2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/01071

 

  

 

 

 

 

 

 

 

2025 02 05

191/ШШ2025/01071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, Б******* овогт Н*******ы Б******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******, , , байрлах, О ГХОХХК /РД: /-д холбогдох,

 

Нэмэгдэл хөлс 6 351 312 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023.06.09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,

хариуцагчийн өмгөөлөгч С.Б, З.С,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Б*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Бүжинлхам нь О ХХК-д 2014.10.08-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль 2022.01.01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой ажилчдын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл өдөр ажиллах ажлын цаг нь 12 цаг байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4.-д заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3.-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1.-д заасны илүү цагийг тооцож нэмэгдэл олгож болно гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэхүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодож илүү цагийн нэмэгдэл хөлс 6 351 312 төгрөг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу 2022.12.17-ны өдөр О ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөлд хандсан бөгөөд 2023.03.01-нд Гомдол буцаах тухай албан бичгээр хариуг ирүүлсэн. Үүний дараа 2023.03.10-ны өдөр Оюу Толгой ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст дахин гомдол гаргаж үүний хариуг 2023.03.16-ны өдөр Гомдол буцаах тухай албан бичгээр өгсөн.

Ингээд 2023.03.29-ны өдөр С дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан. Тус хорооноос 2023.04.21-ний өдөр талууд эвлэрэн хэлэлцээгүй гэж үзэн тэмдэглэл гаргасан. 2023.05.11-ний өдөр С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч мэдээлэл лавлагааны ажилтан нь 2023.05.12-ны өдөр нэхэмжлэлийг системд бүртгэсэн. С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.19-ний өдрийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул нэхэмжлэлд дурдсан зөрчлийг арилгаж 2023.06.06-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хууль 2022.01.01-ний өдрөөс хэрэгжсэн боловч ажилтан тухайн сард ажиллаж байж шаардах эрх нь үүсдэг учраас энэ зөрчил нь ажилтныг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд үргэлжилж байсан гэж үзнэ. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаанаа үүсгэж, сүүлийн 3 сарын хугацааны илүү цагийн цалин хөлсөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. Үүнд хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн зүйл байхгүй.

Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92., 93., 94. дүгээр зүйлд заасан уртын ээлжээр ажиллуулах тусгай зохицуулалтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ болон ажлын цагийн журам, цалин хөлс тооцох журмаар цалин хөлсийг 168 цагаар тооцож олгоно гэж тохирсон гэж тайлбарлах боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлд хөдөлмөрийн эрх зүйн хүрээнд дотоод хэм хэмжээ болон түүнд тавигдах шаардлагыг ажилтны эрхийг хуульд заасан хэм хэмжээнээс дордуулаагүй байхаар тусгасан байдаг. Ажил олгогчийн Ажлын цагийг тооцох журам-д заасан уртын ээлжийн ажилтны хувьд 168 цаг нь нэг сарын үндсэн цалин авах цаг байна гэсэн заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй, зөрчиж байгаа юм. Энэ талаарх хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч тал нэхэмжлэгч нь илүү цагийн хөлснөөс нэг хувийг авсан гэж үзэж үлдэх 0,5 хувийг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу тооцох ёстой гэж байх боловч илүү цагийг тооцохдоо 0,5 хувиар тооцож олгоно гэсэн хууль зүйн дүгнэлтийг Улсын дээд шүүхээс хийгээгүй. Үүнийг тодруулж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ маргааны тухайд нэхэмжлэгч нь ажилласан цагийн тооцоололдоо үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу 1,5 хувиар нэмэгдүүлж илүү цагийн цалин хөлсөө авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4.-д заасан үндэслэл нь ажилтан ердийн горимоор ажиллах хугацаанд буюу 8 цагийн хугацаанд үндсэн цалин энэ хугацаагаар бодогдох ёстой гэж үзэж байгаа. Харин 8 цагаас 12 цаг хүртэл илүү гарсан 4 цаг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу 1,5 дахин нэмэгдүүлж олгох заалтад нийцнэ гэж үзсэн. Хариуцагч талын тайлбарлаж байгаа шиг 2,5 хувиар нэмэгдүүлж байна гэсэн ойлголт биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3.-т зааснаар тус хуулийн 87 дугаар зүйлийг баримталж 14 хоног ажиллахдаа ердийн ажлын цаг нь 8 цаг байх ёстой байна. Үүнийг Дээд шүүхээс тогтоосон байгаа. Үүнээс илүү гарсан 4 цагийг Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1.-д зааснаар 1,5 дахин нэмэгдүүлж олгоно. Тэгэхээр бидний хувьд босго цаг нь 112 цаг буюу үүнээс илүү гарсан цагийн мөнгийг 1,5 дахин нэмэгдүүлж гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сард 1 цагийн хөлс 44 267 төгрөгийг 8 цаг илүү ажилласнаар тооцоход 531 204 төгрөг, 10 дугаар сард 33 733 төгрөгийг 56 цаг илүү ажилласнаар тооцоход 2 833 572 төгрөг, 11 дүгээр сард 35 554 төгрөгийг 56 цаг илүү ажилласнаар тооцоход 2986 536 төгрөг болж байгаа бөгөөд үүний нэг цагийн ажлын хөлсийг хариуцагчийн гаргасан хэмжээгээр тооцсон байгаа. Иймд 6 351 312 төгрөгийг хариуцагч Оюу Толгой ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү. гэв.

 

2.Хариуцагч О ХХК-иас шүүхэд болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь анх 3 438 742 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 2024.06.19-ний өдөр 6 351 312 төгрөг болгож нэмэгдүүлсэн. 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулиар анх удаа уул уурхай, олборлох салбарт ажиллаж байгаа ажилтны ажил амралтын хуваарь буюу уртын ээлжийн зохицуулалтыг хуульчилсан. Тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баталсан.

Тус хуулийн 92.3.-т уртын ээлжээр ажиллах ажилтын ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд тус хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан 109.1.-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, 92.4.-т уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар хуульчилсан. А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно хэмээн заасан нь оффисын ажилтан, ээлжийн ажилтан эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж ажлын цаг 168 цаг байна хэмээн зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4.-д зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул илүү цагийн хөлс олгогдохгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1.-д илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан ба үүний дагуу ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ. Иймд ажилтныг илүү 4 цаг ажиллуулсан гэсэн нь үндэслэлгүй байна. Ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан хугацаа тооцогдож байгаа. Харин ажилтны тухайд сард ажил үүрэг гүйцэтгэсэн цаг нь 168 цагаас илүү гарсан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг хуулийн дагуу байгууллага олгож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь илүү цагийн хөлс шаардсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.1.-д хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор зохих байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж заасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа ажилтны хувьд ажил олгогчийн зүгээс илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзсэн бол хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2022.01.01-ний өдрөөс эрх нь зөрчигдөж байгааг мэдсэн гэж үзнэ. Гэвч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гарах хугацааг хэтрүүлсэн. 2022 оны 09, 10, 11 дүгээр саруудын цалин хөлсийг нэхэмжилж байгаа боловч эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдсэнээс хойш 1 жил 3 сарын дараа хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон С дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.О ХХК нь нэхэмжлэгчийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн тогтоосон хугацаанд нь бүрэн олгож байгаа ба аливаа байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021.12.20-ны өдөр 6/3391 Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичигт ... Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92.4.-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно гэсэн, хөдөлмөрийн эрх зүй судлаач, доктор, профессор Б.Уранцэцэг Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд дээрхи тооцоолсон ёсоор хэдийгээр 14 хоногийн турш 168 цаг ажилласан үүнээс 56 цаг нь илүү цаг гэж тооцогдож байгаа ч гэсэн ээлжийн ажлын хоног дуусмагц үргэлжлүүлээд 14 хоногийн турш буюу 336 цаг амарч байгаа тул илүү ажилласан цагийг нөхөн амарсан гэж тооцож болно. Иймд 109 дүгээр зүйлээр илүү цагийн хөлсийг нэмэгдүүлж олгох шаардлагагүй, ердийн журмаар цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй... гэсэн хууль зүйн дүгнэлтийг ирүүлсэн болон Үндсэн хуулийн цэцийн 2022.06.29-ний 16 дугаар магадлалд тэмдэглэгдсэн байдал, Улсын их хурлын нэгдсэн чуулганы хуралдаануудын тэмдэглэлд Улсын их хурлын гишүүдийн хэлсэн санал, тайлбар зэргээс дүгнэхэд, Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.1., 92.3. болон 92.4. дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна.

Нэхэмжлэгчийн уртын ээлжийн ажилтны ажиллах нэг өдрийн үргэлжлэх цаг 8 цаг байх ёстой, гэтэл өдөрт 12 цаг ажиллаж байна, тиймээс өдөрт 4 цаг илүү ажиллаж байна гэсэн тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно, 92.3.-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх... гэж заасантай нийцээгүй гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 буюу ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байна. Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид ажилтныг нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл, эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна.

Ажилтныг уртын ээлжээр ажиллуулах нөхцөл нь ажилтан, ажил олгогчийн аль алиных нь хүсэл зоригоос үл хамаарах байдлаар буюу хуулиар тогтоосон хэм хэмжээ бөгөөд үр дагавар нь ажил олгогч ажилтныг цөөн хоногоор ажиллуулах, ингэснээр цалин 20-30 хувиар буурахаар байсан боловч ажил олгогч нь ажилтнуудын эрх зүйн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй байх бодлогыг баримталсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн илүү цаг тооцох тухай зохицуулалтыг системийн үүднээс хандвал 1/.Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан илүү цаг тооцох тухай зохицуулалтад уртын ээлжийг хамруулаагүй байна.

2/. Хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4.-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна.

Хариуцагч О ХХК-иас баталсан ХН-Г 1.1: Цалин хөлсний журам-ын 14.1.2-ын -ын -ын а-д Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан.

Мөн НR-Е.6.2 Ажлын цагийн тухай журам-ын 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж заасан байдаг.

Түүнчлэн компаниас уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022.01.24-ний өдрийн 173/НR тоот албан бичгээр О ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болон нийт ажилтнууддаа ч байнга мэдэгдэж байсан.

Иймд Н.Б*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн С дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /1 хх 4-9/, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.05.19-ний өдрийн 8879 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024.02.20-ны өдрийн 238 тоот албан бичиг, 2024.01.26-ны өдрийн Л.Мөнхзулын тайлбар зэргийг гаргасан.

 

4.Хариуцагчаас нотлох баримтаар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хх 11-15, 73/, Оюу толгой ХХК-ийн 2021.10.08-ны 1472/HR тоот Тодруулга хүсэх тухай, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2021.12.20-ны өдрийн 6/3391 тоот Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хууль зүйн дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн 2022.06.22-ны өдрийн 16 дугаартай Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг татгалзах тухай магадлал, Уул, уурхайн үндэсний ассоциацийн 2023.12.23-ны өдрийн 23/244 тоот Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилттэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар гэсэн албан бичиг, О ХХК-иас тус компанийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Баярмаад явуулсан 2022.01.24-ний өдрийн 172/HR тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /2 хх 42-56, 103-118/, Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.10.19-ний өдрийн А/44 тоот тушаалаар баталсан ХН-С-056: Хөдөлмөрийн дотоод журам, 2021.12.30-ны 69/21 тоот тушаалаар баталсан ХН-Г1.1: Цалин хөлсний журам, 2021.12.31-ний 72/21 тоот тушаалаар баталсан ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам / 2 хх 58-78/ зэргийг тус тус гаргажээ.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.09.18-ны өдрийн 15460 дугаар, 2025.01.05-ны өдрийн 860 дугаар захирамжаар Оюу толгой ХХК-иас ирүүлсэн Н.Б*******ын ажил олгогчтой байгуулсан 2014.10.08-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2022.03.16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт, Н.Б*******ын 2022 оны 9, 10, 11 дүгээр саруудын цагийн бүртгэл, цалин хөлсний мэдээлэл, Оюун толгой ХХК болон тус компанийн Уул, уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2022-2025 оны Хамтын гэрээ /1 хх 26-40, 49-72/, шүүгчийн 2024.12.20-ны өдрийн 25193 дугаар захирамжийн дагуу 2024.11.12-ны өдрийн Хамтын хэлэлцээрийн хурлын тэмдэглэл,

Зохигчдын хүсэлтээр, шүүгчийн 2024.01.17-ны өдрийн 1649 дүгээр захирамжийн дагуу С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2024.02.01-ний 01/148 тоот албан бичгээр ирүүлсэн Ирсэн өргөдөл гомдлын бүртгэл /1 хх 92-104/, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны 2024.01.31-ний өдрийн 09/256 тоот албан бичгээр ирүүлсэн тус яамны Сайдын 2022.08.26-н өдрийн А/164 тоот Ажлын хэсэг байгуулах тухай тушаал Уртын ээлжийн зохицуулалтыг судлан санал боловсруулах ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлт гэх хавсралт /1 хх 87-92/, МҮХАҮТ-ын 2024.02.05-ны өдрийн 02/94 тоот албан бичгээр ирүүлсэн МҮХАҮТ-ын 2023.04.21-ний өдрийн 01/366 тоот Санал хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /1 хх 105-116/, С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024.03.12-ны өдрийн 347 тоот албан бичгээр ирүүлсэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хууль зүй дотоод хэргийн яамны Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, хуулийн төслийн танилцуулга, УИХ-ын Байнгын хорооны хуралдааны 2021.01.06-ны өдрийн 01 тоот МУИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021.01.06-ны өдрийн хуралдаан-ы товч, дэлгэрэнгүй тэмдэглэлүүд, 2021.06.23-ны өдрийн 15 тоот МУИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы Нийгмийн бодлогын байнгын хорооны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаан-ы товч, дэлгэрэнгүй тэмдэглэлүүд, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Поос Оюу толгой ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2013.12.17, 2023.03.10-ны өдрүүдэд гаргасан гомдлууд, түүний хариу, Н.Б*******ын Ажлын байрны тодорхойлолт /1 хх 117-250, 2 хх 1-35/, шүүгчийн 2024.12.20-ны өдрийн 25193 дугаартай захирамжийн дагуу Оюу толгой ХХК-ийн Уул, уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон Оюу толгойн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо-ны хооронд байгуулагдсан 2024-2026 оны, 2025-2027 оны Хамтын гэрээ-нүүд /2 хх 145-164/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлж хэрэгт хавсаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б******* нь хариуцагч Оюу толгой ХХК-д холбогдуулан нэмэгдэл хөлс буюу илүү цагаар ажилласан хөлсөнд 6 351 312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргасан байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч Н.Б******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ,

Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар уртын ээлжийн ажиллах, амрах хоногийг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болсон бөгөөд 14 хоногийн хугацаандаа өдөрт 8 цаг ажиллах ёстойгоос 12 цаг ажиллаж, 4 цагаар илүү ажилласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1., 92 дугаар зүйлийн 92.3., 109 дүгээр зүйлийн 109.1.-д зааснаар ажилчдыг нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмж олгох үүргээ зөрчсөн тул илүү цагийн нэмэгдэл хөлсөнд 2022 оны 9 дүгээр сард 8 цаг, 10 дугаар сард 56 цаг ,11 дүгээр сард 56 цаг илүү ажилласан нь хэргийн баримтаар нотлогдсон, нийт 6 351 312 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4.-т зааснаар ажил, амралтын цаг нь тэнцүү байх ёстой бөгөөд 14 хоног амарч байгаа нь хуулиар тогтоосон амралт ба үүнийг ажил олгогч нөхөн амрах хугацаанд оруулан тооцож, илүү цагийн хөлсийг олгохгүй байгаа нь эрх зөрчсөн гэж тайлбарласан.

 

2.Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1., 92.3., 92.4.-т заасан заалтууд нь ажилтан илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт, уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллах нь хуульд нийцсэн, 12 цаг ажилласан тохиолдолд нөхөн амарч байгаа тул илүү цаг тооцохгүй байхаар хуульд зохицуулсан, хэрэв өдөрт 4 цагаар илүү ажилласан гэж үзвэл 56 цагийн илүү цагт 21 хоног нөхөн амрааж, ажилтан 6 сар тутамд 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүрч байгууллага ажилтангүй болох ажилтан цалин хөлсгүй болох нөхцөл үүснэ, уртын ээлжийн ажилтан нэг сард 168 цагаас илүү ажилласан тохиолдолд илүү цагийн хөлс олгоно, мөн ажилтны үргэлжлэн амрах амралтын 14 хоногт илүү цагийг нөхөн амраасан гэж үзэх тул хуульд заасан нэмэгдэл хөлс олгох үндэслэлгүй, тус байгууллагын Цалин хөлсний журам-ын 14.1.2а, Ажлын цагийн тухай журам-ын 9.2.3 дахь хэсгээр 168 цагаас дээш хугацаагаар ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлсийн 1,5 хувиар тооцон олгох, 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцохоор нарийвчлан зохицуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж 1 жил 3 сарын дараа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Н.Б******* нь 2014 оноос хойш хариуцагч байгууллагад хүнд машин механизмын оператороор тасралтгүй ажиллаж байгаа нь талуудын хооронд байгуулагдсан 2014.10.08-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2022.03.16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт, Ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдсон.

Эдгээр баримтуудад зааснаар Н.Б*******ын операторын ажлын нөхцөл нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн 3.3 зэрэг-т хамаарахаар, сарын үндсэн цалин 710 ам.доллартай тэнцэх хэмжээтэй байхаар, ажил амралтын хуваарийн талаар ажилтны ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, илүү цагийн хөлс, нэмэгдэл, урамшуулал зэрэг цалин хөлсийг байгууллагын дотооддоо тогтоосон журмаар зохицуулахаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцон тодорхойлжээ.

3.2. Хариуцагч О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 72/21 тоот тушаалаар Ажлын цагийн тухай журам, 69/21 тоот тушаалаа Цалин хөлсний журам, 2023 оны А/44 тоот тушаалаар Хөдөлмөрийн дотоод журам-ыг тус тус шинэчлэн баталж, мөн 2022.04.22-нд тус компани нь ажилтны төлөөлөл болох Оюу толгой ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо-той 2022-2025 оны хооронд дагаж мөрдөх Хамтын гэрээ-г тус тус байгуулж эдгээр хэм хэмжээ тогтоосон баримтуудаар уртын ээлжийн ажилтны ажил, амралтын хуваарь, цалин хөлсний бүрэлдэхүүн болох үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журмыг зохицуулсан байна.

Тодруулбал, 2022-2025 оны хооронд дагаж мөрдөх Хамтын гэрээ-ний 2.14, 2.15-д зааснаар шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсийг ажилласан цагт дундаж цалин хөлсийг 1,2 дахин, нийтээр амрах баярын өдөр ажилласан үед үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлж олгохоор, 2.16 дах заалтын а-д уртын ээлжийн нэмэгдэл нь үндсэн цалингийн 13 хувьтай тэнцэх хэмжээгээр олгох, б-д хоол унааны нэмэгдэлд 500 000 төгрөг олгохоор,

ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам-ын 8.1.7-д Уртын ээлжийн ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна, 8.1.8-д Уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно, 9.2.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтнысард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ноогдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журам-д заасны дагуу олгоно гэж тус тус зааж, 10.1.1, 10.1.2, 10.1.3-т зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтнуудын ажилд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт нь тооцох, энэ хугацаанд ноогдох олговрыг Цалин хөлсний журам-д зааснаар олгох, энэ хугацааг уртын ээлжийн ажиллах ажлын өдрийн цагт оруулж тооцохгүй байхаар,

ХН-Г1.1: Цалин хөлсний журам-ын 14.1.2 дах заалтын а-д ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно, в-д Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтны өдөр тутамд нэмэлт нэг цаг илүү ажилласнаар тооцох, 14.5.1-д уртын ээлжээр ажилладаг ажилтнуудад уурхайн талбарт ажилласан өдрүүдэд сарын үндсэн цалингийн 13 хувьтай тэнцэх уртын ээлжийн нэмэгдэл олгоно, 14.3.1-д ажилтнуудын уртын ээлж эхлэх болон дуусахад ажилдаа ирэх буцах хугацаагАжлын цагийн журамд тодорхойлсны дагуу олгоно, 14.6.3-т Ажлын байранд хүргэх, буцаах хугацаанд ноогдох олговрыг үндсэн цалингаас тооцох ба энэ хугацааг уртын ээлжээр ажиллах ажлын өдрийн хугацаанд оруулан тооцохгүй гэж тус тус заан зохицуулжээ.

3.3.Хариуцагч байгууллагын цагийн бүртгэл, цалин хөлсний мэдээллээс үзэхэд нэхэмжлэгчийн цалин хөлс нь үндсэн цалин, илүү цагийн олговор, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, уртын ээлжийн нэмэгдэл, шөнийн ээлжийн нэмэгдэл, уурхайн цогцолборт ирж буцах цагийн нэмэгдэл зэргээс бүрдсэн байна.

Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор Н.Б*******д 2022 оны 9 дүгээр сард 8 363 555 төгрөг, 10 дугаар сард 4 983 805 төгрөг, 11 дүгээр сард 7 612 592 төгрөгийн цалин хөлс олгогджээ.

3.4.Нэхэмжлэгч Н.Б******* нь 2022 оны 09 дүгээр сард 120 цаг, 10 дугаар сард 168 цаг, 11 дүгээр сард 192 цаг тус тус ажилласан байх бөгөөд Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу тооцсоноор нэхэмжлэгч Н.Б*******ын цагт ноогдох дундаж цалин хөлс нь 2022 оны 09 дүгээр сард 44 267.81 төгрөг, 10 дугаар сард 33 733.22 төгрөг, 11 дүгээр сард 35 554.62 төгрөг гэж талууд тохиролцон тогтоосон, ажил олгогч нь 168 цагаас дээш хугацааны илүү цагийн хөлсийг хуульд зааснаар олгосон тухай үйл баримт нь зохигчдын тайлбар, Н.Б*******ын 2022 оны 09, 10, 11 дүгээр саруудын цагийн бүртгэл, цалин хөлсний мэдээлэл зэргээр нотлогдож, энэ талаар зохигчид маргаагүй байна.

3.5.Зохигчид Хөдөлмөрийн тухай хуульд шинээр зохицуулсан уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд нэг өдөрт ажиллавал зохих ердийн ажлын цаг 8 эсхүл 12 цагийн аль нь болох, ажилтны нэг сард ажиллавал зохих дундаж цаг хэд болох 112 цаг эсхүл 168 цагийн аль нь болох, үүнтэй холбоотойгоор ажилтан илүү цагаар ажилласан гэж үзэх эсэхэд, уртын ээлжийн ажилтны амрах 14 хоногийн хугацаанд илүү цагийг тооцон нөхөн амраасан гэж үзэх эсэхэд тус тус маргасан байна.

 

4.Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 92 дугаар зүйлийн 92.1.-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж, 92.4.-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж тус тус заасан бөгөөд уул уурхай, олборлох салбарын ажил олгогч, түүнд үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь ажилчдыг уртын ээлжээр ажиллуулах горимыг онцлог ялгаатай байдлаар эрх зүйн хувьд зохицуулжээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5.-д дээрх хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа, амрах хугацаа тэнцүү байхаар ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцох, 92.6.-д уртын ээлжийн ажил эхлэх болон дуусахад ажилтны ирэх буцах хугацааг ажилласан цагт тооцох, холбогдох зардлыг ажил олгогч хариуцах, 92.8.-д уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг ажил олгогч өөрийн байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулахаар тодорхойлсон байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу ажил олгогч О ХХК нь Хөдөлмөрийн дотоод журам-ыг тус тус шинэчлэн баталж, ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам, ХН-Г1.1: Цалин хөлсний журам зэрэг дотооддоо баримтлах хэм хэмжээ тогтоосон баримтуудад уртын ээлжийн ажилтны ажил, амралтын хуваарь, цалин хөлсний бүрэлдэхүүн болох үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журмыг тусган заасан. Энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.2-т дурдсан болно.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 84 дүгээр зүйлийн 84.1., 84.2.-т зааснаар ажилтан ээлжээр ажилласан, эсхүл ажлын цагийг нэгтгэн бодсон эсэхээс үл хамаарч долоо хоногт ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байх, ердийн нэг ажлын өдрийн үргэлжлэл 8 цагаас илүүгүй байх, 84.4.-т зааснаар долоо хоногийн ажлын дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй, өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь 4 цагаас илүүгүй байх тухай зохицуулалтууд нь ажилтны нэг өдөрт болон долоо хоногт хөдөлмөр эрхлэх хугацааны үндсэн зохицуулалт байх бөгөөд үүнийг баталгаажуулан хуулийн 87 дугаар зүйлийн 87.2.-т Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл 8 цагаас илүүгүй байна, 87.3.-т Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг 4-с илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд 7 хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1.-д заасны дагуу нэмж олгоно гэж ээлжийн ажлын цагийг нарийвчлан тодорхойлон заасан байна.

Дээрхээс үзэхэд ердийн ажлын үргэлжлэх хугацаа 8 цагаас илүүгүй байх, энэ журам нь ээлжийн ажилтны ажиллах цагийн үргэлжлэлд мөн хамаарч байхаар буюу ердийн ажил, уртын ээлжээр ажиллах ажлын аль аль тохиолдолд нэг өдөрт ажиллах цаг нь 8 цаг байх, илүү цагаар ажиллавал дээд хязгаар нь 4 цагаас илүүгүй байхаар хуульчилж тогтоосон гэж ойлгохоор байна.

Өөрөөр хэлбэл, уртын ээлжээр ажиллах горимд ердийн ажлын нэгэн адилаар өдрийн 8 цагийг мөн баримтлах бөгөөд өөрөөр хэлбэл, нэг өдрийн ажлын цагийн үргэлжлэл 8 цаг байх үндсэн зохицуулалт нь уртын ээлжээр ажиллах ажилтны хувьд ч ажиллавал зохих ажлын цагийн зохицуулалт хэвээр байж үйлчлэхээр байна.

Мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3.-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна гэж заасан нь уртын ээлжээр ажиллах горимд 12 цаг ажиллах горим хамаарахгүй гэж үзэхээр байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4.-т зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног тул уртын ээлжийн ажилтны нэг сард ажиллавал зохих цаг 112 цаг /өдөрт 8 цаг х14 хоног/ байна.

 

6.Нэхэмжлэгч Н.Б******* нь хэрэгт авагдсан цалин хөлсний мэдээлэлд тусгаснаар:

2022.08.25-ны өдрөөс 2022.09.24-ний өдрийн хооронд /09 дүгээр сард/ 112 цаг ажиллахаас 10 өдөрт 12 цагаар ажиллаж 120 цаг,

2022.09.25-ны өдрөөс 2022.10.24-ний хооронд /10 дугаар сард/ 14 өдөрт 12 цагаар ажиллаж 168 цаг,

2022.10.25-ны өдрөөс 2022.11.24-ний өдрийн хооронд /11 дүгээр сард/ 16 өдөрт 12 цагаар ажиллаж 192 цаг тус тус ажилласан байх бөгөөд үүнээс үзэхэд 09 дүгээр сард 8 цаг, 10 дугаар сард 56 цаг, 11 дүгээр сард 56 цаг тус тус илүү цагаар ажилласан байна.

Түүнчлэн дээрх цалин хөлсний мэдээлэлд тусгаснаар Н.Б******* нь 09 дүгээр сард 10 цаг, 10 дугаар сард 14 цаг, 11 дүгээр сард 40 цаг илүү ажилласан, мөн шөнийн ээлжинд 10 дугаар сард 112 цаг, 11 дүгээр сард 16 цаг ажилласан гэж бүртгэсэн байна.

 

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6.-д ...ирэх буцах хугацааг ажилласан цагт тооцох гэж заасны дагуу болон тус компанийн ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам-ын 10.1.1, 10.1.2, 10.1.3 дахь хэсэг, ХН-Г1.1: Цалин хөлсний журам-ын 14.3.1, 14.6.3 дахь хэсэгт заасны дагуу уртын ээлжийн ажилтны хувьд ажилд хүргэх, буцаах хугацаанд ногдох олговрыг үндсэн цалингаас тооцох ба энэхүү хугацааг уртын ээлжийн ажиллах ажлын өдрийн цагт оруулж тооцохгүй байхаар зааснаас үзэхэд нэхэмжлэгч Н.Б*******ын ажилласан өдөр тутамд нэг цагаар тооцон 09 дүгээр сард 10 цаг, 10 дугаар сард 14 цаг, 11 дүгээр сард 16 цагийг тус тус илүү цаг гэж бүртгэсэн хэдий ч ажил олгогчоос эдгээр цагуудын цалин хөлсийг олгосныг илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгосон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Харин нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 11 дүгээр сард 168 цагаас дээш хугацааны буюу 24 /40-16/ цагийн илүү цагийн нэмэгдэл хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3.-д зааснаар ажил олгогчоос олгосон байна.

 

8.Хариуцагч байгууллага нь Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 201.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6 дэх заалт болон хариуцагч байгууллагын ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам-ын 8.1.8-д Уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно, 9.2.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтнысард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ноогдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журам-д заасны дагуу олгоно гэсэн зохицуулалтуудыг үндэслэн ажилтныг амрах 14 хоногт нь илүү цагийг нөхөн амраасан гэж тайлбарласан.

8.1.Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх дээд хязгаар 14 хоног, амрах доод хязгаар 14 хоног байхаар Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4.-т тухайлан заасан.

Энэ нь ажилтан орон гэрээсээ алслагдмал газарт тогтмол хугацаанд ажил олгогчийн тогтоосон дүрэм, журмыг хэрэгжүүлэн тусгайлсан кемпэд байршиж ажилладаг, ийнхүү ажиллах явцдаа долоо хоногийн амралтын хоёр өдрийн амралтын цагаа ердийн горимоор ажиллах ажилтантай адилаар өөрийн үзэмжээр зарцуулах эрх хязгаарлагдмал байдаг онцлогтой холбоотой зохицуулсан тул хуулиар тогтоож өгсөн 14 хоногийн амралтын хугацаанд илүү цагийн хугацааг хамааруулан нөхөн амраасан гэж үзэх нь хуульд нийцэхгүй юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5.-д дээрх хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа, амрах хугацаа тэнцүү байхаар заасан байдлаас үзэхэд ч илүү цагийг амрах хугацаанд нөхөн амраасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хууль зүй дотоод хэргийн яамны Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, хуулийн төслийн танилцуулга, УИХ-ын Байнгын хорооны хуралдааны 2021.01.06-ны өдрийн 01 тоот МУИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021.01.06-ны өдрийн хуралдаан-ы товч, дэлгэрэнгүй тэмдэглэлүүд, 2021.06.23-ны өдрийн 15 тоот МУИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы Нийгмийн бодлогын байнгын хорооны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаан-ы товч, дэлгэрэнгүй тэмдэглэлүүдээс үзэхэд ч уртын ээлжийн ажилтан 14:14 /ажлын өдөр:ажлын бус өдөр/ хоногоор ажиллах горимыг хуульчлан заахдаа илүү цагийг амрах хугацаанд нөхөн шингээх агуулгаар хэлэлцэгдсэн байдал тогтоогдоогүйн гадна ажил гүйцэтгэх хугацаа, амрах хугацаа адил тэнцүү байх зарчим баримталсан талаар тэмдэглэлд тусгагдсан байна.

8.2. Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 201.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно гэж заасан нь ажил олгогч уртын ээлжийн ажилтны сард ажиллавал зохих цагийг 168 цагаар тооцож болохыг өөрийн дотоод журмуудаар зохицуулах боломжтойг тусгасан бөгөөд энэхүү журам нь агуулгын хувьд улсын хэмжээнд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаанд оролцон ажиллаж байгаа төрийн, хувийн хэвшлийн байгууллагын нийт ажилтанд дундаж цалин хөлсийг тодорхойлох зорилготой байна.

Уул уурхай, олборлох салбарын уртын ээлжийн ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4., 87 дугаар зүйлийн 87.2., 84 дүгээр зүйлийн 84.2.-т зааснаар ажиллавал зохих цагийг нэг сарын 112 цаг /14х8 цаг/ байхаар хуульчлан тогтоосон.

Хэдийгээр дээрх журамд зааснаар уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны 1 сарын дундаж ажлын цаг 168 цаг байгаа нь сард ердийн ажлын, өдөрт 8 цагаар ажиллах горимтой адил, ажлын цагийн нормыг зөрчөөгүй, уг норм хэтрээгүй хэдий ч энэ нь уртын ээлжээр ажилласан ажилтны илүү цагийг багасган тооцох, үгүйсгэх үндэслэл болохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хуульд 14 хоногийн амрах хугацаанд ээлжээр ажиллуулах нөхцөлийг хамааруулсан бөгөөд илүү цагийн тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3.-д заасан хэм хэмжээгээр нөхөн зохицуулсан байна.

Иймд илүү цагийн талаарх хариуцагч байгууллагын ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам-ын 8.1.7, 8.1.8, 9.2.3 дах хэсэгт болон ХН-Г1.1: Цалин хөлсний журам-ын 14.1.2 дах хэсгийн а-д заасан зохицуулалтууд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3.-т заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Ажлын цагийг нэгтгэн бодох журам-д мөн адил ажилтны ердийн ажлын цагийн үргэлжлэл болох 8 цагаас илүү гарсан цагийг хэтрүүлэн ажилласан нийт цагт тооцохоор журамласныг дурдах нь зүйтэй.

 

9.Хэргийн баримтаар, нэхэмжлэгч Н.Б******* 2022 оны 09 дүгээр сард 8 цаг, 10 дугаар сард 56 цаг, 11 дүгээр сард 56 цаг тус тус илүү цагаар ажилласан байх боловч ажил олгогчоос илүү цагийн нэмэгдэл хөлс олгогдоогүй байх тул талуудын тохиролцож тогтоосноор 1 цагт ноогдох дундаж цалин хөлсийг 2022 оны 09 дүгээр сард 44 267.81 төгрөг, 10 дугаар сард 33 733.22 төгрөг, 11 дүгээр сард 35 554.62 төгрөгөөр тооцсоныг үндэслэн 09 дүгээр сард 531 204 төгрөг, 10 дугаар сард 2 833 572 төгрөг, 11 дүгээр сард 2 986 536 төгрөг, нийт 6 351 312 төгрөгийг ажиллавал зохих 112 цагаас илүү цагаар ажилласан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3.-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1.-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, 109 дүгээр зүйлийн 109.1.-д илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж тус тус заасны дагуу ажил олгогч О ХХК олгох үүрэгтэй байна.

Хариуцагч тал нь сард олгосон 168 цагийн цалин хөлсөнд илүү цагийн хөлсөнд олгох нэмэгдэл хөлсний 1 хувь олгогдсон гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн илүү цагийн нэмэгдэл хөлс тооцсон дээрх үндэслэлийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд цалин хөлсний мэдээлэл гэх баримтаар нэхэмжлэгчид илүү цагийн нэмэгдэл хөлсийг хууль зааснаар буюу дундаж цалин хөлсийг 1,5 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох ёстойгоос ажил олгогч нь 1 дахин /1 хувь/ хэмжээгээр нэмэгдүүлж олгосон талаарх нөхцөл байдал тодорхойлогдох боломжгүйг дурдав.

 

10.Хариуцагч байгууллагаас хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2022.01.01-ний өдрөөс эрх нь зөрчигдөж байгааг мэдсэн гэж үзэх тул 1 жил 3 сарын дараа хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон С дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тайлбарласан боловч хэрэгт авагдсан, шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Н.Б******* 2022 оны 09, 10, 11 дүгээр саруудад олгогдох ёстой илүү цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай гомдлоо тус компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөлд 2023.02.17, 2023.03.13-ны өдөр тус тус гаргасан байх бөгөөд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоос гомдлыг хянаж 2023.03.16-ны өдөр уг гомдлыг буцаан шийдвэрлэсэн байна.

Үүний дараа С дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023.03.28-ны өдөр гомдлоо гаргасныг 2023.04.28-ны өдрийн 50 дугаар тэмдэглэлээр дуусгавар болгон шийдвэрлэсэн байх бөгөөд уг тэмдэглэлийг нэхэмжлэгч хүлээн авсан огноо бичигдээгүй, хэзээ хүлээлгэн өгсөн өгсөн нь тодорхойгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8.-д заасан ... тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч шүүхэд 2023.05.12-ны өдөр илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.05.19-ний өдрийн 8879 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж, нэхэмжлэгч дахин энэ нэхэмжлэлээ 2023.06.08-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Нэхэмжлэгч Н.Б*******д 2022 оны 11 дүгээр сарын сүүлийн цалин хөлс олгосон 2022.11.25-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2.-т заасан 90 хоногийн хугацаа-г тоолж эхлэх тул дээр дурдсанаар холбогдох газруудад тухай бүрт гомдлоо гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1., 79.7.-д зааснаар 154 дүгээр зүйлийн 154.2.2.-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

Түүнчлэн О ХХК-ийн Уул, уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон Он орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо-ны хооронд байгуулагдсан 2024-2026 оны Хамтын гэрээ-ний 2.13-д Уртын ээлжийн ажилтны ажил гүйцэтгэх 14 хоногт өдөрт 8 цагаас илүү ажилласан илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох эсэх асуудлыг Монгол Улсын дээд шүүх энэхүү асуудлаар тайлбар гаргах хүртэлх хугацаанд талууд хэлэлцэхгүй ба уг асуудлаар үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс аливаа хамтын болон иргэний маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар талууд харилцан тохиролцов гэж заасан нөхцөл байдал тухайн үед үүссэн зэрэг болон дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн энэ талаарх татгалзлыг хүлээн авах боломжгүй.

11.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, нэхэмжлэгч Н.Б******* нь 2022 оны 09, 10, 11 дүгээр саруудад уртын ээлжээр ажиллах хугацаанд нийт 120 цаг илүү ажилласны илүү цагийн нэмэгдэл хөлс нэхэмжлэх эрхтэй тул хариуцагч байгууллагаас 6 351 312 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

 

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 45 601 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгон, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 116 571 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1. дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1., 92 дугаар зүйлийн 92.3., 109 дүгээр зүйлийн 109.1.-д зааснаар О ГХОХХК-иас нэмэгдэл хөлс 6 351 312 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б*******д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 45 601 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгон, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 116 571 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б*******д олгосугай.

3.И лийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА