2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/02608

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 28 191/ШШ2025/02608

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Нын М /РД:/,

 

Нэхэмжлэгч: Цийн О /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Дгийн Д /РД:/,

 

Хариуцагч:  Дгийн С /РД:/,

 

Хариуцагч: ҮХОБХХК /РД: нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10,060,768,326 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:,

Нэхэмжлэгч Н.М, Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Э

Хариуцагч Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж

Хариуцагч Д.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц

Хариуцагч ҮХОБны итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ҮХОБны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Дийн албан ёсны бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу 4,800,000 америк долларыг 2018.06.29-ний өдөр Д.Дийн ҮХОБдахь *** тоот дансанд шилжүүлж зээлсэн. Тус зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авахдаа тохирсон тохиролцоо биелэгдээгүй, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлийн мөнгөн хөрөнгийг буцааж төлөхийг удаа дараа шаардсан боловч одоо болтол төлөгдөөгүй байгаа учир энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд хандаж гаргаж байна.

ҮХОБны хувьцаа эзэмшигч Д.Д нь нэхэмжлэгч Н.Мд 2018.06.08-ны өдөр хандаж тус банканд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллахыг хүссэн албан санал ирүүлсэн. Тус саналтай танилцан, дотны найзууд гэсэн итгэлцлийн үндсэн дээр, мөн Д.Дийн зүгээс маш шаргуу хүсэлт тавьж удаа дараа туслахыг гуйсан тул арга буюу итгэл үзүүлж туслалцаа үзүүлэхээр болсон.

2018.06.29-ний өдөр Н.М миний бие дүү Ц.Од даалгавар өгч, түүгээр дамжуулан өөрийн нэрийн өмнөөс Д.Дид 4,800,000 америк долларын зээлийг олгосон.

Зээлийг олгохдоо зээлийн үндсэн төлбөрийг Монгол банкны зүгээс зарласан бодлогын хүүтэй ижил тэнцүү хэмжээгээр буюу жилийн 11 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон. Мөн зээлийн хүүгийн төлбөрийг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл зээлдэгч энэ зээлийг авах үед амласан тохиролцоогоо үл биелүүлж зээл болон зээлийн хүүг төлөөгүй учир энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Түүнчлэн, бидний хооронд зээлийн гэрээ байгуулах, зээл олгох үндсэн нөхцөл нь харилцан ойлголцож хамтран ажиллахаар тохиролцсон нөхцөлүүд байсан юм. Эдгээр хамтын ажиллагааны нөхцөлүүдийг зээлдэгч Д.Д илт бүдүүлгээр зөрчиж тохиролцсон амлалтаа зохих ёсоор биелүүлэхгүй байсан тул үүрэг, амлалтаа биелүүлж ажиллахыг олон удаа шаардаж, уулзсан боловч Д.Д нь ёс зүйгүй, танхай харьцаж, сүрдүүлж эхэлсэн.

Маш олон удаагийн уулзалтуудыг ҮХОБХХК дээр түүний хувьцаа эзэмшигч Д.С болон Д.Д нартай хийсэн. Д.С гэдэг нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн зүгээс батлан даалт гаргаж өөрөө төлөх сонирхлоо илэрхийлж 2021.09.22-ны өдөр эвлэрлийн гэрээг хүртэл байгуулж байсан. Уг гэрээний дагуу төлөлт хүртэл хийсэн боловч шүүхийн процессыг өнөөдрийн байдлаар 5 дахь жилдээ олон гомдол гаргаж эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулж байсныг түдгэлзүүлсэн. 5 жилийн хугацаанд нэхэмжлэгч бидний зүгээс эрүүл мэнд, эдийн засгийн хувьд маш асар их хохирол учирсан. Зээлсэн мөнгөө эргүүлж авъя гэдэг агуулгатай хэрэг байсан боловч хариуцагч нарын зүгээс удаа дараа ёс бус үйлдэл, сүрдүүлэг, заналхийлэл ирсэн. Үүний хувьд видео үзүүлж болно. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай үүсгэн байгуулагчид болон Н.М захирлын нэр хүндийг гутаан доромжлох үйлдлүүдийг гаргаж байсан. Хардах эрхийн хүрээнд энэ хүмүүстэй тодорхой хэмжээгээр бид холбоотой гэж хардаг. Хариуцагч нарын хувьд бүгд Улсын их хурлын гишүүн, хотын дарга, төрийн маш том албан тушаал хашиж байсан аливаа нөлөөллийг хийж байсан гэдгийг хардах эрхийн хүрээнд хардаж байгаа.

Нийт 7,931,525,935.8 төгрөгийг нэхэмжилж байна. 2021.02.08-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын /2849.72 төгрөг/ ханшаар тооцсон. 2,783,265 долларыг нэхэмжилж байгаа. Үүний үндсэн зээл 2,318,529 ам.доллар, хүү 464,736 ам.долларыг шаардаж байна. гэв.

 

2. Хариуцагч Д.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд мөнгө өгсөн авсан буюу зээлийн харилцаа байсан гэдэг асуудал дээр Д.Дийн зүгээс маргахгүй буюу 4,800,000 доллар авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. 4,100,278 ам.долларын эргэн төлөлтийг хийсэн гэдэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргаж өгсөн тайлбар зэргээс тодорхой харагдаж байгаа. 4,100,278 ам.долларыг эргүүлж төлсөн учраас 699,722 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн харилцаанд Д.Д оролцож, зээлийн мөнгөн төлбөрийг хүлээж авсан баримт буюу гүйлгээ хийсэн мөнгөний баримт хэрэгт авагдсан. Мөнгөн хөрөнгийг яаж захиран зарцуулах нь Д.Дийн өөрийнх нь эрх юм. Нэгэнт өмчлөлд нь шилжүүлж, өгсөн мөнгийг хаашаа шилжүүлэх нь Д.Дийн эрхийн асуудал юм. Хамтран хариуцагчаар орж байгаа Д.С болон ҮХОБХХК нар нь хамтран хариуцагчаар оролцох этгээдүүд биш юм. Зээлийн мөнгөн үүргийг Д.Д гүйцэтгэнэ гэдэг агуулгатай тайлбарыг шүүхэд өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2,783,265 ам.долларыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнээс 699,722 ам.долларын холбогдох хэсгийг Д.Дийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Иймд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

3. Хариуцагч Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Д.Сыг хариуцагчаар татаж оролцуулж, зээлийн гэрээний төлбөр шаардаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэгчийн Д.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Д.Сыг хариуцагчаар тодорхойлж үүрэг хүлээлгэх үндэслэлгүй тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан буюу хууль зүйн гурван урьдчилсан нөхцөлийг хуульчилсан байна. 1-т нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан, 2-т үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй, 3-т нэхэмжлэлд дурдсан гэсэн гурван урьдчилсан нөхцөлийн аль нэг нь бус бүгд зэрэг хангагдсан тохиолдолд хариуцагчаар тооцогдож шүүхийн шийдвэрээр тодорхой үүрэг хүлээхээр байна.

Гэвч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаар тодорхойлсон Д.Сын ямар үйлдэл нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан нь тодорхойгүй, ямар гэрээ хэлцлээр хүлээсэн биелүүлэх ёстой ямар үүргээ зөрчсөн гэдэг нь тодорхойгүй зөвхөн нэхэмжлэлд дурдсан гэдэг ганц урьдчилсан нөхцөл хангагдсан буюу үлдсэн 2 урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад хариуцагчаар тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үүрэг хүлээлгэж байгаа нь хууль зүйн хувьд алдаатай хууль зөрчсөн үйлдэл болно.

Нэхэмжлэгчийн хариуцагч Д.Ст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тухайд нэхэмжлэгч Н.Мөнхсайхан, Ц.О нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлох үүрэгтэй бөгөөд тус зүйлийн 62.1.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэж заасны дагуу тухайн хариуцагчид холбогдох шаардлага, үндэслэлийг тодорхойлох үүрэгтэй. Тус зүйл, заалттай холбогдуулан Монгол улсын дээд шүүхийн 2016.02.01-ний өдрийн 01 дугаартай Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлоход анхаарах зарим асуудлын талаарх зөвлөмжийн 2-т ямар шаардлагыг хэн, хэнд холбогдуулан гаргаж байгааг шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна гэж заасан зөвлөмжийг мөн дагаж мөрдөж үүрэгтэй.

Ийнхүү нэхэмжлэгч нар нь хариуцагчаар Д.Дийг тодорхойлж түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг түүнтэй байгуулсан зээлийн гэрээний төлбөр гаргуулах хэмээн тодорхойлсон байна. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш хариуцагчаар Д.Сыг тодорхойлсон боловч түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй буюу Д.Д болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний оролцогч тал биш этгээдээс тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нар нь Д.Саас зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй тухайд нэхэмжлэлийн үндсэн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйл Зээлийн гэрээний 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний зохицуулалт болно.

Мөн тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу зээлийн гэрээ байгуулсан этгээд хоорондын бодит байдал дээр бодит үйлдлээр зээлдэгчийн данснаас зээлдүүлэгчийн дансанд мөнгийг хүлээн авч гэрээ байгуулагдаж, тухайн гэрээний нэг тал болж гэрээ болон иргэний хуульд заасан эрх эдэлж үүрэг хүлээж буй Д.Д болон Н.М нарын хоорондын харилцаанд л шаардах эрх үүснэ. Энэхүү гэрээний харилцаанд Д.С нь зээлийн гэрээний аль нэг тал биш, аль нэг талынх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч биш, баталгааны гэрээний дагуу баталгаа гаргагч биш, батлан даалтын гэрээний дагуу батлан даагч биш, Д.Дийн өрийг иргэний хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд ч биш юм.

Иймд нэхэмжлэгч нар болон Д.С нарын хооронд ямар нэгэн уургийн болон гэм хорын харилцаа үүсээгүй буюу хэн алинд нь шаардах эрх үүсээгүй болно.

Д.Дийн зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг Д.С захиран зарцуулаагүй тухайд нэхэмжлэгч нарын тодорхойлж М.С нар нь хэдий төрсөн ах дүүгийн харилцаатай боловч хувь хүний байгаагаар Д.Д болон санхүү болон бизнесийн үйл ажиллагаагаа тус тусдаа хэрэгжүүлдэг бөгөөд хэн нэгний өмнөөс мөнгө зээлж нэгэндээ авч өгдөггүй болно. Хариуцагчаар татагдсан Д.Дийн нэхэмжлэгч нараас зээлж авсан гэх Д.С захиран зарцуулсан нэг ч үйлдэл байхгүй. Иймд захиран мөнгөн хөрөнгийг зарцуулаагүй мөнгөн хөрөнгийг төлөх үүрэг үүсэх ёсгүй болно.

Эвлэрлийн гэрээ хуульд заасан шаардлага хангахгүй байгаа тухайд Эвлэрлийн гэрээ нь өөрөө бие даасан гэрээний төрөл биш бөгөөд тус гэрээ нь тухайн гэрээнээс өмнө үүссэн ямар нэгэн үүргийн харилцаан дээр үндэслэн байгуулагддаг буюу ямар нэгэн гэрээ эсхүл шүүхийн шийдвэрийн дагуу хүлээх үүрэг дээр үндэслэдэг. Манай тохиолдолд Д.С нь хэргийн хариуцагчаар тодорхойлогдож ямар нэгэн үүрэг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй талаар дээр дурдсан бөгөөд хэргийн гол үйл баримт болох зээлийн гэрээтэй хууль зүйн ямар нэгэн холбоо хамааралгүй этгээд зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулах нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах зарчим алдагдсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэж заасан. Мөн тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т нэхэмжлэлийн үнийг дараах байдлаар тодорхойлно, 63.1.1-т мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээр гэж нэхэмжлэлийн үнийг хэрхэн тодорхойлох талаар зааж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага болох нэхэмжлэлийн үнийн дүн нь 10,060,768,326 байхад эвлэрлийн гэрээний дагуу 10,583,826,906 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан эвлэрлийн гэрээ нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтэрч байгуулагдсан буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байгуулагдаагүй хууль зөрчсөн гэрээ байна.

Монгол Улсын Их хурлаар 2009.07.09-ний өдөр батлагдсан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд Үндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээний талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 4.1-т бараа, ажил үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан. Монгол банкны зөвшөөрөлгүй гадаад улсын мөнгөн тэмдэгтээр гэрээний үнэ тогтоох, түүгээр төлбөр тооцоо гүйцэтгэхийг хориглосон байдаг.

Талуудын хооронд 2021.09.22-ны өдөр байгуулсан гэх Эвлэрлийн гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох хориглосон заалтыг зөрчсөн шинжтэй буюу гэрээний төлбөрийн хэмжээг ам.доллароор илэрхийлж, төлбөрийг ам.доллароор төлөхийг үүрэг болгосон байна.

Иймд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дах хэсэгт Эвлэрлийн гэрээ нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж хууль зөрчсөн буюу хуулиар хориглосон агуулгаар гэрээ байгуулсан явдал нь анхнаасаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болно.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасан батлан даалтын гэрээ байгуулагдсан гэж байна. Батлан даалтын гэрээ гэдэг нь хоёр талын хүсэл зориг нийлж, талууд гарын үсэг зурж баталгааждаг. Мөн тодорхой хэлбэрийн шаардлагууд тавигдсан байгаа. Батлан даалтын гэрээ нь дангаараа байгуулдаг гэрээ биш юм. Ямар тухайн этгээдтэй холбоотой гэрээг дагаж байгуулагддаг гэрээ юм.

Мөн хариуцагч Д.С нь нэхэмжлэгчийн дарамт шахалтад орсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр сэтгүүлч оролцож байсан. Тухайн үед Д.С хотын даргын албан тушаал эрхэлдэг байсан. Нэхэмжлэгч нь сэтгүүлч дагуулж орж ирсэн. Хариуцагч Доос авах ёстой мөнгөө Д.Сын улс төрийн албан тушаал, нэр хүндийг нь ашиглаж, сэтгүүлчээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөрөг, мэдээлэл тарааж, дарамтад оруулж байсан. Баталгааны бичгийн хувьд зөвхөн Д.С гарын үсэг зурсан харагдана. Энэ гарын үсгийг бол дарамт, шахалтад өртөж, зурсан байдаг.

2 дугаар хавтаст хэргийн 44 талд Гомдлоос татгалзах тухай тухайн үеийн хүсэлт байгаа. Тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч тодорхой дарамт, шахалтад орж гомдлоо татан авч байгаа эсэхийг тодруулсан байдаг. Д.С нь дүүгийнх нь авсан мөнгөтэй ямар ч хамааралгүй юм. гэв.

 

4. Хариуцагч ҮХОБХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татагдан оролцож буй ҮХОБХХК нь Монгол Улсын Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монгол банкны Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг ойлгоно гэж заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг Монгол улсын хуулийн этгээд болно.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэн хооронд байгуулсан гэрээг үндэслэн ҮХОБХХК-ийг хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын ҮХОБХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа. Нэхэмжлэгч Н.М, Ц.О нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Д.Дтой байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг гаргуулахаар шаардсан байх бөгөөд хамтран хариуцагч ҮХОБХХК-аас ямар үндэслэлээр, юу гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхой бус байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2016.02.01-ний өдрийн 01 дугаартай Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлоход анхаарах зарим асуудлын талаарх зөвлөмжийн 2-т ямар шаардлагыг хэн, хэнд холбогдуулан гаргаж байгааг шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна гэж заасан бөгөөд уг зөвлөмжид зааснаар нэхэмжлэгч ямар шаардлагыг хэн, хэнд холбогдуулж гаргаж байгаа нь тодорхой байх нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарах үндсэн нөхцөл болох талаар зөвлөсөн байдаг.

Эхний хавтаст хэргийн 163 талд шүүгч хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гаргаж байсан. Энэ захирамжийн 2 дэх заалтад нэхэмжлэгчид хандаж, хариуцагч нараас хэнээс нь ямар хэмжээгээр шаардаж байгаа талаар нэхэмжлэлийн үндэслэлийн шаардлагыг тодруулахыг даалгасан байдаг. Шүүгчийн захирамж дээр хүртэл тодорхой зааж өгсөн. Гэтэл одоог хүртэл тодорхойлж өгөөгүй. Манайхаас хэдэн төгрөг шаардаж байгааг мэдмээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсвэл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан хэдий ч ҮХОБХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нарын ямар эрхийг зөрчиж, тэдгээрийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хэрхэн хохирол учруулсан, эсхүл үүргээ биелүүлээгүй талаарх үйл баримтыг, холбогдох нотлох баримтыг нэхэмжлэлд дурдаж, шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байхад нэхэмжлэгч нар Зээлийн гэрээний оролцогч бус этгээдээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нараас ҮХОБХХК нь ямар нэг байдлаар зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй тул хариуцагч биш болох нь тодорхой байна.

Нэхэмжлэгч нар банканд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар

Хариуцагч ҮХОБХХК-аас нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс хэдэн төгрөгийг шаардаж байгаа нь тодорхой бус байх бөгөөд мөн манай банканд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхой бус байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл дурдсанаар банкны зүгээс нэхэмжлэгчтэй уулзаж зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийн үйл ажиллагаанд ашигласан талаар хүлээн зөвшөөрч зээлийн мөнгөн хөрөнгийг, хүүгийн хамт эргэн төлөх талаар удаа дараа баталгаа гаргаж өгсөн байдаг. Банкны зүгээс баталгаа гаргаж өгсөн тул уг зээлийн гэрээний дагуу эргэн төлөх төлбөрийг хамтран хариуцах ёстой гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж, банкнаас өгсөн гэх баталгааг нотлох баримтаар ирүүлсэн байдаг.

Манай банкны хувьд иргэн Д.Дийн өмнөөс төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрч баталгаа гаргасан зүйл байхгүй бөгөөд хэзээ үйлдсэн нь тодорхой бус, хэнд хаяглаж өгсөн нь тодорхойгүй, ямар албан тушаалтан гарын үсэг зурсан нь тодорхой бус Зээлийн эргэн төлөлтийн баталгааны бичиг гэх бичгийг үндэслэн манай банкнаас төлбөр гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд илт үндэслэл муутай нэхэмжлэлийн шаардлага байгааг шүүх анхаарах нь зүйтэй.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж маш тодорхой заасан байдаг тул иргэн Д.С, Д.Д нарын нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг ҮХОБХХК ямар нэг байдлаар хүлээхгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс энэхүү үүргийг банк хүлээх ёстой мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Компанийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжид нийцэхгүй байна.

ҮХОБХХК-аас гаргасан баталгаа гэх бичгийн тухайд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн материал болох ҮХОБХХК-аас гаргасан гэх Зээлийн эргэн төлөлтийн баталгааны бичиг, Зээлийн хуваарийн тухай зэрэг бичиг нь ҮХОБХХК-аас албан ёсоор гаргасан баталгаа гэж үзэх боломжгүй бөгөөд манай компанийн зүгээс тухайн баталгааг гаргаагүй болно.

Тодруулбал, ҮХОБХХК нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмуудад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг болохын хувьд албан ёсны бланк бүхий албан бичгийг үйлдэж, тухайн албан бичигт Компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн албан тушаал, түүний гарын үсэг болон албан ёсны тамга зэргийг хэрэглэдэг.

Гэтэл өмнө дурдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримт нь компанийн албан ёсны бланк дээр гараагүй төдийгүй тухайн бичгүүд нь хэзээ гарсан, мөн бичигт гарын үсэг зурсан Б.Тулга нь тухайн компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн байсан эсэх, түүний албан ёсны гарын үсэг мөн эсэх асуудал нь эргэлзээтэй байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэж заасны дагуу нэхэмжлэгч нар манай компанийг Зээлийн гэрээний үүргийг зайлшгүй хүлээх ёстойг хөдөлбөргүй нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй хэдий ч нэхэмжлэгч нарын ҮХОБХХК-ийг хариуцагчаар татах болсон нотлох баримт нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүйн дээр хуурамч байх боломжтой байна.

Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1-т батлан даалтын гэрээг бичгээр байгуулна, 2 тал гарын үсэг зурна гэж заасан. Баримт дээр гарын үсэг байдаг байдаггүй. Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.3-т хэрэв бичгээр байгуулж байгаа бол батлан даагч нь хэдэн төгрөгийн хариуцлага хүлээх, хариуцлагын дээд хэмжээг заах гэж заасан. Хэрэв банк батлан даагч болж байгаа бол хэдэн төгрөгийн хариуцлага хүлээх дээд хэмжээ байдаггүй юм уу.

Батлан даалтын гэрээ нь хэлбэрийн шаардлага хангаагүй. Батлан даалтын бичигт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу хариуцлага хүлээн гэж заасан. Иргэний хуулийн 453 дугаар зүйл нь банк, эрх бүхий этгээдээс олгож буй зээлийн харилцаатай холбоотой юм. Гэтэл нэхэмжлэгч иргэд хоорондын зээлийн харилцаанд банкнаас зээл олгосон мэтээр тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний хувьд зөрүүтэй байна. Иймд ҮХОБХХК нь хариуцагч биш байна. Хариуцагч Д.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс банк, Д.С нар нь хамааралгүй гэж бичгээр илэрхийлсэн. ҮХОБХХК нь хариуцагч биш гэдгийг тогтоож өгнө үү. Манайд нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй. гэв.

 

5. Хэргийн оролцогчдоос шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн:

 

5.1 Нэхэмжлэгч нараас нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-5-6/, Н.Мгийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх1-7/, Ц.Огийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх1-8/, Н.Мгаас Ц.Хд олгосон 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Итгэмжлэл /хх1-9/, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх1-10/, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 4,800,000 доллар шилжүүлсэн баримт /хх1-11/, Зээлийн эргэн төлөлтийн баталгааны бичиг /хх1-13/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний 181/ШЗ2020/15221 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай /хх1-15-18/, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ц.Огээс О.Баясгаланд олгосон Итгэмжлэл /хх1-117/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2-162/, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх2-163/, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх3-90/, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Н.Мгаас Ц.Хд олгосон Итгэмжлэл /хх3-109/, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ц.Огээс Ц.Хд олгосон Итгэмжлэл /хх3-109/,

 

5.2 Хариуцагч Д.Доос нотлох баримтаар: М.О, Д.Д нараас Ү.Аад олгосон 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0024 дугаар Итгэмжлэл /хх1-27/, Д.Доос М.От олгосон 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0006 дугаар Итгэмжлэл /хх1-28/, хариу тайлбар /хх1-53-54/, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх1-124-125/, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Д.Доос Ж.Цд олгосон 0438 дугаар Итгэмжлэл /хх2-235/, хариу тайлбар /хх2-237-238/, тайлбар /хх3-180/,

 

5.3 Хариуцагч Д.Саас нотлох баримтаар: Д.Саас Ү.Аад олгосон 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 401 дугаар Итгэмжлэл /хх1-94/, хариу тайлбар /хх1-108-110/, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Д.Саас Б.Жд олгосон 0247 дугаар Итгэмжлэл /хх2-182/, хариу тайлбар /хх2-207-210/,

 

5.4 Хариуцагч ҮХОБХХК-аас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх1-32/, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/01-202 тоот Итгэмжлэл /хх1-33/, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/01-214 тоот Итгэмжлэл /хх1-38/, хариу тайлбар /хх1-49-52/, ҮХОБны төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ТУЗ/21-23 дугаар Тогтоол /хх1-122/, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/01-520 тоот Итгэмжлэл /хх1-123/, ҮХОБны төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 09-нийн өдрийн ТУЗ/21-22 дугаар Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай тогтоол /хх1-136/, ҮХОБны төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 09-нийн өдрийн ТУЗ/21-23 дугаар Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томилох тухай тогтоол /хх1-137/, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/01-359 дугаар Итгэмжлэл /хх2-188/, хариу тайлбар /хх2-211-214/, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Сургалтын гэрээ /хх3-23-25/, Хүний эрх хөгжлийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 250 дугаар Тодорхойлолт /хх3-26/, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/611 тоот Итгэмжлэл /хх3-113/, хариу тайлбар /хх3-175-178/,

 

 

Шүүхээс: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2021/09020 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу,

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ҮХОБХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх1-102-107/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2023/17220 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу,

Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13/7523 тоот албан бичиг /хх3-48/, 2024 оны 07 дугаар сарын 24-нйи өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх3-86-87/,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.М, Ц.О нар нь хариуцагч Д.Д, Д.С, ҮХОБХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,060,768,326.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхээс тус хэрэгт 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 646,724,931.00 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 10,707,493,257.00 төгрөгөөс нэхэмжилснээс 2,775,967,322.00 төгрөгийг хасаж нийт 7,931,525,935.00 төгрөг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н.М, Ц.О нар нь хариуцагч Д.Д, Д.С, ҮХОБХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,292,742.00 ам доллар, зээлийн хүүнд 237,699.00 ам долларыг гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна.

