Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/851

 

 

 

 

 

 

    2024           07           23                                        2024/ДШМ/851           

 

А.Рт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Энхбаяр,

хохирогч Б.Ш, түүний өмгөөлөгч А.Ганбат,

            нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/640 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Шийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлоор А.Рт холбогдох эрүүгийн 2306060400420 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шыбарайгыр овгийн А.Р, 1995 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, “Их хар сүлд хамгаалалтын албанд шуурхай бүлгийн хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ................ гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ................... тоотод түр оршин суух, /РД:.................../,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 23/1045 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

Шүүгдэгч А.Р нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “GS-25’' дэлгүүрийн орчим Б.Штэй таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж түүнийг газарт унагаж, цээж хэсэгт нь өвдөглөн дарж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Рийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Рийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 650 /зургаан зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Шийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин, гар утасны дэлгэц эвдэрсний төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.Шийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт авагдсан, тухайн үед хийгдсэн камерын бичлэгээс харахад хамгаалалтын ажилтан А.Р нь “Б.Шийг ирэнгүүтээ ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй байхад сүр бадруулан нэг бүрийн хамгаалах хэрэгсэл болох гав гарган гарыг нь ард нь гавлаж тохойлдох, хүзүүн дээгүүр нь тэврэн дарах зэргээр эсэргүүцлийг таслан зогсоож буй мэтээр элдвээр тохуурхан дээрэлхсэн үйлдлийг удаа дараа 2-3 удаа гарган доромжилсон өнгө аястай үйлдлийг гавтай хүний эсрэг, ямар ч эсэргүүцэлгүй хүнд хийсэн байгаа нь тодхон харагдаж байдаг. GS-25“дэлгүүрийн худалдагч нар согтуу хүнтэй аятайхан харьцаад гаргахын оронд “та яасан муухай зантай юм бэ. Аятайхан үйлчилдэггүй юм уу” гэж хэлсний төлөө сүр бадруулан хамгаалалтын алба дуудаж нөхцөл байдлыг улам хурцдуулан Б.Шийг худалдагчийн эрх чөлөөнд халдан хүчингийн үйлдэл гаргасан мэтээр ор үндэсгүй гүтгэсэн үйлдэл нь байдлыг улам төвөгтэй болгож улмаар гэмт хэрэг гарахад хүргэснийг дурдах нь зүйтэй. Хэрэгт Б.Шийн сүүлийн 6 сард авсан цалингийн дундаж 1.906.696 төгрөг, түүнд нийгмийн даатгалын төлөгдсөн талаар тодорхой нотлох баримтууд болон зүүн талын 3, 5, 6-р хавирга далд хугарлын улмаас ажлаа хийж чадалгүй 42 хоног өвчтэй байсан цалин болох 2.668.394 төгрөг болно гэсэн хангалттай нотлох баримтууд байсаар атал заавал хэднээс хэдний хооронд гэсэн баримт шаардаж байгаа үндэслэлээр өвчтэй байсан хугацааны цалинг А.Рээс гаргуулалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Б.Шийн эзэмшлийн “Самсунг А7” маркийн гар утасны дэлгэцийг “А.Р зүүн талын 3, 5, 6-р хавирга гэмтээх явцдаа өвдөглөсний улмаас” хагалсан гэж тодорхой мэдүүлээд, “Дамно” хөрөнгийн үнэлгээний компаниас 125.000 төгрөг гэж тогтоогоод байхад А.Рээс гаргуулж шийдвэрлэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Б.Шийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн № 364 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Шийн 2023 оны 12 дугаар сарын 7-нд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн тулгамдсан асуудал түр хугацаагаар үүссэн. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэг дүгээр зэргэлэлд хамаарч байгаа нь тогтоогджээ.

            Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №25 тоот тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчид учирсан гэмтлийн байдал, бие махбодод учирсан өвдөлт, шаналал, түүнээс үүссэн сөрөг үр дагавар, гэм хор учруулагчийн гэм буруу, түүнийгээ гэмшиж байгаа байдал, гэмт этгээдийн холбогдсон хэргийн талаар гаргаж байгаа дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан” нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор заажээ. Сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлийн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр дээрх шаардлагыг харгалзан шүүх тогтооно гэсэн байна. Гэтэл А.Рийн дээр дурдаад байсан гавтай хүнийг эсэргүүцэл үзүүлээгүй байхад элдвээр доромжилсон өнгө аястай үйлдлүүдэд дүгнэлт хийлгүйгээр сэтгэцэд учирсан хохирлыг хэтэрхий доогуур тогтоож байгаа явдал нь хуулийн шаардлага, шударга үнэний зарчимд нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд дээрх гомдолд дурдагдаад байгаа асуудлуудад анхаарал тавьж, хууль зүйн дүгнэлт хийн Б.Шийн хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Б.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчид маш их гомдолтой байна. Өөр хэлэх тайлбаргүй. ...” гэв.       

Прокурор Д.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогчийн нэхэмжлээд байгаа 2.668.394 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаанаар тогтоох боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл хохирогчийн эмнэлэгт хэвтсэн листний мөнгийг тодорхойлж, тооцох боломжгүй байдаг. Мөн энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Анхан шатны шүүхээс хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй талаар шийтгэх тогтоолд тусгасан. Хохирогч Б.Ш нь гар утас болон утасны дэлгэц хоёрын яг алийг нь нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байсан тул шүүхээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийн нээлтэй үлдээсэн. Анхан шатны шүүхээс А.Рт 650.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Рт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Б.Шийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч  А.Р нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS-25’' дэлгүүрийн орчим хохирогч Б.Штэй таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж түүнийг газарт унагаж, цээж хэсэгт нь өвдөглөж эрүүл мэндэд нь зүүн талын 3, 5, 6-р хавирганы далд хугарал, хүзүүнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Шийн “...такси барих гээд зогсож байхад хамгаалалтын машинтай хоёр залуу ирсэн. Бүдүүн залуу нь цамцны захаар намайг боогоод хоёулаа нийлж гавласан. Дараа дээш нь харуулж хэвтүүлээд бүдүүн хамгаалагч залуу миний дээрээс өвдөглөөд тухайн үед би амьсгалж чадахгүй цээжээр өвдөөд байхаар нь тэр хоёр залууд “миний бие эвгүй болчихлоо” гэж хэлэхэд бүдүүн залуу миний дээрээс боссон. Би тэр хоёр залууг “цагдаа дууд” гэж хэлсэн. Цагдаа ирэхээс өмнө миний гавыг тайлсан. Би цагдаа дээр түргэн дуудуулсан. Түргэн ирээд намайг авч яваагүй. Ямар шалтгаанаар цагдаа дээр үзээгүй үлдээснийг мэдэхгүй байна. Тэгээд би такси бариад гэр лүүгээ харьсан. Маргааш нь амьсгалж чадахгүй байхаар нь би эмнэлэгт очиж үзүүлэхэд миний зүүн талын 3 хавирга хугарсан байсан. ...” /хх 16-17/,

гэрч У.Д“...дуудлага шийдвэрлээд буцах гэж байхад Рысбекийг тэр ах яс үндсээр нь доромжилсон тул Рысбек тэр ахыг хавирч унагаагаад газар унасан байхад нь цээж хэсэгт нь хөлөөрөө өвдөглөчихсөн. Тэр ах бид хоёрыг таксинд суугаад явах гэж байхад авч үлдсэн байж одоо намайг хүргэж өг гээд маргаан үүсгэж, тэрнээс нь болоод бид хоёр хүргэж өгөх боломжгүй гэхэд элдэв үгээр харааж эхэлсэн. ...” /хх 55-56/,

иргэний нэхэмжлэгч С.С“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 68.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. ...” /хх 40-41/,

А.Рийн сэжигтнээр өгсөн “...би Даваахүүтэй нөгөө залуу дээр очоод “та сая Жи эс 25 салбарт зөрчил гаргасан байна, камерын бичлэгийг шүүж үзье” гэхэд “үгүй, тэгээгүй" гээд эсэргүүцээд байхаар нь би тэр согтуу залуугийн хоёр гарыг урд нь гаргаад гавласан. Даваахүү надад нэг гарыг нь барьж өгөөд би нөгөө гарыг нь татаж нийлүүлээд гавласан. Гавлаад дэлгүүр лүү буцаагаад нөгөө согтуу залууг дагуулж ороод камерын бичлэгийг шүүж үзэхээр менежер лүү худалдагч залгахад манай байгууллага гомдолгүй гэсэн тул нөгөө согтуу иргэнийг явуулахаар болсон. Гарч ирээд гавыг нь тайлахад нөгөө согтуу залуу бид хоёрын таксинаас аваад үлдсэн тул одоо намайг хүргэж өг гээд агсраад байсан. Би “албаны машинаар хүргэж өгөх боломжгүй” гэхэд нөгөө залуу “заавал хүргэж өг” гээд элдэв үгээр тасралтгүй хараагаад байсан. Тэгэхээр нь би нөгөө залууд мэх хийж гадуур хувцасны захнаас урагш татаад хоёр хөлийг нь хавсраад хойш нь газар унагаагаад цээжин дээрээс нь нэг хөлөөрөө өвдөглөөд гавлах гэж байхад нөгөө эрэгтэй “за за ах нь өөрөө харилаа” гэхээр нь босгоод явуулсан. Уг нь хэл амаар доромжлоод байхаар нь цагдаад хүргэж өгөхөөр гавлах гэж байсан юм. ...” /хх 20/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаар “...Б.Шийн биед зүүн талын 3, 5, 6-р хавирганы далд хугарал, хүзүүнд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан. ...” /хх 22-23/  гэсэн дүгнэлт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 364 дүгээр дүгнэлт /хх 81-83/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 85-90/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч А.Р ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч А.Рийн хохирогч Б.Шийг газарт унагаж, цээж хэсэгт нь өвдөглөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хохирогч Б.Шийн өмгөөлөгч А.Ганбат “...анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулаагүй, ...хохирогчийн гар утасны дэлгэц хагарч, 125.000 төгрөгийн хохирол учирсан байхад гаргуулаагүй, ...сэтгэцэд учирсан хохирлыг доогуур үнэлсэн. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан бөгөөд уг тогтоолын 1 дүгээр хавсралтын Дөрөвт зааснаар хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг Гуравдугаар зэрэглэлээр тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 1.2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 792.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хохирогч Б.Ш нь 6 сарын дундаж 1.905.696 төгрөгийн цалинтай гэх боловч түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолтоор 650.000-750.000 төгрөгийн цалингаар бодож нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. /хх 122/

Хохирогч ямар хугацаанд ажилгүй байсан, тэр хугацаанд эмчлүүлсэн эмчийн магадлагаагаар цалингийн тодорхой хувийг тооцон авдаг. Хэрэв эмчлүүлэгч эмчийн магадлагаагаар тодорхой хэмжээний мөнгөө аваад цалингийн зөрүүг нэхэмжлэх ёстой байсан боловч хэдий хугацаанд өвчтэй байсан, эмчийн магадлагаагаар хэдэн төгрөг авсан гэх баримтууд нь хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар тооцоолон гаргах боломжгүй үндэслэлээр анхан шатны шүүх иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, шүүгдэгчээс эрүүл мэндтэй холбоотой 288.706 төгрөгийг, сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой 792.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.Шт олгох ёстойгоос шүүгдэгч А.Р нь хохирогчид 1.080.706 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 68.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж тооцоолох боломжгүй /ажилгүй байсан хугацааны цалин/ хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм.

Харин хэрэгт хохирогч Б.Шийн “...намайг зодож байхад миний “Samsung A7” загварын гар утасны дэлгэц хагарч эвдэрсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг, мөн гар утасны дэлгэцийн үнэлгээ /хх 74/ хийгдсэн байхад анхан шатны шүүх “...гар утсыг бүхэлд нь үнэлж нэхэмжилж байгаа эсэх эсхүл дэлгэц хагарсныг засварлуулах зардлыг нэхэмжилж байгаа эсэх нь тодорхой бус...”  гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул шүүгдэгч А.Рээс 125.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Шт олгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Б.Шийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлын “...ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ...сэтгэцэд учирсан хохирлыг доогуур үнэлсэн. ...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/640 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, А.Рээс 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Шт олгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                                     Л.ДАРЬСҮРЭН

 

                                         ШҮҮГЧ                                                     Б.АРИУНХИШИГ

 

                             ШҮҮГЧ                                                     Ц.МӨНХТУЛГА