2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/06797

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 11 191/ШШ2025/06797

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Бийн Б/РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  НШШГГт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24420021/152 тоот төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 24420021/152 тоот төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн магадлалаар нэхэмжлэгч МММ ХХК-аас 453,492,167.4 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 2,425,410 төгрөгийг тус тус гаргуулж Бат орших ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тухайн шийдвэр болон магадлалын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 181ГХ202301232 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 24420021152 тоот тогтоолын дагуу албадан төлүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж эхэлсэн. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчөөс тайлбар авах, хариуцлагын талаар урьдчилан танилцуулна гэж заагдсан байхад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх хуудсанд заагдсан төлбөр төлөгч болон МММ ХХК-аас бус, гүйцэтгэх захирал Б.Бад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн тогтоолоор арилжааны банкнууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авагдсан. Тухайн тогтоод хавтаст хэргийн 87-р талд байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэх хуудсанд заагдсан төлбөр төлөгчөөр МММ ХХК байдаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, төлбөр төлөгч хуулийн этгээдээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэж тусдаа нарийвчлан зааж өгсөн байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч хуулийн этгээдэд төлбөр барагдуулах ажиллагаа хийхгүйгээр тухайн компанид гэрээгээр ажилладаг албан тушаалтан болох Б.Бдээр шийдвэр гүйцэтгэлийн албадлагын арга хэмжээг хэрэглэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13-т зааснаар хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч эрхийг хязгаарлахыг хориглоно гэж заасныг зөрчиж байна гэж үзэж байна. Мөн Компанийн тухай хуулийн 16.1-т компанийн дүрэм нь үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг байна гэж заасан. Гэтэл төлбөр төлөгч МММ ХХК-ийн компанийн дүрмийн 4.2-т компанийн өр төлбөр гүйцэтгэх үүргийг зөвхөн компанийн хөрөнгөөр хариуцна, хувьцаа эзэмшигчийн хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөр, гүйцэтгээгүй үүргийг хариуцахгүй бөгөөд хувьцаа эзэмшигчийн хөрөнгө нь компанийн хөрөнгөөс зааглагдсан байна гэж заасан. Өөрөөр хэлбэл нарийвчлан зохицуулсан хуулиар компанийн хөрөнгө тусдаа байна, тухайн компанийн хөрөнгөөр бусдад учруулсан өр авлагыг хариуцна, компанийн хувьцаа эзэмшигчийн хөрөнгө тусдаа байна гэж заасан байхад хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-т ямар нэгэн албадлагын арга хэмжээ хийхэд зөвхөн хуульд зааснаар төлбөр төлөгчийн эрхийг хязгаарлана гэж заасан байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхнээсээ хуульд нийцээгүй, Б.Бын хувьд үндсэн суурь эрхүүдийг зөрчсөн гэж үзэж байгаа учраас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 152 тоот төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02570 дугаар шийдвэрээр МММ ХХК-аас 455,917,578.23 төгрөг гаргуулж Бат орших ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч МММ ХХК-ийн өмчлөл, эзэмшилд үл хөдлөх хөрөнгө тогтоогдоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93-р зүйл болон Компанийн тухай хуулийн 9.3, 9.5-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж МММ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Бын арилжааны банк дахь данс битүүмжлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т заасны дагуу 3-р зүйлд заасан хугацаандаа шүүхэд гомдол гаргаагүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б.Баас В.Цд олгосон 0043 дугаар Итгэмжлэл /хх-4/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02570 дугаар шийдвэр /хх-5-7/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2023/01881 дүгээр Магадлал /хх-12-14/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03/782 тоот албан бичиг /хх15/, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр НШШГГ Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хэлтсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Т.Бт гаргасан Б.Бын гомдол /хх-18-19/, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сахилга, ёс зүйн хороонд гаргасан В.Ц хүсэлт /хх-20-21/, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сахилга, ёс зүйн хороонд гаргасан В.Ц гомдол /хх-22-24/, МММ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-25/, МММ ХХК-ийн дүрэм /хх-26-28/,

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-152/413 тоот Итгэмжлэл /хх-39/, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1-231/116 дугаар Итгэмжлэл /хх-68/, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1-231/248 дугаар Итгэмжлэл /хх-81/, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24420021/01 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх-84/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02-152/1360 дугаар албан бичиг /хх-85/, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24420021/152 дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-86/, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24420021/152 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх-87/, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 24420021 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-91/, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24420021 дугаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ /хх-92-93/, 23350313/01 дугаар Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг /хх-94-95/, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24420021/152 дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-96/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 4-152/1510 дугаар Мэдэгдэл /хх-97/, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл /хх-98/, Хас банк ХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 88/082 дугаар албан бичиг /хх-99/,

 

3.3 Шүүхээс: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2024/25032 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4-152/971 тоот албан бичиг /хх-56/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02/120 дугаар Хариу мэдэгдэх хуудас /хх-57-58/, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24420021/152 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх-59/,

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч НШШГГт холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24420021/152 тоот төлбөр төлөгчийн банкан дахь данс битүүмжилж, хасалт хийлгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02570 дугаар шийдвэрээр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2023/01881 дүгээр магадлалаар МММ ХХК-иас 453,492,164,4 төгрөгийг гаргуулж, БО ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэрт 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ГХ2023/01232 дугаартай гүйцэтгэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлснээр 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 24420021 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол-р МММ ХХК-нд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /х.х-ийн 5-14, 91 дүгээр тал, /

 

Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ГХ2023/01232 дугаартай гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас МММ ХХК-ийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг гаргуулсан байх ба тус компанийн 100 хувийг нэхэмжлэгч Б.Бэзэмшдэг болох нь тогтоогдсон байна. /х.х-ийн 31-33 дахь талд/

 

Улмаар, төлбөр төлөгч МММ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Бад 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус төлбөр төлөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. /х.х-ийн 97, 98 дугаар тал/

 

Хариуцагч нь, төлбөр төлөгч МММ ХХК нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй улмаас шүүхийн шийдвэр биелүүлээгүй үндэслэлээр хувьцаа эзэмшигч Б.Бын нэр дээрх арилжааны банкууд дахь дансны зарлагын гүйлгээг 456,717,578.23 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх тухай 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24420021/152 тоот тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлжээ. /х.х-ийн 38 дахь талд/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно., тус хуулийн 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж заасан.

Нэхэмжлэгч Б.Бнь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 152 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгчийн банкан дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2024 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 24420021/152 тоот тогтоолд гаргасан гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02/122, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02/122, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03/782 тоот тус тус хариу мэдэгдэх хуудсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн үндэслэлээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг эс зөвшөөрч 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримттай талууд маргаагүй./х.х-ийн 15-17 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

Хуульд заасан уг журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шийдвэр гүйцэтгэгч Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж зохицуулсан.

 

Энэ утгаараа, хуулийн этгээд нь бодгаль буюу иргэний адил өөрийн гэсэн ялгагдах зүйл, шинжтэй бөгөөд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, эзэмшиж байгаа эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг иргэний эрх зүйн харилцааны оролцогч юм.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж зохицуулсан бөгөөд хариуцагч нь МММ ХХК нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй улмаас хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байх боловч тус үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж, 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд МММ ХХК нь 1,000,000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, гурван үүсгэн байгуулагчтай, 1 /нэг/ үүсгэн байгуулагчтай гэж бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгч Б.Бын өмчлөлийн эд хөрөнгөөс МММ ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. /х.х-ийн 32-33 дахь талд/

 

Мөн, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч Б.Бын хувийн эд хөрөнгө нь компанийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэх талаарх ажиллагааг хийж гүйцэтгээгүй атлаа хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгийг битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан журамд нийцээгүй байна.

 

Иймд, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.2.13 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Бын 2024 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн төлбөр төлөгчийн банкан дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай 24420021/152 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА