2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/00828

 

 

 

 

 

 

 

 

2025 01 29

191/ШШ2025/00828

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, О******* овогт С*******гийн Б******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, , , хаягт оршин суух, Т овогт Аийн Н /РД:/-т холбогдох,

Гэрээний үүрэгт 24 197 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.В,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Б*******оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: С.Б*******, А.Н нар нь 2023.01.25-нд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан нөхцөлөөр зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ хийж, нийт 31 000 000 төгрөгийн үнэтэй бууз, баншны тоног төхөөрөмж, Toyota Higet маркийн автомашин /амьжиргаа цагаан/, бусад эд материалыг А.Нт шилжүүлэн өгсөн. 10 хувь буюу 3 100 000 төгрөгийг гэрээ хийх үедээ аваад, бусад үлдсэн 27 900 000 төгрөгийг 2023.02.25-ны дотор буюу 1 сарын дотор төлөхөөр, хэрэв төлж дуусахгүй сар тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 2,9 хувийн хүүг төлөхөөр, алданги тооцохоор гэрээнд тусгасан. Талууд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1.,195.2.-д заасан нөхцөлийг харилцан тохиролцсон, гэрээ хүчин төгөлдөр болсон.

Гэрээ байгуулснаас хойш хариуцагч нь 2023.02.21-нд дансаар 500 000 төгрөг шилжүүлсэн, 2023.03.10-нд 5 000 000 төгрөг төлсөн. Мөн гэрээ хийхдээ өгсөн байсан 6 000 000 төгрөгийн үнэтэй 40-15 УБЗ дугаартай, Toyota Higet маркийн автомашиныг буцааж авсан. Үүнээс хойш А.Н нь ямар нэгэн төлөлт хийгээгүй алга болсон. Бид анх үлдэгдэл үнэ 17 400 000 төгрөг, түүний хүүд 6 307 500 төгрөг, мөн машиныг буцааж авсны дараа түүнд эд анги сольж хийсэн зардалд 490 000 төгрөг нийт 24 197 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байсан. Одоо бид хуульд нийцүүлэн багасгаж тоног төхөөрөмж, эд зүйл худалдсаны үлдэгдэл үнэ болон хүүд 17 194 600 төгрөг, засварлаж солиулсан эд ангийн үнэ 490 000 төгрөг нийлээд 17 684 600 төгрөг болж байгаа. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагаас 490 000 төгрөгийн шаардлага нь ямар нэгэн баримтгүй учир уг хэсгээс татгалзаж, 17 194 600 төгрөг нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1., 222 дугаар зүйлийн 222.1., 222.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн учир гэрээнд зааснаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д зааснаар үнэ 27 400 000 төгрөгөөс сард 2,9 хувийн хүү буюу торгуульд хугацаа хэтрүүлсэн 12 сар 15 хоногт тооцон шаардах эрхтэй.

Хариуцагчийн тайлбарт бодит байдалд нийцээгүй худлаа тайлбар их байна. Худалдсан зүйлийн үнэ 31 000 000 төгрөгөөс 3 100 000 төгрөг төлснөөр гэрээнд бичсэн боловч бодитоор 1 600 000 төгрөг нэхэмжлэгчид өгөөгүй байдаг, гэвч үүнийг нэхэмжлэгч төлснөөр л тооцсон байгаа.

Бид 27 400 000 төгрөгөөс зөвхөн 1 сарын хүүд 794 600 төгрөг болсныг 27 400 000 төгрөг дээр нэмсэн, 28 194 600 төгрөг болсон, үүнээс хариуцагчийн төлсөн 5 000 000 төгрөг, машины үнэ 6 000 000 төгрөгийг тус тус хасахад 17 194 600 төгрөг үлдэх бөгөөд нэхэмжлэл 24 197 500 төгрөгөөс 17 194 600 төгрөгийг хасахад 6 512 900 төгрөгөөр багасгаж, 490 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. гэв.

 

2.Хариуцагч А.Нээс шүүхэд гаргасан тайлбартаа: 2023.01.25-нд С.Б******* ахтай Амгаланд уулзаад Саппорад түрээсийн байранд нь байрлалтай бууз баншны цех худалдаж авсан нь үнэн. Анх цехээ худалдахдаа 200 гаруй дэлгүүрт бууз, баншаа нийлүүлдэг, бэлэн явж байгаа бизнес, ажилчид, хүртэлтийн жолооч бэлэн, бүх тоног төхөөрөмж байгаа гэж 25 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцон гэрээ хийсэн. Уг 25 000 000 төгрөгийн худалдан авалтанд амьжиргаа цагаа машин 1 ш 6 000 000 төгрөгөөр, 800 литрийн хуучин хөлдөөгч 2 ш, 400 литрийн хөлбөөгч 1 ш, ашигладаггүй орос махны машин 1 ш, баншны машин 1 ш, хуучин гурил зуурагч 1 ш, хуучин гурил элдэгч 2 ш /1 нь эвдэрсэн/, хөргүүрийн камер 1 ш, бууз хөлдөөх поднос 60 ш, түмпэн 3 ш, хуучин элдүүр 4 ш, хуучин хутга, заазуур 5 ш бөгөөд дээр нь 150-200 бэлэн гэрээт дэлгүүр байгаа гэсэн ханшаар авсан. Миний бие анх авахдаа 1 500 000 төгрөг, дараа нь 1 600 000 төгрөг өгч 22 000 000 төгрөгийг нь хувааж төлөхөөр гэрээлсэн.

Ингээд хоорондоо тохиролцон гэрээ дууссан байсан ч бие биенээ хүндэтгэн ойлгож, ажиллах хүч байхгүй, борлуулалт хийх 10-20 дэлгүүр л байсан, 150-200 дэлгүүр байгаагүй, орлого муу байсан бөгөөд үүнийг тухай бүрт нь хэлж ярьж, эхнэрт нь хүртэл цалин өгч ажиллуулж байсан.

2023.06.11-ний өдөр миний бие гэрт нь очиж бэлнээр 2 удаа 5 000 000 төгрөг өгч, мөн амьжиргаа цагаан машиныг нь буцаан өгсөн. Тухайн үед 6 000 000 төгрөгөөр тооцсон байсан. Ингээд 25 000 000 төгрөгөөс 6 000 000 төгрөг, 3 100 000 төгрөг, 5 000 000 төгрөг тус тус төлөөд одоо 11 000 000 төгрөг төлөхөөр бодож байгаа. Миний бие сүүлдээ ажилтан байхгүй, нийлүүлдэг дэлгүүр бага байсан тул бууз баншны цехээ 5 сарын дараа тоног төхөөрөмжөөс нь салгаж зарсан. Гэвч авсан үнийнхээ хаана нь ч хүрээгүй.Мөн анх авахад надад 7 хоног бүрт Зүүн хараад бүх дэлгүүрт нь нийлүүлдэг гэж байсан боловч1 удаа ч тийшээ явах борлуулалт гарч байгаагүй. Эхнэр Д нь ч үүнийг мэднэ. Иймд миний бие өнөөдрийн байдлаар эрүүгийн хариуцлага үүрч 10 000 000 төгрөгийн торгуулийн ял болон бусад шүүхийн шийдвэрээр өр төлбөр ихтэй байгаа тул үлдэгдэл 11 000 000 төгрөгийг...төлөх бодолтой байна. С.Б******* ахын хувьд, миний бие тухайн үед 3 хүүхдээ ганцаараа тэжээн ажил хийж байгаа, амьдралын хувьд хүнд байдалтай талаараа тухайн үед илэрхийлж байсан...Шаардлагатай гэвэл миний худалдан авсан цехийн зураг, тоног төхөөрөмжийн элэгдэл зэрэг бүх зүйлс нь байгаа, үнэлгээ хийлгээд ч 25 000 000 төгрөг хүрэхгүй. Энэ цехийг авсан гол шалтгаан бол 200 дэлгүүрт байнга нийлүүлэлт хийдэг гэсэн энэ дата дээр тулгуурлаж тус цехийн үнэ цэнэтэй гэж бодож авсан. Иймд нэхэмжилсэн хүү, алдангийг хүлээн зөвшөөрч чадахгүй, анхны үлдэгдэл 11 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөх болно... гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3-р хэлтсийн 2024.06.11-ний өдрийн албан бичиг, 2023.01.25-ны өдрийн С.Б******* болон А.Н нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2024.04.10-ны өдрийн 1926 дугаар шийдвэр, С.Б*******ын эзэмшлийн ХААН банк ХК дахь дугаартай дансны хуулбар /хх-ийн 4-14/ зэргийг гаргасан бөгөөд хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаагүй болно.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч А.Нт холбогдуулан, худалдсан эд зүйлсийн үнэ болон хүү, зардалд нийт 24 197 500 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүх хуралдааны явцад 490 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 6 512 900 төгрөгөөр шаардлагаа багасгасан.

 

Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч С.Б*******оос нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, С.Б*******, А.Н нар нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан нөхцөлөөр тохирч зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ хийж, нийт 31 000 000 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж, эд зүйлсийг А.Нт шилжүүлэн өгсөн, түүний үнээс гэрээнд заасан 3 100 000 төгрөг, гэрээний хугацаанд төлсөн 500 000 төгрөг зэргийг хасч 27 400 000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй тул сар бүрт гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 2,9 хувийн хүүг төлөхөөр тохиролцсоны дагуу 2023.02.25-наас хойш 1 сарын хүүд 794 600 төгрөг тооцож, 27 400 000 төгрөг дээр нэмж 28 194 600 төгрөг болсон, үүнээс хариуцагчийн төлсөн 5 000 000 төгрөг, машины үнэ 6 000 000 төгрөгийг тус тус хасахад 17 194 600 төгрөг үлдсэн, үүнийг хариуцагч төлөх үүрэгтэй, хуульд нийцүүлэн нэхэмжлэлээ 6 512 900 төгрөгөөр багасгаж, 490 000 төгрөгийн шаардлагаас татгалзсан гэж тайлбарласан.

2.Хариуцагч А.Н нь дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч, худалдан авсан бууз, баншны тоног төхөөрөмжийг 25 000 000 төгрөгөөр тохирсон, үүнээс 3 100 000 төгрөг, 5 000 000 төгрөг, 6 000 000 төгрөгийн үнэтэй автомашиныг буцааж өгсөн, үлдэх 11 000 000 төгрөгийг төлнө, нэхэмжилсэн хүү, алдангийг төлөхгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

3.1. Нэхэмжлэгч С.Б*******, хариуцагч А.Н нар харилцан тохиролцож, бууз баншны зориулалттай хөргөх камер 1 ширхэг мотор 1 ширхэг, хөргөгч 3 ширхэг, гурил зуурагч 1 ширхэг, буузны гурил элдэгч 1 ширхэг, баншны машин 1 ширхэг, поднос 190 ширхэг, жин 2 ширхэг, Toyota Higet маркийн автомашин болон бусад эд зүйлсийг нийт 31 000 000 төгрөгөөр үнэлэн худалдсан байна.

Энэ нь талуудын хооронд байгуулсан 2023.01.25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, зохигчдын тайлбараар нотлогджээ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдагч нь биет байдлын болон эрхийн зөрчилгүй эд хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, эд хөрөнгийг хүлээн авах үүргийг хүлээсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

3.2.Хэрэгт дээрх худалдах, худалдан авах гэрээний зүйл болох Toyota Higet маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ авагдаагүй байх боловч уг машиныг худалдан авагч буюу А.Нээс худалдагч буюу С.Б******* буцаан авсан талаар, мөн бууз, баншны тоног төхөөрөмж, эд зүйлсийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн тухай баримт авагдаагүй ч уг гэрээнд заасан эд зүйлсийг хариуцагч А.Н хүлээн авсан талаар тус тус зөвшөөрч хэн аль нь маргаагүй байна.

 

4.Талуудын хооронд байгуулагдсан 2023.01.25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-нд ...Тоног төхөөрөмжийн нийт үнэ 31 000 000 төгрөг бөгөөд урьдчилгаа болох 3 100 000 төгрөг, үлдэгдэл болох 27 900 000 төгрөгийг 2023.02.25-ны дотор хүү төлөхгүй төлж дуусгахаар тохиролцов... гэсэн байх бөгөөд үүнээс үзэхэд зохигчид гэрээний хугацааг 1 сараар буюу 2023.02.25-нд дуусахаар тохиролцсон байна.

Хариуцагч А.Н нь худалдан авсан эд зүйлсийн үнэ 31 000 000 төгрөг төлөх үүргийг хүлээж, гэрээ байгуулсан өдөр 3 100 000 төгрөгийг, 2023.02.21-нд 500 000 төгрөгийг 3 600 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа нэхэмжлэгчид төлсөн байна.

Мөн 2023.03.10-нд 2 000 000 төгрөг дансаар, 3 000 000 төгрөг бэлнээр тус тус нэхэмжлэгчид төлж, гэрээний зүйл болох 6 000 000 төгрөгийн үнэтэй 40-15 УБЗ дугаартай, Toyota Higet маркийн автомашиныг нэхэмжэлгчид буцааж өгсөн болох нь зохигчдын тайлбар, С.Б*******ын ХААН банк ХК дахь дугаартай харилцах дансны хуулга зэргээр нотлогдсон.

5.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 263 дугаар зүйлийн 263.1.-д заасан зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ нь худалдан авагчаас эд хөрөнгийн үнийг бэлэн мөнгөөр төлөх төлбөр болон хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, эд хөрөнгийн үнэ болон үнийг тодорхойлох журам зэрэг нөхцөлийг гэрээнд зайлшгүй тусгах зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл, зээлээр худалдах, худалдан авах гэрээний онцлог нь худалдсан эд хөрөнгийн үнийг хэсэгчлэн төлөх, эд хөрөнгийн үнэ дээр гэрээгээр тохиролцсон хүүг нэмж төлөх үүргийг худалдан авагч хүлээдэг.

Талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд уг гэрээ 1 сарын хугацаатай, энэ гэрээний 1 сарын хугацаанд талууд эд хөрөнгийн үнээс хүү тооцохгүй байхаар тохиролцсоноос үзэхэд 2023.01.25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй, 263.1.-д заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгч талын энэ талаарх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.

 

6.Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2023.02.25-наас хойш 27 400 000 төгрөгийн 1 сарын хүүд 2,9 хувиар хүү тооцон нэхэмжилсэн байх бөгөөд талуудын хоорондохь Худалдах, худалдан авах гэрээ-нд ...Үлдэгдэл мөнгийг тохиролцсон хугацаа болох 2023.02.25-ны өдрийг хүртэлх хугацаанд өгөөгүй тохи************** сарын 2,9 хувийн хүү тооцно. Сардаа хүүгийн мөнгөө өгөөгүй тохи************** хүүгийн 3 хувийн алданги тооцно... гэж заасан байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5.-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж, 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус хугацаа хэтрүүлсэн талын хүлээх хариуцлагыг тодорхойлсон.

Зохигчид Худалдах, худалдан авах гэрээ-нд ...сарын 2,9 хувийн хүү тооцно...хүүгийн 3 хувийн алданги тооцно... гэж заасан нь дээрх хуульд заасан гэрээний хугацаа хэтрүүлсэн талын нөгөө талдаа анз /торгууль, алданги/ төлөх хариуцлагын зохицуулалттай нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд үүргээ зөрчсөн тал нөгөө талд гэрээний хугацааг хэтрүүлсний улмаас учирсан хохирлыг төлөх үүргийг хүлээнэ.

Талууд гэрээндээ сарын 2,9 хувийн хүүг ямар хугацаагаар тооцохоор тохиролцсон нь тодорхойгүйн дээр үүнийг гэрээний хугацааг хэтрүүлснээс учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй юм.

 

7.Хариуцагч А.Н нь одоо худалдан авсан эд зүйлсийн үнээс 11 000 000 төгрөгийг төлөх үлдсэн, бусдыг төлсөн гэж тайлбарласан боловч 5 400 000 төгрөгийг худалдагч буюу нэхэмжлэгчид төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул энэ тайлбар татгалзал нь үндэслэлгүй болно.

 

8. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу хариуцагч А.Н нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул худалдан авсан эд хөрөнгийн үнэд 16 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

9.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч А.Нээс 16 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч тал нь хариуцагчаас 490 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

10.Хариуцагч А.Н нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд болон хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааны товыг хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1., 77.2.-т заасны дагуу түүний шүүхэд мэдүүлсэн оршин суугаа газрын хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлснийг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2025.01.29-ний өдрийн 182/ШЗ2024/05520 дугаартай захирамжаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг дурдав.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч С.Б*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 938 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 239 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118.-д заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 222 дугаар зүйлийн 222.5.-д заасныг баримтлан хариуцагч А.Нээс 16 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б*******од олгож, нэхэмжлэлээс 7 307 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б******* нь 490 000 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч С.Б*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 938 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 239 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ   Ж.БАЙГАЛМАА