2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/04666

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 23 191/ШШ2025/04666

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: *** оршин суух, ******* овогт Т*******ийн М******* /регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** байрлах, И******* ХХК /регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт нийт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Т.М******* нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч И******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж,*** байрлах үйлчилгээний зориулалттай талбайг түрээслүүлсэн боловч хариуцагч нь 2023 оны 4 дүгээр сараас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй тул 12,000,000 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасан. ... Нэхэмжлэгч нь аливаа эрсдлийг тооцон хариуцагчийн түрээслэж байсан өрөөг хөндлөнгийн этгээдүүдийг оролцуулж 2024 оны 05 дугаар сарын 01- ний өдөр чөлөөлж, доторх эд зүйлсийг агуулахад хураасан байдаг.

Хэдийгээр талууд хэрэгт хавсаргасан тооцоо нийлэх актын дагуу 2023 оны 04 дүгээр сараас эхлэн түрээсийн төлбөрийг нэмж 1,200,000 төгрөг болгосон байх боловч хариуцагчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 9 дүгээр сарын түрээсийг тооцон 7,000,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн бичгийг үндэслэн 2023 оны 10 дугаар сараас хойш түрээсийн өрөөг суллах хүртэлх 7 сарын төлбөрийг нэг сарын 700,000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна. Мөн агуулахад хураасан эд зүйлсийн харуул хамгаалалт, талбайн түрээсийн төлбөрт 100,000 төгрөг болж байна. Иймд талууд харилцан тохиролцсоны дагуу 2023 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөрт 7,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрт 4,900,000 төгрөг, агуулахын төлбөрт 100,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг нэхэмжилж байгааг тодруулж, тайлбар гаргав гэжээ.

 

Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 12,000,000 төгрөгийг багасгаж 10,000,000 төгрөг болгон 2,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч И******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 10,000,000 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгийг нийт 8 сарын хугацаанд төлж дуусгах, И******* ХХК нь түрээсийн байранд үлдээж явсан агуулахад хураалгасан эд хогшлоо үл маргах журмаар 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дотор авч агуулхыг суллахаар харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.М******* нь хариуцагч И******* ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэгт нийт 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 10,000,000 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгийг нийт 8 сарын хугацаанд төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

2. Зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулахдаа, түрээсийн байранд үлдээж явсан агуулахад хураалгасан эд хогшлыг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дотор авч агуулхыг суллахаар харилцан тохиролцсон нь нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй тул энэ талаар шүүх шийдвэрлэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж, мөн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасныг баримтлан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.М*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч И******* ХХК-д холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт нийт 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 10,000,000 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгийг нийт 8 сарын хугацаанд тус тус төлөхөөр зохигч талууд эвлэрлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийн 119,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И******* ХХК-иас 87,475 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 87,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.М*******д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА