Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 47

 

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, шүүгч Л.Түвшинжаргал, шүүгч Ц.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

            Иргэдийн төлөөлөгч Б.Ариунжаргал

            Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

            Улсын яллагч Э.Тулгаа, шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бургууд овогт Гантулгын Нямтулгад холбогдох эрүүгийн 201621010018 тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 03 сарын 12-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, ам бүл 3 /ээж дүүгийн хамт/ Х аймгийн Ж-т сумын Р багийн  дугаар гудамжны  тоотод оршин суух, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 09 сарын 30-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 30-ны өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.1.3-д зааснаар 1 жил, 1 сар, 10 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, мөн Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 сарын 25-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан урьд тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 01 сар, 10 хоногийн хорих ялаас 1 /нэг/ сарын хорих ялыг энэ тогтоолоор 2 /хоёр/ сарын баривчлах ял дээр нэмж нэгтгэн 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б овогт Г-ын Н.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

             Ховд аймгийн М сумын У багийн иргэн Ч.Б-ыг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 02 сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд хуурч мэхлэх аргаар залилан 1310.000 /нэг сая гурван зуун арван мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

            Шүүгдэгч Г.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Мөст сумын иргэн Ч.Б гэдэг хүнд худлаа хэлж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирол төлж барагдуулна.

            ...Би Ч.Б аас 150.000, 200.000 аар хоёр удаа мөнгө авсан. Үүнийг төлнө. Мөн өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

            Түүний мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын дундуур би Ховд аймгийн төвд байсан юм. Гэтэл Б  гэх хүн манайд ирээд намайг Мөст сумын төврүү авч явсан. Тухайн үед Б , Г, түүний эхнэр Ц нарын хамт ирсэн. Би өөрийн дүү болох Ундраагийн хамтаар Мөст суманд Б ын гэрт очиж шашны зорилгоор үйл хийх гэж 1 сар гаруй хугацаа болсон. Б  манай ээжийн талын төрөл байсан. Тэгээд намайг удмаас бөө буюу сахиустай болсон гэдгийг дуулаад манай ээжрүү холбогдож ирсэн. ...Манай удмын бурхан шүтээн судрыг олж авах гэж би 2-3 удаа хөдөө явсан. Тэгээд олж чадалгүй ирсэн тул ээждээ хэлэхээс санаа зовоод цүнхэндээ мотоциклийн аккумлятор хийж ирээд олсон гэж хэлсэн байсан. Гэтэл Б  гэдэг хүн тэрийг мэдээд манайд ирсэн байсан тухайн үед олж чадаагүй гэж хэлж чадалгүй тэдний гэрт нь очиж байх хугацаандаа би тухайн эд зүйлээ хайж онгод сахиусаа буулгаж байсан. Тэгээд тухайн цүнхэнд байсан эд зүйлийг бурхан биш гэдгийг мэдээд надад гомдол гаргасан байх. Б ын гэрт тавьсан боодолтой зүйл нь аккумлятор байсан юм...” гэх мэдүүлэг /хх-57-58х/

            Хохирогч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2015 оны 12 сарын хорин хэдний үеэр иргэн Бөхчулуун гэх хүн миний дугаар луу холбогдоод танай удмын хувилгаан хүний эдэлж хэрэглэж байсан бурхан шүтээнийг А  сумын Арал гэх газраас олоод Ховд аймагт авч ирсэн байна. Чи нэг очоод үзээдхээ гээд Г.Н-ын ээж Чулуунхүүгийн дугаарыг өгөхөөр нь дугаарыг тэмдэглэж аваад 2016 оны 12 сарын үеэр хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Залгаад ярихад би шинэ жилээ тэмдэглэж байна дараа ярья гээд тасалсан. Тэгээд удалгүй Г.Н надруу залгаад танай удмын бурхан шүтээн задрах гэж байна. Та Ховд аймагт хүрээд ирээ эсхүл Ховд аймагт байдаг хамаатан садны хүнээ явуулчих гэхээр нь би тухайн үед очуулчих хүн байхгүй байсан болохоор би өөрөө байж байгаад 2016 оны 01 сарын 04-ний өдөр Мөст сумын төвөөс төрөх гэж байсан өвчтэй эх аваад Ховд аймгийн амаржих газарт хүргэж өгчихөөд Г.Н тай утсаар холбогдоод ирчихсэн байна гэхэд надад гэрээ зааж өгөхөөр нь 36 айлын байрны доод талд дээрээсээ 2 дахь хашаанд гэрт нь очиход бөө Г.Н нь онгодоо буулгачихсан байсан. Тэгээд би мэндлээд за нөгөө олж авсан гэх зүйлийг би авах ёстой юу өөр хүнд өгч болдоггүй юм уу? гэхэд очих ёстой хүнд очих ёстой гэхээр нь би за тэгвэл надад өгөх зүйлээ өгчих гэхэд тэгж болдоггүй юм албан ёсоор өгнө гэсэн. Тэгээд намайг маргааш ирээд аваад яв гэхээр нь  би маргааш өглөө нь тухайн айлдаа буцаж ирээд олсон гэх эд зүйлийг нь Г.Н , түүний дүү Ундармаа нарын хамт аваад Мөст сумын төвд ирээд манай авдар дээр тавьсан. Тэгээд манайд байх хугацаандаа онгод сахиус буух гэж байна гээд өдөрт 3-4 удаа буудаг байсан. Тэгээд гадуур айлуудаар байж байгаад манай сумаас 2016 оны 02 сарын 12-нд Улаанбаатар хотруу надтай яваад 2016 оны 02 сарын 14-19-ний өдрүүдэд холбоотой байж байгаад холбоо барихгүй алга болчихсон юм. Тэгээд бид нар Ховд аймгийн Мөст сумын төвд 2016 оны 02 сарын 25-ны шөнө ирээд цагдаад хандаж тухайн хэргийн талаар хэлэх гэхэд байхгүй хөдөө ажлаар явсан байсан тул 2016 оны 02 сарын 28-нд сумын хэсгийн төлөөлөгчид хэлж дээрх эд зүйлийг задалж үзсэн. Задалж үзэхэд дотроос нь тухайн эд зүйлийг ороосон цэнхэр өнгийн дээл дотор нь цэнхэр торго, цэрэг ногоон үүргэвч цүнх, дөрвөлжин дэвтрийн цаасан дээр хүний болон газрын нэр бичсэн цаас, цагаан өнгийн гялгар уутан дотор мотоциклийн аккумлятор 1 ширхэг, хөгжирсөн үхрийн аргал, 500 гр уутанд хөх тариа хийсэн, аман хуур зэрэг байсан. Би Г.Н д хэсэг хэсэгээр цувуулж 960.000 төгрөг өгсөн. Харин бензинд 150.000 төгрөг, дизель түлшинд 400.000 төгрөг, Улаанбаатар хотруу явахдаа Г.Н-ын хагас зардал 35000 төгрөг, миний өөрийн Улаанбаатар хотруу ирж очсон зардал нийлээд 155.000 төгрөг, бөөгийн хоол ундаалагт нийт 1.021.100 төгрөг, Г.Н д зээлж өгсөн 350.000 төгрөг, машины статерний үнэ 300.000, урд кирло, диск хоёрын үнэ нийлээд 500.000 төгрөг, зулын тосонд 157500 төгрөг, ээж, дүү хоёрт нь 40.000, нийт 4.068.600 төгрөгний хохирол учруулсан. Дээрх хохирол мөнгийг гаргуулаад өгчих юм бол надад гомдол санал байхгүй ...” гэжээ.

            Гэрч Галбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ховд руу яваад орой Ч.Б ах бөө буюу Г.Н-ын гэрт нь хүргүүлсэн. Г.Н-ын гэрт ороход Г.Н-ын эмэг ээж, өөрийн ээж, эмэгтэй дүү нар байсан. Бөө буюу Г.Н Ч.Б ахтай юм яриад байсан. Тэгээд Г.Н маргааш өглөө 11 цаг гээд ир гэж хэлсэн маргааш өглөө Ч.Б ах бид 2 очсон. Тэгтэл Г.Н одоо танай сум руу явж танай ахын эдэлж байсан судар бурхан шүтээн задалж өгнө гээд цэнхэр өнгийн зүйлээр боосон зүйл аваад эмэгтэй дүүтэйгээ хамт суусан. Суманд ирээд Ч.Б ын гэрт ороод боодолтой зүйлээ авдар дээр тавьсан. Манайд 3 хоног байж байхдаа эхнэрийг үзэж барьж байсан. Хэд хоногийн дараа эмэгтэй дүүг нь аймаг оруулж өгчихөөд эмэг ээж, өөрийн ээж хоёрыг нь аймгаас авчирсан. Яагаад боодолтой зүйлээ задлахгүй байгаа юм бэ? гэж асуухад танайх өртэй байна өргүй болохоор нь задлана гэж хэлж байсан. Байх хугацаандаа шөнө оройгоор гадуур явж Ч.Б ахын машиныг унаж байгаад эвдсэн байсан ...” гэх мэдүүлэг,

            Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө бөө буюу Г.Н манайд орж ирсэн. Манайд сууж байгаад та хэдэн жилийн өмнө хээрийн ан буудсан байна тэр ан чинь цусаа гоожуулаад булаг шанд догшруулж тэрнээс болж танай гал голомт догширсон байна гэж хэлээд манайд засал хийж өгсөн. Бөө буюу Г.Н , Ч.Б , Б.Галбаяр 2-ын гэрээр байдаг байсан. Намайг залилсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг,

            Гэрч Э.М-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бөө болох Г.Н тай анх танилцсан. Манайд орж ирээд аав, ээж 2-ыг үзээд танай гал голомт чинь догширсон байна гэж хэлээд манайд засал хийж өгсөн. Би Б  ахынд орж гардаг байсан тэгээд шинийн 2-нд ирээд хот руу явцгаая гээд Г.Н , Ч.Б , Б.Г, М.Б бид нар хот руу явсан. Хотод очоод Г.Н залилан хийж явдгыг мэдсэн. Надад гомдол санал байхгүй би хуурч мэхлүүлсэн асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг,

            Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 12 цагийн үед гэртэй байж байхад Нямаа миний дугаар луу манай байсан бурхан сударыг задлах гэж байна та ирээд хөндлөнгөөс хараад өгөөч гэхээр нь Мөст сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Т.М-ын өрөөнд тухайн бурхан шүтээн байгаа гэсэн боолттой зүйлийг задалхад нь тухайн эд зүйлийг хөндлөнгөөс харсан юм тухайн зүйлийг задлахад дотроос нь тухайн эд зүйлийг ороочихсон цэнхэр өнгийн дээлийг задлахад, цэрэг ногоон цүнх, дөрвөлжин дэвтрийн цаасан дээр хүний нэр, газрын нэр биччихсэн байсан. Цагаан өнгийн гялгар уутан мотоциклын аккумлятор 1 ширхэг, хөгжирчихсөн үхрийн аргал, 500 гр уутанд хөх тариа хийчихсэн, аман хуур /амандаа хийчихээд татаж авиа гаргадаг/  2 ширхэг хос оймс, байсан өөр юу байсныг сайн санахгүй байна. Дээрх эд зүйлийг гаргаж ирэхэд нь хэсгийн төлөөлөгч Т.Мөнхцоож бичиж тэмдэглэж авсан ...” гэх мэдүүлэг,

            Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 02 сарын 28-ний өдөр 11 цагийн үед гэртэй байж байхад миний дугаар луу Б.Н залгаад манайд байсан бөө хуурамч юм шиг байна тэгээд манай гэрт авч ирсэн зүйлийг нь задлаж үзэх гэсэн юм аа чи хүрээд ирээч гэхээр нь Мөст сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Т.Мөнхцоожийн өрөөнд тухайн бурхан шүтээн байгаа гэсэн боолттой зүйлийг задлахад нь ирж хөндлөнгөөс харсан юм тухайн зүйлийг задлахад цэрэг ногоон цүнх, дөрвөлжин дэвтрийн цаасан дээр хүний нэр, газрын нэр биччихсэн байсан. Цагаан өнгийн гялгар уутан мотоциклын аккумлятор 1 ширхэг, хөгжирчихсөн үхрийн аргал, 500 гр уутанд хөх тариа хийчихёэн, аман хуур /амандаа хийчихээд татаж авиа гаргадаг/  2 ширхэг хос оймс, байсан өөр юу байсныг сайн санахгүй байна. Дээрх эд зүйлийг гарч ирэхэд нь хэсгийн төлөөлөгч Т.Мөнхцоож бичиж тэмдэглэж авсан ...” гэх мэдүүлэг,

            Гэрч М.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 12 дугаар сарын хэдний өдөр байсныг сайн санахгүй байна үдээс хойш гэртэй байж байтал гадна нэг хүн дуудаад тантай уулзах гэсэн юм аа гэхээр нь очоод уулзтал үл таних залуу өөрийгөө Г.Н гэж танилцуулаад та намайг хуучин А  сумын Арал гэх нэртэй газар байх манай эгч Болор-Эрдэнийд хүргээд өгөөч гэхээр нь би за тэгье гээд өөрийн автомашинаа асаагаад тухайн газар очоод тэр айлдаа хоол цай хийлгэж идээд байж байтал Г.Н би ганцаараа гараад ирье гээд гэрээс гарч яваад 20-30 минутын дараа гэрт орж ирээд би хайсан зүйлээ олчихлоо миний ажил бүтлээ гээд Монгол хар өнгийн дээл шиг санагдаж байна өнгийг нь сайн санахгүй байна нөгөө олсон гэх зүйлээ дээлээрээ ороож байгаад аваад машинд суугаад буцаад шинэ А суманд ирээд нэг айлд буугаад хоцорсон би дахиж уулзаагүй. Ямар эд зүйл олсныг нь би мэдээгүй бид нарт үзүүлээгүй...” гэх мэдүүлэг

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл , хураан авах тогтоол

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  зэргийг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамаарА  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Г.Н нь Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 96/52 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 19 хоногийн баривчлах ялаас өршөөн хэлтрүүлсэн байна.

Энэ байдал нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар энэ гэмт хэргийг урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байх тул прокуророос /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл болгон өөрчлөн зүйлчилж, яллаж байгаа нь үндэслэлтэй байх тул Г.Н д тухайн зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Г.Н нь Ховд аймгийн Мөст сумын нутагт 2016 оны 01 дүгээр сарын 05-наас 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Ч.Б ыг хууран мэхлэж шашны зан үйлийн талаар төөрөгдүүлж эд зүйлс мөнгө авах байдлаар хуурч мэхлэх аргаар залилан авах гэмт хэрэг үйлдсэн болох нь ...шүүгдэгч Г.Н-ын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн ...Би өөрийн дүү болох Ундраагийн хамтаар Мөст суманд Б ын гэрт очиж шашны зорилгоор үйл хийх гэж 1 сар гаруй хугацаа болсон. Энэ хугацаанд хэрэглэсэн сүү, дарс, тамхи, машины түлш, машины эвдрэлд зарцуулсан мөнгийг надаас нэхэмжилж байгаа “...Манай удмын бурхан шүтээн сударыг олж авах гэж би 2-3 удаа хөдөө явсан.Тэгээд олж чадалгүй ирээд ээждээ хэлэхээс санаа зовоод цүнхэндээ мотоциклийн акумлятор хийж ирээд олсон гэж хэлсэн. Ч.Б ын гэрт тавьсан боодолтой зүйл нь акумлятор байсан” гэх мэдүүлэг, гэрч Галбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгтэл Г.Н одоо танай сум  руу явж танай ахын эдэлж байсан судар бурхан шүтээн задалж өгнө гээд цэнхэр өнгийн зүйлээр боосон зүйл аваад суусан”, “...Яагаад боодолтой зүйлээ задлахгүй байгаа юм бэ гэж асуухад танайх өртэй байна өргүй болохоор задлана гэж хэлж байсан. Байх хугацаандаа шөнө оройгоор явж Ч.Б ахын машиныг унаж байгаад эвдсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Э ын мөрдөн байцаалтад өгсөн “...Бөө буюу Г.Н нь Ч.Б , Б.Галбаяр 2-ын гэрээр байдаг байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Баасандоржийн: “...Тухайн бурхан шүтээн гэсэн боодолтой зүйлийг задлахад  эд зүйлийг ороочихсон цэнхэр өнгийн дээлийг задлахад цэрэг, ногоон цүнх, дөрвөлжин дэвтрийн  цаасан дээр бичсэн бичигтэй цаас, хадаг, хөх тариа зэрэг эд зүйл байсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Н-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

            Хохирогч Ч.Б нь шүүгдэгчээс хохиролд 4.068.600 төгрөг нэхэмжилснээс бодит хохирол болох зээлээр авсан нийт 350,000 төгрөг, өмгөөллийн хөлс 700.000 төгрөгийг шүүгдэгч төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгчээс хохиролд 1.050.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Б д олгож, бусад хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурьдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 29 хуудастай бор өнгийн дөрвөлжин тэмдэглэлийн дэвтрийг хохирогч Ч.Б д буцаан олгож, цэнхэр өнгийн дээл, цэнхэр өнгийн торго, цэрэг ногоон өнгийн үүргэвчтэй цүнх, хүний нэр бичсэн дөрвөлжин дэвтрийн цаас, мотоциклийн акумлятор, үхрийн аргал, 500г хөх тариа, аман хуур, бор өнгийн гүрсэн даавуу 6 ширхэг, хадганд боосон эд зүйл, бор цоохор өнгийн олбог, бор өнгийн цахилгаантай цүнх, 19 өнгийн хадаг, дун, төмөр хонх, уяагаар холбосон дугуй хэлбэртэй төмөр 2 ширхэг, шүр 19 ширхэг, цагаан өнгийн төмөр аяга, хүрэн өнгийн төмөр аяга, төмөр бугуйвч, малын шагай 5 ширхэг, шар өнгийн төмөр хонх, хас модон хутга, төмөр 6 ширхэг, 4 ширхэг тамхи, мод 3 ширхэг, гутал 1 хос, зулын цөгц 8ш, 3ш бор өнгийн аяга, гар утас, хүрэн өнгийн уут могой хэлбэртэй хуванцар эд зүйл зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж, түүнд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас Б овогт Г-ын Н-д /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг /2015 оны/ Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

            2. Шүүгдэгч Б овогт Г-ын Нямтулгыг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

            3. /2015 оны/ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Н д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

            4. Шүүгдэгч Н.Н-д хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            5. Тэнссэн хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурьдсугай.

            6. Шүүгдэгч Г.Н нь нийт 407 /дөрвөн зуун долоон/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

            7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн тэмдэглэлийн дэвтэрийг хохирогч Ч.Б д олгож, хар өнгийн дээл, цэнхэр өнгийн торго, цэрэг ногоон өнгийн үүргэвчтэй цүнх, хүний нэр бичсэн дөрвөлжин дэвтрийн цаас, мотоциклийн акумлятор, үхрийн аргал, 500г хөх тариа,аман хуур, бор өнгийн гүрсэн даавуу 6 ширхэг,хадганд боосон эд зүйл, бор цоохор өнгийн олбог, бор өнгийн цахилгаантай цүнх, 19 өнгийн хадаг, дун, төмөр хонх, уяагаар холбосон дугуй хэлбэртэй төмөр 2 ширхэг,шүр 19 ширхэг, цагаан өнгийн төмөр аяга, хүрэн өнгийн төмөр аяга,төмөр бугуйвч, малын шагай 5 ширхэг,шар өнгийн төмөр хонх, хас модон хутга, төмөр 6 ширхэг, 4 ширхэг тамхи, мод 3 ширхэг, гутал 1 хос, зулын цөгц 8ш, 3ш бор өнгийн аяга, гар утас, хүрэн өнгийн уут могой хэлбэртэй хуванцар эд зүйлийг устгасугай.

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Н ас 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Б д олгож, бусад хохиролоо нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

            10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.