2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/00897

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 31

191/ШШ2025/00897

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт байрлах Г******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, *******, хаягт байрлах, М ХХК /РД:/-д холбогдох,

 

Нийт 19 081 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул.

   

Гэрээний үүрэгт нийт 19 081 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Г******* ХКХ нь Т ХХК-тай байгуулсан Катеринг үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ-ний дагуу Таван толгойтүлш ХХК-ийн Зүүн үйлдвэрийн ажилчдын өглөө, өдөр, орой, шөнийн хоолыг бэлтгэж өөрийн зоогийн газраар дамжуулан үйлчилдэг.

2022 оны 09 дүгээр сард тус үйлдвэрт туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан М ХХК-ийн захирал Б.Лгийн хүсэлтийн дагуу /амаар/ Т ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж байгаа тус компанийн өдөр, шөнийн ээлжийн ажилчдад өдрийн 4 удаагийн хоолыг бэлтгэж өөрийн зоогийн газраар үйлчлэх, М ХХК нь тохиролцсоны дагуу төлбөрийг сар бүр төлж байхаар харилцан тохиролцож хамтран ажиллаж эхэлсэн.

Хамтран ажиллахаар харилцан тохиролцсны дагуу манай компани нь М ХХК-ийн ажилчдыг хооллож өөрийн хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ирсэн боловч М катеринг үйлчилгээ авсны буюу ажилчдын хоолны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул энэхүү 19 081 700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Г******* ХХК нь хариуцагчаас ажилчдын хоолны үнэ 19 081 700 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн ба шүүх хуралдааны явцад бид сайн дурын үндсэн дээр хөндлөнгийн ямар нэгэн дарамт, шахалтгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрэн хэлэлцсэн тул бидний эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Бид нэхэмжлэлийн шаардлага 19 081 700 төгрөгөөс 4 081 700 төгрөгийг татгалзсан, 15 000 000 хариуцагч нь 2025.03.01-нээс 2026.06.01-ний хооронд сар бүр 1 000 000 төгрөгөөр төлөхөөр торхиролцон эвлэрэн хэлэлцсэн. Бид хуульд заасан эрх үүрэг, үр дагаврыг ойлгосон. Цаашид энэ асуудлаар ямар нэгэн маргаан, гомдол санал байхгүй гэв.

3.Хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй бид нар шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан учраас энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй ярилцаад бид нэхэмжлэлийн шаардлагын 15 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч гэрээг байгуулсан. Энэ төлбөрийг 2025.03.01-нээс 2025.06.01-ний хооронд сард 1 000 000 төгрөгөөр төлж байхаар тохиролцсон. Бид сайн дурын үндсэн дээр, өөр ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хоорондоо ярилцан эвлэрэн хэлэлцсэн болно. Хуульд заасан эрх үүрэг, үр дагаврыг ойлгосон. Цаашид энэ асуудлаар ямар нэгэн маргаан, гомдол санал байхгүй. гэв.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд М ХХК-д холбогдуулан гаргасан 19 081 700 төгрөг гаргуулах тухай Г******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт талууд дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд:

1.Г******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 4 081 700 төгрөгөөс татгалзаж, 15 000 000 төгрөгөөр тохиролцов.

2. М ХХК гэрээний төлбөр хассан дүнгээр буюу үлдэх шаардлага болох 15 000 000 төгрөгөөр 2025.03.01-нээс 2025.06.01-ний өдөр хүртэл сар бүр 1 000 000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохирцов.

3.Энэхүү гэрээг хэн нэгний дарамт шахалтаар үйлдээгүй болно. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Г******* ХХК-ийн 2023.03.27-ны өдрийн 22/2023 тоот нэхэмжлэх, Т ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт ажилласан М ХХК-ийн ажилчдын хоолны тооцоо, М ХХК-ийн 2022.10.01-нээс 2023.02.28-ны өдрийн Зоогийн газрын үйлчилгээний тайлан, Т ХХК, М ХХК нарын хооронд байгуулсан 2022.10.06-ны өдөр байгуулагдсан ТүГ/2022/41 дугаартай Дугуйт ачигч түрээслэх тухай гэрээ, 2022.09.22-ны өдрийн ТГ/2022/31 дугаартай Түрээсийн гэрээ, 2022.09.21-нээс 2023.02.19-нийг дуусталх хугацааны М ХХК-ийн ажилчдын өдөр, орой, шөнийн хоолоор үйлчлүүлсэн тухай тооцооны баримт зэргийг, хариуцагчаас нотлох баримтаар, итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М ХХК-ийн компанийн дүрэм зэргийг тус тус шүүхэд гаргасан.

 

6.Тус шүүхийн шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.07.23-ны өдрийн 4/9466 дугаартай албан бичгээр ирүүлсэн М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2024.01.09-ний өдрийн Б.Л, Н.М нарын хооронд байгуулагдсан бүртгэлийн 0059 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 0058 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /компанийн хувьцаа/, Т ХХК-иас 2024.08.26-ны өдрийн 10/1941 дугаартай албан бичгээр ирүүлсэн М ХХК-тай байгуулсан машин механизм техникийн ажлын гүйцэтгэл баримт, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2024.1.18-ны өдрийн 5/2657 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр М ХХК-ийн 2022.04-2023.4 сарын ТТ-02-Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан зэрэг баримтууд хэрэгт хавсаргагдсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан, гэрээний үүрэгт нийт 19 081 700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын талаар хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч тал нь нэхэмжлэл болох 19 081 700 төгрөгөөс 4 081 700 төгрөгийн шаардлагаас татгалзан, хариуцагч тал нь үлдэх 15 000 000 төгрөгийг 2025.03.01-нээс 2026.06.01-ний өдрийн дотор сар бүр 1 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдсон.

Зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, зохигчдын болон гувравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г******* ХХК-ийн, хариуцагч М ХХК-д ходбогдох 19 081 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас 4 081 700 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал нь үлдэх 15 000 000 төгрөгийг 2025.03.01-нээс 2026.06.01-нийг хүртэл хугацаанд сар бүр 1 000 000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4.-д зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА