| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/05513/И |
| Дугаар | 192/ШШ2025/05130 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/05130
|
|
| ||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, шүүгч Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:А
Хариуцагч: Н
Гэм хорын хохиролд 13 833 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
/хариуцагчийн төлөөлөгч С.Т шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэв./
Нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******** хариуцагч *********ид холбогдуулан Гэм хорын хохиролд 13 833 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө 9 цаг 15 минутын орчим Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн урд замын уулзвар дээр өөрийн өмчлөлийн **** УНҮ улсын дугаартай, Мерсидес бенз ЖЛ400 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байхад**** УБО улсын дугаартай, Тоёота Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчих замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно гэх заалтыг зөрчиж миний унаж явсан тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол учруулсан. Энэхүү төлбөрийг хариуцагч ********* нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна. ******** ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээний тайлангаар **** УНҮ улсын дугаартай автомашинд учирсан хохирлын хэмжээг 13 833 000 төгрөгөөр тогтоосон. Иймд хариуцагч *********оос гэм хорын хохиролд 13 833 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******** нь гэм хорын хохиролд 13 833 000 төгрөг гаргуулах шаардлага тавьсан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагт миний тойрч гарсан саад болох дүрэм зөрчиж нэгдүгээр эгнээнд байрлаж удаан зогссон автомашин тусгагдаагүй, ослын газрын гэрэл зураг хавтаст хэрэгт тусгагдаагүй тул зам тээврийн осол дээр тогтоосон актыг хүчингүй болгож дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтэй байна. ...Нэхэмжлэгчээс машиныхаа гэрлийг сольж шинэ гэрэл авч хийсэн гэсэн байх тул тус осолд орж эвдэрч зурагдсан их гэрлийг хариуцагч тал хүлээн авах, мөн эргүүлэн мөнгөн төлбөрийг төлөхөд график тогтоох зэргээр нэхэмжлэгчтэй эвлэрэх саналыг гаргаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, техникийн тодорхойлолт, Эрх бүхий албан тушаалтны 2022.10.19-ний өдрийн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, *********ийн Хан-Уул дүүргийн Замын Цагдаагийн хэлтэст гаргасан 2022.09.23-ны өдрийн хүсэлт, жолоодох эрхийн оноо, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, ******** ХХК-ийн 2022.09.23-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, *********ийн төлбөр барагдуулах тухай хүсэлт, итгэмжлэл, зэргийг ирүүлсэн /хх-ийн 3-17/
4. Хариу тайлбар, итгэмжлэл, Засвар үйлчилгээний үнийн санал, засвар үйлчилгээний нэхэмжлэх, депозит дасны дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан материалын хуулбар, /хх-ийн 25, 26, 50-56, 95-122/
5. Шүүх хариуцагч талын хүсэлтээр ********* ХХК-ийн 2025.05.20-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлан зэрэг баримтыг хэрэгт хавсаргав. /хх-ийн 136-145/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2022 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө 9 цаг 15 минутын орчим Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн урд замын уулзвар дээр өөрийн өмчлөлийн **** УНҮ улсын дугаартай, ********* маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байхад**** УБО улсын дугаартай, Тоёота Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол учруулсан. Энэхүү төлбөрийг хариуцагч ********* нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна гэж тайлбарлав.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагт миний тойрч гарсан саад болох дүрэм зөрчиж нэгдүгээр эгнээнд байрлаж удаан зогссон автомашин тусгагдаагүй, ослын газрын гэрэл зураг хавтаст хэрэгт тусгагдаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 09 цаг 15 минутын үед Тоёота ланд крузер 200 маркийн **** УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ********* нь ********* маркийн **** УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******** жолоочтой мөргөлдсөн нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр тогтоогдож байна.
Тус тээврийн хэрэгсэлд урд крыло, гупер дээрх таг, урд жааз төмөр чихэгдсэн, урд гуперийн хүрээ, урд гупер чихэгдэж зурагдсан, гуперын доод хаалт, гуперын баруун сетик чихэгдэж салсан, баруун их гэрэл гүн зурагдсан эвдрэл гэмтэл тогтоогдсон байх ба уг эд ангийг солих, гэмтлийг засахад нийт зардалд 13 833 000 төгрөгийн хохирол учирсан болохыг ******** ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар үнэлгээний тайлангаар тогтоосон байна. /хх-ийн 11-15/
6. Хариуцагч *********ийн гэм буруутай үйлдлийн улмаас дээрх осол гарсан асуудлаар талууд мараагүй бөгөөд автомашин техникийн эвдрэл, хохирлыг хариуцагч нь төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна.
7. ********* маркийн **** УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч ********ын өмчлөлийн эд хөрөнгө байх тул уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй.
8. Хариуцагч тал ********* маркийн **** УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоосон ******** ХХК-ийн 2022.09.06-ны өдрийн *** дугаар техникийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч, дахин шинжээч томилуулж, хохирлын үнэлээг тогтоолгох хүсэлтийг гаргасныг шүүхээс хангаж, шинжээчээр ********* үнэлгээ ХХК-ийг томилсон байна.
8.1 Тус байгууллагаас 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн байх ба тус үнэлгээгээр тээврийн хэрэгсэлд баруун урд крыло, буфер дээрх таг, урд жааз төмөр хонхойж чихэгдсэн, баруун урд крыло хонхойж чихэгдсэн, урд буферийн хүрээ, урд буфер зурагдсан, баруун урд их гэрэл гүн зурагдаж, битүүмж алдагдсан, урд буферийн доод сетик, хаалт чихэгдэж салсан эвдрэл гэмтэл тогтоогдсон байх ба уг эд ангийг солих, гэмтлийг засахад нийт зардалд 11 112 640 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байна. /хх-ийн 136-145/
9. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч ********* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, нэхэмжлэгч ********ын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл нь хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх ба тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.
10. Дээрхээс дүгнэхэд хариуцагч *********ийн гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгч ********ын ********* маркийн **** УНҮ улсын дугаартай автомашиныг мөргөж, автомашинд хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч ********* нь дээрх хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байх тул ********* маркийн **** УНҮ улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлыг шинжээч ********* үнэлгээ ХХК-ийн тогтоосон үнэлгээ болох 11 112 640 төгрөгийг хариуцагч *********оос гаргуулах нь зүйтэй байна.
11. Нөгөөтэйгүүр хариуцагч ********* 2025.06.13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...нэхэмжлэгчээс машиныхаа гэрлийг сольж шинэ гэрэл авч хийсэн гэсэн байх тул тус осолд орж эвдэрч зурагдсан их гэрлийг хариуцагч тал хүлээн авах, мөн эргүүлэн мөнгөн төлбөрийг төлөхөд график тогтоох зэргээр нэхэмжлэгчтэй эвлэрэх саналыг гаргаж байна. гэж тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд уг эвдэрсэн гэх гэрлийг хариуцагчид өгөхөд татгалзахгүй гэсэн тайлбар гаргасныг дурдав.
12. Шүүх 2025.05.29-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын даргын А/*** дугаар тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч П.Мд шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэснийг зөрчөөгүй болно.
13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *********оос гэм хорын хохиролд 11 112 640 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********т олгож, илүү нэхэмжилсэн 2 720 360 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Н*********оос улсын тэмдэгтийн хураамжид 192 752 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ
Д.ЭНХЦЭЦЭГ