2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/02676

 

2025 03 31 191/ШШ2025/02676

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХБ ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Бийн М /РД: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14,729,889 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

/Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ХБ ХК нь Б.Мгээс зээлийн гэрээний үүрэгт 14,729,889 төгрөгийг нэхэмжилж байгаа. Б.Мгийн цахимаар гаргасан хүсэлтэд үндэслэн зээлийн тооцооллыг зөвшөөрсний дагуу зээлийн гэрээ байгуулагдаж зээл олгогдсон. 2023 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр 2010090028 дугаартай зээлийн гэрээгээр 14,700,000 төгрөгийг нэг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар цахимаар олгосон. Зээл олгосноос хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч Б.М 2,933,620 төгрөгийг төлж барагдуулсан ч гэрээний үүргээ 2024 оны 04 дүгээр сарын 10-ний өдрөөс хойш зөрчиж байх тул ХБ ХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний хугацаа 247 хоногоор хэтэрсэн зөрчилтэй, зээлийн үлдэгдэл 12,740,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 1,989,889 төгрөг, нийт 14,729,889 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлээгүй. Нэхэмжлэлд нотлох баримтаар зээлийн гэрээ болон дансны хуулга, зээлийн хүүгийн тооцооллыг хавсаргасан. Хариуцагчийн зүгээс хариу тайлбар гаргаагүй. Шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн. Иймд 14,729,889 төгрөгийг Б.Мгээс гаргуулан ХБ ХК-д олгож өгнө үү гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-6/, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2б/7336 тоот Итгэмжлэл /хх-4/, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №2010090028 дугаартай Зээлийн гэрээ /хх-8-10/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-12/, ХБ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дүгээр тушаал /хх-13/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХБ ХК-иас хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,729,889.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3-т зааснаар 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ХБ ХК нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Б.Мтэй №2010090028 тоот зээлийн гэрээ байгуулж түүнд 14,700,000.00 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай олгосон боловч хариуцагч 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул үндсэн зээлийг хүүгийн хамтаар хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна.

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

3.1.1 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ХБ ХК нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Б.Мтэй №2010090028 тоот зээлийн гэрээ байгуулж түүнд 14,700,000.00 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 8, 9 дүгээр тал/.

 

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж заажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ХБ ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд арилжааны банкны үйл ажиллагаа........ гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, мөн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна /х.х-ийн 12 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............ гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ХБ ХК нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Б.Мгийн 2010090028 тоот дансанд 14,700,000.00 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагч Б.М нь зээлийн гэрээний зүйлийг хүлээж авсан гэж үзэх учир зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв /х.х-ийн 8, 10 дугаар тал /.

 

3.2. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно............... гэж, түүнчлэн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, банк, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, аль эсхүл хүүгүй олгож болох бөгөөд зээлдэгч нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүгээс гадна үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон бол төлөх үүрэг хүлээнэ.

 

Ингээд зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5-т тус тус зааснаар хариуцагч Б.М нь 14,700,000.00 төгрөгийг 1 /нэг/ жилийн хувийн хүүтэй 30 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 752,908.49 төгрөгөөс буурах шатлалаар төлсөөр гэрээний хугацаа дуусах өдөр болох 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 563,943.01 төгрөгийг төлж дуусгахаар тохирсон байна. Өөрөөр хэлбэл, зохигчид гэрээний ерөнхий хугацааг 30 сар, зээл төлөх тусгай хугацааг тухайн сарын 10-ны өдөр байхаар тохирч, зээлдэгч тал энэ хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд дуусгавар болох бөгөөд хэрэв хуваарийн дагуу үүргээ гүйцэтгэхгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь өнгөрсөн хугацаанд нийт 2,933,620.00 төгрөгийг төлснөөс нэхэмжлэгч тал үндсэн зээлд 1,960,000.00 төгрөг, зээлийн хүүнд 963,769.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,226.00 төгрөгийг суутгасан байна /х.х-ийн 10 дугаар тал/.

 

Нэхэмжлэгч ХБ ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч Б.М нь үндсэн зээлийн үлдэгдэл 12,740,000.00 төгрөг, 247 хоногийн хугацаа хэтрүүлсэн зээлийн хүү 1,989,889.00 төгрөг, нийт 14,729,889.00 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн зүгээс маргаагүй ба хариуцагч 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийн гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзнэ.

 

4. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, мөн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасан.

 

Тодруулбал, зохигчдын байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2026 оны 05 дугаар сарын 10-ний өдөр дуусах ёстой байтал нэхэмжлэгч ХБ ХК-ийн зүгээс 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үндсэн зээлийн үлдэгдлийг хүүгийн хамт нэхэмжилсэн нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох агуулгатай ба өнгөрсөн хугацаанд үүргээ гүйцэтгэхийг сануулж байсан үйл баримтыг хариуцагч Б.М үгүйсгээгүй.

 

Иймд, үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа зохих ёсоор гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс ийнхүү зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлийг үндэслэн түүнд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 12,740,000.00 төгрөг, зээлийн хүү 1,989,889.00 төгрөг нийт 14,729,889.00 нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,599.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 231,599.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.Мгээс 14,729,889.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,599.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 231,599.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА