Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/819

 

       

 

 

 

 

    2024           07            16                                       2024/ДШМ/819

 

 

Д.Пт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Итгэл,

хохирогч Б.Пын өмгөөлөгч З.Ариунжаргал,

шүүгдэгч Д.Пийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/422 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар эсэргүүцэл, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Д.Пт холбогдох эрүүгийн 2403001470257 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Дарьгана овгийн Д.П, 1965 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, группэд байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт ...............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

Шүүгдэгч Д.П нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянгын байрны зүүн талын замын явган хүний зохицуулдаггүй гарц дээр 2024 оны 02 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчим “Toyota Prius 20” маркийн 68-58 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1-д заасан ’’явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарц дээр Б.Пыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пийг 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг болон байнгын эмчилгээ, үйлчилгээ авдаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглож, шүүгдэгч Д.П нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч Д.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Пээс 23.196.000 төгрөгийг гаргуулж 15.180.000 төгрөгийг хохирогч Б.Под, 8.016.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 100900020080 дугаарын дансанд төлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэлдээ: “.... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх эрх хасах ял дээр нэмж зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан бол оногдуулсан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг тоолно” гэсэн байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн эрх хасах ялыг тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.” гэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пийг 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж дүгнэн эрх хасах нэмэгдэл ялыг орхигдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.П гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхээс 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 422 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн авсан. Өөрийн биеийн байдлыг мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалд хавсарган хэлэлцүүлэх гэсэн боловч шүүх хурал дээр энэ тухай яригдаагүй. Би судалж үзэхэд 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор 3 дугаар зэрэглэлд буюу хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний 9-15 хувийг олгохоор заасан байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэн хэмжээг 100 хувиар тогтоосон нь дээрх эрх зүйн баримт бичгийг баримтлаагүй байна. Хохирогчид анхан шатны тусламж, эмнэлэгт хэвтэх хугацаанд байнга эргэж тойрч халамж үзүүлэн чадлаараа 2.008.316 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн талаараа хэргийн материалд хавсаргуулсан байхад надаар дахин гаргуулахаар мөн шүүхийн тогтоолд дурдсан байна.  Миний бие нь бөөрний архаг дутагдлын эцсийн шат буюу 5 дугаар зэрэглэлд 7 хоногт 3 удаа 12 цагаар тогтмол бөөр орлох гемодиализ эмчилгээнд ордог нь Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамны сайдын хамтарсан тушаалаар баталсан ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад орсон байхад ял оногдуулаад, ялаас чөлөөлөөгүй нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Пийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” журмын хавсралтад зааснаар хүндэвтэр хохирол нь сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэл буюу 9-15 хувь байхаар заасан. Шүүх шууд энэ хэмжээгээр нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/48, А/70 дугаар хамтарсан тушаал гэж гарсан. Улсын яллагч ял эдэлж байх хугацаандаа өвчтэй болбол холбогдох байгууллагууд дүгнэлтүүд гаргаж ялаас чөлөөлнө гэж тайлбарлаж байна. Гэтэл Д.Пийн хувьд одоогийн байдлаар бөөрний архаг дутагдлын эцсийн шатанд орсон. дахин нэг хувь алдагдвал шууд хордлогод орж, амь нас нь эрсдэлд орно. Ял шийтгэгдэх үедээ дээрх тушаалын 2.1.15.5-д заасан “бөөрний архаг дутмагшлын 2-3 дугаар үе”-д хамаарч, ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад орсон байсан. Ял шийтгэгдэх үед өвчин нь тодорхой  буюу эмнэлгийн оношоор бөөрний архаг дутагдлын эцсийн шатанд орж, 7 хоногт 3 удаа гемодиализын аппаратад ордог. Энэ нь чихрийн шижингээс үүсэлтэй, зүрхний дутмагшил гэсэн тодорхойлолттой, эмнэлгийн акт, бусад нөхцөл байдлуудаар тодорхой байхад ял оногдуулж, ялаас чөлөөлөх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Ял эдэлж байхад өвчин илрээгүй, ял шийтгэгдэх үед өвчин нь тодорхой байсан. Мөн шүүгдэгчээс 2.008.316 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн байхад уг зардлыг дахин гаргуулахаар төлсөн гэж байгааг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Б.Пын өмгөөлөгч З.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх эрх хасах ялыг орхигдуулсан нь хууль зөрчсөн гэсэн агуулгатай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрч байна. Харин шүүгдэгчийн гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, анхан шатны шүүх хуралдаанд би оролцоход өвчний улмаас ялаас чөлөөлүүлэх талаар ямар нэгэн баримт өгч, ярьсан зүйл огт байгаагүй. Шүүгдэгч сэтгэцэд учирсан хохирлыг их хэмжээгээр тооцсон гэж байгаа ч шүүх өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг болон Үндсэн хуульд заасан эрх мэдлийнхээ хэмжээнд шийдвэр гаргах эрхтэй. Хохирогчийн хувьд онцлог, 19 настай, спортоор хичээллэж амжилт гаргасан хүүхэд байтал тойг нь бяцарч, дахин хэзээ ч хэвийн хэмжээндээ орохгүй. Байнга бэлтгэл хийдэг хүүхдийн яс бяцарсан учир эргэж хэвийн байдалдаа орох боломжгүй гэдэг нь шүүх хуралдааны явцад хангалттай нотлогдсон. Хохирогч сэтгэл санаа, хүсэл мөрөөдлөөрөө хохирсон. Уралдаан тэмцээнд орж, амжилт гаргах, бэлтгэлийн аяыг даах боломжгүй. Шүүхийн шийдвэр хэргийн нөхцөл байдалд тохирсон, шүүх хууль зөрчөөгүй гэж үзэж байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өөрчлөлт орсон ба уг өөрчлөлтөөр тус зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрх хасах ялыг нэмэгдэл ялаар оногдуулахаар заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж заасан. Гэтэл шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ эрх хасах ялыг дурдсан атлаа тогтоох хэсэгтээ орхигдуулсан тул тогтоох хэсэгт эрх хасах ялыг нэмж оруулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тоолохоор өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. Давж заалдах гомдлын тухайд, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” журмыг баталсан. Уг журамд зааснаар хүн нас барсан бол сэтгэцэд учирсан хохирлыг 100 хувь гэж тооцож, харин бусад тохиолдолд сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг сэтгэцийн эмгэгийн зэрэглэлд хуваан хувьчилсан. Хүндэвтэр гэмтлийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийг тогтоосон. 9-15 хувь гэдэг нь нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон хувь биш бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээ тул шүүх уг гэмтлийн интервалын дотор хангахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч нь “Би эмчилгээний зардал төлж, баримтаа хэргийн материалд хавсаргуулсан байхад надаар дахин гаргуулахаар шийтгэх тогтоолд заасан” гэсэн байх бөгөөд шүүх эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан. Харин сэтгэцэд учирсан хор уршиг болон түүнийг сахиж байх үед гарсан зардал, олох байсан хөрөнгө орлогыг нөхөн төлүүлэхээр заасан нь үндэслэлтэй. Мөн шүүгдэгч бөөрний архаг дутагдлын эцсийн шат буюу 5 дугаар зэрэглэлд 7 хоногт 3 удаа 12 цагаар тогтмол бөөр орлох гемодиализ эмчилгээнд ордог нь Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамны сайдын хамтарсан тушаалаар баталсан ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад орсон байхад ял оногдуулаад, ялаас чөлөөлөөгүй нь эрх зүйн байдлыг дордуулсан гэж байгаа ч нь Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/252, А/366 дугаар тушаалаар батлагдсан өвчний жагсаалтын хоёрдугаар хавсралтад тухайн өвчнүүдийг заасан байх ба үүнд бөөний архаг дутагдал орсон байдаг. Гэхдээ энэ хуулийн зохицуулалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.13 дугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.7 дугаар зүйлүүдээр зохицуулагдсан. Уг зохицуулалтуудаар гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдсэний дараа хэрэв ялаас чөлөөлөх өвчний нөхцөл байдал илэрвэл прокурор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн шинжээч томилж, хуульд заасны дагуу ялаас чөлөөлөх асуудлыг шүүхэд хүргүүлнэ. Энэ зохицуулалт нь гэмт хэргийг мөрдөн шалгаж, хариуцлага оногдуулах үед хэрэглэгдэхгүй, харин ял эдлэх явцад илэрвэл дээрх байдлаар зохицуулахаар заасан тул ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин шүүгдэгчийн зүгээс дараа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан өвчнийхөө баримтыг өгч хуульд зааснаар шийдвэрлүүлэх боломжтой. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, мөн хэсгийн 1.3 дахь заалт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.

            Шүүгдэгч Д.Пт анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа нэмэгдэл ял буюу 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байх боловч тогтоох хэсэгтээ энэ талаар бичээгүй, мөн энэ талаар уншиж сонсгосон гэх асуудал шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна.

Энэ тохиолдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх нөхцөлд хамаарна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хууль тогтоох байгуулагаас хуульчлан тогтоож өгсөн тул анхан шатны шүүхээс шүүгдэгчид хэрэглээгүй эрүүгийн хариуцлага буюу эрх хасах нэмэгдэл ялыг давж заалдах шатны шүүх нэмж хэрэглэх хууль зүйн боломжгүй юм.  

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “... гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл” бичих талаар тусгажээ.

            Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримт болон нэхэмжлэлийг хангах үндэслэлд тодорхой дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгчээс хохирогчид хохирол төлсөн эсэх, төлсөн бол хэдий хэмжээтэй, төлөөгүй бол ямар нотлох баримтыг үндэслэн гаргуулах, хасаж тооцох мөнгөн дүн, зөрүү байсан эсэх зэрэг талаарх дүгнэлтийг хийгээгүй, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ямар нөхцөл байдлыг үндэслэн хэрхэн 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэйгээр тогтоосон талаарх дүгнэлтийг шийтгэх тогтоолд огт дурдаагүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 1.3 дахь заалтад тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/422 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Д.Агарын бичсэн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар эсэргүүцэл, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

2. Шүүгдэгч Д.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                    Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                    Ц.МӨНХТУЛГА