| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2025/00310/И |
| Дугаар | 191/ШШ2025/06817 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/06817
2025 08 12 191/ШШ2025/06817
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХААК ТӨХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ША ХХК /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 47,986,500.05 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У,
Хариуцагчийн өмгөөлөгч Р.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг ХААК ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. ХААК ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. ША ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 31,823,066.50 төгрөг байна. Үүнд, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр УГ-УХ-2016/28 дугаартай 2016 оны ургац хураалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээг тус тус байгуулсан байна.
2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 31,823,066.50 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-иар тооцоход 15,911,533.25 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 31,823,066.50 төгрөг, нийт 47,734,599.75 төгрөг гаргуулахаар байна.
Нэхэмжлэгч нь "ША" ХХК-аас үндсэн төлбөр 31,823,066.50 төгрөг, анз 15,911,533.25 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 47,734,599.75 /дөчин долоон сая долоон зуун гучин дөрвөн мянга таван зуун ерэн есөн/ төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 251,900.3 төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Иймд ША ХХК-аас нийт 47,985,500 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү. гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй ХААК ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй ША ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр УГ-УХ-2016/28 дугаартай 2016 онд ургац хураалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ байгуулсан ба зээлээ төлөөгүйн улмаас хугацаа хэтэрсэн өр буюу алданги 15,911,533.25, гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 31,823,066.50, нийт 47,734,599.75 төгрөгийг нэхэмжилжээ.
Тус "2016 оны ургац хураалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ-гээр нийт 3000 литр шатахууныг 5,160,000 төгрөгөөр зээлдүүлж гэрээгээр тохирсноор урьдчилгаанд 50 хувь буюу 2,580,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлж үлдэгдэл төлбөрийг тус оны 11 дүгээр сарын 25-ны дотор намрын ургацаас төлөх байсан.
Гэтэл 2017 онд бид тухайн үеийн цаг уурын таагүй нөхцөл байдлаас /ган гачиг/ шалтгаалан ургац алдаж үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсон ба 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд ургац авч чадаагүйгээс болоод 2019 оноос хойш дахин тариа тариалах үйл ажиллагааг явуулж чадаагүй болно.
Мөн тухайн үед тариалан эрхлэлтийг дэмжих сан нь бидний тарианы урамшуулалтаас өөрийн өрийг суутган авдаг байсан бөгөөд дээрх мөнгийг манай компани нь урамшуулалтаасаа бүрэн төлж барагдуулсан байх ёстой.
2. Хэрэв хариуцагч компани нь нэхэмжлэгч байгууллагад төлөх өр төлбөртэй байсан бол уг дээрх гэрээний хугацаа дуусахаар өр зээлээ нэхэх байсан гэж үзэж байна. Гэтэл зээлдүүлэгч тал нь ямар нэгэн байдлаар үлдэгдэл төлбөрийг төлөхийг 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа шаардаж, нэхэж байгаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;" байна гэж заасны дагуу тус гэрээгээр шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
3. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба барьцааны зүйл болох 231 га талбай бүхий *** нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь ША ХХК-ийн өмчлөлийн бус эзэмшлийн газар байсан. Бид ургац алдсанаас хойш тухайн газарт тариалан эрхлээгүй ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй учир уг газрын эзэмших эрхийн гэрээ нь дуусгавар болж хураагдсан болно. Одоо тухайн газрын өөр хүн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулдаг байж магадгүй.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана., 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж заанаар тус гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүй буюу хуульд заасан шаардлагыг хангаагүй тул барьцааны гэрээ хийсэн гэж үзэхгүй ба гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ ямар ч үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/1217 тоот Итгэмжлэл /хх-3-4/, хуулийнх этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, ХААК төрийн өмчит ХХК-ийнх дүрэм /хх-6-17/, ЭДЖПс ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-18/, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрирйн УГ-УХ-2016/28 дугаартай Дизель түлш олгох зөвшөөрлийн хуудас /хх-22/, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн УГ-УХ-2016/28 дугаартай 2016 оны ургац хураалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ /хх-23-24/, *** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-25/, Ч.Оын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-26/, 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ДТ/2010/У-33 дугаар 2010 оны уринш боловсруулалтад дизель түлш олгох гэрээ /хх-87-88/, ША ХХК-ийн 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 014 тоот хүсэлт /хх-89/, 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ДТ/2010/У/Х-15 дугаар 2010 оны ургац хураалтад дизель түлш олгох гэрээ /хх-90-91/, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Уг-ТШ-2016/48 дугаар 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох гэрээ /хх-92-93/, 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Үр-2011/УБ/01 дугаар 2011 оны тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ /хх-95-96/,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №01 дугаартай Итгэмжлэл /хх-38/, хариу тайлбар /хх-39-40/, ША ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-50-51/, Монголын татварын албаны Аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт /хх-52-58/,
3.3 Шүүхээс: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШЗ2025/15290 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу,
Төв аймгийн Онцгой байдлын газраас 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 44/103 тоот албан бичгээр Төв аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06/13 дугаар Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай акт /хх-77-80/, Төв аймгийн ус цаг уур орчны шинжилгээний газрын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/307 тоот Цаг агаарын тодорхойлолт /хх-109/,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ХААК ТӨХХК-иас хариуцагч ША ХХК-ны холбогдуулан 47,985,500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Нэхэмжлэгч ХААК ТӨХХК-иас хариуцагч ША ХХК-нды холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн УГ-УХ-2016/28 тоот 2016 оны ургац хураалтад дизель түлш олгох зээлийн гэрээний үүрэгт 2,580,000.00 төгрөг алданги 1.290,000.00 төгрөг, 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ДТ/2010/У-33 тоот 2010 оны уранш боловсруулалтад дизель түлш олгох гэрээний үүрэгт 3,960,000.00 төгрөг алданги 1,980,000.00 төгрөг, 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ДТ/2010/У/Х-15 тоот 2010 оны ургац хураалтад дизель түлш олгох гэрээний үүрэгт 3,003,000.00 төгрөг алданги 1,501,000.00 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн УГ-ТШ-2016/48 тоот 2016 оны хаврын тариалалтад дизель түлш олгох зээлийн гэрээний үүрэгт 1,980,000.00 төгрөг алданги 990,000.00 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ҮР-2011/УБ/01 тоот 2011 оны уранш тариалалтад шаардагдах, үрийн буудайг зээлээр олгох гэрээний үүрэгт 20,468,000.00 төгрөг алданги 10,234.00 төгрөг нийт 47,985,500.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.
2.1 Хариуцагч 2017 онд цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаан ургац бүрэн хэмжээгээр хураан аваагүй, уг нөхцөл байдлаас харгалзан үзэж дээрх мөнгийг улс нэхэмжлээгүй ба шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
3.1 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ША ХХК-нд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн УГ-УХ-2016/28 тоот 2016 оны ургац хураалтад дизель түлш олгох зээлийн гэрээгээр 3000 тн түлшийг нэг литрийг 1,720.00 төгрөг, нийт 5,160,000.00 төгрөгөөс урьдчилгаа 2,580,000.00 төгрөгийг төлж үлдэх 2,580,000.00 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны дотор, 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ДТ/2010/У-33 тоот 2010 оны уранш боловсруулалтад дизель түлш олгох гэрээгээр 4000 тн түлшийг нэг литрийг 1,430.00 төгрөг, нийт 5,720,000.00 төгрөгөөс урьдчилгаа 1,760,000.00 төгрөгийг төлж үлдэх 3,960,000.00 төгрөгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны дотор, 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ДТ/2010/У/Х-15 тоот 2010 оны ургац хураалтад дизель түлш олгох гэрээгээр 3000 тн түлшийг нэг литрийг 1,430.00 төгрөг, нийт 4,290,000.00 төгрөгөөс урьдчилгаа 1,287,000.00 төгрөгийг төлж үлдэх 3,003,000.00 төгрөгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны дотор, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн УГ-ТШ-2016/48 тоот 2016 оны хаврын тариалалтад дизель түлш олгох зээлийн гэрээгээр 3000 тн түлшийг нэг литрийг 1,320.00 төгрөг, нийт 3,960,000.00 төгрөгөөс урьдчилгаа 1,980,000.00 төгрөгийг төлж үлдэх 1,980,000.00 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны дотор, 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ҮР-2011/УБ/01 тоот 2011 оны уранш тариалалтад шаардагдах, үрийн буудайг зээлээр олгох гэрээгээр 43 тн үр тариаг нийт 29,240,000.00 төгрөгөөр тооцож, урьдчилгаа 8,772,000.00 төгрөгийг төлж үлдэх 20,468,000.00 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 25-ны дотор тус тус төлөх үүргийг хариуцагч Шарлгал арвай ХХК хүлээжээ. /х.х-ийн 87-88, 90-93, 95-96/.
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийг сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 тоот тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан-гийн нэгдсэн санхүүгийн тайлангийн үлдэгдлийг хааж Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад шилжүүлэх, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Монгол улсын засгийн газрын тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, түүний санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг ХААК ТӨХХК-нд шилжүүлсэн үйл баримттай зохигчдын хэн аль нь маргаагүй.
Хэдийгээр талууд, уг гэрээнүүдийг зээлээр олгох гэрээ хэмээн нэрлэж, худалдсан эд зүйлийн үнийг нэг дор биш тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон байх боловч тус гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ-ээс нэмэгдсэн шинжгүй, зөвхөн төлбөрийг хожим төлөх нөхцөлтэй байх тул энэ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний бус, харин 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч ША ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн УГ-УХ-2016/28 тоот 2016 оны ургац хураалтад дизель түлш олгох зээлийн гэрээгээр 3000 тн түлш, 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ДТ/2010/У-33 тоот 2010 оны уранш боловсруулалтад дизель түлш олгох гэрээгээр 4000 тн түлш, 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ДТ/2010/У/Х-15 тоот 2010 оны ургац хураалтад дизель түлш олгох гэрээгээр 3000 тн түлш, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн УГ-ТШ-2016/48 тоот 2016 оны хаврын тариалалтад дизель түлш олгох зээлийн гэрээгээр 3000 тн түлш, 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ҮР-2011/УБ/01 тоот 2011 оны уранш тариалалтад шаардагдах, үрийн буудайг зээлээр олгох гэрээгээр 43 тн үр тариаг тус тус хүлээн авсан байна.
Энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж зааснаар гэрээний зүйлийг хүлээн авсанд тооцно.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцно.
Тайлбарлавал, хариуцагч ША ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн УГ-УХ-2016/28 тоот 2016 оны ургац хураалтад дизель түлш олгох зээлийн гэрээгээр 3000 тн түлшний үлдэгдэл 2,580,000.00 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны дотор, 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ДТ/2010/У-33 тоот 2010 оны уранш боловсруулалтад дизель түлш олгох гэрээгээр 4000 тн түлшний үлдэгдэл 3,960,000.00 төгрөгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны дотор, 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ДТ/2010/У/Х-15 тоот 2010 оны ургац хураалтад дизель түлш олгох гэрээгээр 3000 тн түлшний үлдэгдэл 3,003,000.00 төгрөгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны дотор, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн УГ-ТШ-2016/48 тоот 2016 оны хаврын тариалалтад дизель түлш олгох зээлийн гэрээгээр 3000 тн түлшний үлдэгдэл 1,980,000.00 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны дотор, 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ҮР-2011/УБ/01 тоот 2011 оны уранш тариалалтад шаардагдах, үрийн буудайг зээлээр олгох гэрээгээр 43 тн үр тарианы үлдэгдэл 20,468,000.00 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлөх үүргийг хүлээсэн.
Гэтэл талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ША ХХК нь нэхэмжлэгч ХААК ТӨХХК-нд 16,379,000.00 төгрөгийг төлсөн хэдий ч үлдэх 31,991,000.00 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д Дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гээд 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол гэж заасан.
Тайлбарлавал, хариуцагч нь 31,991,000.00 төгрөг төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, гэрээнд заасан алдангийн нийлбэр 15,995,000.00 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч ХААК ТӨХХК нэхэмжилсэн.
Зохигчид гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар, эд хөрөнгийн биет байдлын доголдол, гэрээний үнэ, урьдчилгаа төлбөр төлсөн талаар маргаагүй боловч хариуцагч ША ХХК нь цаг агаарын нөлөөгөөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт авагдсан Төв аймгийн онцгой байдлын газраас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06/13 тоот албан бичиг, Төв аймгийн ус цаг уур орчны шинжилгээний газрын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/307 тоот цаг агаарын тодорхойлолтоор, 2016-2017 оны жилийн агаарын дундаж температур олон жилийн дунджаас 3,8-7,8 градусаар дулаарсан, 296 аж ахуй нэгжийн үр тариа 79,758 га-аас 10,535 га ургац алдсан баримтыг шүүхэд ирүүлсэн боловч уг үйл баримт нь хариуцагчийн 2010-2011 оны хооронд хүлээн авсан үр тариа, дизель түлшний үнийг төлөх үүрэгт хамаарахгүй, 2017 оны цаг уурын нөлөөлөлд хариуцагч ургац аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.
5. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.
Тодруулбал, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд хуульд заасан буюу заагаагүй тодорхой төрлийн гэрээ болон нэрлэгдээгүй аливаа гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурав/ жил байх юм.
Гэтэл худалдагч Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон түүний эрх, үүрэг хүлээн авагч нь 2010, 2011, 2016 онд нийлүүлсэн 31,991,000.00 төгрөгийн үнэ бүхий үр тариа, дизель түлшний үнийг өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлээгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3-т зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар үүнийг хэрэгжүүлэх ба гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг дээр дурдсан 3 жилийн хугацаанд гаргахад хөөн хэлэлцэх хугацааг тус хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардах эрхийг хэзээ үүссэнийг хуульд заасан журмын дагуу тоолоход 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ХААК ТӨХХК нь, хариуцагч ША ХХК-нд худалдсан үр тариа, дизель түлшний үнийг түүнээс буцаан нэхэмжлэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн УГ-УХ-2016/28 тоот, 2016 оны ургац хураалтад дизель түлш олгох зээлийн гэрээ-ний шаардах эрх 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ДТ/2010/У-33 тоот 2010 оны уранш боловсруулалтад дизель түлш олгох гэрээ-ний шаардах эрх 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ДТ/2010/У/Х-15 тоот 2010 оны ургац хураалтад дизель түлш олгох гэрээ-ний шаардах эрх 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн УГ-ТШ-2016/48 тоот 2016 оны хаврын тариалалтад дизель түлш олгох зээлийн гэрээ-ний шаардах эрх 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ҮР-2011/УБ/01 тоот 2011 оны уранш тариалалтад шаардагдах, үрийн буудайг зээлээр олгох гэрээ-ний шаардах эрх 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус дууссан ажээ.
Нэхэмжлэгч дээрх гэрээний үүргийг цаг тухай бүрт нэхэмжилж ирсэн, үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулсан гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй хариуцагчийн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзах, татгалзал үндэслэлтэй байна.
Иймд, нэгэнт нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгээгүй, хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс бүрэн татгалзаж байгааг тус тус үндэслэн шүүхээс энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ХААК ТӨХХК нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар төсвийн байгууллагын гаргасан шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т "төсвийн байгууллага гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг; гэж заасан.Гэтэл нэхэмжлэгч ХААК ТӨХХК-ийн дүрмийн 1.3-т уг хуулийн этгээдийг ашгийн төлөө гэж үндсэн үйл зорилгыг тодорхойлсон тул улсын тэмдэгтийн хураамжийг нөхөж гаргуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар ХААКТӨХХК-ийн хариуцагч ША ХХК-д холбогдуулан гаргасан 47,985,500.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 397,877 төгрөг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА