| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 154/2021/00139/и |
| Дугаар | 35 |
| Огноо | 2021-12-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 35
О.*******ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 154/ШШ2021/00192 дугаар шийдвэртэй Ховд аймаг Булган сумын Баянгол багт оршин суух Их ******* овогт *******ын ******* /**************/-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газар татварын улсын байцаагч ажилтай ******* овогтой *******д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.*******/онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 946,000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Би 2019, 2020 оны оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг бичиг баримтаа бүрдүүлэн Булган сумын татварын байцаагч А.*******д хүлээлгэн өгсөн. 2019 оны бичиг баримтыг А.******* нь хугацаанаас нь орхигдуулж чирэгдэл учруулсан. А.*******д хэлэхэд та 2020 оны бичиг баримтын хамт өгөөрэй гэж хэлэхэд нь 2021 оны 1 сард бичиг баримтаа өөрийн биеэр аваачиж өгсөн. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлт орж эхэлхэд манай хүүхдийн төлбөрийн хөнгөлөлт ороогүй А.*******оос асуухад та яасан азгүй юм бэ орсонгүй гэж хэлсэн.Иймд гэм буруутай албан тушаалтнаас сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа: О.*******ийн нэхэмжилж байгаа 946.000 төгрөгний сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн 2019 оны 300.000 төгрөгийг төлж өгнө. Харин 2020 онд гаргасан тайлангийн үеийн төлбөрийн хөнгөлөлт 646.000 төгрөгийг би хариуцахгүй. 2020 оны баримт нь цахим мэдээлэлд тодорхой тусгагдсан байгаа энэ баримтыг цаасаар хүргүүлнэ. Иймд 646.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 154/ШШ2021/00192 дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.*******оос 300.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгож, 2. О.*******ийн 946.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 646.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлийн 56. 2, 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч А.*******оос 9650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх миний нэхэмжилсэн 946,000 төгрөгөөс 646,000 төгрөгийг шүүх хуралдаанд нотлох баримт нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Энэ талаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан, хариуцагч надад 2019, 2020 оны сургалтын хөнгөлөлтийг танд олгож төлж өгнө баримтаа бүрдүүлээд ир гэсэн дээрхи шаардлагын дагуу татварын улсын байцаагчид өгсөн. Мөн холбогдох 2019, 2020 оны оюутны сургалтын хөнгөлөлтийг хариуцагчаас гаргуулахаар баримтуудыг сум дундын шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтанд өгсөн боловч буцааж надад өгсөн. Миний гаргасан тайлбарыг хэлэлцэлгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй болжээ.
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч А.*******д холбогдуулан оюутан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт 946,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны хөнгөлөлт 300,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 2020 оны хөнгөлөлт 646,000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх О.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.*******ын зөвшөөрсөн 300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 646,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газарт татварын улсын байцаагч ажилтай А.*******д холбогдуулан “миний бие оюутан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх бичиг баримтаа хуульд заасан хугацаанд бүрдүүлж А.*******д өгсөн байхад түүний буруугаас болж 2019 оны хөнгөлөлт 300,000 төгрөг, 2020 оны хөнгөлөлт 646,000 төгрөг нийт 946,000 төгрөгийн хохирол учирсан” гэж тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь “төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учирсан” гэх агуулгатай байхад шүүгч маргааныг дангаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг шүүх зөрчсөн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруу, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдолд тус тус дүгнэлт хийгээгүйг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч О.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 154/ШШ2021/00192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 20,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж О.*******т буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
М.НЯМБАЯР