Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.Ган-Очир, түүний өмгөөлөгч Г.Батзаяа, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Бүжинлхам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархад овогт Батзоригийн Ган-Очирт холбогдох, эрүүгийн 1836000000014 дугаартай 178/2018/0024/Э/ индекстэй хэргийг 2018 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,1995 оны 06 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 12-13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Дархад овогт Батзоригийн Ган-Очир

, Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтээр / Шүүгдэгч Б.Ган-Очир нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2017 оны 10 сарын 10-ний өдөр Тошиба маркийн зөөврийн компьютерыг бусдын буюу иргэн Х.Күнсаулегийн өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн Х.Күнсаулед 570000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч Б.Ган-Очир нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би хохирогч Х.Күнсаулед учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Өөрийн үйлдсэн гэм буруугаа ухааран гэмшиж байна сонсгосон ял болон хүлээсэн эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна... гэх хүсэлтийг Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан байх тул хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Б.Ган-Очирын гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Ган-Очир нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2017 оны 10 сарын 15-ны өдөр Тошиба маркийн зөөврийн компьютерыг хохирогч Х.Күнсаулегийн өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 570000 төгрөгний хохирол учируулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд төрсөн, / Хонхайгийн Күнсаулегийн өгсөн...2017 оны 10 сарын 15-ны өдөр Б.Ган-Очир залгаад зөөврийн компьютерээ өгч байгаач бие даалтаа хийчихээд өгье гэж авсан. Маргааш өглөө нь би Б.Ган-Очирлуу залгаад зөөврийн компьютерээ авмаар байна гэж хэлсэн.Гэтэл надад Өгөөмөр зоогийн газар хоолны өрөнд тавьчихсан маргааш авч өгье гэсэн. Тэгээд түүнээс хойш алга болсон гэх мэдүүлэг... /хх-ийн 15 дугаар хуудас/, Хохирогч Х.Күнсаулегийн шүүхэд ирүүлсэн... Б.Ган-Очир нь миний нотебүүкадил нотебүүк буюу 570000 төгрөгийг 2018 оны 07 сарын 04-ны өдөр төлөхөөр тохиролцсон тул хохирлыг хуульд заасан хугацаанд барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү ... гэх хүсэлт Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Нэргүйгийн өгсөн...Би 2017 оны 12 сарын 20- ны үед зарсан байхаа тэр үед хэнд зарсанаа сайн мэдэхгүй байна. Тухайн үед банкны зээл хийх гээд мөнгө хэрэг болоод байхаар нь 100000 төгрөгний барьцаанд үлдээсэн байсан зөөврийн компьютерыг 100000 төгрөгөөр зарсан юм ... гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.ГанОчирын өгсөн...Би Х.Күнсаулегийн Тошиба маркын зөөврийн нотебүүкийг хэрэглэчихээд өгье гээд аваад 90000 төгрөгний барьцаанд тавьсан. Тэгээд хэд хоногийн дараа авах гэсэн боловч зарчихсан байсан. Хүний эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаад авсан атлаа завшсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг ижил чанарын нотебүүк болон 570000 төгрөгөөр 2018 оны 07 сарын 04- ний өдрийн дотор төлж барагдуулахаар хохирогчтой гэрээ байгуулж эвлэрсэн. Шүүхийн шатнаас оргосон нь миний буруу. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас 130000 төгрөгийг төлсөн. Үлдэх 108300 төгрөгийг төлнө. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг, Эд зүйлийг үнэлсэн тайлангаар ... Toshiba 15 nootebook -570000 төгрөг ... / хэргийн 21 дүгээр хуудас/ зэрэг болно. Иймд шүүгдэгч Б.Ган-Очирыг бусдад итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 570000 мянган төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Б.Ган-Очирт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.Ган-Очир нь анх удаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Күнсаулегээс ирүүлсэн...Б.Ган-Очир нь миний нотебүүкийн адил нотебүүк буюу 570000 төгрөгийг 2018 оны 07 сарын 04- ны өдөр төлөхөөр тохиролцсон тул хохирлыг хуульд заасан хугацаанд барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлт болон хэргийн 28 дугаар хуудас дахь ”Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Ган-Очирыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Ган-Очирыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ган-Очирыг 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Б.ГанОчирын шүүхээс оргон зайлсан үндэслэлээр 2018 оны 05 сарын 14-ний өдрөөс 06 сарын 04- ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 21 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож, 168 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдэлсэнд тооцож, түүнд оногдуулах ялаас хасаж, үлдэх 92 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газарт эдлүүлэхээр тогтоов. Шүүгдэгч Б.Ган-Очир нь хохирогч Х.Күнсаулед учруулсан хохирол болох нотебүүкний үнэ 570000 төгрөг буюу ижил чанарын нотебүүкийг 2018 оны 07 сарын 04- ний өдөр төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ган- Очироос нотебүүкний үнэ 570000 төгрөг буюу ижил чанарын нөүтбүүкийг 2018 оны 07 сарын 04- ний өдрийн дотор гаргуулан хохирогч Х.Күнсаулед олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Ган-Очир нь шүүхээс оргон зайлсан тул түүнд холбогдох хэргийг 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 73 дугаартай “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжлах тухай“ захирамжийг үндэслэн түүнийг эрэн сурвалжилж, 2018 оны 05 сарын 14- ний өдөр шүүгдэгч Б.Ган-Очирыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс олж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.Бүжинлхамын...Ховд аймгийн Шүүхийн тамгын газраас шүүгдэгч Б.Ган-Очирыг эрэн сурвалжлахад нийтдээ 238300 төгрөгний зардал гарсан ба 130000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 108300 төгрөгийг шүүгдэгч Б.Ган-Очироос гаргуулж өгнө үү гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд түүнийг эрэн сурвалжлах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэхэмжилсэн 238300 төгрөгний зардлаас шүүгдэгч Б.Ган-Очирын төлсөн 130000 төгрөгийг хасаад үлдэх 108300 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч Б.Ган-Очироос гаргуулан Ховд аймгийн Шүүхийн тамгын газарт олгов. Эрүүгийн 1836000000014 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Дархад овогт Батзоригийн Ган-Очирыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Дархад овогт Батзоригийн Ган-Очирыг 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Ган-Очирын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын намайг цагаар тооцож, түүний цагдан хоригдсон 21 хоногийг 168 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож, шүүгдэгчид оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, үлдэх 92 цагийн ялыг эдлүүлэхээр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Ган-Очирт оногдуулсан 92 / ерэн хоёр / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газарт хийлгэж, түүнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, нээлттэй хаалттай хорих 457 дугаар ангид даалгасугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай. 6.Эрүүгийн 1836000000014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч Б.Ган-Очироос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 108300 /нэг зуун найман мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж Ховд аймгийн Шүүхийн тамгын газарт олгосугай. 8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ган-Очироос ижил чанарын нөүтбүүк буюу түүнийг үнэ 570000 /таван зуун далан мянга/ төгрөгийг 2018 оны 07 сарын 04-ний өдрийн дотор гаргуулж  хохирогч Х.Күнсаулед олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.Ган-Очирт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байх ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Т.ЦЭЦЭГМАА