2.1 Хариуцагч Д.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 4,800,000.00 ам доллар авсан, гэрээний үүргээ бүрэн биелүүлж ирсэн байхад гэрээний үүргийг хугацаанаас нь өмнө бүхэлд нь шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.

2.2 Хариуцагч Д.С нэхэмжлэгч хариуцагчийн тодорхойлох эрхтэй боловч надаас юуг хэрхэн шаардаж буй үндэслэл тодорхойгүй, гэрээний оролцогч биш байхад надад холбогдуулан хамтран хариуцагчаар татсан нь хуульд нийцээгүй гэж маргаж байна.

2.3 Хариуцагч ҮХОБХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус, хариуцагчаас ҮХОБХХК-иас мөнгө гаргуулах гэж байгаа үндэслэл ойлгомжгүй, мөн нэхэмжлэлд хавсаргасан баталгаа хэн, хэзээ, хэнд гаргаж өгсөн нь тодорхойгүй, банкны зүгээс Д.Дид баталгаа гаргаж байсан үйл баримт байхгүй тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н.М, Ц.О нар нь Хаан банк ХК-ийн ***** тоот харилцах данснаас 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Д.Дийн ҮХОБХХК дах *** тоот харилцах дансанд 4,800,000.00 ам долларыг *** Д.Д хөрөнгө оруул гэх утгаар шилжүүлсэн байна./1-р х.х-ийн 11 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн баталгаа, зээлийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн баталгааны бичгийг тус тус үндэслэн хариуцагч Д.С, ҮХОБХХК нараас зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар шаардлага гаргаж байна./1-р х.х-ийн 12, 13, 81 дүгээр тал/

 

Ингэхдээ 3,715,566.00 ам доллорыг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан ханш буюу 1 ам долларыг 2,849.72 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн./1-р х.х 10 дугаар тал/

 

Хариуцагч ҮХОБХХК-иас нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус, ҮХОБХХК-иас чухам юу шаардаад байгаа нь ойлгомжгүй, зээлийн гэрээний оролцогч бус этгээдээс зээлийн гэрээний үүрэг шаардсан нь хуульд нийцээгүй, баталгаанд гарын үсэг зурсан этгээд нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш, мөн хариуцагч Д.С уг зээлийн гэрээний оролцогч, хариуцагч биш зээлийн гэрээний зүйлийг хүлээн аваагүй тул холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан./1-р х.х-ийн 49-52, 108 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

 

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Хариуцагч Д.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр 4,800,000.00 ам долларыг хүлээж авсан тухай маргаагүй боловч хариуцагч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа атал зээлийн гэрээний хугацаанаас өмнө гэрээний зүйлийг бүхэлд нь шаардах эрхгүй гэж маргасан.

 

Иймд зохигчид зээл олгосон үйл баримттай маргаагүй ба нэхэмжлэгч Н.М, Ц.О нар болон хариуцагч Д.Д нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

4. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж тус тус заасан.

 

Хариуцагч Д.С 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэгч Н.М, Ц.О нар болон Д.Д нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцаахаар зээлийн эргэн төлөлтийн баталгаа гаргасан ба уг баталгааг тухайн үед хотын даргын албан тушаал хашиж байхад нэхэмжлэгч сэтгүүлчээр дамжуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдээлэл тарааж, ажил хэргийн нэр хүндээр дарамталж уг баталгааг бичүүлсэн гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.

 

Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь Д.С нь дарамт шахалтанд орж зээлийн эргэн төлөлтийн баталгааг хүлээн зөвшөөрсөн тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбараа баримтаар нотлохгүй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч татгалзал тайлбараа 2 дугаар хавтаст хэргийн 127-129 дүгээр талд авагдсан сэтгүүлч Б.Будхүүг уг хэрэг маргаанд хариуцагчид дарамтанд шахалт үзүүлж байсан гэж тайлбарлах боловч уг баримтууд нь иргэний хэргийг сурвалжлах тухай хүсэлт, хэвлэн нийтлэх эрх, үүрэгтэй холбоотой үйл ажиллагаа болохыг дурьдах нь зүйтэй.

 

Мөн хариуцагч Д.С нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус хариуцагч нараас хэнээс юуг, хэрхэн шаардаж байгаа эсэх үндэслэл тодорхой бус, 3 /гурав/ хариуцагчаас нэхэмжлэлийн үнийн дүнг хэрхэн хувиарлаж байгааг тодруулах ёстой гэж маргасан.

 

Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийн хүрээ нь үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн агуулагаар тодорхойлогдох ба бүх үүрэг гүйцэтгэгчид үүргийг бүхэлд нь биелүүлэх үүрэг нэгэн зэрэг ногдох ба аль нэг нь үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө бүрэн гүйцэтгэж дууссанаар бусад нь үүргээс чөлөөллөгддөг.

 

Иймд хариуцагч Д.Сыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэгч Н.М, Ц.О нар болон Д.Д нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж шүүх дүгнэв.

 

Харин дээрх гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн ҮХОБХХК-д холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзсэн болно.Учир нь:

 

Банкны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Банк энэ хуулийн 17.1-17.3-т заасан хязгаарлалтын хүрээнд гуравдагч этгээдэд гэрээний дагуу баталгаа, батлан даалт гаргаж болно. ингэхдээ мөн хуулийн 17 дугаар зүйлд банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээд, харилцан хамаарал бүхий этгээдэд олгох зээл, баталгаа, батлан даалтын нийлбэр түүний хэр хэмжээ зэрэг үйл ажиллагаанд хийх хязгаарлалт, хяналт тавих журмыг Монголбанк хэрэгжүүлэхээр хуульд заасан.

 

Хариуцагч ҮХОБХХК нь дээрх хуулийн үйлчлэлийн хүрээнд батлан даалт гаргасан, үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй ба үүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй тул ҮХОБХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, түүнчлэн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд зээлийн хүүгийн талаар бичгээр тохиролцох учиртай. Ингээд нэхэмжлэгч нь имэйл хаяг, нэхэмжлэгчийн гар утасны зурваст хийсэн үзлэгээр хариуцагчтай хүүг Монгол банкны жилийн бодлогын хүүгээр харилцан тохиролцсон гэж нэхэмжилсэн боловч хариуцагч нар хүү тохиролцоогүй, бичгээр байгуулсан гэрээ байхгүй гэж маргасан./ 3-р х.х 91-105 дугаар тал/

 

Гэвч хамтран үүрэг гүйцэтгэгч Д.С зээлийн эргэн төлөлтийн баталгааны бичигт хуримтлагдсан хүүг 834,594.00 ам доллараар тооцож үүрэг гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй. гэж зааснаар 834,594 ам долларын хүү төлөх үүрэг үүссэн гэж шүүх дүгнэв./1-р х.х 81 дүгээр тал/

 

6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Тайлбарлабал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд ийнхүү тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт зохигчид зээлийн гэрээг тодорхой хугацаа тохирохгүйгээр байгуулсан. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд зээлийг буцаан төлөх үүргээ өнөөдрийг хүртэл бүрэн биелүүлээгүй, үндэслэлгүй татгалзаж байгаа гэсэн тайлбарыг няцаагаагүй учраас энэ хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлтэй.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан буюу үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлоогүй.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000.00 ам доллар, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000.00 ам доллар, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 500,000 ам доллар, 2022 оны 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000.00 ам доллар, 2022 оны 03 дугаар 09-ний өдөр 600,278.00 ам доллар, нийт 4,100,278.00 ам долларыг нэхэмжлэгч нарт төлсөн, уг үйл баримттай зохигчид хэн аль нь маргаагүй ба үндсэн зээл 4,800,000.00 ам доллараас хариуцагчийн төлсөн 4,100,278 ам долларыг хасаж тооцвол үндсэн зээлийн үлдэгдэлд 699,722.00 ам долларыг хариуцагч нар төлөх үүрэг үүсжээ.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч нараас үндсэн зээл 699,722.00 ам доллар * 2,849.72 = 1,994,011,777.00 төгрөг, хүүнд 834,594.00 ам доллар * 2,849.72 = 2,378,359,213.00 төгрөг нийт 4,372,370,991.00 төгргөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,559,154,945.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,853,392.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 22,019,805.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.Д, Д.С нараас 4,372,370,991.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.М, Ц.О нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,559,154,945.00 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч ҮХОБХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 53,853,392.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 22,019,805.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА