Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 158/ШШ2026/0012

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХКомпани,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Сангичимаа,

            Хариуцагч: Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, улсын ахлах байцаагч Н.******* нарын хоорондын “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагатай гомдлыг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “*******” ХХКомпани нь Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, улсын ахлах байцаагч Н.******* нарт холбогдуулан “хөдөлмөрийн улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргасан.
  2. Гомдлын шаардлагын үндэслэл: “
    1. Улсын байцаагч нь манай компанийг яг ямар үйлдэл хийгээгүйн төлөө үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэж шийтгэл ногдуулж байгаа нь огт тодорхойгүй, агуулга ойлгомжгүй,
    2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.7-д “өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах”, 2.8-д “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх” гэж тус тус заасан холбогдогчийн эрхийг эдлэх боломжийг олгоогүй,
    3. Зөрчлийн хэрэг нээхгүй байх тохиолдлыг харгалзаж үзэлгүй хэрэг нээсэн,
    4. Үйлдвэрлэлийн осол гэдгийг тогтоосон шийдвэр байхгүй байхад зам тээврийн ослыг үйлдвэрлэлийн осолд тооцсон,
    5. Давтан шийтгэл оногдуулж байгаа нь хууль зөрчсөн” гэж тодорхойлсон. 
  3. Хариуцагч Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болон тус газрын улсын ахлах байцаагч Н.******* нар нь гомдлын шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:”
    1. “*******” ХХКомпани нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлүүд, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм"-д заасны дагуу холбогдох арга хэмжээг аваагүй, уг асуудлын талаар холбогдох газарт мэдээлэл хүргээгүй нь дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь заалтад заасан зөрчлийг гаргасан,
    2. Тус ХХКомпани нь дээрх хууль дүрэмд заасны дагуух процессын ажиллагааг бүрэн хийж Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хүргүүлснээр дээрх үйл явдал нь үйлдвэрлэлийн осолд тооцогдох эсэх тухай шийдвэрийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д заасны дагуу шийдвэрлэгдэх байсан,
    3. “Эрин гүрэн” ХХКомпани нь ажилтан М.*******ын 2025 оны 01 дүгээр сард зам тээврийн осолд орсон талаар "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-д заагдсан ажил олгогчийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй, уг асуудлыг үйлдвэрлэлийн осолд тооцогдох эсэхийг судлан бүртгэх ажиллагааг хийлгүй, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлэл хүргээгүй нь үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэж үзнэ,
    4. 2025 оны ******* дугаар сарын 17-ны өдөр 251500*******03 дугаартай зөрчлийн хэрэг нээгдэж, 2025 оны ******* дугаар сарын 31-ны өдөр Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 хоногоор сунгагдсан ба “*******” ХХКомпанийн гүйцэтгэх захирал А.г удаа дараа дуудаж холбогдох ажиллагаа хийх гэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зайлсхийж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан ба “*******” ХХКомпанийг хэргийн материалтай танилцах болон гэрчийн мэдүүлгийг дахин өгөх зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу оролцогчийн эрхийг эдлэх бололцоог хуульд заасны дагуу хангалттай авч хэрэгжүүлсэн, оролцогчийн эрхийг зөрчөөгүй. ...” гэжээ.

Шүүх хуралдаанд:

  1.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь Булган аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийг хуудсыг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан. Тухайн шийтгэлийн хуудсыг шуудангаар хүлээж аваад хугацаандаа нэхэмжлэл гаргасан. Тус захиргааны акттай танилцахад үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгээгүй, нуун дарагдуулсан байна гэдэг үндэслэлээр торгуулийн шийтгэл оногдуулахаар шийтгэлийн хуудас бичсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үйл явдал маань үйлдвэрлэлийн осол биш. Энэ нь авто тээврийн осол гарсан байдаг. ******* гэдэг хүн нь тухайн үед “*******” ХХКомпанид ажиллаж байсан. Энэ хүн нь Булган аймгаас аймаг руу явах замд зам тээврийн осол гаргаад түүндээ зөрчлийн хариуцлага хүлээсэн байдаг. Ийм учраас үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй байсан. Тухайн шийтгэлийн хуудсыг гаргахдаа үйлдвэрлэлийн осол байсан уу өөр осол байсан уу гэдгийг шалгах байсан. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын агуулга тодорхой байх ёстой. Энэ захиргааны актын агуулга ойлгомжгүй байна гэж үзэж байна. Нуун дарагдуулсан гэдэг нөхцөл байдалд юу орж байгаа юм. ******* гэж хүн ямар ажил эрхэлж яваад зам тээврийн осолд орсон талаар тогтоохгүйгээр шийтгэлийн хуудсыг бичсэн байна. Тиймээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нуун дарагдуулсан гэдэг нөхцөл байдлыг хариуцагч талаас ямар үйлдэл дээр нь гэдгийг тодорхой болгох ёстой байсан. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.5-т ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед гэхдээ тайлбар хэсэгтээ цаг хугацаа гэж заасан байгаа. Энэ акт нь ойлгомжтой байхын тулд үйлдвэрлэлийн осолд өртсөн гээд байгаа *******ын чиглэл, маршрут, цаг хугацаа гэдэг нөхцөл байдлыг улсын байцаагч тодорхой болгох ёстой байсан. Тэгж байж энэ захиргааны акт тодорхой болох байсан. Гомдол гаргасан ******* гэсэн хүнээс мэдүүлэг авсан байдаг. ******* ямар ажил гүйцэтгэж явсан юм бэ гэдэг нь тодорхой бус нөхцөл байдал байдаг. Зарим хүмүүс нь борлуулалтын менежер хийж байсан гэж мэдүүлсэн байдаг. Зарим гэрч нар нь ХААБ-ын инженер хийж байсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ хүн нь тухайн компанид ямар ажил хийдэг байсныг тодорхой болгох байсан. Тодорхой бус нөхцөл байдал үүсээд байна. Тийм учраас энэ акт тодорхой бус гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлийн нотлох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байгаа. Гол нь цаг хугацаан дээр ажиллагаа хийгээгүй байгаа учраас акт тодорхойгүй, ойлгомжгүй байна гэдэг зүйлийг яриад байгаа. Авто тээврийн осол гарсан. ******* гэдэг хүн зөрчил гаргасан. Манай зүгээс зөрчлийн хэрэг нээхгүй үндэслэл байсан байна гэж харж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдлууд гэж байгаа. 1.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол зөрчлийн хэрэг нээхгүй гэж байгаа. Осол гарсан дээр маргаагүй. Үүнд шалгалт явуулаад зөрчлийн хуулиар торгуулийн шийтгэл оногдуулсан байгаа. Тиймээс энэ үйлдэл дээр нь ******* гэдэг хүнийг шийтгэсэн байна. Дахиад энэ үйлдэлд давтан шийтгэл ноогдуулах нөхцөл байдал байна гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Бид шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийгээ дэмжиж оролцож байна” гэв.
  2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* гэдэг хүн ажлаас буцаж явах замдаа осолд өртсөн байгаа. Тухайн өдөр ******* нь албан ажлаар явж байсан нь тогтоогдож байгаа. Тухайн компани нь бямба гарагт хагас өдрөөр ажилладаг дотоод журамтай байсан. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх Засгийн газрын дүрэм байдаг. Энэ дүрэмд заагдсаны дагуу компани нь ажилтныг ямар нэгэн осолдож гэмтсэн тохиолдолд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид дариу мэдэгдэх үүрэгтэй. “*******” ХХК энэ асуудлыг мэдээллээгүй байсан. Тухайн үед “*******” ХХК нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссоо байгуулаад тухайн газар ажиллаад хууль болон дүрэмд заасны дагуу үйлдвэрлэлийн осолд тооцно, тооцохгүй гэсэн дүгнэлтээ гаргах ёстой. Ингэсний үндсэн дээр манай байгууллагад ослын актыг хүргүүлэх ёстой. Ослын актыг хүргүүлсний үндсэн дээр бид нар шалгаад 5 хоногийн дотор хариу хүргүүлдэг. “*******” ХХК журамд заасан үүргээ биелүүлээгүй. Энэ журмын 6.2.1-т осолдогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээнээс үл хамааран орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэнэ гэж заасан байдаг. Энэ үндсэн үүргийг гүйцэтгээгүй. Манай газарт хандсан цаг хугацаа нь 2025 оны 11 дүгээр сард хандсан. Энэ нь үйлдвэрлэлийн актыг нөхөж гаргах хугацаанаас хэтэрсэн байсан. 6 сарын дотор ослын актыг нөхөн гаргаж болдог. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу мэдээллээгүй гэдэг үндэслэлээр шийтгэл ноогдуулсан. Ажил олгогчийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх арга хэмжээ хэрхэн авах талаар заасан байгаа. Мэдээлэх үүргээ биелүүлээгүй. Тухайн компани акт гаргаж баталгаажуулсны үндсэн дээр дараа дараагийн үйл ажиллагаа хийгдэх байсан. Мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэдэг дээр шийтгэлийн хуудас бичсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч “*******” ХХКомпани нь Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болон тус газрын улсын ахлах байцаагч Н.******* нарт холбогдуулан “Хөдөлмөрийн улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлага гаргасан.
  2. Нэхэмжлэгч талаас гомдлын шаардлагын үндэслэлээ “Улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрхийг эдлэх боломжийг олгоогүй, манай компанийг яг ямар үйлдэл хийгээгүйн төлөө үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэж шийтгэл ногдуулж байгаа нь огт тодорхойгүй, агуулга ойлгомжгүй, зөрчлийн хэрэг нээхгүй байх боломжтой байсан ба давтан шийтгэл оногдуулсан” гэж тодорхойлсон,

3. Хариуцагч талаас “*******” ХХКомпани нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлүүд, Монгол Улсын Засгийн газрын "Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм"-д заасны дагуу холбогдох арга хэмжээг аваагүй, уг асуудлын талаар холбогдох газарт мэдээлэл хүргээгүй нь дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь заалтад заасан зөрчлийг гаргасан, мөн тус ХХКомпани нь ажилтан М.*******ын 2025 оны 01 дүгээр сард зам тээврийн осолд орсон талаар "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-д заагдсан ажил олгогчийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй, уг асуудлыг үйлдвэрлэлийн осолд тооцогдох эсэхийг судлан бүртгэх ажиллагааг хийгээгүй, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлэл хүргээгүй нь үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэж үзнэ” гэж маргажээ.

4. Маргааны үйл баримтын талаар:

4.1. Нэхэмжлэгч “*******” ХХКомпани нь “гадаад худалдаа, барилга угсралт, авто зам барих ажил” чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан 4375599 регистртэй хуулийн этгээд байна.  /хэргийн 05 дугаар тал/

4.2. “*******” ХХКомпанийн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажилтай овогт ы ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн орчимд Булган аймгаас аймгийн чиглэлд *******-******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан.

4.3. Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Н.*******од холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2515000052 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0084321 дугаартай шийтгэлийн хуудсаар “холбогдогч М.*******ыг Зөрчлийн тухай 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж дүгнэн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 /нэг зуун мянган/ төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

4.4. Зам тээврийн осолд холбогдогч М.******* нь дээрх осолтой холбоотойгоор 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт “үйлдвэрлэлийн осолд орсон ба түүнийг ажил олгогч “*******” ХХК нуун дарагдуулсан” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан. Уг гомдлыг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 01/579 дугаартай албан бичгээр Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Н.*******д харьяаллын дагуу шилжүүлжээ. /хэргийн 28 -30 дугаар тал/

4.5. Хариуцагч нь дээрх гомдол, мэдээллийг хүлээн авч 2025 оны ******* дугаар сарын 17-ны өдөр эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж улмаар 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас /хэргийн 6 дугаар тал/ -аар Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “*******” ХХКомпанийг “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан” зөрчлийг үйлдсэн гэж үзэж 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

4.6. Нэхэмжлэгчээс дээрх Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, улсын ахлах байцаагч Н.*******ын шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэжээ.  

5. Хөдөлмөрийн улсын ахлах байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 /төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага/-д заасан захиргааны байгууллагад харьяалагдаж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргах үүрэгтэй.

6. Нэхэмжлэгчийн хууль зөрчсөн гэж гомдол гаргасан хариуцагчийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, уг шийтгэл оногдуулсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч талаас “эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн гэж шийтгэл оногдуулахдаа холбогдогчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрхийг эдлэх боломжийг олгоогүй, үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй, агуулга нь ойлгомжгүй, зөрчлийн хэрэг нээх шаардлагагүй, давтан шийтгэл оногдуулсан” гэж маргажээ.

8. Шүүх нэхэмжлэгчийн гомдлын шаардлагын хүрээнд дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгчийн “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрхийг эдлэх боломж олгоогүй, холбогдогчийн эрхийг зөрчсөн” гэх шаардлагын тухайд:

      9.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Холбогдогч дараах эрхтэй” гээд 2 дахь хэсгийн 2.5-д “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.7-д “өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх  ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах”, 2.8-д “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх” гэж тус тус заасан.

      9.2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зөрчил үйлдсэн гэх “*******” ХХКомпанийн хууль ёсны төлөөлөгчөөр А.г тогтоож, түүнээс 2025 оны ******* дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэг авчээ. /хэргийн 81, 82-85 дугаар тал/ 

      9.3. Уг мэдүүлэг авах ажиллагааны үед холбогдогчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрх, үүргийг танилцуулсан байх ба холбогдогч нь өөрийн эрх, үүрэгтэй танилцаж, гарын үсэг зурсан нь “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-ээр нотлогдсон. /хэргийн 83 дугаар тал/

      9.4. Дээрх мэдүүлэг авах ажиллагаа явагдсанаас хойш хариуцагчаас холбогдогч А.г 2025 оны ******* дугаар сарын *******, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “дуудах хуудас”-аар, 2025 оны ******* дугаар сарын *******, 24, 30, 2026 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр тус тус холбогдогчийн 95095594 дугаарын утсанд мессеж илгээн дуудсан боловч холбогдогч нь ирээгүй үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 132,138 -141 дүгээр талууд/

9.5. Хариуцагчаас нэхэмжлэгчийн эрхийг хангах, хэргийн материал танилцуулах, тайлбар мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийхээр удаа дараа дуудах хуудас болон түүний өөрийн гар утсанд захидал илгээх хэлбэрээр дуудсан боловч нэхэмжлэгч өөрийн хуульд заасан эрх, үүргээ сайн дураар хэрэгжүүлээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

      9.6. Иймд нэхэмжлэгчийн “холбогдогчийн эрхийг Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эдлүүлээгүй, эрх зөрчсөн” гэх гомдлын шаардлага үндэслэлгүй байна.

10. Нэхэмжлэгчийн гомдлын “үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй, агуулга нь ойлгомжгүй, биднийг яг ямар үйлдэл хийгээгүйн төлөө үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэж шийтгэл ногдуулж байгаа нь тодорхойгүй” гэх шаардлагын тухайд:

            10.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна….”, 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасан.

10.2. Маргаан бүхий хариуцагчийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай “Шийтгэлийн хуудас”-ын 1 дүгээрт “Холбогдогч “*******” ХХКомпанийн үйлдсэн үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 4000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, ...албадлагын арга хэмжээ авсугай” гэжээ.

10.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйл “Хуулийн үйлчлэх хүрээ”, 4.1-д “Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараахь этгээдэд үйлчилнэ” гээд 4.1.1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1, 4.1.3-т заасан  ажил олгогч, ажилтан” гэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн  4.1.1-д "ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг, 4.1.3-д "ажилтан" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно” гэж тус тус заасан.

10.4. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад нэхэмжлэгч “*******” ХХКомпани нь ажил олгогч байх бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх этгээд байна.

10.5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүрэг”-ийг тодорхойлж, 28.1.11-д “ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх үүрэгтэй”, 29 дүгээр зүйлийн 29.8-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно” гэжээ.

10.6. Нэхэмжлэгчид тус компанийн ажилтан М.*******ын зам тээврийн осолд орсон талаарх мэдээллийг түүний нөхөр утсаар мэдэгдэж, “*******” ХХКомпанийн гүйцэтгэх захирал, менежер зэрэг хүмүүс эмнэлэгт ирсэн талаар гэрч Г.*******ын мэдүүлэгт тусгагдсан. Гэрчийн мэдүүлснээр ажилтан М.*******ыг осолд орсныг тухайн үед ажил олгогч мэдсэн байна. /хэргийн 79-80 дугаар тал/  

10.7. Хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн ажилтан М.*******ыг зам тээврийн осол болсон өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт ямар ажлаар явж байсан талаар тухайн компанийн ажилчдаас гэрчийн мэдүүлэг авсан үйл баримт зөрчлийн хэрэгт авагдсан байх бөгөөд гэрч П.Эрхэмбатын мэдүүлэгт “…2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр *******той “*******” ХХКомпанийн 9 давхар барилга дээр уулзсан. Бид ЗДТГазрын гадна пасадны ажил дээр ажиллаж байсан ба *******оос бидэнд фасадны ажил дээр ажиллах чиглэл өгч байсан…” гэж, гэрч Г.Номин-Эрдэнийн мэдүүлэгт “…******* ХАБ хийж байгаад борлуулалтыг хариуцдаг болсон…амралтын өдөр очсон болохоор барилгын ажлын явцтай танилцаад мэдээллээ ажлын групп дээрээ оруулсан…” гэж, холбогдогч А.гаас авсан мэдүүлэгт “ М.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган сумын орон сууцны 9 давхар барилга дээр ХАБ-ын ажлыг гүйцэтгэж явсан…” гэж тус тус тусгагдсан байна. /хэргийн 72, 77-78, 83 дугаар талууд/  

10.8. Зөрчлийн хэрэгт авагдсан гэрч, холбогдогч нарын дээрх мэдүүлгүүдээс харахад тус компанийн ажилтан нь зам тээврийн осолд орох өдрөө буюу 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр аймгаас Булган аймгийн нутаг дэвсгэрт ирж, өөрийн хариуцсан ажил үүргийг гүйцэтгэж явсан нь нотлогдож байна.

10.9. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах бүртгэх дүрэм”-ийн 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.5-д “ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед” гэж заасан.

10.10. Дээрх хуулийн зохицуулалт болон хуульд нийцүүлэн гаргасан дүрэмд зааснаар нэхэмжлэгч компанийн ажилтан /М.*******/ нь ажил үүргийнхээ дагуу ажлын байранд ирж ажиллаад буцаж явах замдаа зам тээврийн осолд орсныг “үйлдвэрлэлийн осол”-д тооцох ба уг ослыг ажил олгогчоос бүртгэж, судлах үүргийг хуулиар хүлээлгэсэн байна.

10.11. Гэтэл ажил олгогч нь уг ослын талаар осол болсон даруйд мэдсэн атлаа хуульд заасан арга хэмжээг аваагүй буюу ослыг судлан бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч нэхэмжлэгчийг “үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан” гэж дүгнэн шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй. Маргаан бүхий шийтгэлийн хуудсанд үйлдсэн зөрчлийн талаар тодорхой тусгаж, хариуцлага ногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ.

10.*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “дүрмийн 2.1.5-д заасан ослыг судлан бүртгэхдээ нөхцөл байдлын чиглэл, замын маршрут, цаг хугацаа зэргийг үндэс болгоно гэснийг хариуцагч зөрчсөн” гэж тайлбарлан мэтгэлцсэн.

10.13. Тус компанийн ажилтан ******* нь тухайн үед Булган аймгаас аймгийн чиглэлд зорчиж яваад осолд орсон нь Замын цагдаагийн тасгийн 2515000052 дугаарын зөрчлийн хэрэгт авагдсан “Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тухай” ЭБАТ-ны тэмдэглэл, тээврийн хэрэгслийн эзэмшигч хохирогч М.*******ы “...ажлын чатанд ******* Булганаас аймаг явж байгаад онхолдсон байна гэж тавьсан байсан...” гэх мэдүүлгүүдээр нотлогдсон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар няцаагдаж байна. /хэргийн 188 дугаар тал, *******4 дүгээр хуудас/

10.14. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.6-д  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-т заасны дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэсэн акт, дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 3.1. Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс (цаашид комисс гэх)-ыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулна.  Комиссын даргыг ажил олгогч томилно” гэж зааснаас харахад “*******” ХХКомпани нь өөрийн ажилтныг зам тээврийн осол /ажилтны ажилдаа ирэх, буцах зам/-д орсныг мэдсэн тухайн цаг үедээ хууль болон дүрэмд заасны дагуу комисс ажиллуулж, акт үйлдүүлэн мэргэжлийн байгууллагад хүргүүлэх, мэргэжлийн байгууллага /хариуцагч/ дүгнэлтийг хянахаар хуульчилсан.

Гэтэл ажил олгогч /нэхэмжлэгч/-д хууль, дүрмээр харьяалуулсан өөрт нь байсан чиг үүргийг хэрэгжүүлээгүй байх бөгөөд уг ослыг ““үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг шалгаж тогтоох үүрэг”-ийг хариуцагч байгууллага, улсын байцаагч хүлээнэ” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

10.15. Хариуцагчаас “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.9-д “Осолдогч ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна” гэж заасны дагуу Замын цагдаагийн газраас ирүүлсэн Зөрчлийн хэрэгт авагдсан баримт, материалд үндэслэж уг зам тээврийн ослыг “үйлдвэрлэлийн осол”-д тооцож, шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй.

10.16. Иймд хариуцагч нь Захиргааны Ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасныг зөрчиж, агуулга ойлгомжгүй, тодорхойгүй захиргааны акт гаргасан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

11. Нэхэмжлэгчийн “зөрчлийн хэрэг нээх шаардлагагүй байсан, шийтгэл давтан оногдуулсан” гэх гомдлын шаардлагын тухайд:

      11.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй:” гээд 1.5-д “тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол” гэжээ.

      11.2. Нэхэмжлэгч талаас “ажилтан ******* нь зам тээврийн осол гаргасан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар хариуцлага хүлээсэн, уг шийтгэл оногдуулсан шийдвэр хүчин төгөлдөр байхад хариуцагч зөрчлийн хэрэг нээж давтан шийтгэл оногдуулж байгаа нь буруу” гэж тайлбарласан.

      11.3. Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас осолд орсон М.*******од Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан байх ба уг шийтгэл нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочид оногдуулсан шийтгэл байна. /хэргийн 211 дүгээр тал/

      11.4. Маргаан бүхий хариуцагчийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар зам тээврийн осол гаргасан М.*******од шийтгэл оногдуулаагүй ба түүний ажил олгогч /нэхэмжлэгч/ “*******” ХХКомпанийг “ажилтны зам тээврийн осолд орсон үйл баримтыг үйлдвэрлэлийн осолд бүртгээгүй, уг ослыг холбогдох байгууллагад мэдэгдээгүй” зөрчил үйлдсэн гэж шийтгэл оногдуулсан захиргааны шийдвэр юм.

11.5. Дээрх хоёр шийтгэлийн хуудас нь нэг зөрчилд шийтгэл оногдуулсан шийдвэр бус өөр өөр төрлийн зөрчилд оногдуулсан шийдвэрүүд байх тул нэг шийтгэлд давтан хариуцлага оногдуулсан гэж үзэхгүй ба замын цагдаагийн тасгийн ЭБАТушаалтнаас гаргасан шийдвэр /шийтгэлийн хуудас/ нь Зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдолд хамаарахгүй бөгөөд хариуцагч хууль зөрчиж Зөрчлийн хэрэг нээсэн гэж буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.11, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.8-д заасныг тус тус баримтлан “*******” ХХКомпаниас Булган аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, улсын ахлах байцаагч /Н.*******/ нарт холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