Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0134

 

2018 оны 02 сарын 22 өдөр Дугаар                            221/МА2018/0134                                Улаанбаатар хот

“Ди Зэт энд Ай” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0950 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ди Зэт энд Ай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0950 дугаар шийдвэрээр: ”Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ди Зэт энд Ай” ХХК-ийн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийн “Ди Зэт энд Ай” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнай давж заалдах гомдолдоо: “... “Ди Зэт энд Ай” ХХК ... тусгай зөвшөөрлийн ... эцсийн хугацаа дуусаагүй байсан. ... Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-д заасан харилцаа шинээр үүсэж, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, нөхөн төлбөр авах эрх үүссэн болно. ... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, ... Засгийн газрын 2010 оны 299 дугаар тогтоолоор баталсан “... Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш талбайд ашигт малтмал ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж болохгүй, харин нөхөн олговор авах хүсэлтээ ... төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд улмаар хүсэлтийг 2 жилийн дотор нөхөх олговрыг олгохоор заасан. ... Нэхэмжлэгч компани ээлжит жилийнхээ төлбөрийг урьдчилан төлөх үүргээ хангалттай биелүүлж байсан. ... Хариуцагч нь энэхүү нөхөн олговор авах хүсэлтийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг ... 251 дүгээр шийдвэрээр цуцалсан хэдий ч энэ тухай нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдээгүй. ... Тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн болохыг эзэмшигчид мэдэгдсэнээр тухайн этгээдээс төлбөр төлсөн бол баримтаа гаргаж өгөх, эсхүл төлбөр төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулах, нөгөө талаас ийнхүү ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг судлан үзсэний дагуу тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийдвэрлэх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг захиргааны байгууллагад олгосон. ... Хариуцагч тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдээгүйгээс ... нэхэмжлэгчийн холбогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг алдагдуулсан. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Ди Зэт энд Ай” ХХК-аас “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийн “Ди Зэт энд Ай” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1696 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Намагт хөндий гэх газарт 41 га талбайд 11028А дугаар ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг “Ди Зэт энд Ай” ХХК-д олгосныг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 /Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө/-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр “Ди Зэт энд Ай” ХХК-ийн 11028А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Дээрх шаардлагыг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 /тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй/-т заасныг үндэслэн гаргажээ. Нэхэмжлэгчээс захиргааны актыг хүчингүй болгуулахаар бус “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргасан тохиолдолд шүүх тухайн акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг тогтоохоос гадна илт хууль бус байх шинжийг агуулж байгаа эсэхийг шалгаж, дүгнэлт өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, акт нь Захиргааны ерөнхий 47 дугаар зүйлийн 47.1-д заасан шинжүүдийг агуулж байгаа эсэхэд дүгнэлт өгнө. Энэ утгаар авч үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны дөрийн 251 дүгээр шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанчлан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх шинжийг агуулсан илт хууль бус захиргааны акт гэх үндэслэлгүй байна. Тодруулбал, захиргааны актын хууль бус буюу эрх зүйн зөрчилтэй эсэхийг тогтоохтой холбоотой маргаан, үндэслэл нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл болохгүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын болон давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл болохгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР