Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 32

 

 

 

******* Аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 153/ШШ2021/00446 дугаар шийдвэртэй, ******* аймгийн Прокуроын газрын нэхэмжлэлтэй ******* аймгийн Жаргалант сум, Рашаант багт байрлах, *******-******* /РД:*******/-д  холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Өсөхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “30,000,000 төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулах тухай” нэхэмжлэлтэй

 

Нэхэмжлэлийн агуулга: *******-*******” ХХК-ийн захирал Т.Мягмардорж нь 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн Засаг даргын Тамгын газартай “******* аймгийн Жаргалант сумын “Улаан богоч" шинэ суурьшлын бүсэд жишиг хашаа барьж иргэдэд нийлүүлэх ажлын гэрээ” байгуулж 30.000.000 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авсан боловч эргэн төлөлгүй улсад 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ. Дээрх үйлдэлд тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Нямжаргал 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэрэг бүртгэлтийн 183600018 дугаартай хэрэг нээж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэргийг ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 5/18 дугаартай прокурорын тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол тогтоогдсон гэж үзэж Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. "******* алтай" ХХКомпанийн захирал Т.Мягмардорж нь 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн Засаг даргын Тамгын газартай “******* аймгийн Жаргалант сумын “Улаан богоч” шинэ суурьшлын бүсэд жишиг хашаа барьж иргэдэд нийлүүлэх ажлын гэрээ” байгуулж 30.000.000 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авсан боловч эргэн төлөөгүй үйлдэл нь тогтоогдсон, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэснээс хойш хохирол төлөгдөөгүй байна. Монгол Улсын *******ын тухай хуулийн 41 дүгээр зүйл, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иймд “******* алтай” ХХКомпанийн захирал Т.Мягмардоржоос ******* аймгийн Засаг даргын Тамгын газарт учруулсан 30.000.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү. *******ын нэхэмжлэл нь Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: ******* аймгийн *******ын газраас “******* алтай" ХХК-нд холбогдуулан 30 сая төгрөг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. “******* алтай” ХХК-ийн захирал миний бие болон ******* аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа бид 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр А/2013/07- 03 дугаартай “******* аймгийн Жаргалант сумын Улаан богоч шинэ суурьшлын бүсэд жишиг хашаа барьж иргэдэд нийлүүлэх ажлын гэрээ” байгуулсан. Гэрээний талуудыг гэрээнд “захиалагч” буюу ******* аймгийн Засаг даргын Тамгын газар, “гүйцэтгэгч” буюу “*******-*******” ХХК гэж нэрлэн заасан байдаг. Гэрээний талуудын гэрээгээр хүлээх үүргийг тодорхойлохдоо захиалагч нь гүйцэтгэгч компаний үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгийг дэмжиж 30.000.000 төгрөгийг санхүүжилт олгох, гүйцэтгэгч нь жишиг хашаа барьж хүлээлгэж өгөх, Ингэхдээ гэрээний 2-т зааснаар 2 талд хашааг 1.900.000 төгрөгөөр 3 талт хашааг 2.300.000 төгрөгөөр барьж гүйцэтгүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Энэхүү 2 буюу 3 талт хашаа барихад шаардагдах зардалд бараа материал /блок, цемент, элс, тээвэр шатахуун, ажлын хэрэгсэл, цахилгааны зардал гэх зэрэг/, цалин хөлсний зардал багтаж байгаа юм. “*******-*******” ХХК нь нийтдээ 58 хашаа барьсан. Энэхүү хашааг барихад захиалагч талаас олгосон 30 сая төгрөгийг санхүүжилтийг зарцуулсан ба одоо болтол тус хашааг захиалагч тал хүлээж аваагүй байгаа юм. Захиалагч талыг хашаагаа хүлээж аваарай гэсэн боловч уг хашааг харж хамгаалах, манах зардал байхгүй тул хүлээж авах боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. Гэтэл манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн атал 30 сая төгрөгийн төрд учирсан хохирлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлгүй байна, Иймд прокурорын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 153/ШШ2021/00446 дугаар шийдвэрээр:” 1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******-*******” ХХК-иас ******* аймгийн Засаг даргын Тамгын газарт учруулсан хохирол 30,000,000 төгрөгийг /гучин сая/ гаргуулан ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн санд олгож, 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар нь төсвийн байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч“*******-*******” ХХК-иас 307,950 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Тус компани нь ******* аймгийн Засаг даргын тамгын газартай 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр А/2013/-03 дугаартай ******* аймгийн Жаргалант сумын Улаан богоч шинэ сууршлын бусэд жишиг хашаа барьж иргэдэд нийлүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагч нь гүйцэтгэх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 30,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн мөнгө болон компани өөрийн хөрөнгөөр 58 хашаа барьж дуусгасан. Манай компани нь захиалагч талтай гэрээний дагуу 2 тал хашааг 1,900,000 төгрөг, 3 тал хашааг 2,500,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тооцон барьсан бөгөөд захиалагч тал хашааг хүлээлэгэн авч төлбөр тооцоог шилжүүлэхээр харилцан тохиролцон гэрээг хийсэн боловч өмчлөлдөө шилжүүлэх авах талаар өнөөдрийг хүртэл ямар ч ажиллагаа явуулаагүй. Компани хүлээсэн үүргээ биелүүлж өнөөдрийг хүртлэ хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй хохирсоор байгаа. Захиалагч тал нь тус компаний барьсан хашаануудыг хүлээж аваагүй буруутай үйл ажиллагаанаас болж компани 8 хүний бүрэлдэхүүнтэй блокны үйлдвэр дампуурсан, хашааг барихад зарцуулсан компани хөрөнгө болох 45,000,000 төгрөгөөр хохирсон, захиалагч талд эргэж төлөгдөх 30,000,000 төгрөгийг ч төлж чадаагүй хохирч байна. *******-******* ХХК нь төрийн өмчийн газрыг болон хашааг худалдан борлуулах эрх байхгүй, захиалагч тал уг хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авч худалдан борлуулах эрх нь нээлттэй бөгөөд энэ ажлаа ч явуулж өгөхгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч ******* аймгийн прокурорын газар нь *******-******* ХХК-д холбогдуулан ******* аймгийн Засаг даргын Тамгын газарт учруулсан хохирол 30,000,000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч *******-******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд үндэслэлээ “манай компани ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн атлаа 30,000,000 төгрөгийн өрөнд орсныг хүлээн зөвшөөрөхгүй, 58 хашаа барьсан боловч захиалагч тал одоо болтол хүлээж аваагүй, хашааг хүлээж авах, борлуулах нь захиалагч талын үүрэг байсан” гэж тайлбарлажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан хууль зүйн үндэслэлээ *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 “******* төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 ”Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж заасан тул шүүхэд “өөрийн санаачлаагаар нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тайлбарлажээ.

            Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “******* төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар “******* төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж өөрчлөн найруулсан бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж хуульд өөрчлөлт оржээ.

            Өөрөөр хэлбэл одоо хүчин төгөлдөр үйлчилж буй процессын хуулиар прокурор өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үүсэхээр байна.

            Гэтэл ******* аймгийн *******ын газар нь төрийн байгууллагын хүсэлтгүйгээр өөрийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон буюу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.   

Мөн гэрээний эрх зүйн харилцаа талуудын тэгш эрхийн үндсэн дээр үүсдэг бөгөөд үүнд тэдгээрийн хүсэл зориг бүхий хувийн ашиг сонирхол үйлчилж байдаг. Харин төрийн байгууллага гэрээний нэг тал болж оролцох бүрд уг гэрээний зүйл төрийн, эсхүл нийтийн ашиг сонирхлоор тодорхойлогдоно гэж ойлгох боломжгүй. Тиймээс төрийн байгууллагын оролцоотой, гэрээний тэгш харилцааны талуудын үүргийн зөрчил бүрд прокурор үндэслэлгүйгээр төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлээр төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох нь процессын хуулийн дээрх зохицуулалтын агуулгад нийцэхгүй юм. Төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэдгийг гэрээний талуудын онцлогоос гадна зөрчигдсөн ашиг сонирхлын ялгааг харгалзан нотлох баримтад үндэслэж тогтоовол зохино.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэргийн үйл баримт болон хариуцагчийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд зохигчид гэрээний үүргийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Шийдвэрийг хүчингүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргаж, хариуцагчийн төлөөлөгч Т.Мягмардоржид буцаан  олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 153/ШШ2021/00446 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ******* аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй *******-******* ХХК-д холбогдох, ******* аймгийн Засаг даргын Тамгын газарт учруулсан хохирол 30,000,000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                          С.ӨМИРБЕК

                                                                     

                                                                                        М.НЯМБАЯР