Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 782

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш овогт С.М****, 

/РД: ББ**********, Баян-Өлгий, Өлгий, **-р баг, ** гудамж, ** тоот/

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, 

/Чингэлтэй дүүрэг Бага тойруу 13/1, Хуульчдын гудамж, УБ-210646, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв байр/

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 8 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.М**** намайг Дундговь аймгийн шийдвэр гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулах тухай гэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 6/801 тоот тушаалыг хүчингүй болгуулж, өмнөх ажилдаа эгүүлэн томилуулах тухай”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г****** нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие С.М**** нь эрх зүйч мэргэжилтэй, 1990 оноос эхлэн Баян-Өлгий аймаг дахь Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоол гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгчийн орон тоонд тасралтгүй 25 жил ажилласан ба энэ хугацаанд ажил мэргэжилдээ чин үнэнч сэтгэлээр хандан хөдөлмөрлөж, ямар нэгэн ноцтой зөрчил, алдаа дутагдал гаргаагүй, сахилгын арга хэмжээ авагдаагүй байсан билээ.

Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2015 оны 6/496 тоот тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулаад байсныг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар анхан, давж заалдах, дээд шүүх гээд гурван шатны шүүхээр дамжиж эцэст нь миний зөрчигдсөн эрх ашгийг сэргээн, өмнөх ажилд маань эгүүлэн томилуулахаар шийдвэр гарсан.

Улсын Дээд Шүүхийн тогтоол гарсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас намайг Баян-Өлгийд гэртээ байхад минь удирдлагууд Улаанбаатар хотод Ерөнхий газарт дуудан ирүүлж биечлэн уулзалт хийсэн. 

Тус уулзалтын үеэр “чи ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэхгүй гэвэл бид өмнөх ажилд чинь эгүүлэн томилох боломжтой. Үгүй бол оронд чинь өөр хүн томилоод, чамайг өөр тийшээ шилжүүлэх болно” гэж тулган шаардаж байсан.

Гэвч миний бие удаан хугацаанд цалин хөлсгүй ойролцоогоор 14 сарын хугацаанд ажилгүй явснаас болж ар гэрийн санхүүгийн байдал хүндэрч, өр зээлд баригдсан тул би тэгэх боломжгүйгээ бичгээр мэдэгдэж өмнөх ажилд маань яаралтай эгүүлэн томилж өгөхийг хүссэн. Гэвч хүлээж авах боломжгүй гэж хариу ирүүлсэн.

Ийнхүү шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш 3 сарын дараа буюу Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 2016 оны 06 дугаар сарын 16-нд ажлаас халсан тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож ажилд маань эгүүлэн томилсон боловч 1 сарын хугацаа өнгөрөөгүй байхад буюу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа албан ёсоор хаагдаагүй байхад  2016 оны 07 дугаар сарын 05-нд дугаар 6/801 тоот тушаалаар намайг Дундговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 35 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр шилжүүлэн томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, миний эрх ашгийг дахин хөндсөн акт болсон. Учир нь, Үүнд: 

1. Миний эрх ашгийг хөндсөн тус захиргааны актыг гаргах үед надад урьдчилан мэдэгдээгүй, миний оролцоог хангаагүй юм, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Захиргааны байгууллага тул 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсгийг буюу “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэснийг зөрчиж 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус актыг гаргасан. 

2. Энэхүү тушаал нь төрийн тусгай албан хаагч намайг шилжүүлэн ажиллуулж байгаа эсэх эсхүл сэлгэн ажиллуулж байгаа эсэхийн аль нь болох нь тодорхой бус эргэлзээтэй, ойлгомжгүй гарсан. Дээрх хоёр ойлголттой холбоотой Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэл болгож тушаалдаа дурдаагүй буюу Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл, Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацаа зэргийг заагаагүй. 

Иймд бичгээр гарч буй захиргааны актад тавигдах агуулгын болоод хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтуудад тодорхой зааж тусгасан байхад Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан  “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэснийг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт заасан “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэснийг, мөн хуулийн 40.2.5 дахь хэсэгт заасан “Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэснийг тус тус зөрчсөн. 

Зөвхөн Захиргааны актад тавигдах Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн эрх олгогдсон заалтыг л заасан. 

3. Миний бие тус тушаалын агуулгыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлэн томилж байгаа юм байна гэж ойлгож байгаа.

Хэрвээ шилжүүлэн томилж буй тушаал мөн юм бол Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэх ёстой ба “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно" гэснийг баримтлан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар тухайн актыг гаргахаас өмнө ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж буюу сонсох ажиллагаа хийж, ажлын ямар зайлшгүй шаардлагын үндсэн дээр шилжүүлсэн болон тохиролцох боломж байгаа эсэх, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан ямар үндэслэл байсан талаар зааж, надаас тайлбар авах ёстой байсан боловч тэгээгүй юм.

4. Баян-Өлгий аймгийн шийдвэр гүйцэтгэгч нарын дундаас зөвхөн намайг сонгож аваад өөр аймаг руу шилжүүлж байгаа явдал нь гурван шатны шүүхэд хандаж эцэст нь миний талд шийдвэр гарч миний бие өмнөх ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэхгүй байх талаар тавьсан удирдлагуудын саналыг хүлээж аваагүй татгалзсантай шууд холбоотойгоор хариу барьсан арга хэмжээ хэмээн хардаж байна.

  Би эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг ба 3 хүүхэд маань оюутан, ажилгүй, цалингүй байсан нийт 14 сарын хугацаанд өрөнд баригдаж, өрхийн санхүүгийн байдал маш ихээр хүндэрсэн үед Баян-Өлгий аймгаас 2500 км зайд орших алслагдсан Дундговь аймаг руу шилжүүлсэн нь бодит нөхцөл байдалтай огт нийцээгүй. Мөн тийшээ хүрэх замын болон бусад зардал, эхнэр хүүхдүүдтэй хамт байрлаж, ажиллаж, амьдрах орчин, нөхцөл бололцоо, тэтгэвэрт гарах нас нь дөхсөн байдал, 14 сарын хугацааны туршид цалингүй явснаас болж ар гэрт нь учирч буй санхүүгийн хүндрэл, бусад албан хаагч нараас надтай харьцуулахад Дундговь аймаг руу очиж ажиллах нөхцөл боломж нь таарах өөр сонголт байгаа эсэхийг бодолцолгүй шийдсэн хүний нөөцийн буруу бодлого байсан. 

Дээрх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 6/801 тоот тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулж, өмнөх ажилдаа эгүүлэн томилуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж авах боломжгүй гэдгээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2016.08.16-ны өдрийн дугаар 2013206 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Иймд миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг тус тус үндэслэн Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 8 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.М**** намайг Дундговь аймгийн шийдвэр гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулах тухай гэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 6/801 тоот тушаалыг хүчингүй болгуулж, өмнөх ажилдаа эгүүлэн томилуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байгааг минь хангаж, зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.М**** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/151 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нэрэмжит шалгалт явуулах удирдамж”-ийн дагуу

явуулсан шалгалтад удаа дараа “хангалтгүй” дүгнэгдэж, мэргэжил, чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон тул 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн б/496 дугаар тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан. 

С.М**** нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохоор 5 шийдвэрлэсэн. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 6/729 дүгээр тушаалаар С.М****ийг Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 8 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр томилсон.

Тус байгууллагын ажлын онцлог, чиг үүргийн хүрээнд Хууль сахиулахын их сургуулийн Шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн төгсөгчдөөс Баян-Өлгий аймагт томилон ажиллуулах шаардлагын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 6/801 дүгээр тушаалаар түүнийг Дундговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 35 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр шилжүүлэн томилсон.

Дээрх шийдвэрийг гаргахын өмнө 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хошууч Э.Б****** өөртэй нь уулзаж шилжүүлэн томилох талаар түүнд урьдчилан мэдэгдсэн ба Цэргийн байгууллагын чиг үүрэг нь бусад байгууллагаас онцлогтой тушаал шийдвэрээр шуурхай зарчимд үндэслэн боловсон хүчний бодлого хэрэгждэг.

Иймд байгууллагын онцлог, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын зарим хязгаарлалтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 6/801 дүгээр тушаалыг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/801 дүгээр тушаалаар  Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 8 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Сураганы Мейрамбекийг албан тушаалаас нь чөлөөлж, Дундговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 35 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр томилжээ.

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хандахад гомдлыг хүлээн авч хянаад  “...Б/801 тушаалыг эрх зүйн үндэслэлтэй...” гэж шийдвэрлэсэн  тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий тушаалыг “...маргаан бүхий актад шилжүүлэн ажиллуулах, сэлгэн ажиллуулж байгаас эсэх нь тодорхой бус, захиргааны актын агуулга ойлгомжгүй, бодит нөхцөлтэй нийцээгүй, удирдлагуудын саналыг хүлээж аваагүй татгалзсантай холбоотойгоор авсан арга хэмжээ...”гэсэн үндэслэлээр маргажээ.

Харин хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг “...цэргийн байгууллагын чиг үүрэг нь бусад байгууллагаас онцлогтой,  тушаал шийдвэр шуурхай зарчимд үндэслэн боловсон хүчний бодлого хэрэгждэг бөгөөд С.М****ийг Төрийн өөр байгууллагад шилжүүлээгүй, дотроо шилжүүлэн ажиллуулж байгаа тул тэр болгон өөртэй нь зөвшилцөх, тохиролцох шаардлагагүй, манай байгууллага босоо удирдлагатай удирдлагын тушаалыг үг дуугүй биелүүлэх ёстой...” гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч С.М**** нь ийнхүү маргаж байгаа өөр албан тушаалд шилжүүлэхээс өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр магадлалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/496 дугаар тушаалын С.М****эд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоожээ .

Уг магадлалыг Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор хэвээр үлдээснээр түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн б/729 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх  албаны 8 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр томилсон байна .

Маргаан бүхий актын үндэслэлийн талаар: 

1.Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан байхад Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Э.Б****** нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр  шийдвэр гүйцэтгэгч С.М****тэй уулзаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар сэлгэн ажиллуулах саналыг танилцуулсан байх бөгөөд нэхэмжлэгч С.М**** “...намайг өөр орон нутагт сэлгэн ажиллуулахыг би зөвшөөрөхгүй, сэлгэн ажиллахаас татгалзаж байна...”  гэдгээ илэрхийлсээр байхад захиргааны санаачлагаар өөр албан тушаалд шилжүүлснийг түүнтэй дээрх хуульд заасны дагуу тохиролцсон гэж үзэхээргүй байна. 

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт “зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч...” төрийн тусгай албан тушаалд, 5 дугаар зүйлийн 5.2-т “...төрийн тусгай албан тушаалыг төрийн жинхэнэ алба гэнэ.”, 11 дүгээр зүйлийн 11.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гэж тус тус зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажлуулах харилцааг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар заасан байхад хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар өөрт олгогдсон нийтлэг эрхийг эдлэн С.М****ийг өөр байгууллагад шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь С.М****ийг “...удирдлагын тушаалыг үг дуугүй биелүүлэх ёстой...”, тушаал биелүүлэхгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байх ” заасан үүргээ биелүүлээгүй гэж  маргаан бүхий актыг гаргасан үндэслэлүүдээ нэмэлтээр тайлбарлаж байх хэдий ч нэхэмжлэгч нь албан тушаалтан тэр дундаа иргэн хүний хувьд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрт гомдол гаргах эрхтэй тул түүнийг өргөсөн тангаргаасаа няцсан, дээд шатны албан тушаалтан, захирагчийн тушаалыг биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр С.М**** нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан баталгаагаар хангагдахаар байна.

3.Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-т ”захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй  тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40.4-д “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж хуульчилжээ.

Гэтэл маргаан бүхий Б/801 дүгээр тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийн ажил хөдөлмөр эрхлэх харилцааг буюу нэхэмжлэгчийг түүний ажлын байр, албан тушаалын тодорхойлтод заасантай адил чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлэн томилох харилцааг зохицуулсан хэрнээ Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй нь захиргааны актад тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл ямар үндэслэл, шалтгаанаар төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах болсон тухайгаа тушаалдаа дурдаагүй байна. 

Дээрх байдлуудаас нэгтгэн дүгнэвэл хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/801 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.М****ийг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэх зүйтэй байна. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5, 40.4, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/801 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.М****ийг өмнө эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 8 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.БАТБААТАР