2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/04037

 

 

2025 05 08 191/ШШ2025/04037

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, Хэрэглээний лизинг ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х******* овогт Г*******ын Г******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Г******* нь манай компанитай 2022 оны 11-р сарын 17-ны өдөр Э-БЗГ/2022- ******* барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,399,910 /Таван сая гурван зуун ерэн есөн мянга есөн зуун арван/ төгрөгийг сарын 2.98%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч Г.Г******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Apple Iphone 14Pro Max Deep Purple 256GB MQ9X3ZP/A загварын гар утсыг "Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Г.Г******* нь Э-БЗГ/2022-******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 04-р сарын 02-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 10,451,304.26 /Арван сая дөрвөн зуун тавин нэгэн мянга гурван зуун дөрвөн төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөг төлөх байснаас зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу нэг ч удаа төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 834 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн УБ, БЗД 5-р хороо, 15-р хороолол 205 байр 33 тоот хаягаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/Ш32024/25550 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Г.Г*******ийг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, Г.Г******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Г.Г*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Хэрэглээний лизинг ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Г*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2024/25550 дугаар захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/19104 дүгээр захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн Х******* овогт Г*******ын Г*******ийн оршин суугаа хаягын лавлагаагаар ***тоот хаягт бүртгэлтэй гэх боловч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны засаг дарга тодорхойлсон байна.

Иймд дээрх нотлох баримтуудаас үзэхэд, Х******* овогт Г*******ын Г******* /РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Х******* овогт Г*******ын Г******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Х******* овогт Г*******ын Г******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

2.     Х******* овогт Г*******ын Г******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА