Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 33

 

 

 

С.*******ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2021/00373 дугаар шийдвэртэй ******* аймгийн Булган сумын *******ад оршин суух хаягтай ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* аймаг дахь *******гийн газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцог түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймаг дахь *******гийн газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга:  С.******* миний бие 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн *******гийн газрын Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс /тасаг/-т галчаар орж ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, хариуцуулсан ажлыг чанартай хийж гүйцэтгэж ирсэн. 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр надаас хамаарахгүй шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тушаал гаргасан.

Миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд миний гомдлыг хянан үзэж ******* аймгийн *******гийн газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.******* намайг ******* аймгийн *******гийн газрын Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорыг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхийг ******* аймгийн цагдаагийн газарт даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:  ******* аймгийн Булган сумын 5 дугаар багт оршин суух ПБ72060178 регистрийн дугаартай ******* овогийн *******гийн *******ын нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.Нэхэмжлэгч С.******* нь ******* аймаг дахь цагдаагийн газрын Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст /тухайн үед тасаг байх үеэс/ галчаар ажиллаж эхэлсэн байна. Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс GLSGZ-90/95 маркийн нам даралтын усан халаалтын зуухтай бөгөөд тус хэлтсийн галчаар ажиллаж байсан С.******* 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр оройн 23 цагийн үед уурын зуухыг галлаад гэртээ харьж амраад 5 дугаар сарын 07-ны өдөр өглөөний 09 цагийн үед ажил дээрээ ирэхэд уурын зууханд хийсэн нүүрс хагас шатсан байдалтай, нам даралтын усан халаалтын зуухны тогоо хагарч ус гоожсон байсан байна.

Галч С.*******д галч техникийн болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч нам даралтын зуухны даралт, буцах шугамын талаар тогтмол хяналт тавьж, нам даралтын зуухны даралт ихэссэн тохилдолд юүлүүрээр хий авах талаар заварчилгааг байнга өгдөг бөгөөд С.*******ын сантехникийн талаарх мэдлэг, ур чадвар, түүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тус хэлтсийн нам даралтын усан халаалтын зуух хагарч тус цагдаагийн газарт гэм хор учраад байна. Нэхэмжлэгч С.******* нь ******* аймаг дахь *******гийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяатай, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн төв байр, спорт заалны байрны халаалт дулааныг хариуцан галлагаа, сантехникийн ажлыг хийж гүйцэтгэж, ТҮ-2 дахь шатлалаар, хөнгөн, улирлын чанартай ажил үүрэг гүйцэтгэж ажлаа сайн гүйцэтгэсэн бол 5-25 хувиар цалинг нэмэгдүүлэх, ажил үүргийг хангалтгүй, муу гүйцэтгэсэн тохиолдолд 5-15 хувиар цалинг хасах буюу хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан байна. Нам даралтын усан халаалтын зуух хагарсан зөрчилд 20190480000014 дугаартай албаны шалгалтыг явуулсан бөгөөд нам даралтын усан халаалтын зуух эвдэрч гэмтсэн талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 21-7-050/104 дугаартай дүгнэлт гарсан. С.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.3.6 дахь хэсэгт заасан Ажилтан эзэмшиж байгаа хөдөлмөрийн багаж, тоног төхөөрөмж, эд аж ахуйг бүрэн бүтэн ариг гамтай эзэмшээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь хэсэгт заасан ажилтан ноцтой зөрчил гаргасан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар мэргэжил, ур чадварын гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй байгаа зэргээс шалтгаалж С.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул С.*******ын *******гийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна гэжээ.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2021/00373 дугаар шийдвэрээр:”1 Хөдөлөмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны баримтлан нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлтэй, ******* аймгийн *******гийн газарт холбогдох ******* аймгийн *******гийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг ******* аймгийн *******гийн газарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй маргааны агуулгыг зөв тодорхойлж үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Хариуцагч ******* аймаг дахь цагдаагийн газар ******* аймаг дахь *******гийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/36 тушаал нь илт хууль зөрчсөн байхад ажлаас халсан тушаал нь үндэслэлтэй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байтлаа хариуцлага хүлээлгэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  С.******* нь  ******* аймгийн *******гийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/36 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын Булган сум дахь сум дундын *******гийн хэлтсийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж хөдөлмөрийн  дэвтэрт бичилт хийхийг ******* аймгийн *******гийн газарт даалгах тухай шаардлагыг   ******* аймгийн *******гийн газарт холбогдуулан гаргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар хууль зүйн  үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар ******* аймгийн *******гийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/36 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” тушаалаар тус газрын Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн галч С.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар түүнтэй  байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, галчийн  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг зөв тодорхойлсон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2,  69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан зохицуулалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан үндэслэлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй байна. Үүнд:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д ”мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг хуульчилжээ.

Ажилтан “...тус хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр баталсан “Галчийн ажил үүргийн хуваарь”-ийг зөрчин, ажлын байрыг дур мэдэн орхиж явсны улмаас аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдөж, хэлтсийн барилгыг дулаанаар хангаж байсан нам даралтын усан халаалтын тогоо хагаран, дахин ашиглах боломжгүй болсон”зөрчил  гаргасан нь ******* аймаг дахь Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дарга Э.Даваасүрэнгийн галчийн үйл ажиллагаанд албаны шалгалт хийсэн баримт болон эрчим хүчний улсын байцаагч Х.Мөнхзаяагийн дүгнэлтээр галч С.*******ын буруутай үйл ажиллагаа нь тогтоогдсон гэж үзэж ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болжээ.  Энэ талаар анхан шатны шүүх шийдвэртээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

            Ажилтан гарсан зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, маргадаг бөгөөд түүний “ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл” нь хууль,  мэргэжлийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. Ажил олгогч ажилтны тухайн гаргасан гэх зөрчлийн талаар “түүнийг ажлаас чөлөөлөхөөс өмнө” дотоодын хяналт, шалгалт хийж, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан боловч уг шалгалт дүгнэлтээр ажилтаны буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь  баримтаар нотлогдоогүй байна.

 Тодруулбал тус хэлтсийн даргын дотоод шалгалтаар “ажлын байрыг орхиж явсны улмаас аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн, аюулаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээг галч С.******* нь аваагүйн улмаас халаалтын тогооноос ус алдсан асуудал гарсан гэж дүгнэсэн”  байх бөгөөд  энэ үйлдэл эс үйлдэхүйг талууд хөдөлмөрийн гэрээндээ хэрхэн тусгаж тохиролцсон нь тодорхойгүй байна. ”Түүнчлэн ажил олгогч нь ажилтанг хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5-д заасан “хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг чанд сахин биелүүлнэ” мөн зүйлийн 3.2.6-д шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллуулах” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

Харин С.******* нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн үед тогооноос ус гоожоод байна ирээд хараад өгөөч гэж Б.Баярбилэгт хандсан байх бөгөөд түүний очиж үзэхэд хаалтын тогооны дотор цамны дээд ирмэг, гагнуурын хэсгээр 5-6 см орчим газар цуурсан ус гарч байсан тэгээд усыг шавхсан гэх үйл баримт тогтоогдсон байна.

Дотоодын шалгалтаар С.******* нь галчийн ажил үүргийн хуваарьт заасан ажлын байрыг орхиж явсан,  улмаас аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн, аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй  зэргээс шалтгаалж  тогоо хагарсан гэж дүгнэсэн байхад  улсын байцаагчийн “...зуухнуудыг ашиглах явцад халах гадаргууд зэв бохирдол үүсэж, шугам хоолойн хана нэмгэрч, экран хоолойнууд нь шатаж ус алдсан зэрэг гэмтлүүд  гарах болсон нь цаашид ашиглах боломжгүй болсон...”гэх 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 21-07-050/104 дугаар  дүгнэлтээр гарч С.*******ын буруутай үйлдэл, эс үйлдэхүй байсан гэдэг нь тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон гэх үйл баримтыг улсын байцаагчийн дүгнэлтээр үгүйсгэсэн байна. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ганцаараа ажил үүрэг гүйцэтгэсэн галч С.*******ыг “өөрөө зөвшөөрсөн” гэх шалтгаанаар түүний ажлын байраа орхиж амрахаар явсан үйл баримтыг “ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан гэж дотоодын шалгалтаар дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль болон шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймд тухайн зөрчлийн хэр хэмжээ, үр дагавар,  улсын байцаагчийн дүгнэлт,хохирол учирсан байдал зэргээс дүгнэвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.Шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж   ажилтан С.*******ыг урьд эрхэлж байсан ******* аймаг дахь   Булган сум дахь сум дундын *******гийн хэлтсийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцнэ.

Давж заалдах шатны шүүх ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон тул түүний   ажилгүй байсан хугацаа, уг хугацаанд олгох нөхөх олговрын хэмжээг дараах үндэслэлээр тооцов. Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн 2019 оны 6 дугаар сарын 04-ны өдрөөс маргааныг   хянан шийдвэрлэх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 2 жил 6 сар 8  ажлын хоног ажилгүй байжээ.

Ажилтанд ажилгүй байсан хугацааны нөхөх олговрын хэмжээг нийгмийн даатгалын дэвтэрт дэх бичилтийг  үндэслэн 2019 оны 3, 4, 5 дугаар саруудын  цалин хөлсний дунджаар тооцвол, нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ (582331+485276+485276):3=517628 төгрөг, нэг өдрийн ажлын хөлс 517628:21.5=24075 төгрөг байх бөгөөд олговрын нийт хэмжээ (517628х3+24075х8)=15528840+192600=15.721.440 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж  нэхэмжлэгч С.*******д олгож,Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 15.721.440 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэлийн хураамж төлсөн тухай бичилт хийхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан ******* аймгийн *******гийн  газрын санхүүгээс 306757 (236557+70200) төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хүлээн авч  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хуульд зааснаар  нэхэмжлэгчийн төлөөлөгч нь  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан  ******* аймгийн *******гийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/36 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.*******ыг ******* аймаг дахь  Булган сум дахь сум дундын *******гийн хэлтсийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15.721.440 /арван таван сая долоон зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийг ******* аймгийн *******гийн газрын санхүүгээс гаргуулж С.*******д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ******* аймгийн *******гийн газарт даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан ******* аймгийн *******гийн  газрын санхүүгээс 306757  төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

              

                                        ШҮҮГЧИД                                       Д.КӨБЕШ

  

                                                                                                Н.ТУЯА