| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2017/00041/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2017-10-17 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 48
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, шүүгч Л.Түвшинжаргал, шүүгч Ц.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Б.Ууганцэцэг
Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Улсын яллагч Э.Тулгаа
Хохирогч Х.Алтантуяа
Хэлмэрч Б.Бадамцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оын Б д холбогдох эрүүгийн 201721010028 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Оын Б . 1975 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн. 42 настай эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Ховд аймгийн Булган боомт дахь Хилийн Хяналтын хэлтэст улсын байцаагч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Ховд аймаг Жаргалант сум Магсаржав баг, Гаалийн 12 дугаар байрны 12-06 тоотод оршин суух, өөрт ногдох хөрөнгөггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2005 оны 04 сарын 27-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгийн заримтыг буюу 1.500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуусан, бие эрүүл, ухаан бүрэн гэх./РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч О.Б нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын Такешкен боомт дээр Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Х.Алтантуяагаас 2015 оны 03 дугаар сард 246.311 юаний үнэ бүхий цагаан будааг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч Х.Алтантуяад 78.211.132 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч О.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2014 оны 03 дугаар сард Х.Алтантуяатай танилцсан. Бид хоорондоо будааны наймаа хийхээр харилцан тохиролцож 2014 оны 07 дугаар сараас хойш нийт 5 машин будаа өгч авалцсан. Хамгийн сүүлд 2015 оны 03 дугаар сард 65 тонн будаа авсан. Х.Алтантуяа бид хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр уг наймааг хийж байсан. Бид хоёрын дунд бас нэг хийгдсэн наймаа нь 54 ширхэг дугуйг би Алтантуяагаас авсан. Анх авахдаа би 20.000 юань өгч аваад түүнээс хойш орж ирсэн мөнгийг нь дугуй, будаа гэж ялгалгүйгээр хийдэг байсан.
2014 оны 09 дүгээр сард авсан будаагаа би Увс аймгийн Алагаа гэдэг залууд өгсөн. Тэрнээс мөнгө дутуу орж ирсний улмаас өр үүссэн юм. Би тухайн асуудлаар шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гарсан. Одоо шийдвэр гүйцэтгэлийн шатанд явж байгаа. Би урьдчилгаа хийж будаа аваад зарагдсаны дараа үлдэгдэл мөнгийг нь шилжүүлдэг байсан. Өнөөдөр Х.Алтантуяа бид хоёр тооцоо хийхэд 170.300 юаны тооцоо гарсан. Үүнээс 100.000 юаныг би “Мөнгөн гүүр” ББСБ-аас Х.Алтантуяагийн данс руу хийсэн боловч тэр мөнгө Х.Алтантуяагийн данс руу ороогүй байна. Үүнийг шалгуулахаар “Мөнгөн гүүр” ээс асуухад шилжүүлгийн эх баримт хэрэгтэй, эсхүл шүүхийн албан бичгээр өгнө гэсэн. Эх баримтаа би хэрэгт хавсаргаж өгсөн байсан. Надад Х.Алтантуяаг залилсан, хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Бид хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр уг наймаа хийж байсан” гэх мэдүүлэг,
Түүний мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би БНХАУ-ын иргэн Х.Алтантуяатай 2014 оны 03 дугаар сард танилцаад 2014 оны 07 дугаар сараас эхлэн анх будаа авч наймаа хийж эхэлсэн. Би нийт 6-7 удаа будаа авсан. Хамгийн сүүлд 2015 оны 03 дугаар сард 327.000 юаний үнэтэй 65 тонн будаа авсан. Уг будааг авахдаа эхлээд урьдчилгаа болгож 150.000 юань шилжүүлэхэд Х.Алтантуяа дахиад мөнгө дутаад байна мөнгө хий гэхээр нь дахиад 65.000 юанийг Х.Алтантуяагийн дансанд хийсэн. Тэгээд будаа Такешкенд ирлээ гэхээр нь дахиад 150.000 юань шилжүүлээд будаагаа авсан. Би 2014 оны 09 дүгээр сард 50 тонн будааг урьдчилгаа хэдэн төгрөг өгөөд /хэд өгснөө одоо санахгүй байна/ будааг аваад Увс аймгийн Алагаа гэдэг хүнд зээлээр өгсөн юм. Тэрний үлдэгдэл 173.000 юанийг би Х.Алтантуяад өгөх ёстой байгаа. Үүнээс би 2015 онд Еркегүль гэдэг хүнээр Үрэмч хотруу 10.000 юань өгүүлсэн. Мөн 2016 оны 06 дугаар сард Х.Алтантуяад Монголд ирэхэд нь 10.000 юань өгсөн. Тухайн үед Х.Алтантуяатай уулзахад би хятад хүнд 283.000 юаний өртэй байгаа юм. Чи надад 283.000 юаний өртэй гэсэн бичиг хийгээд гарын үсэг зураад өгөөч гэхээр нь би чи өөрөө бичих юмаа биччих би гарын үсэг зураад өгье гэхэд Х.Алтантуяа хятадаар юм бичсэн. Уг тэмдэглэл дээр нь би Х.Алтантуяад будааны мөнгийг 2016 оны 10 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэж бичээд гарын үсэг зурж өөрийнхөө байцаагчийн тамга дарж өгсөн. Тухайн үед Увсын Алагаа гэх хүн 2016 оны 09 сарын 30-аас өмнө таны будааны мөнгийг өгнө гэхээр нь би тэгж бичсэн. Мөн Х.Алтантуяа нь хятадууд тамгаггүй бол итгэдэггүй юм гээд гуйгаад байхаар нь өөрийнхөө тэмдэгийг дарсан.
Надад залилж мэхэлсэн асуудал байхгүй. Би бүх мөнгийг нь өгч байсан. Харин 2014 оны 09 сард Увс аймгийн иргэн Алагаа гэдэг хүн дээр өр үүсээд би цаашаа Алтантуяад өртэй болчихсон юм. Өөр асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-90-91х/
Хохирогч Х.Алтантуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би О.БаяржаргА 2014 оны 03 сард танилцсан. Түүнээс хойш хамтран ажиллахаар тохиролцож будааны наймаа хийж эхэлсэн. Тухайн үед будаа болгоны мөнгө дутуу өгөгдөж байсан. Орж ирсэн мөнгөнөөс нь урьдах өрийг нь дараад яваад байдаг байсан. 2015 оны 09 дүгээр сард би Монголд ирээд О.Б аар бичиг бичүүлж авсан. 2016 оны 06 дугаар сард дахиж ирээд гарын үсэг зуруулж тамга даруулж авсан. Анх би 283.000 юань нэхэж байсан боловч бид хоёр тооцоо хийж харилцан тохиролцож одоо би О.Б аас 170.300 юаний хохирол нэхэмжилж байна. Дээрх хохирол мөнгийг гаргуулаад өгчих юм бол надад гомдол санал байхгүй...” гэв.
Түүний мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “...О.Б бид 2 найз болоод 2013 оны 4 дүгээр сард 99057101 дугаарын утаснаас ярьдаг Мөн хил дээр орж ирээд утсаар ярьдаг надад автомашины дугуй хэрэгтэй байна одоо зээлээр явуулчих дараа нь би мөнгийг нь өгөөд дараа нь дахиад дугуй авхуулна гэж яриж тохирсон эхлээд 8 дугуй дараа нь 12 дугуй нийт 20 дугуй явуулсан, 20 дугуйны мөнгө болон ачуулсан хөлс нь ороод 100,000 мянган юань болсон энэ мөнгө өгөөгүй байсан дараа нь 2014 оны 07 дугаар сард хоёр автомашин 120 тонн цагаан будаа ачуулсан 1 тонн будаа 12,000 мянган юань нийт 645,600 мянган юань болсон энэ мөнгөнөөс Б 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр миний дансанд 245,000 мянган юань дараа нь 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 190,000 мянган юань, мөн өдөр 124,400 юань, нийт 559,400 юань өгсөн 74,200 юань дутуу өгсөн. Дараа нь 2 удаа будаа авсан энэ хооронд тухайн бүрийн будааны мөнгө өгсөн би энэ мөнгөнөөс 74,200 юань урьд талын мөнгийг сүүлд ирсэн төнгөөр нь төлөөд явж байсан би дугуйны мөнгө болон үлдэсэн мөнгийг нэхэхэд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 03-нд 50,000 юань, дараа нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 140,000 юань нийт 190,000 юань надруу шилжүүлсэн би дугуйны 100,000 юань, эхний хоёр машины үлдэгдэл 74,200 юань нийт 174,200 юанийг суутгаж аваад будаа өгөхгүй гэхэд удахгүй мөнгө өгөөд будаа ав будаа автомашинд аччихсан бэлэн байна гэж хэлээд нэг хоногт 5,000 юань төлбөр төлж байна. Монгол машинд солиод ачуулчих будааны бичиг байхгүй болхоор хилээр гарах боломж байхгүй би 1 дэхь өдөр ирээд мөнгө өгөөд будаагаа авъя гэж хэлсэн. Би будааг нь Монгол автомашинд ачуулсан энэ өдөр хил гараад явчихсан би энэ удаа 65 тонн 2600 уут будаа ачуулсан 400 уут будааг 1 уутыг нь 121 юань нийт 48,400, 2200 уут будааг 1 уутыг нь 125 юаниар авсан нийт 275,000 юань болсон нийт будааны үнэ 323,400 юань болсон энэ мөнгөөс 190,000 юань үлдэгдэл 15,400 юань, нэг казак хүнээр 20,000 юань өгүүлсэн энэ мөнгийг нь оруулаад 35,400 юань хасаад одоо надад 288,00 юань өгөх ёстой, би БаяржаргА уулзаад би одоо будааны эзэн Жан юу шиэн гэх хүнд 283,800 юань өгөх ёстой энэ мөнгийг л өгчих бусад мөнгө нь хэрэггүй гэж хэлж уулзаад 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр О.Б надад 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгнө гэж баталгаа гаргаад өөрийнхөө албаны тамга болон хурууны хээ дарж өгсөн. Тэгээд одоо болтол мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Даваатөгсийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би О.Б ын будааг өөрийн эзэмшлийн 81-99 улсын дугаартай норд бенз маркын аютомашинаар 2-3 удаа зөөж нэг удаад нь Увс аймаг руу, 1-2 удаа Улаанбаатар хотруу зөөж байсан. Яг нарийн сайн санахгүй байна. Би будааг БНХАУ-ын А аймгийн Такишкен гэх газраас тээвэрлэж Улаанбаатар хотод Болдоо гэх хүнд хүлээлгэн өгч байсан. Би хамгийн сүүлд 2015 он байхаа би яг одоо сайн санахгүй байна, цагаан сарын дараа 3 сард байхаа 50-60 тонн будааг Улаанбаатар хот руу Болдоо гэх залууд хүлээлгэн өгч байсан. БНХАУ-ын гаалийн бүрдүүлэлтийг тэндээс хятад хүн хийгээд холбогдох бичиг баримт чинь энэ шүү гээд хилээр гаргаж өгдөг. Монгол тал тээвэр зуучийн байгууллагаар дамжуулан бүрдүүлэлтээ хийдэг. Би Увс аймагт Алагаа гэх хүнд нэг удаа хүргэж өгсөн. Будааний тээврийн зардА холбоотой ямар нэгэн тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Б ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би О.Б гэж хүнийг танина. 2014 оны үед будаа худалдаж авахаар танилцаж наймаа хийж байсан. О.Б нь анх 2014 оны хавар байхаа /он сар өдрийг нарийн сайн санахгүй байна/ 20 тонн будаа, 2014 оны намар 100 орчим тонн цагаан будаа, 2015 оны 03 дугаар сард 50 тонн будаа худалдаж авч байсан. Бид хоёрын дунд ямар нэг төлбөр тооцоо байхгүй. Тухайн үед нь будааных нь мөнгийг бүгдийг нь шилжүүлж өгч байсан. 2014 онд авсан цагаан будааг ямар автомашин, ямар жолооч авч ирсэнийг санахгүй байна. 2015 оны 03 дугаар сард авсан цагаан будааг Даваатөгс гэж жолоочтой урт бенз шланз маркын автомашинаар авч байсан. барааг хүлээн авсан ямар нэг бичиг баримт байхгүй. Цагаан будааныхаа мөнгийг дансаар шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Пүрэвдашийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би О.БаяржаргА 2012 оноос хойш хамт нэг байгууллагад ажиллаж байна. О.Б нь хүнд тусархуу, бодсон санасанаа шулуун шудрага хэлдэг, үнэнч шудрага зантай, эрхэлсэн ажилдаа санаачлагатай, хариуцлагатай ажилдаг. Манай байгууллагын шилдэг сайн ажилчдын нэг. О.Б нь өрх толгойлсон 2 охин 2 зээгийн хамт амьдрадаг 2 охин нь их сургууль төгсөөд ажил хийдэг болохоор амьдрал ахиу нь боломжын хэмжээнд байдаг...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Алагаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2014 оны хавар Ховд аймгийн Булган сумын боомтоор найз Мөнхбаясагланын хамт Увс аймгийн Улаангом хотод орон сууц барих зорилгоор барилгын материал татаж байх явцадаа Ховд аймгийн Булган сумын мэргэжлийн хяналтын байцаагч О.Б гэдэг эмэгтэйтэй танилцсан юм. Тэгээд анх О.Б нь манай найз Мөнхбаясгалан бид хоёрын Увс аймгийн Улаангом хотод орон сууц барих ажилд цемент нийлүүлэх санал тавьсан. Тэгээд бид хоёр зөвшөөрөөд 125 цемент авсан. Тухайн үед би Увс аймгийн Улаангом сумандаа “цогт цахир” нэртэй хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай компани ажилуулдаг байсан болхоор О.Б надад би хилээр цагаан будаа оруулж ирье. Чи аймагтаа аваачаад зарж борлуулж өгч чадах уу? гэсэн саналыг тавьсан. Тэгэхээр нь болох байхаа гэж зөвшөөрсөн. Тэгтэл 2014 оны намар шиг санагдаж байна. Сар өдрийг нь одоо сайн санахгүй байна. О.Б нь хилээр 60тн цагаан будаа буюу ойролцоогоор зуун хориод сая төгрөгийн будааг надаас нэг төгрөг авалгүйгээр надруу явуулсан.Тэгээд би тэр будааг нь хүлээж аваад зарж борлуулаад нийт наяаад сая төгрөгийг 2014 оны намар увуулан цувуулан өөрийнхөө хаан банкны 5099294646 гэсэн тоот дансаар дамжуулан түүний нөхөр гэх Даваатөгс гэдэг хүний Хаан банкны дансруу шилжүүлж байсан. Одоо би түүний дансны дугаарыг нь санахгүй байна. Би одоогоор Будааны үлдэгдэл мөнгө 27 орчим сая төгрөг, мөн цементний үлдэгдэл 42 сая орчим төгрөгийг өгөх үлдэгдэлтэй байгаа.
Тухайн үед О.Б ын надруу явуулсан 60 тонн цагаан будаа машинд ачаад түүний нөхөр Даваатөгс нь Увс аймагт надад авч ирж өгсөн. Тэр үед нь газар дээр нь хүмүүст бэлэн мөнгөөр зарсан будааны мөнгийг өгч байсан. Гэхдээ одоо надад баримт байхгүй. Магадгүй Даваатөгсд баримт байж болох юм. Бид хоёр тухайн үед цагаан цаасан дээр хэдэн төгрөг бэлнээр нь өгч авч байснаа тэмдэглээд гарын үсгээ зураад хоёулаа нэг нэг хувийг авч байсан. Одоо миний тэр баримт байхгүй. Хаана байгааг нь эрээд олохгүй байгаа юм...” гэх мэдүүлэг,
Шүүх сэтгэцийн дүгнэлт /хх-ийн 86-87х/
Шүүгдэгч О.Б , хохирогч Х.Алтантуяа нарын 2016 оны 06 сарын 06-ны өдөр 283800 юаныг 2016 оны 10 сарын 30-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон баримт бичиг, түүний орчуулга, /хх-ийн 13-14х/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 103х/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамаарА Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч О.Б ыг Такешкен боомт дээр Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Х.Алтантуяагаас 2015 оны 03 дугаар сард 246.311 юаний үнэ бүхий цагаан будааг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч Х.Алтантуяад 78.211.132 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б ын гэм буруутай байдал нь үгүйсгэгдэж байна гэж шүүх үзлээ.
Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 51 тоот тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан “бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийг Иргэний эрхзүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар тайлбарласан байна. Үүнд: “...хуурч мэхлэх арга...” гэдэг нь бусдын эд хөрөнгө түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ, “...итгэл эвдэх арга...” гэдэг нь гэрээний буюу гэрээний бус харилцаагаар итгэмжлэн олгсон бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж, ашиглах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ...” гэжээ.
Шүүгдэгч О.Б , хохирогч Х.Алтантуяа нар нь 2014 оны 07 дугаар сараас эхлэн 2015 оны 03 дугаар сар хүртэл хэлцлийн үндсэн дээр харилцан тохиролцож, будааны наймаа хийж байсан, уг наймаа нь ганц удаагийн үйлдлээр хийгдээгүй, 2014 оны 07 дугаар сараас 2015 оны 03 дугаар сарыг дуустал үргэлжилж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Х.Алтантуяагийн “...Би О.БаяржаргА 2014 оны 03 сард танилцсан. Түүнээс хойш хамтран ажиллахаар тохиролцож будааны наймаа хийж эхэлсэн. Тухайн үед будаа болгоны мөнгө дутуу өгөгдөж байсан. Орж ирсэн мөнгөнөөс нь урьдах өрийг нь дараад яваад байдаг байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Алагаагийн “...2014 оны намар шиг санагдаж байна. Сар өдрийг нь одоо сайн санахгүй байна. О.Б нь хилээр 60тн цагаан будаа буюу ойролцоогоор зуун хориод сая төгрөгийн будааг надаас нэг төгрөг авалгүйгээр надруу явуулсан.Тэгээд би тэр будааг нь хүлээж аваад зарж борлуулаад нийт наяаад сая төгрөгийг 2014 оны намар увуулан цувуулан өөрийнхөө хаан банкны 5099294646 гэсэн тоот дансаар дамжуулан түүний нөхөр гэх Даваатөгс гэдэг хүний Хаан банкны дансруу шилжүүлж байсан” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул хохирогч шүүгдэгч нарын хооронд анхнаасаа Иргэний эрх зүйн харилцаа үүссэн, уг харилцааны улмаас хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэрэгт хамаарА бүхий л нотолбол зохих асуудлыг шалгасан боловч шүүгдэгч О.Б нь залилан мэхлэх гэмт санаа, зорилгоор хандаж, ямар нэгэн хариу төлбөргүйгээр эд хөрөнгийг авах зорилготой байсан эсэх, будааны үнийг төлөхгүй байх санаа зорилгоор зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж хохирогчийг төөрөгдүүлж, эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч О.Б д холбогдох /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Б ыг цагаатгаж байгаа тул хохирогч Х.Алтантуяаг өөрт учирсан хохиролоо харъяалах шүүхэд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж, хэргийн учир шүүгдэгч О.Б ын Голомт банкны 5640000135, 5640000136, 5640000137 дугаартай дансуудыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 36.2-н 1, 2, 3, 5, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Б ыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хохирогч Х.Алтантуяа нь өөрт учирсан хохиролоо нөхөн төлүүлэхээр харъяалах шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.
3. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шүүгдэгч О.Б ын Голомт банкны 5640000135, 5640000136, 5640000137 дугаартай дансуудыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар О.Б д авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, улсын яллагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.