| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2017/00033/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2017-07-25 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 40
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл
Улсын яллагч Э.Тулгаа
Хохирогч Д.Ядамжав
Хохирогчийн өмгөөлөгч Б.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Х-ийн овогт Г-ийн Б ад холбогдуулан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201621010042 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1946 оны 04 сарын 17-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн, 70 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, Хөхийн овогт Гээдээгийн Б /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч Г.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Ядамжавтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан баруун гар луу нь сандалаар цохиж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судласан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Б.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Д.Ядамжав өвөл С.Гэнджавынд очиж цай уусан өдөр Д.Ядамжавын эхнэр Жавзаа надруу утсаар яриад Д.Ядамжав, Г.Б хоёр зодолдож байна гэнэ чи очоод аваадхаач гэхээр нь би С.Гэнджавын гэрлүү явж байтал Д.Ядамжав гэртээ ирээд хаалгаа онгойлгоод орж байсан. Тэгээд гэрт ороход унтах гэж байхаар нь би гэрлүүгээ явсан. Маргааш өглөө нь үхрийг нь саах гээд ирэхэд Д.Ядамжав гар хавдчихлаа, би тогоогоо даахгүй байна гээд надад гараа үзүүлсэн. Гар нь тохойноос урагшаа хавдчихсан байсан. Тэгээд би аагтай хар цай чанаж өгөөд хөрөхөөр нь шавьшаад боогоорой гэж хэлээд явсан. Тэр өдрөөс хойш 3 хоног гэртээ байж байгаад гар нь бүр болохоо байгаад сумруу явсан. Д.Ядамжавын сумын төврүү явсны дараа би тэдний үхрийг өдөрт нь саадаг байсан. Д.Ядамжав бараг сар гаруй болоод гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Гэнджавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Д.Ядамжав, Г.Б нар яагаад зодолдсон болохыг би сайн мэдэхгүй байна. Намайг үхэр саагаад орж ирэхэд маргалдсан байдА байсан. Маргааш нь Д.Ядамжав манай гэрт ирээд баруун гарын шуугаа үзүүлэхэд хавдаж хүрэнтсэн байсан. Тухайн үед Д.Ядамжав өчигдөр Г.Б танайд байхдаа намайг ингэж зодсон гэж ярьж байсан. Худалдаа наймаанаас болж л маргалдсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Жавзмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 01 сарын 19-ний өдөр санагдаж байна. Г.Б надруу утсаар яриад танай нөхөр чинь агсам согтуу тавиад байна гэсэн. Тэгэхээр нь би хойд айлынхаа хүүхэн С.Гантуяа руу утсаар яриад Д.Ядамжав ямархуу байдА байна манайхруу ороод үзээдхээч гэж хэлсэн. Удалгүй Б.Гантуяа надруу утсаар яриад би танай гэрт ороод ирчихсэн байна. Ядамжав ах гэртээ унтах гэж байна. Гар нь өвдөөд байна гэж байна гэхээр нь би чи хар цай чанаад хөргөөгөөд өгчихөөрэй гэж хэлсэн. Маргааш өглөө нь би С.Гантуяатай дахин утсаар ярихад Ядамжав ахын гар нь хавдчихсан гараа дааж чадахгүй байна гэж байна гэж хэлэхээр нь би тэгвэл сумруу явуулчихаач гэсэн чинь өөрөө гайгүй байлгүй гэж байна, шорвог тавиад байж байна гэсэн. Тухайн үед намайг гараа яагаад гэмтээсэн бэ гэж асуухад Г.Б С.Гэнджав эгчийн гэрт байсан төмөр сандлаар намайг цохилоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Шинжээч эмч Б.Цэндхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Хохирогч Д.Ядамжавын биед баруун гарын шуу ясны дунд 1/3 хэсгийн хөндлөн хугарал, холимог биш хэлбэр нь нэгэн зэрэг үүсгэгдэх боломжтой, Баруун гарны тохойн үений үрэвсэл нь хугарА холбоогүй. Дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд хуучин гэмтэл байна. Мөн дээрх гэмтэл нь 4 сарын дотор эдгэрсэн байх боломжтой. Уг хугарал нь ямар нэгэн гэмтлийн улмаас үүсэх боломжтой. Ямар нэгэн хууч өвчний улмаас үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг
Хохирогч Д.Ядамжавын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 24-ний өдрийн №215 тоот:
- Д.Ядамжавын биед гэмтэл учирсан байна.
- Д.Ядамжавын биед учирсан доорхи гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” –ын 2.3.1-д ... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Д.Ядамжавын биед баруун гарын шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
- Д.Ядамжавын биед учирсан дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
- Д.Ядамжавын биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
- Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-37х/,
-Шүүгдэгч Г.Б ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64-65х/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Ядамжавтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан баруун гарлуу нь сандалаар цохиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Б , хохирогч Д.Ядамжав, гэрч Б.Гантуяа, С.Гэнджав, Н.Жавзмаа нарын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 24-ний өдрийн №215 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Сум дундын Прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл ангийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б ын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй юм. Иймд шүүгдэгч Г.Б ын үйлдсэн гэмт хэрэгт нь Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь хохирогчтой харилцан тохиролцож, эвлэрсэн гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 3 жилийн хорих ялаас бага хугацаагаар тогтоосон ялтай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн болон тэдний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийг ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга, 4 хөлтэй төмөр жижиг ширээ зэргийг устгаж, хохирогчийн иргэний эрүүл мэндийн дэвтэр гэсэн цэнхэр өнгийн бичигтэй дэвтэр 2 ширхэг тус бүр 14 хуудастай, нүүр хэсэгтээ амбулториор эмчлүүлэгчдийн карт гэсэн хар цэнхэр өнгийн бичигтэй дэвтэр 1 ширхэг 10 хуудастай, D.Yadamjab 07/10/2016 11:23 гэсэн бичигтэй гарын шуу ясны рентген зураг -1 ширхэг, D.Yadamjab 07/10/2016 11:23 гэсэн бичигтэй гарны тохойн хэсгийн ясыг харуулсан рентген зураг -1 ширхэг, D.Yadamjab 5/19/2016 10:43:42 гэсэн бичигтэй гарын яс харуулсан рентген зураг -1 ширхэг зэргийг хохирогч Д.Ядамжавд буцаан олгож, шүүгдэгч Г.Б ын 1 тооны 600000 төгрөгний үнэлгээтэй үхэр битүүмжилсэн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас Г.Б ад холбогдуулан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Хөхийн овогт Гээдээгийн Б ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.Б ыг ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, шүүгдэгч Г.Б ын 1 тооны үхэр битүүмжилсэн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогчийн иргэний эрүүл мэндийн дэвтэр гэсэн цэнхэр өнгийн бичигтэй дэвтэр 2 ширхэг тус бүр 14 хуудастай, нүүр хэсэгтээ амбулториор эмчлүүлэгчдийн карт гэсэн хар цэнхэр өнгийн бичигтэй дэвтэр 1 ширхэг 10 хуудастай, D.Yadamjab 07/10/2016 11:23 гэсэн бичигтэй гарын шуу ясны рентген зураг -1 ширхэг, D.Yadamjab 07/10/2016 11:23 гэсэн бичигтэй гарны тохойн хэсгийн ясыг харуулсан рентген зураг -1 ширхэг, D.Yadamjab 5/19/2016 10:43:42 гэсэн бичигтэй гарын яс харуулсан рентген зураг -1 ширхэг зэргийг хохирогч Д.Ядамжавд буцаан олгож, хутга, 4 хөлтэй төмөр жижиг ширээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.