөвт өртгөөс *******-Улиастайн ******* ******* ******* ******* өмчийн хувьцаат компани нь ******* ******* Х-д 140,000,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бус хоорондын тооцоогоор шилжүүлэн өгч одоогоор 27,743,961 төгрөг дутуу байгаа болно. Энэ ажил гүйцэтгэсэн гэрээний төлбөрийг авах гэж одоог хүртэл хөөцөлдөж байгаа болно.

Иймд *******-Улиастай ******* ******* ******* ТӨ-иас дээрх 27,743,961 төгрөг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Уг асуудлаар 2013 оноос хойш тасралтгүй үе үеийн дарга нартай нь уулзаж хөөцөлдөж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: *******-Улиастайн ******* ******* ******* ТӨ-ийн 2013 оны хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Тайширын усан цахилгаан станцын тунелийн тохижилт, Гэгээн нуур амралтын газрын тохижилт, дэд станц байгуулах ажлыг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах Үнэлгээний хороог дарга С.Пүрэвдорж/дэд захирал/, нарийн бичгийн дарга Т.Батсайхан/эдийн засагч/, гишүүд Д.Ганзориг/ерөнхий нягтлан бодогч/, Н.Батбаяр/шугам засварын инженер/, Ч.Дашдэлэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Уг үнэлгээний хороо нь тендерийн бичиг баримтыг боловсруулах, техникийн тодорхойлолт, урилга бэлтгэх, тендерийг хянан үзэх ажлыг хуулийн дагуу зохион байгуулсан. Тендерийн урилга 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Тайширын усан цахилгаан станцын тунел орчмын тохижилт нэрээр АУЭХС ТӨ-13/21 тендер шалгаруулалтын дугаараар зарлагдсан. Заасан хугацаанд Хүрийн Овоо Х болон ******* ******* Х-иуд материал ирүүлсэнд үнэлгээний хороо үнэлгээ хийж, дээрх 2 компаниас тендерт ирүүлсэн материалд нэмэлт тодруулга авахаар болж, 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээний хороо албан бичиг хүргүүлсэн байдаг. 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээний хорооны шийдвэрээр ******* ******* Х-ийг шалгаруулсан. Захиалагчийн төлөөлж АУЭХС ТӨ-ийн захирал Г.Чинбат, гүйцэтгэгчийн төлөөлж ******* ******* Х-ийн захирал Ж.Дашдаваа нар Тайширын усан цахилгаан станцын тунел орчмын тохижилт-ын ажлын гүйцэтгүүлэх АУЭХС ТӨ-13/21 дугаар гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр дээрх ажлыг 90 сая төгрөгийн өртөгтэйгээр 1.5 жилийн хугацаанд гүйцэтгэхээр тохирсон байдаг. ******* ******* Х нь гэрээний дагуу уг ажлыг гүйцэтгэх явцад төсөвт ороогүй, тооцоогүй орхигдсон 70,979,625 төгрөгийн ажлыг нэмж өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн тухай ажил дууссаны дараа яригдаж, гүйцэтгэлд хөндлөнгийн хяналтын байгууллага дүгнэлт гаргасан. ******* ******* Х нь дээрх ажлыг 90 сая төгрөгт багтаан хийхээр үнийн санал ирүүлж, 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үнэлгээний хороонд ирүүлсэн албан бичгээр баталгаажуулж, энэ үнийн дүнгээр гэрээ байгуулсан тул илүү гүйцэтгэл гаргасан нь эрх зүйн хувьд үндэслэлгүй, нэмэлт ажлын талаар гэрээнд ямар нэгэн нэмэлт оруулаагүй байдаг. ******* ******* Х-ийн гүйцэтгэсэн ажлыг Интер Аудит Х-ийн мэргэжлийн үнэлгээчин, шинжээч нарын бүрэлдэхүүнтэйгээр газар дээр нь шинжилгээ, судалгаа хийж, гарсан аудитын дүгнэлтийг Эрчим ******* яамны хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, *******-Улиастайн ******* ******* ******* ТУЗ-ын дарга Л.Батсайханд хүргүүлснийг ТУЗ хэлэлцээд 52 сая төгрөгийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэн тухайн үедээ олгосон байдаг бөгөөд гэрээгээр тохиролцоогүй ажлын гүйцэтгэлийг санхүүжүүлсэн асуудал нь тухайн үеийн эрх бүхий удирдлагын гаргасан шийдвэр юм. Одоо ******* ******* Х нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 27,7 сая төгрөгийг манай компани хариуцан барагдуулах үндэслэл байхгүй. Тухайн үед ажил гүйцэтгэсэн гэрээний төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн төлж, барагдуулсан. Зохих хууль, журмын дагуу 8 жилийн өмнө сонгон шалгаруулалт зарлаж, ирүүлсэн материалд эрх бүхий хороо нь үнэлэлт өгч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлсэн, ажлын үр дүнг хүлээн авч, төлбөр тооцоог нь бүрэн барагдуулсан байхад гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулна гэж одоо шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай компанийн хувьд нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн, ажлыг хүлээн авч, төлбөр тооцоог барагдуулан уг гэрээ тухайн үедээ дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 7 жилийн өмнө дуусгавар болсон гэрээний үүрэгтэй холбоотой, үүргийн гүйцэтгэл шаардсан байх тул энэ шаардах эрх Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардлага байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Мөн хуулийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн өдрөөс эхлэн тоолохоор заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарт дурьдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу Тайширын усан цахилгаан станцын тунел орчмын тохижилтын ажлын гүйцэтгүүлэх гэрээний 6.3-т зааснаар алданги 13,871,980 төгрөг тооцон авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч *******-Улиастайн ******* ******* ******* ТӨ нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс Тайширын усан цахилгаан станцын тунел орчмын тохижилтын ажлын гүйцэтгүүлэх гэрээний 6.3-т зааснаар алданги 13,871,980 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь *******-Улиастайн ******* ******* ******* ТӨ болон ******* ******* Х-ийн хооронд байгуулсан гэрээний 1.2-т заасан гэрээний үнэ 90 сая төгрөгийг гүйцэтгэгч талд бүрэн төлж дууссан бөгөөд гэрээний 6-т заасан төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн. Нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Говь-******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2021/00252 дугаар шийдвэрээр:” 1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* Х-ийн хариуцагч *******-Улиастайн ******* ******* ******* ТӨ-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 27,743,961/хорин долоон сая долоон зуун дөчин гурван мянга есөн зуун жаран нэг/ төгрөг, алданги 13,871,980/арван гурван сая найман зуун далан нэгэн мянга есөн зуун ная/ төгрөг, нийт 41,615,941/дөчин нэгэн сая зургаан зуун арван таван мянга есөн зуун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* Х-ийн хариуцагч *******-Улиастайн ******* ******* ******* ТӨ-д холбогдуулан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523,980/таван зуун хорин гурван мянга есөн зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Анхан шатны шүүх гэрээний талаар маргасангүй гэж үндэслэх хэсэгтээ дурьджээ. Гэтэл гүйцэтгэгч, захиалагч талууд ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар заалт болох гэрээний хөлсөн дээр гэрээ байгуулах үед төлөвлөгдөөгүй зардлууд мөн гүйцэтгэхээр гэрээнд тусгагдаагүй ажлууд, мөн нарийн мэргэжлийн ажлууд гарч ирснээс хөлс нэмэгдэж, төлөвлөгдөхөөр болсон учир захиалагч, гүйцэтгэх талууд харилцан тохиролцож хүлээн авсны дараа нийт хөлсийг тооцож, төсөвлөж төлөхөөр тохиролцож уг заалтыг нээлттэй үлдээсэн болно.

Гэтэл захиалагч, талын шаардсанаар бүх ажлыг тэдний хүсэлт даалгаврын дагуу хийж гүйцэтгээд хүлээлгэн өгч, дуусгасны дараа захиалагч тал гэрээний 3-р заалт болох хөлсөн дээр маргаж улмаар хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргахад хүргэсэн. Хөндлөнгийн аудитын байгууллага бүх ажлыг газар дээр нь нүдээр үзэж, төсөв зохиож гаргахад нийт хөлс 167,743,961 төгрөгийн ажил хийгдсэн байна гэдгийг баталгаажуулаад явсан.Захиалагч ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан ажлуудыг явцын дунд нь харсаар, үзсээр, ямар зардал гарч байгааг, ямар материал орж байгааг, ямар хэдий хэмжээний төсөв гарч байгааг  хянаж, харж үзсээр байгаад хүлээж авчхаад хөлсөө төлөх болохоор маргаж, хөлс төлөх үүргээ биелүүлэхгүй Иргэний хуулийн 351 дугаар зүйлийн 351.1.1-т заасан мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх заалтуудыг зөрчиж маргасан тул ******* ******* Х-ны шаардах эрх үүссэн Ажлын хөлсний талаар цаашид нэхэмжлэхгүй гэсэн ******* ******* Х-ны 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 46 тоотыг гүйцэтгэгч Х-ны хүсэл зоригийн илэрхийлэл гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

 ******* ******* Х-ний нэхэмжилсэн алдангийн иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтаар захиалагч *******-Улиастай ******* ******* ******* нь ******* ******* Х-д ажлын хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлж, уг үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч хариуцагчаас алданги гаргуулахаар шаардах эрхгүй гэжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 6, мөн гэрээний 6.3-т тус тус алданги тооцохоор тохиролцсон учир алдангийг тооцох эрх нэхэмжлэгчид байгаа тул хангах үндэслэлтэй болно.Иймд Говь-******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “******* ******* Х” нь хариуцагч “******* Улиастай ******* ******* *******” ТӨ-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 27,743,961 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 13,871,980 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Тайширын усан цахилгаан станцын тунель орчмын тохижилтын ажлыг гүйцэтгүүлэх тухай” АУЭХС” ТӨ-13/21 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр дээрх ажлуудыг 90 сая төгрөгийн өртөгтэйгөөр 1,5 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Уг ажлыг хийж гүйцэтгэсний дараа ажлын гүйцэтгэлийн төсөвт ороогүй, тооцоогүй орхисон 70,979,625 төгрөгийн ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн тухай яригдсан. Тухайн үеийн ТУЗ хэлэлцээд 52 сая төгрөг нэмж олгох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг олгосон бөгөөд одоо шүүхэд нэхэмжлэл гаргасан 27,7 сая төгрөгийг манай компани хариуцан барагдуулах үндэслэл байхгүй” гэж тайлбарлажээ.

            Анхан шатны шүүх “захиалагч ******* Улиастай ******* ******* ******* ТӨ-ийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажлын хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна” гэж дүгнэн нэхэмжлэгч ******* ******* Х-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс  зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

             Захиалагч “******* Улиастай ******* ******* *******” ТӨ болон гүйцэтгэгч “******* *******” Х нар нь “Тайширын УЦС-ын тунель орчмын тохижилтын ажил”-ыг 90 сая төгрөгийн өртөгтэйгөөр 1,5 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулжээ.

            Талууд гүйцэтгэсэн ажлын үр дүн болон доголдлын талаар маргаагүй бөгөөд харин ажлын гүйцэтгэлийн төсөвт ороогүй, тооцоогүй орхисон ажлын хөлсний талаар маргажээ.

            Гэрээний талууд төсөв хэтэрсэн ажлын гүйцэтгэлийн талаар Интер-Аудит Х-иар дүгнэлт гаргуулсан байх бөгөөд энэхүү дүгнэлт нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдаагүй, анхан шатны шүүх дүгнэлтийг үнэлээгүй боловч “Тайширын усан цахилгаан станцын тунель орчмын тохижилтын ажлын гүйцэтгэлийг 167,743,961 төгрөгөөр буюу гэрээнд заасан үнийн дүнгээс 77,743,961 төгрөгөөр илүү гарсан талаар зохигч маргаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Хэрэгт авагдсан баримтаар захиалагч “******* Улиастай ******* ******* *******” ТӨ нь гүйцэтгэгч “******* *******” Х-ийн Хаан банкны харилцах дансаар 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 45,000,000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 27,000,000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 18,000,000 төгрөг нийт 90,000,000 төгрөг шилжүүлсэн байна[1]

            Өөрөөр хэлбэл захиалагч нь анх гэрээгээр тохирсон 90,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид бүрэн төлсөн бөгөөд нэмэлт ажилд гүйцэтгэгч талаас гарсан зардал 167,743,961-90,000,000=77,743,961 төгрөгийг захиалагч “******* Улиастай ******* ******* *******” ТӨ-ийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж  “52 сая төгрөгийн зардлыг ашиглагч тал болон хөндлөнгийн аудитын дүгнэлтийг үндэслэн олгох нь зүйтэй” гэж үзжээ[2].

            Харин гүйцэтгэгч “******* ******* Х нь захиалагч ******* Улиастай ******* ******* ******* ТӨ-ийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн 52 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч авсан ба үлдэгдэл 25,743,961 төгрөгийг захиалагч талаас нэхэмжлэхээс татгалзсан” гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь гүйцэтгэгч ******* ******* Х нь 2015 оны 11 дүгээр сарын  30-ны өдрийн 46 дугаартай албан бичгээр “Тайшир-Гуулингийн Усан цахилгаан станц Х-ийн эзэмшлийн УЦС-ын гол барилгын тунельд хийгдсэн нэмэлт ажилд гарсан зардал болох 52 сая төгрөгийг хуваарийн дагуу олгож өгнө үү. Өөр цаашид нэхэмжлэх зүйл байхгүй”  гэсэн утга агуулга бүхий албан бичгийг захиалагч “******* Улиастай ******* ******* *******” ТӨ-д хүргүүлсэн байна. Улмаар гүйцэтгэгч “******* *******” Х нь дээр дурдсан 52 сая төгрөгөөс 27,000,000 төгрөгийг 2 удаагийн шилжүүлгээр Хас банкны харилцах дансаар шилжүүлэн авсан ба үлдэгдэл 25,000,000 төгрөгийг захиалагч талд өгөх өрөндөө суутгуулсан бөгөөд 52 сая төгрөгийг бүрэн хүлээн авсан талаар гэрээний талууд маргаагүй байна.

Гүйцэтгэгч нь захиалагчаас хамгийн сүүлд буюу 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 12,000,000 төгрөгийг Хас банкны харилцах дансаар шилжүүлэн авснаар 52 сая төгрөгийг бүрэн хүлээн авсанд тооцсон ба үүнээс хойш хариуцагч  “******* Улиастай ******* ******* *******” ТӨ-аас өмнөх нэмэлт ажлын хөлсний үлдэгдэл 25,743,961 төгрөгийг гаргуулахаар  шаардсан бичгийг хариуцагчид ирүүлээгүй нь анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” Х нь 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 52 сая төгрөгийг бүрэн хүлээн авснаар нэмэлт ажлын хөлсний өмнөх үлдэгдэл 25,743,961 төгрөгийг шаардах эрх үүссэн гэж үзвэл 2019 оны 2 дугаар сарын 06-ны өдөр  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан “...шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” өнгөрсөн  байна давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн “захиалагч ******* Улиастай ******* ******* ******* ТӨ-ийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажлын хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үгүйсгээгүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “******* *******” Х нь давж заалдах гомдол гаргахдаа нийт 41,615,941 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 366,029 төлөх ёстой байхад 523,980 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 157,951 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт  зааснаар Төрийн сангийн зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” Х-нд буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Говь-******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 133/ШШ2021/00252 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийг нэмж” шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч ******* ******* Х-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч ******* ******* Х-ний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157,951 төгрөгийг Төрийн сангийн 100050000941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” Х-нд буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА

 

                                     ШҮҮГЧИД                                           С.ӨМИРБЕК

                                                                     

                                                                                                М.НЯМБАЯР

  

 

           

             

           

 

[1] Хоёрдугаар хавтаст хэргийн 147-148 дугаар тал.

[2] Нэгдүгээр хавтаст хэргийн 208 дугаар тал.