Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/814

 

 

 

 

  2024             7              09                                        2024/ДШМ/814

 

Х.Ит холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан,

шүүгдэгч Х.И, түүний өмгөөлөгч М.Батмөнх, Ю.Тогмид,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/315 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.И, түүний өмгөөлөгч М.Батмөнх, Ю.Тогмид нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Ит холбогдох эрүүгийн 2210028120231 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж овгийн Х.И, 1998 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн тайз засагч ажилтай гэх, ам бүл 4, ээж, дүү нарын хамт ....................тоодод оршин суух хаяг бүртгэлтэй, /РД: .................../;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 608 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1349 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Х.И нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү-2222 хотхоны 101 дүгээр байрны гадна хохирогч Р.Мын “iphone 12 pro max” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Х.Иын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Х.Иыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Иыг 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.И оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.И давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт амьдардаг. Миний эх Баярмаагийн биеийн эрүүл мэндийн байдал тогтворгүй зүрх, бөөрний улмаас даралт ихсэх өвчтэй, ажил хийх боломжгүй. Ерөнхий боловсролын сургуулийн 8 болон 9 насны 2 хүүхэдтэй амьдардаг. Би Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн тайз зураг, засал чимэглэлийн албанд тайз засагч мэргэжлээр ажил хийн ар гэрээ авч явдаг. Өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж харамсаж, өөртөө дүгнэлт хийн ойлгон ухаарч гэмшиж байна. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгагдаад шүүх хуралдаан болохоос 10 хоногийн өмнө уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хорих ангид ял эдэлж байх хугацаандаа ар гэр болон хорих ангийн удирдлагууд болон нийгмийн ажилтан, ахлах төлөөлөгч нарт удаа дараа хэлж ярьж хүсэлт тавьж байсан бөгөөд хорих ялын хугацаа дуусч гэм буруугаа ойлгож гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлсөн. Миний бие цагдан хоригдох хугацаанд уг үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд ямар их үнэ цэнтэй болохыг ойлгож ухаарлаа. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Иын өмгөөлөгч М.Батмөнх, Ю.Тогмид нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч М.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.И болон өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд Х.Иын хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өөртөө дүгнэлт хийж ойлгож гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь ял хүндэдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Х.И шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж шүүхэд үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож, анхан шатны шүүх бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэр гаргасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан хуулийн заалтын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх хэрэглэхгүйгээр гаргасан бөгөөд миний бие шүүх хуралдаанд дүгнэлтдээ миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй, түүний эрх зүйн байдал нь дордсон байна. Урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шалгагдаад шүүх хурал болохоос 10 хоногийн өмнө энэ гэмт хэргийг үйлдсэн байдаг. Хэргийг нэмж нэгтгээгүй учраас эрх зүйн байдал дордож байгаа байдлыг харгалзан үзнэ үү. Иймд Х.И нь өөрийн эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн зэрэг бүхий л нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн хорих ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Иын өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч М.Батмөнхтэй санал нэг байна. Х.Иыг анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийдвэрлэсэн нь ял хүндэдсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Х.Ит холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Х.И нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү-2222 хотхоны 101 дүгээр байрны гадна хохирогч Р.Мын “iphone 12 pro max” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            хохирогч Р.Мын “...Би “Хүннү 2222” хотхоны 103 дугаар байрны гадаа машинаа тавиад харих замд үл таних 180 см орчим өндөртэй хар цамцтай, хар малгайтай, хар өмдтэй 20 гаруй насны орчим залуу ирээд сайн уу, юу байна утсаараа яриулаач
гэхээр нь өөрийн гар утсаа өгсөн чинь ярьж байгаад цаашаагаа хурдан алхаад
машинд суугаад яваад өгсөн. Би машины дугаар болон маркийг нь мэдэхгүй байна.
2020 оны 11 дүгээр сард Япон улсаас 4.000.000 төгрөг орчимд монгол мөнгөөр авч байсан. Хохирлыг 100 хувь төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй. ...” /хх 29-30, 32/,

            гэрч Г.Нын “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 356725118667106 гэх дугаартай имай кодтой айфоне 12 про макс загварын гар утсыг барьцаанд тавиад
2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр буцааж авсан. Тэр гар утсыг 1.600.000
төгрөгөөр тавьсан. Утас нь манай дээр байна. Та прокурорын зөвшөөрөл бичгээ авч
ирээд ав. ...” /хх 33-34/,

     шүүгдэгч Х.Иын яллагдагчаар өгсөн: “...Р.Мыг аваад хорооллын эцэст байдаг гэрт нь хүргэж өгөөд буцаад Хүннү-2222 дээр буулгасан. Тухайн үед ирэхэд миний утасны цэнэг дуусаад унтарчихсан байсан. Намайг хүн ирж авах байсан тул Р.Маас “утсаараа нэг яриулаач, би ярьчихаад өгье” гэж хэлээд утсыг нь аваад таксинд явдаг танилтайгаа ярьсан. Ингэж ярьж байхдаа согтуу байсан тул нөгөө ирж авах хүндээ зам зааж байгаад ирэхээр нь машинд суугаад явчихсан. Тухайн үед би тэр машинтайгаа шууд 25 дугаар эмийн санд байрлах ломбардад Р.Мын “ iphone 12 promax” гар утсыг 1.500.000 төгрөгийн барьцаанд тавиад явсан. Маргааш нь буцаад нөгөө ломбард дээрээ очиж барьцаанд тавьсан утсаа авсан. Тэр үедээ архи уух гээд ломбардад тавьж байсан санагдаж байна, харин тэр мөнгөний 100.000 мянган төгрөгөөр архи ууж наргисан, үлдсэн мөнгийг нь үрээгүй байж байгаад дээр нь мөнгө нэмж ломбардаас авсан. Утсыг ломбардаас авчихаад маргааш нь 1.700.000 төгрөгөөр фейсбүүк дээр зар тавьж зарсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хулгайлах төрлийн гэмт хэргээр шалгагдаж байсан. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхээр орох ёстой байсан тул тэрийгээ санаад сэтгэлээр унаад бүх мөнгөөр нь шоудаад, архи ууж, зугаа цэнгэлд зарцуулсан. Би тэр гар утсыг ломбардад тавих үед Ю кодтой байсан. Тухайн үед гар утсыг нь ухаж, оролдож
байгаад note хэсгээс нь Ю нэр, нууц үгийг нь олчихсон тул тэр дороо гаргасан. ...” /хх 48-49/ гэсэн мэдүүлгүүд,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Х-0013 дугаар “...iphone 12 ргоmax гар утсыг 1.700.000 төгрөгөөр үнэлэв. ...” /хх 38-40/ гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан загварын гар утсыг 300.000 төгрөгөөр үнэлэв. ...” /хх 69-70/ гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус хангалттай тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Х.Ит холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Иыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний “утсаараа яриулаач” хэмээн хохирогчийн гар утсыг нь авч зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүх ийнхүү зүйлчлэхдээ үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Х.И “...оногдуулсан хорих ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...”,

Шүүгдэгч Х.Иын өмгөөлөгч М.Батмөнх, Ю.Тогмид нарын хамтран гаргасан “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг  илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэргийн хувьд  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл илэрдэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн арга, үйлдсэн гэмт хэргийнх нь улмаас учирсан хохирол, хор уршигт болон гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон төдийгүй шүүгдэгчийн өмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг удаа дараа үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдалд нь тохирсон байна.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Х.И, түүний өмгөөлөгч М.Батмөнх, Ю.Тогмид нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Х.И нь 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл нийт 68 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/315 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.И, түүний өмгөөлөгч М.Батмөнх, Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.И нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 68 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                            Б.АРИУНХИШИГ

  

ШҮҮГЧ                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                            Ц.МӨНХТУЛГА