| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/04633/И |
| Дугаар | 191/ШШ2025/04794 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/04794
2025 05 28 191/ШШ2025/04794
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** оршин суух, ******* ******* овогт Б*******ын Ч******* /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суух, ******* овогт Б*******гийн О******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 34,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Ч******* би хариуцагч Б.О*******ийн хүсэлтээр түүнд 3 удаагийн гүйлгээгээр нийт 40,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч, зээлдүүлсэн болно. Тухайн үед Б.О******* нь мөнгө яаралтай хэрэгтэй байна, удахгүй 7 хоногийн дараа буцаагаад өгье гэж хэлж надаас уг мөнгийг зээлж авсан бөгөөд би түүний надад хэлсэн данс руу 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 20,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 15,000,000 төгрөг нийт 40,000,000 төгрөгөөс нийт 5,300,000 төгрөгийг энэ хугацаанд надад буцааж төлсөн боловч одоо үлдэгдэл 34,700,000 төгрөгийг надад огт төлөхгүй, намайг хохироож байгаа болно.
Би энэ хугацаанд үлдэгдэл мөнгөө хариуцагчаас байнга шаардаж ирсэн боловч хариуцагч нь надаас авсан зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч би хариуцагчид өөрийн нэр дээрх банкны харилцах данснаас хариуцагчийн надад өгсөн данс руу мөнгө шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болно.
Хариуцагч нь мөнгө хэрэгтэй байна, удахгүй буцааж өгнө гэж хэлж надаас мөнгө зээлж авчихаад зээлсэн мөнгөө буцааж төлөх үүргээ биелүүлэхгүй байна. Нэхэмжлэгч би Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлсэн мөнгөө хариуцагчаас буцаан шаардаж байгаа болно.
Иймд хариуцагчаас зээлийн төлбөр 34,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ч******* надад олгож нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 34,700,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ч******* нь хариуцагч Б.О*******ид холбогдуулан гэрээний үүрэгт 34,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ч*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О*******ид холбогдох гэрээний үүрэгт 34,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331,450 төгрөгийн 165,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 165,725 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, 165,725 төгрөгийг хариуцагч Б.О*******оос гаргуулан нэхэмжлэгч Б.Ч*******т олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА