Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/813

 

 

 

 

    2024             7             09                                      2024/ДШМ/813

 

Э.Бид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Өлзийхүү,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/1486 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор З.Өлзийхүүгийн бичсэн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар эсэргүүцлээр Э.Бид холбогдох эрүүгийн 2406006490994 дугаар хэргийг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Огынхон овгийн Э.Б, 1998 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:............................./;

Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Япон Монгол руу ачаа авч явна гэх фейсбүүк зарын дагуу холбогдсон иргэнээс Монгол руу тоглоом хариуцан авч явахаар тохиролцож, төлбөр авч дайж явахдаа ашиг олох зорилгоор “Playstation 5 slim” тоглоомыг хувьдаа завшин, бусдад борлуулж, хохирогч Н.Ж1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Бид холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байх бөгөөд хохирогч Н.Ж гэмт үйлдлийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, төлөхөө илэрхийлсэн байх боловч тухайн илэрхийлэл нь бодитой бус хохирлоо хэрхэн барагдуулах талаар буюу өөрийн орлого болон мал, эд зүйлийн талаар хавтас хэрэгт нотлох баримт огт авагдаагүй байгаа нь хохирлоо нөхөн төлөхөө бодитоор илэрхийлсэн гэж үзэхээргүй байх тул шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Э.Бид холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Э.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор З.Өлзийхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх; гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх; прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх; гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх; гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх зэргийг шүүхээс хянаж, хэрэв дээрх нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй, шүүгдэгч нь хүсэлтээсээ татгалзсан бол хэргийг прокурорт буцаах, эсвэл ердийн журмаар шийдвэрлэхээр хуульчилсан байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байхад шүүх хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж дүгнэж байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх гэж хуульчилсан нь төлөхөө илэрхийлсэн бол илэрхийлэл нь бодитой байх буюу хохирлоо хэрхэн барагдуулах талаар хэрэгт нотлох баримт хавсаргана гэх агуулгыг илэрхийлээгүй болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэргийг хялбаршуулж өгнө үү гэх хүсэлт прокурорт гаргасан, түүнчлэн шүүх хуралдааны явцад болон мөрдөн байцаалтын шатанд ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтмол цалин орлоготой, учруулсан хохирлын хэмжээ бага тул төлөгдөх боломжтой, нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн хэргийг хялбаршуулах хүсэлт гаргаж байсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрэн хангагдсан байсан харин учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд болон прокурор, шүүхийн шатанд төлж барагдуулаагүй ч төлөхөө илэрхийлсэн, тухайн илэрхийлэл нь бодитой, хохирлоо хэрхэн барагдуулах талаар буюу өөрийн ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, тогтмол орлоготой зэргээ дансны орлогоороо нотолж, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Энэ тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс хэргийг буцаасан заалт нь гэмт үйлдлийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, төлөхөө илэрхийлсэн гэсэн дээрх хуулийн заалтыг хангагдаагүй гэж буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хэргийг прокурорт буцаасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ө.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийг үнэн зөв шийдвэрлээгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа буюу шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд миний бие өмгөөлөгчөөр оролцсон. Прокурорын зүгээс шүүгдэгчийг хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах боломж байгаа. Хохирогчийн хохирол төлбөр төлөгдөөгүй байдаг. Харин каргогоор 10 хүний ачааг авчирсан асуудал байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж дүгнэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байна.

            Шүүгдэгч Э.Б нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулахаа илэрхийлж байна. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. ...” /хх 13, 60/ гэх хүсэлтийг  прокурорт гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газрын  2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 219 дүгээр “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоолын дагуу Э.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суух газар, ажил, суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээх тухай санал гаргасныг, шүүгдэгч Э.Б танилцаж гарын үсэг зурсан байх тул уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэж заажээ. Энэ зохицуулалтын дагуу анхан шатны шүүх Э.Бид холбогдох эрүүгийн хэргийг дээрхи нөхцөл байдал хангагдаагүй гэж үзсэн бол ердийн журмаар шийдвэрлэх боломжтой бөгөөд яллагдагч хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн нь бодит бүхий биш гэх үндэслэлээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал.” гэх үндэслэлд хамаарч байх тул шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Э.Бид холбогдох эрүүгийн хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/1486 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх хүртэл Э.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ   

                               ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                    ШҮҮГЧ                                                       Ц.МӨНХТУЛГА