Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 49

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга  Н.Алтантуяа

Улсын яллагч Э.Тулгаа

Хохирогч Б.Цэвээндорж

Шүүгдэгч Ц.Ж , Л.Д , Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Отгод овогт Б ийн М , Аата овогт Ц ын Ж , Н овогт Л ийн Д  нарт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201721010041 дугаартай 154/2017/00047/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Аата овогт Ц ын Ж , Ховд аймгийн Мөст суманд 1963 оны 11 сарын 18-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суух, РД: .

2. Н овогт Л ийн Д , Ховд аймгийн Мөст суманд 1963 оны 11 сарын 12-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суух, РД:

3. Отгод овогт Б ийн М , Ховд аймгийн Цэцэг суманд 1991 оны 10 сарын 28-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэгнуур багт оршин суух, РД: .

 Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Ц.Ж  нь Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн Цагаан хөтөл гэх нэртэй газраас 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан, Л.Д тай бүлэглэн SS Mongolia ХХК-ны байшингийн эд зүйлүүдийг хулгайлсан

2. Шүүгдэгч Л.Д  нь Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн Цагаан хөтөл гэх нэртэй газраас 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан, Ц.Ж тай бүлэглэн SS Mongolia ХХК-ны байшингийн эд зүйлүүдийг хулгайлсан

3. Шүүгдэгч Б.М  нь Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн Цагаан хөтөл гэх нэртэй газраас 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан SS Mongolia ХХК-ны байшингийн эд зүйлүүдийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарА  гэж шүүх үнэллээ.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэвэл:

Нэг. Шүүгдэгч Ц.Ж ы үйлдсэн гэмт хэрэг, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.Ж  нь Л.Д тай бүлэглэн, машин механизм хэрэглэн Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн нутаг дэвсгэр Цагаан хөтөл гэх газраас 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд SS Mongolia ХХК-ны байшингийн эд зүйлүүдийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Цэвээндоржийн өгсөн: “...Мөст сумын Цэцэг гол багийн нутаг дэвсгэр Ямаатын хоолой гэх нэртэй газар анх 2016 оны 07 дугаар сарын 01-нд ирээд барилга байгууламж барьж тоног төхөөрөмж угсарч суурилуулаад алт олборлохоор үйл ажиллагаа явуулсан боловч 200 орчим авто машин шороо угаагаад ямар ч алт олоогүй 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйл ажиллагаа нь зогсоод хажууд нь байгаа өвөлжөөний эзэн Баяртад захиж үлдээгээд 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ирэхэд барилгын цонх, хаалга, сендвич, хашааны тор, тоног төхөөрөмжүүдийн мотор болон зарим эд ангиуд нь алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Отгоншарын өгсөн: “...Ж  ах Мөст сумын Цэцэг гол багийн Ямаатын хоолой гэх газарт байсан сендвичин барилгаас авсан гэж хэлж байсан. Цагдаад хүлээлгэж өгөх гэсэн юм. Би өөрөө Мөст суманд байна ачаад ир гэж хэлэхээр нь би ачаад замдаа хадам аав Лхагвадоржийнд хоноод маргааш нь Мөст сум орох гэхэд Булган явахаар боллоо гэхээр нь тэнд буулгачихсан байж байгаад хэд хоногийн дараа буцаагаад Ж  ахын гэрт нь буулгаж өгсөн. Нийт 20 орчим сендвич байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Ж ы хэргээ хүлээн мэдүүлсэн: “2017 оны 05 сарын 16-17-нд Мөст сумын төв ороод хөнгөн цагаан төмөр аваад буцах замдаа барилгын үлдэгдэл байхаар нь хэрэггүй болчихсон юм байна гэж бодоод эхнэртэйгээ хамт 17-18 ширхэг сэндвич аваад хашаандаа аваачиж буулгасан. Хулгай хийсэн гэдгээ ойлгосон. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Ж ы бүлэглэн, машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хоёр. Шүүгдэгч Л.Д гийн үйлдсэн гэмт хэрэг, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Д  нь Ц.Ж тай бүлэглэн машин механизм хэрэглэн Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн нутаг дэвсгэр Цагаан хөтөл гэх газраас 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд SS Mongolia ХХК-ны байшингийн эд зүйлүүдийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Цэвээндоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохиролоо бүрэн гүйцэт төлүүлсэн. Энэ хүмүүсээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад Ц.Ж ы сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 05 дугаар сарын 18-нд эхнэр Л.Д гийн хамт Мөст сумын төв дээрээс хөнгөн цагаан төмөр худалдаж авахаар ирээд төмөр худалдаж аваад төмөрөө цуглуулаад хоносон маргааш орой 20 цагийн үед Мөст сумаас Цэцэг сум руу явсан. Явах замд сэндвич барилга буучихсан тал нь байхгүй болчихсон байхаар нь явж очоод харуулын байрны дээврийн сэндвич, 6 ширхэг төмөр зэрэг зүйлүүдийг аваад эхнэрийн хамт өөрийн 54-24 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн пронтер маркын автомашинд ачиж аваад Хөшөөтийн уурхайд байдаг хашаандаа авч ирээд буулгачихсан...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Д гийн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би нөхрийн хамт Мөст суманд хөнгөн цагаан аваад явж байгаад Мөст сумаас 2017 оны 05 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Цэцэг сум руу явж байх замд балгас болчихсон сендвичин барилга байсан тэр барилгын тал нь байхгүй, хаалга цонх гэх зүйл байхгүй. Энэ тэндээс нь авчихсан балгас гэхээр зүйл байхаар нь уулан талд байсан барилгын дунд талын тасалгааны сэндвичнүүд, харуулын байр бололтой хоёр барилгын дунд байсан жижиг сендивчин барилгын дээврийн сэндэвчийг нь аваад өөрсдийн унаж явсан автомашинд бид хоёр ачаад Цэцэг сумын хөшөөт багт авч ирж буулгасан. Тухайн барилга балгас шиг болчихсон байсан болохоор эзэнгүй юм байна гэж бодоод авсан. Эзэнтэй бүтэн байсан бол бид хоёр авахгүй байсан. Өөрсдийн санаандгүй байдлаас болж ийм муухай зүйл хийлээ. Сэндвич болон хэдэн ширхэг төмөр авсан. Өөр зүйл аваагүй авсан зүйлүүдээ бүгдийг нь тоо ёсоор нь буцааж өгсөн. Бид хоёр л явсан өөр хүн яваагүй...” гэх мэдүүлэг,  

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Л.Д гийн бүлэглэн, машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Гурав. Шүүгдэгч Б.М гийн үйлдсэн гэмт хэрэг, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.М  нь Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн Цагаан хөтөл гэх нэртэй газраас 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан SS Mongolia ХХК-ны байшингийн эд зүйлүүдийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл

Гэрэл зургийн үзүүлэлтүүд

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Амаржаргалын өгсөн: “...Би мэдэхгүй байна манай нөхөр мэдэх байх. Би өглөө 08 цагт гараад 22 цагт гэртээ очдог болохоор хэн хэзээ авч ирсэнийг нь мэдэхгүй байна. Манай нөхөр 72-42 ГАА гэсэн улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.М гийн хэргээ хүлээн мэдүүлсэн: “2017 оны 04 сард мал төллөх үеэр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Мөст сумын Цагаан хөтлийн Тэмээтийн хоолой гэдэг газраас хүнээс адуу авах гээд явсан юм. Адуу авах гэсэн хүн адуугаа олсонгүй гээд адуу өгөөгүй. Тэгээд явж байхад мотоцикль нь эвдэрчихсэн хүн таарсан тэр 2-оос энэ кемп яаасан юм бэ гэхэд тарчихсан юм аа гэхээр нь очиж үзээд хаалга хэдэн төмөр тэр хоёр залуутай нийлж ачиж аваад хашаандаа аваачиж буулгасан юм. Хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М  нь машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Дөрөв: Гэмт хэргийн хохирлын талаар:

Шүүгдэгч Ц.Ж , Л.Д , Б.М  нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохиролгүй болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Цэвээндоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хохиролоо бүрэн гүйцэт төлүүлсэн. Энэ хүмүүсээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэгээр нотлогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт  битүүмжлэгдсэн SS Mongolia ХХК-ны байшингийн эд зүйлүүдийг хохиролд тооцон хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

         1. Шүүгдэгч Аата овогт Ц ын Ж , Н овогт Л ийн Д  нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах, шүүгдэгч Отгод овогт Б ийн М г машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Л.Д г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Б.М г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ж д оногдуулсан 2 жилийн хорих ял, Л.Д д оногдуулсан 2 жилийн хорих ял, Б.М д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.          

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

         5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж д оногдуулсан 2 жилийн хорих ял, Л.Д д оногдуулсан 2 жилийн хорих ял, Б.М д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус тэнсэж, хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Ж , Л.Д , Б.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч,  хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.