Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/58

 

 

 

 

 

 

 

   2024          7              02                                                   2024/ДШМ/58

 

 

 

Н.Гад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Э.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г, Б.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.У, С.М,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/294 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Н.Гад холбогдох эрүүгийн 2334000000278 дугаар хэргийг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Т   аймгийн Б суманд ..........ны ......... дугаар сарын ...........ны өдөр төрсөн, ........... настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл-7,  6 хүүхдийн хамт Т........... аймгийн Б................р сум, Ма............ 1 дүгээр баг, ........................ тоотод оршин суух, Төв аймгийн Батсүмбэр сум, Төмөр замын 2 дугаар өртөөнд замчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х............ овогт Н............. Г..............., регистрийн дугаар ...................

2. Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал баг, Төмөр замчдын байр 4-2 тоотод оршин суух гэртээ эхнэр Ц.Отгонбаярыг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж яллагдагч Хаахөег овгийн Насанбатын Ганбатад холбогдох эрүүгийн 2334000000278 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаахаар,

Яллагдагч Н.Гад 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн Монгол Улсын хилээр гадагш гарахыг хязгаарлах, мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний гэр бүлд нь амьдарч байгаа хүмүүсийн хаягт очихыг, тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу гэр бүлийн гишүүдтэй болон өөрийн 3 хүүхдүүдтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг даалгах буюу Улаанбаатар хотоос Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрт ирэхэд Нисэх болон Налайх гэсэн 2 чиглэлээр зорчихыг, Зуунмод сум дээр шалгагдаж байх тохиолдолд Зуунмод сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч,

Яллагдагч Н.Гад авсан хувийн баталгаа гаргах, мөн Монгол Улсын хилээр гадагш гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг хяналтын прокурор М.Хэрлэнчимэг, мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Жигжидсүрэн нарт даалгаж,

Эрүүгийн 2334000000278 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрч уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор М.Хэрлэнчимэг бичсэн эсэргүүцэл болон прокурор Э.Уянга  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Төв аймгийн прокурорын газраас Н.Гад холбогдох эрүүгийн 2334000000278 дугаартай хэрэгт 350 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, шүүгдэгч Н.Гыг "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. Шийтгэх тогтоолд прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/440 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх нь хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд "...Магадлалд дурдсан үндэслэлээр буюу тухайн хэрэг учрал болох үед хамт байсан гэх гурван хүүхдийн сэтгэхүйд уг гэмт хэрэг хэрхэн нөлөөлсөн талаар сэтгэцийн шинжээч томилуулах, хэрэв эдгээр хүүхдүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан мэдүүлэг өгөх боломжтой бол хуульд заасан үндэслэл журам, шаардлагыг ханган тухайн хэрэг болж өнгөрсөн талаар гэрчийн мэдүүлэг авхуулах, талийгаачийн биеийн аль хэсэгт ямар ямар гэмтэл учирсан, уг гэмтлүүд нь ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас учирсан, гэмтлийн зэрэгт хамаарах эсэх, түүний нас барсан шалтгаан зэрэг талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд тус тус заасны дагуу дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах нь цаашид хэргийн бодит байдлыг тогтоох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох зэрэгт чухал ач холбогдол бүхий нөхцөл байдал байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн байна. Иймд яллагдагч Н.Гад холбогдох хэрэгт дараах нэмэлт ажиллагаа хийлгэвэл зохино" гэж дүгнэн прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хун, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино" гэж, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална" гэж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина." гэж хуульчилсан. 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дах хэсэгт "Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй", мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д "Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-д заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна", 6-д "Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-д заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ." гэж заасан.

Хуулийн дээрх заалтуудаас харахад давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхэд хэргийг дахин урьдчилсан хэлэлцүүлэг хийж прокурорт буцаах талаар өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулаагүй, харин нэгэнт шүүхэд шилжсэн хэргийг шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй гэж тодорхой, ямар нэгэн хоёрдмол утгагүйгээр хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлан, хэргийг хэлэлцэж прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дах хэсэгт "Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй" гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 294 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Гын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Магадлалд заасан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Хуульд шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримт бүрдүүлэх, зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах талаар заасан байгаа ч энэ хугацаанд захирамжид заасан ажиллагааг хийж боломжгүй байдал үүснэ. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Гын өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хангах зорилгоор гарсан шүүгчийн захирамжийг  хэвээр үлдээж өгнө үү. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэж байгаатай санал нэг байна. Н.Гын хувьд гэм буруу дээрээ маргадаггүй боловч хэргийн үйл баримтад Одонбаатар, Энхбаяр нар энэ хэрэгт оролцсон байх магадлалтай. Мөн хүний амь нас хохирсон хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Магадлалд заасан ажиллагааг биелүүлэхээр гарсан шүүгчийн  захирамжид прокурор эсэргүүцэл бичээд цаг хугацаа алдагдуулж байна. Хууль хэрэглээний нэгдсэн ойлголттой болмоор байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Нэмэлт мөрдөн байцаалт явуулах хүсэлтэй байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй. Талийгаач 6 хүүхэдтэй байсан. Хүүхдүүдэд сэтгэцийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай. Мөн амь хохирогчийн биедээ гэмтэл авсан, үхэлд хүргэсэн шалтгааныг дүгнэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй гарсан. Иймд зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаагаа хийгдэх ёстой учир нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 294 дугаар шүүгчийн захирамжийг хуульд нийцсэн гэж үзэж байна. Хавтас хэргийн 176 дугаар хуудсанд авагдсан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1027 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэтэл энэхүү үйлдлийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1, 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй гэсэн агуулга шүүгчийн захирамж дээр дурдагдсан байгаа нь үндэслэлтэй. Мөн прокурор болон мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй. Хавтас хэргийн 144-147 дугаар хуудсанд яллагдагч Н.Г болон амь хохирогч нарын хооронд гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын талаарх нотлох баримтыг цуглуулсан атлаа энэхүү үйл явдал болоход гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байсан уу, гэмт хэрэг гарсан уу гэдгийг шалган тогтоогоогүй. 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хэрэг учрал болох үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн байх нөхцөл байдлуудыг гэрч Амарзаяа, мөн хэрэг учрал болох үед байсан 7 настай хүүхдээс мэдүүлэг аваад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэхийг тодруулах боломжтой байсан. Прокурорын газраас Н.Гад холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг зүйлчилсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан нөхцөл байдлуудыг нотлох баримтуудыг оруулж ирсэн атлаа  хүндрүүлж зүйлчлээгүй. Иймд прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн  этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлжээ.

Энэхүү зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосны дагуу Н.Г нь “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн эсэх үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан бүхий л ажиллагааг гүйцэтгэх, хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг нотлох үүрэгтэй юм.

2. Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал баг, Төмөр замчдын байр 4-2 тоотод оршин суух гэртээ эхнэр Ц.Отгонбаярыг зодож алсан гэмт хэрэгт холбогдсон байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн,

Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэснийг, тус шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаар магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “ гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-т гэмт хэргийн улмаас  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6-т “ гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг хэргийн  талаар нотолбол зохих  байдлуудад хамаарах, хэрэгт ач холбогдол бүхий нотлох ажиллагааг гүйцэтгүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

3. Тодруулбал, тухайн хэрэг учрал болох үед хамт байсан гэх гурван хүүхдийн сэтгэхүйд уг гэмт хэрэг хэрхэн нөлөөлсөн талаар сэтгэцийн шинжээч томилуулах, хэрэв эдгээр хүүхдүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан мэдүүлэг өгөх боломжтой бол хуульд заасан үндэслэл, журам, шаардлагыг ханган тухайн хэрэг болж өнгөрсөн талаар гэрчийн мэдүүлэг авхуулах, мөн хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар амь хохирогчийн биеийн аль хэсэгт ямар төрлийн гэмтэл учирсан, ямар хүчин зүйлсийн, хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас гэмтэл учирсан, энэ нь ямар гэмтэлд хамаарах, нас барсан шалтгаан зэрэгт дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

4. Магадлалын дээрх агуулга нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой болохыг илэрхийлсэн байх бөгөөд энэхүү магадлал хүчин төгөлдөр болсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх, мөрдөгч, прокурор биелүүлэх үүрэгтэй байна.

Иймд анхан шатны шүүх магадлалд дурдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн, Н.Гад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т зааснаар прокурорт буцаан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй заасан ч энэхүү хуулийн зохицуулалтыг Монгол Улсын Дээд шүүхээс  Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан Шүүхийн тухай хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд нэг мөр ойлгож зөв хэрэглэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, үүднээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар  албан ёсоор тайлбарласан тул хууль хэрэглээний хувьд тогтсон ойлголт гэж үзнэ.

6. Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид давж заалдах шатны шүүхээс магадлалд тусгагдаагүй дүгнэлтийг хийсэн буюу Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1027 дугаартай “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамж хүчингүй болсон гэж үзэх үндэслэлтэй хэмээн дүгнэсэн нь буруу байгааг дурдах нь зүйтэй байна.

7. Иймд Н.Гад холбогдох эрүүгийн 233000000278 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн  захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

8. Шүүгдэгч Н.Гад Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 294 дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авч болохоор заасан. Иймд шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт холбогдсон, үйлдэгдсэн хэргийн шинжийг харгалзан түүнд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хэргийг прокурорт очих хүртэл хугацаанд үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/294 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гад авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

3. Шүүгдэгч Н.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очих хүртэл хугацаагаар үргэлжлүүлсүгэй. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.