Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 04

 

 

 

Мега гоулден тайр ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2021/00590 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Мега гоулден тайр ХХК

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалан сумын Жаргалан багийн 2 дугаар 80 айлын орон сууцны 6 тоотод оршин суух Хошууд овогт Равжаагийн Баатарсүрэнд  холбогдох,

Равжаагийн Баатарсүрэнгээс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 24,421,960 /хорин дөрвөн сая дөрвөн зуун хорин нэгэн мянга есөн зуун жаран/ төгрөг гаргуулах үндсэн шаардлагатай, Иргэн Р.Баатарсүрэнгээс 735,000 төгрөг, Андзол ХХК-иас 42,200,733 төгрөг, нийт 42,935,733 /дөчин хоёр сая есэн зуун гучин таван мянга долоон зуун гучин гурав/төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэлийн өөрчилж тодруулсан шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг/онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэлийн агуулга:Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо гаргуулах тухай.

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Равжаагийн Баатарсүрэнгээс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 24,421,960 /хорин дөрвөн сая дөрвөн зуун хорин нэгэн мянга есөн зуун жаран/ төгрөг гаргуулах үндсэн шаардлагатай, Иргэн Р.Баатарсүрэнгээс 735,000 төгрөг,Андзол ХХК-иас 42,200,733 төгрөг, нийт 42,935,733 /дөчин хоёр сая есэн зуун гучин таван мянга долоон зуун гучин гурав/төгрөгийг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Равжаа овогтой Баатарсүрэн нь 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Ховд Булган сумын төвд шатрын ордон барих дугаар 04 тоот барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг Мегагоулден тайр ХХК-тай байгуулан өөрийн компанийхаа дансаар 65,000000 /жаран таван сая/ төгрөг, бэлнээр 12,800,000 /нэг сая хоёр зуун наян мянган/ төгрөг, жолооч Х.Батцагаанаар дамжуулан 735,000 долоон зуун гучин таван мянган/ төгрөг нийт 78,535,000 /далан найман сая таван зуун гучин таван мянган/ төгрөг авсан байна. Гэрээгээр дүгнээгүй, гэрээний хугацаандаа ажлаа хийлгүй алга болсон. Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст мэхэлж залилсан гэх гомдлоор гомдол гаргасан боловч өршөөлийн зарлигаар уг үйлдэл холбогдлыг прокурор хэрэгсэхгүй болгосон. Иймд Равжаа овогтой Баатарсүрэн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүйгээс учирсан хохирол 11,302,440 /Ховд аймгийн прокурорын газарт Мегагоулден тайр ХХКомпанид нөхөн төлж өгөх хүсэлтийг өөрөө бичгээр гаргасан/. Шатрын ордны үлдэгдэл бараа материалыг манах сахиулын цалин 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 26 сар бөгөөд сард 250,000 төгрөгөөр цалинжуулдаг байсан ба нийт 6,500,000 төгрөг, Шатрын ордны үлдэгдэл бараа материалыг манах сахиулын цалин 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 3 сар х 200,000 = 600,000 төгрөг, -Шатрын ордны үлдэгдэл бараа материалыг манах сахиулын цалин 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 10 сар х 100,000= 1,000,000 төгрөг, -Шатрын ордны үлдэгдэл бараа материалыг манах сахиулын цалин 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 16 сар х 100,000 = 1,600,000 төгрөг, -Р.Баатарсүрэн нь ажлаа хаяад явлаа гэсэн дуудлагаар Улаанбаатар хотоос Ховд аймгийн Булган сумд ирсэн болон буцсан шатахууны зардал 1,367,230 төгрөг, -Р.Баатарсүрэнтэй утсаар ярьж Булган сумд уулзахаар тохиролцож Булган сумд ирсэн бензиний зардал 1,487,300 төгрөг, -Р.Баатарсүрэнтэй холбогдох хэргийн материалын бүрдүүлбэр хангаж нэхэмжлэл гаргахаар Ховд аймагт 2017 оны 6 дугаар сард ирсэн онгоцны зардал 324,900 төгрөг, -Холбогдох хэргийн материалын бүрдүүлбэр хангаж нэхэмжлэл гаргах хугацаанд Ховд аймагт зочид буудалд байрласан зардал 240,000 төгрөгийн зардал гарсан бөгөөд нийт 24,421,960 төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Равжаагийн Баатарсүрэнгээс 24,421,960 /хорин дөрвөн сая дөрвөн зуун хорин нэгэн мянга есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ өөрчилсөн агуулга: Андзол ХХК-иас үндэслэлгүй хөрөнгөжсөн төгрөгийг гаргуулах тухай.

2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ өөрчилсөн  шаардлага: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасны дагуу иргэн Р.Баатарсүрэнгээс 735,000 төгрөг, Андзол ХХК-иас 42,200,733 төгрөг, нийт 42,935,733 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, Мега гоулден тайр ХХК-д олгуулах тухай.

 2.2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ өөрчилсөн үндэслэл:

Мега гоулден тайр ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Андзол ХХК-тай Ховд аймгийн Булган сумд баригдах шатрын ордны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд барилгын ажлыг 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 77 хоногт багтаан дуусгаж ашиглалтад оруулахаар харилцан тохиролцож, компанийг төлөөлж, тухайн үеийн Гүйцэтгэх захирал Д.Гансүх, Андзол ХХК-ийг төлөөлж, захирал Р.Баатарсүрэн нар гарын үсэг зурсан байдаг.

Барилгын ажлын гүйцэтгэх гэрээ байгуулахад Андзол ХХК-ийг төлөөлж, компанийн захирал гэх Р.Баатарсүрэн гарын үсэг зурахдаа манай гэр бүлийн компани гэж анх танилцуулсан байдаг тул түүний хүсэлтээр тус компанийн Төрийн банк дахь 110000275586 тоот дансанд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар 15-ны өдөр 35,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 12,800,000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 735,000 төгрөгийг иргэн Х.Батцагааны Хаан банк дахь 5019116191 тоот харилцах дансаар шилжүүлснээр, нийт 78,535,000 /далан найман сая таван зуун гучин таван мянга/ төгрөгийг шилжүүлэн авч барилгын ажлыг эхлүүлсэн нь хариуцагч нарын харилцах дансны хуулгуудаар нотлогддог.

Гэтэл Андзол ХХК-ийн барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан Р.Баатарсүрэн нь 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр барилгын материал авчирна гэж яваад ирээгүй тул ажилчид нь ажлаа хаяж алга болсон. Ингээд түүний утас руу ярьж ажлаа гүйцээж дуусгахыг Мега гоулден тайр ХХК-ийн удирдлагын зүгээс шаардахад Та нар очиж бай би араас чинь аймгийн төвөөс гарлаа гэж хэлэн утсаа таслаад, дахин утсаа авахаа больсон байна. Нэгэнт удирдаж байсан барилгын ажлаа хаяж, сураггүй алга болсон учраас Андзол ХХК-ийн захирал Р.Баатарсүрэнд Эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 201421000265 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тухай тогтоол гарч, эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн байдаг.

Ийнхүү Мега гоулден тайр ХХК нь Андзол ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хэдий ч хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас ажил зогссон тул барилгын ажилд зарцуулсан зардлыг хасч тооцон, ажлын хөлсөнд илүү авсан мөнгийг Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу хариуцагч нараас нэхэмжлэгч нь шаардах эрхтэй юм. Хариуцагч Р.Баатарсүрэнгээс нэхэмжилж буй 735,000 /долоон зуун гучин таван мянга/ төгрөгийн тухайд: Мега гоулден тайр ХХК нь Андзол ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээнд Р.Баатарсүрэн гарын үсэг зурж баталгаажуулсан ба тухайн барилгын ажлыг хариуцан ажиллахаар тохиролцож, ажлын явцад иргэн Р.Баатарсүрэн нь 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр барилгын материал авчирна гээд жолооч Х.Батцагааны хамт БНХАУ руу явсан болно.

Хариуцагч Р.Баатарсүрэн нь барилгын материалд зарцуулахаар өөрийн Андзол ХХК-иар дамжуулан шилжүүлэн авсан 65,000,000 төгрөгийг тухайн барилгын үйл ажиллагаанд огт зарцуулаагүй бөгөөд иргэн Х.Батцагаанаар дамжуулан авсан 12,800,000 төгрөгөөр бараа материал авч, 735,000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн нь дараах байдлаар нотлогддог. Үүнд: Иргэн Х.Батцагаан 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ Би өөрийнхөө машинаар Р.Баатарсүрэнгийн хүсэлтээр 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Булган сумд шатрын ордон баригдахаар болсон тул ачаа ачиж ирэхээр Р.Баатарсүрэнтэй тохиролцож, БНХАУ руу барилгын материалд 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хамт явсан. Гэтэл 50 тонн цемент, 11,842 кг арматурын төмөр ачуулчихаад мөнгөний боломжгүй болчихлоо гээд тухайн ачааны эзэн гэх Эрдэнэцэцэг гэх хүний утас руу залган яриулснаар 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ачааны хөлс 12,800,000 төгрөгийг миний Хаан банк дахь 5019116191 тоот харилцах данс руу шилжүүлснийг Баатарсүрэнд дамжуулан өгч, авсан ачаа болох цемент, арматурын төмрийг Булган сумын шатрын ордны барилгын талбайд буулгасан ба 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Р.Баатарсүрэн дахин манайд ирж Эрдэнэцэцэгээс 735,000 төгрөгийг миний дансаар шилжүүлэн авсан бөгөөд хэрхэн, юунд зарцуулсныг мэдэхгүй гэж мэдүүлсэн байна.

Ийнхүү иргэн Р.Баатарсүрэн нь Мега гоулден тайр ХХК-ийн захирал Эрдэнэцэцэгээс нийт 13,835,000 төгрөгийг шилжүүлэн авсан хэдий ч 12,000,000 төгрөгийг барилгын материалд, 800,000 төгрөгийг ачааны хөлсөнд иргэн Х.Батцагаанд төлсөн, үлдэх 735,000 төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй ба шилжүүлж авсан мөнгийг Р.Баатарсүрэн нь хүлээн авсан болохоо шүүхэд ирүүлсэн тайлбартаа зөвшөөрч маргадаггүй тул түүний хувьдаа хэрэглэсэн 735,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг үндэслэн иргэн Р.Баатарсүрэнгээс нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Андзол ХХК-иас нэхэмжилж буй 42.900,733 /дөчин хоёр сая есөн зуун га долоон зуун гучин гурав/ төгрөгийн тухайд: Нэхэмжлэгч Мега гоулден тайр ХХК нь барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч Андзол ХХК-ийн Төрийн банкин дахь харилцах дансанд 2 удаагийн шилжүүлгээр нийт 65,000,000 төгрөгийг шилжүүлж барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Гэтэл хариуцагч Андзол ХХК нь барилгын ажлаа хүлээлгэж өгөлгүй орхиж явснаар талуудын хооронд маргаан эхэлсэн бөгөөд тус компанийн захирал гэх Р.Баатарсүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Ховд аймгийн цагдаагийн газарт гомдол гаргаснаар 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулах 201421000265 дугаар бүхий тогтоол гарч шалгаж эхэлсэн юм.

Үүнээс хойш хоёр жилийн дараа 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Ховд аймгийн Прокурорын газрын 5/130 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагч Р.Баатарсүрэн нь Мега гоулден тайр ХХК-иас 77,800,000 төгрөг авсан боловч барилга угсралтын ажилд бүрэн зарцуулалгүй залилсан нь тогтоогдож байна. Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт хамаарах ба тухайн үйлдэл нь 2014 онд үйлдэгдсэн, Р.Баатарсүрэн нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Мега гоулден тайр ХХК-д учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт бичгээр гаргасан нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган барагдуулан авах боломжтой болохыг дурдсан байдаг.

Ийнхүү Андзол ХХК болон захирал Р.Баатарсүрэн нар нь эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосноос хойш барилгаа ч үргэлжлүүлэлгүй, утсаар ч холбогдолгүй, учруулсан хохирлоо ч төлөлгүй алга болсон тул Шатрын ордны барилгын үйл ажиллагаа цаашид үргэлжлэх ямар ч боломжгүй болж, арга буюу хариуцагч нарын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хаяг болон оршин суух хаягийг шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулсны эцэст 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хаягийг олж тогтоон шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 153/Ш32019/01294 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан ажиллагааны явцад хариуцагч нар нь Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулдаг, оршин суудаг гэсэн үндэслэлээр дээрх сум дундын шүүх рүү харьяаллын дагуу шилжүүлсэн болно.

Манай компанийн зүгээс Андзол ХХК-ийн захирал Р.Баатарсүрэнтэй харилцан тохиролцож дээрх гэрээг байгуулан түүний хүсэлтээр компанийн болон иргэн Х.Батцагааны харилцах дансаар төлбөр мөнгөө шилжүүлсэн нь тухайн компанийн захирал Р.Баатарсүрэн гэж өөрийгөө танилцуулан тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж, тус компанийн дансны дугаараар нэхэмжлэх өгч байсан тул "Андзол ХХК-ийн захирал Р.Баатарсүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байсан юм.

Гэтэл шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 153/Ш32021/01526 дугаартай захирамжийн дагуу Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 780 дугаартай албан бичгээр ирүүлсэн Андзол ХХК-ийн дүрэмд тус компанийг үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчээр Ишбалын Сүрэн бүртгэгдсэн болох нь тогтоогдсон бөгөөд Андзол ХХК-ийн захирал И.Сүрэнгээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт дээрх барилга угсралтын ажилд шилжүүлсэн мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаар огт дурдаагүй байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээс өөр аргагүй байгаагаас гадна тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдийн байгуулсан гэрээ хэлцэл болж байна.

Хариуцагч Андзол ХХК, иргэн Р.Баатарсүрэн нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мега гоулден тайр ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд хандан гаргасан Шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Д.Нямтулга, Б.Амаржаргал, Ч.Мөнхцооз нарын шинжээчдийн баг дээрх барилгын гүйцэтгэлд шинжилгээ хийсэн ба уг шинжээчид нь хариуцагч тал гэрээ байгуулахдаа барилгын ажлын гүйцэтгэлээр хийх төсвийг гэрээндээ хавсаргаагүй, хэдэн төгрөгийн ажил хийсэн талаар тооцоолол байхгүй тул Еstimator рго барилгын төсөв зохиох программ ашиглан ажлын гүйцэтгэлд дүгнэлт хийжээ.

Энэхүү Еstimator рго барилгын төсөв зохиох программ ашиглан гаргасан Барилгын үе шатны гүйцэтгэл тодорхойлсон тухай тайлангаар барилгын ажлын гүйцэтгэл болон зарцуулаагүй байгаа материалын үнэ нийт 51,784,329 төгрөгийн тооцоог гаргасан байдаг.

Уг шинжээчдийн тайлангийн 37,546,329 төгрөгийн төсөвт өртгийн тооцооллоос: 1.Ажиллах хүчний зардалд 7,864,644 төгрөг, Материалын зардалд 12,270,610 төгрөг, Тээврийн зардалд 3,732,882 төгрөг, Машин ашиглалтын зардалд 2,102,231 төгрөг нийт 25,970,367 төгрөгийн шууд зардал гарсан гэж тодорхойлсон байна.

Харин бусад шууд бус зардал буюу 11,575,962 төгрөгийн буюу нэмэгдэл зардал, ашиг, НӨАТ, захиалагчийн албаны зардал зэргийг холбогдох татвар болон санхүүгийн тайлан балансад тусгасан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, түүнчлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 5/1276 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариуцагчийн 2014 оны санхүүгийн тайлангаар тогтоогдохгүй байх тул иргэн Р.Баатарсүрэн, Андзол ХХК нар нь эдгээр зардлыг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн захиалагч тал болох Мега гоулден тайр ХХК-д хүлээлгэн өгөлгүй орхисон бараа материал нь шинжээчдийн тайланд тусгагдсанаар 14,238,900 төгрөгийн үлдэгдэл бараа материал байх бөгөөд үүнээс 200,000 төгрөгийн хатуужсан цемент, 4,410,000 төгрөгийн гадна ил талбайд удаан хугацаагаар хадгалагдаж, нар, салхи, бороо, усанд орсноос өгөрч сэнсэрсэн банз нийт 4,610,000 төгрөгийн бараа материалыг цаашид ашиглах боломжгүй болсон. Харин 9,564,100 төгрөгийн арматур төмөр, 64,800 төгрөгийн хайргыг цаашид ашиглах боломжтой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Ийнхүү Андзол ХХК-иас дээрх барилгын гүйцэтгэлд хийсэн шинжээчийн тайланд дурдсан шууд зардал 25,970,367 төгрөгөөс иргэн Р.Баатарсүрэнгийн барилгын материалд зарцуулсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа 12,800,000 төгрөгийг хасч, үлдэх 1170,367 төгрөг болон цаашид ашиглах боломжтой 9,628,900 төгрөгийн арматурын төмөр болон хайрга нийт 22,799,267 төгрөгийн зардлыг барилгын суурийн ажилд зарцуулсан гэж үзэн, Андзол ХХК-д шилжүүлсэн 65,000,000 төгрөгөөс дээрх 22,799,267 төгрөгийг хасч тооцон, огт гүйцэтгээгүй ажлын хөлсөнд илүү авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн 42,200,733 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-д зааснаар буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасны дагуу иргэн Р.Баатарсүрэнгээс 735,000 төгрөг, Андзол ХХК-иас 42,200,733 төгрөг, нийт 42,935,733 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, Мега гоулден тайр ХХК-д олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

3.1. Хариуцагчийн татгалзлал: Захиалагч Мега гоулден тайр ХХК-иас орж ирсэн мөнгөөр барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн тул гүйцэтгэгч Андзол ХХК, иргэн Р. Баатарсүрэн нар захиалагч Мега гоулден тайр ХХК-тай тооцоо нийлж гэрээгээ дүгнэхийг шаардаж байна

3.2. Хариуцагчийн  татгалзлалын үндэслэл: Мега гоулден тайр ХХК-ийн нэхэмжлэлтэй, Андзол ХХК, иргэн Р.Баатарсүрэн нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Мега гоулден тайр ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хэмжээг өөрчилсөн тухай шаардлагыг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлснийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг би гардан авч дараах тайлбарыг гаргаж байна.Андзол ХХК нь Мега гоулден тайр ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 09- ний өдөр Ховд аймгийн Булган сумын төвд Шатарын ордон барих 04 дугаартай гэрээ байгуулсан.Гүйцэтгэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж, барилгын ажлыг норм стандартын дагуу гүйцэтгэж барилгын суурийг тавьж, тодорхой хэмжээний ажлыг хийж гүйцэтгэж байх явцад захиалагч Мега гоулдан тайр ХХК нь гүйцэтгэгч байгууллагын инженер Р.Баатарсүрэн нь санхүүжилтээр орж ирсэн мөнгийг идэж ашигласан гэж Ховд аймгийн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар барилгын гүйцэтгэлийн үйл ажиллагаа зогсож барилгын инженер Р.Баатарсүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хичнээн төгрөгийн зөрүү гарсан болохыг нотлох баримтаар тогтоосон ба зөрүү гарсан мөнгийг гүйцэтгүүлэгч Мега гоулден тайр ХХК нь бусдаар дамжуулан өгсөн гэх боловч уг мөнгө Андзол ХХК-ийн дансанд орж ирээгүй тул Андзол" ХХК болон Р.Баатарсүрэн нар хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм. Захиалагчаас орж ирсэн мөнгөөр ямар ажил үйлчилгээ явуулсан талаархи тооцоог гүйцэтгэгч тал цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн бөгөөд нотлох баримтаар тооцуулахаар шүүхэд гарган өгсөн.Мега гоулден тайр ХХК, Андзол ХХК-ийн хооронд Ховд аймгийн Булган сумд баригдах Шатрын ордоны барилгын ажлыг гүйцэтгэх 04 дугаартай гэрээ"-г 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д Гүйцэтгэгч нь Булган суманд баригдах шатрын ордоны барилга угсралтын ажлыг 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 77 хоногт багтаан дуусгаж ашиглалтанд оруулна." Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-д Барилга угсралтын ажлыг 270,000,000 /хоёр зуун далан сая төгрөг/-өөр хийж гүйцэтгэнэ. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-д Захиалагч барилгын санхүүжилтийн урьдчилгаа 50%-ийг ажил эхлэхээс 3-н хоногийн өмнө ажлын явц дунд 40%-ийг, ажил дуусгаад 10%-ийг ажил дууссанаас хойш 3 хоногийн дотор тооцож олгоно.гэж тусгажээ.Захиалагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээнд зааснаар барилга угсралтын ажлын нийт өртөг 270,000,000 /хоёр зуун далан сая төгрөгийн 50% болох "35,000,000 /нэг зуун гучин таван сая/ төгрөгийг ажил эхлэхээс 3 хоногийн өмнө гүйцэтгэгчид олголгүй ажил эхлүүлснээр гэрээний үүрэг зөрчигдсөн. Захиалагч Мего гоулден тайр ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа гүйцэтгэгч Андзол" ХХК-ийг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад гүйцэтгүүлэгч Мега гоулден тайр ХХК нь цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж, барилгын ажлыг зогсоож, ажил тасалдуулж хохироосон. Захиалагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг Андзол ХХК болон иргэн Р.Баатарсүрэн хариуцахгүй.Захиалагч Мега гоулден тайр ХХК-иас орж ирсэн мөнгөөр барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн тул гүйцэтгэгч Андзол ХХК, иргэн Р. Баатарсүрэн нар захиалагч Мега гоулден тайр ХХК-тай тооцоо нийлж гэрээгээ дүгнэхийг шаардаж байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2021/00590 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Андзол ХХК-иас 26,014,771 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мега Гоулден Тайр ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 16,185,962 төгрөг, хариуцагч Р.Баатарсүрэнд холбогдох 735,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 57.3, 58.1, 59.5, 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 948,132 төгрөгөөс илүү төлсөн 575,504 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэнийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хариуцагч Андзол ХХК-иас 288,024 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал болох 790,000 төгрөгийн 316,000 төгрөгийг нэхэмжлэгчээс, 474,000 төгрөгийг хариуцагч Андзол ХХК-иас тус тус гаргуулан улсын төсвийн дансанд тушаахыг даалгаж шийдвэрлэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5.1 Хууль хэрэглээний талаарх: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, нотлох баримтыг хэрхэн үнэлж байгааг заагаагүй. Андзол ХХК нь захиалагчаас шилжүүлсэн 65,000,000 төгрөгөөр  материал худалдан авч барилгын суурийн ажилд бүрэн зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

5.2 Нотлох баримтын үнэлгээтэй холбоотой үндэслэл: Шүүх захиалагч Мега гоулден тайр ХХК-с Андзол ХХК-д хэдэн төгрөгийн санхүүжилт хийсэн, санхүүжилтийн зарцуулалтын талаар дүгнэлт хийгээгүй нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, нотлох баримтаар үнэлүүлэхээр шүүхэд гарган өгсөн шинжээчийн дүгнэлтүүд, баримтаар үнэлүүлэхээр шүүхэд гарган өгсөн шинжээчийн дүгнэлтүүд, барилгын үе шатны гүйцэтгэл тодорхойлолтуудыг хэрхэн үнэлсэн, үгүйсгэсэн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй,  талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Мега гоулден тайр ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Р.Баатарсүрэнд холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 24,421,960 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Р.Баатарсүрэнгээс 62,337,440 төгрөг гаргуулах тухай гэж, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Р.Баатарсүрэнгээс 94,854,430 төгрөг гаргуулах гэж, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэн Р.Баатарсүрэнгээс 13,535,000 төгрөг, Андзол ХХК-иас 29,400,733 төгрөг гаргуулах гэж, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэн Р.Баатарсүрэнгээс 735,000 төгрөг, Андзол ХХК-иас 42,200,733 төгрөг гаргуулах гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч Мега гоулден тайр ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Мега гоулден тайр ХХК болон Андзол ХХК-ийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 04 тоот “Ховд аймгийн Булган суманд баригдах Шатрын ордны барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ”, Андзол ХХК-ийн Төрийн банкны харилцах дансанд иргэн Гансүхээс 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 25-ний өдөр 35,000,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэн Х.Батцагааны Хаан банкны харилцах дансанд 12,800,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт, Ховд аймгийн прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 5/130 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

Иргэний хуулийн 343 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байна.

2. Хариуцагч Р.Баатарсүрэн болон Андзол ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба үндэслэлээ “захиалагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээнд зааснаар барилга угсралтын ажлын нийт өртөг 270,000,000 төгрөгийн 50% болох 35,000,000 төгрөгийг ажил эхлэхээс 3 хоногийн  өмнө гүйцэтгэгчид олголгүй ажил эхлүүлснээр гэрээний үүрэг зөрчигдсөн. Барилгын суурийн ажлыг өгсөн мөнгөнд нь гүйцэтгээд, цааш нь ажил гүйцэтгэх мөнгөгүй болсон. Улмаар Г.Эрдэнэцэцэгтэй холбогдоход мөнгө өгч чадахгүй болсон. Нэхэмжлэгч компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа ажил гүйцэтгэгч “Андзол” ХХК-ийг ажлаа хэвийн гүйцэтгэж байхад цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж, барилгын ажлыг зогсоож, ажил тасалдуулж хохироосон. Захиалагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг “Андзол” ХХК болон иргэн Р.Баатарсүрэн хариуцахгүй” гэж тайлбарлажээ.

Хариуцагч“Андзол” ХХК болон иргэн Р.Баатарсүрэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул түүний татгалзал нь үндэслэл муутай болжээ.

3. Анхан шатны шүүх “хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Мега гоулден тайр ХХК нь иргэн Р.Баатарсүрэнд холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан үеэс талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан бөгөөд нэхэмжлэгч Мега гоулден тайр ХХК нь хариуцагч “Андзол” ХХК-ийн Төрийн банкны харилцах дансанд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 25-ний өдөр 35,000,000 төгрөг, иргэн Х.Батцагаанаар дамжуулан 12,800,000 төгрөг нийт 77,800,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон” талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд шүүх талуудын маргаж буй барилгын ажлын гүйцэтгэл болон үлдэгдэл бараа, материалд газар дээр нь очиж үзлэг хийж, ажлын гүйцэтгэл болон барилгын үлдэгдэл материалын үнийг нийт 51,787,329 төгрөгөөр тогтоосон 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгч Мега гоулден тайр ХХК-ийн хариуцагч “Андзол” ХХК-нд шилжүүлсэн 77,800,000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 51,787,329 төгрөгийг хасаж, үлдэх 26,014,771 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулан нэхэмжлэгч компанид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “тогтоосон хэмжээнээс илүү хураасан улсын тэмдэгтийн хураамжийг шүүх буцаан олгохдоо Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсгийг баримтлаагүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.3, 58.1, 59.5 дахь заалтуудыг илүү баримталсан байх тул үүнийг зөвтгөж, зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            4. Хариуцагч “Андзол” ХХК болон иргэн Р.Баатарсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын “Андзол ХХК нь захиалагчаас шилжүүлсэн 65,000,000 төгрөгөөр материал авч барилгын ажилд бүрэн зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2021/00590 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсгийг нэмж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.3, 58.1, 59.5 гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,024 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Н.ТУЯА

 

                                          ШҮҮГЧ                                                  Д.КӨБЕШ

                                                                     

                                           ШҮҮГЧ                                                 М.НЯМБАЯР