Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/820

 

       

                                                              

 

 

 

    2024           07            16                                       2024/ДШМ/820

 

 

    У.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Отгонжаргал,

шүүгдэгч У.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2024/ШЦТ/665 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ү.Содномцогийн бичсэн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар эсэргүүцлийг үндэслэн У.Бд холбогдох эрүүгийн 2406000001085 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Булгадар овгийн У.Б, 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрийн автоматжуулалт мэргэжилтэй, “Глобал Мон Эмаль” шүдний эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

Шүүгдэгч У.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кемпински” зочид буудалд зохион байгуулагдаж байсан арга хэмжээний үеэр хохирогч Б.Оын эзэмшлийн дугтуйтай 1.000.000 төгрөг, хохирогч Б.Хы эзэмшлийн дугтуйтай 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас: У.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.БЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар                             У.Бд хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч У.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ү.Содномцог бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч У.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэхдээ У.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх санал танилцуулахдаа хяналтын прокурор Н.Ганчимэгийн гаргасан алдаа болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаа тохиолдолд мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж хуулиар шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг хэрэглэхгүй шийтгэх тогтоол гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ” тусгах гэснийг тус тус зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байна. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон эрх бол императив шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэх нь шүүхийн үүрэг юм. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтооно" гэсэн заавал биелэгдэх шинжтэй, үүрэг болгосон хэм хэмжээг хуульчилсан бөгөөд энэ нь мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна" гэж заасантай харилцан хамааралтай, бие биеэ нөхцөлдүүлсэн заалт болно. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг шүүх хэрэглэсэн тохиолдолд түүнд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хуульчилсан байна. Гэтэл шүүх шүүгдэгч У.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ түүнд хуульд заасан ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй, хязгаарлалт тогтоогоогүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тэнсэгдсэн этгээдэд хэрхэн хяналт тавьж, шүүхийн дээрх шийдвэрийн биелэлтийг яаж хангуулах нь тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдалд хүргэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэхдээ албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг орхигдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хууль болон бусад хуульд зааснаар эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэх нь шүүх, шүүгчийн эрх хэмжээний асуудал боловч хуульд заавал үүрэг болгосон хэм хэмжээг шүүх заавал хэрэглэх ёстой. Энэ хэргийн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ мөн зүйлд заасан албадлага хэрэглэх асуудлыг орхигдуулсан нь тухайн шийдвэрийг биелүүлэхэд тодорхойгүй, ойлгомжгүй байдлыг бий болгож байна. Учир нь, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 8 сарын хугацаагаар тэнсэх арга хэмжээг биелүүлэх ажиллагаа явагдахад ямар үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон нь ойлгомжгүй байдлыг үүсгэнэ. Ингэснээрээ шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байх хуулийн шаардлага хангагдаагүй. Мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хуулийг зөв хэрэглэх, шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй байхаар нөхцөл байдлыг тодорхой болгох ёстой. ...” гэв.

Шүүгдэгч У.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос, У.Б үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кемпински” зочид буудалд зохион байгуулагдаж байсан арга хэмжээний үеэр хохирогч Б.Оын эзэмшлийн дугтуйтай 1.000.000 төгрөг, хохирогч Б.Хы эзэмшлийн дугтуйтай 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан нь заавал биелүүлэх шинжтэй шүүхэд үүрэг болгосон зохицуулалт бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.2-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.3-т “тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх”, 2.5-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэж заасан үүргүүдийг хүлээлгэхээр,

мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах”, 3.2-т “галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох”, 3.3-т “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох”, 3.4-т “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох” гэж заасан хязгаарлалтыг тогтоохоор тус тус хуульчилсан.

Шүүх шүүгдэгч У.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсэгт заасан хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний аль алинийг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн шаардлагад нийцээгүй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хууль тогтоох байгуулагаас хуульчлан тогтоож өгсөн бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид хэрэглээгүй орхигдуулсан эрүүгийн хариуцлагын албадлагын арга хэмжээг давж заалдах шатны шүүх нэмж хэрэглэх хууль зүйн боломжгүй юм.  

Иймд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2024/ШЦТ/665 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Ү.Содномцогийн бичсэн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар эсэргүүцлийг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2024/ШЦТ/665 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч У.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

          ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА