Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 776

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х*** овогтой Н.Э, 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны №Б/53 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Н.Э**** намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал, нэхэмжлэгч Н.Э****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Өлзий нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Э**** миний бие 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсэст Орлого бүрдүүлэлт, шимтгэлийн байцаагчаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Б/53 тоот тушаалаар эрхэлж байсан ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. 

Учир нь уг тушаалыг нь гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар

зүйлийн 23.1.2 дахь хэсгийг үндэслэсэн байх ба миний эзэмшсэн мэргэжил эрхэлж

буй албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн байна.

Миний бие 2002 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд орос хэл судлалаар

магистрын зэрэг хамгаалж, 2004 онд Их засаг их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн, 2008 онд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэн хуульч болж 2009 оноос хойш Төрийн албан хаагчаар ажиллаж ирсэн.

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсэст Орлого бүрдүүлэлт, шимтгэлийн байцаагчийн албан тушаалыг хашиж байхдаа үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, элдэв зөрчил, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Үр дүнгийн гэрээний биелэлт”-ийг дүгнэхэд А буюу маш сайн үнэлгээтэй дүгнэгдсэн.

Гэтэл мэргэшлийн түвшин тодорхойлох асуудал ерөөсөө яригдаагүй атлаа

эзэмшсэн мэргэжлийг минь дээрх албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй гэж үзэж, үндэслэлгүйгээр дээрх тушаалыг гаргасан нь хууль зүйн болон бодит

үндэслэлгүй юм.

Миний бие 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Төрийн албаны зөвлөлд

гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс ямар нэгэн хариу өнөөдрийг

хүртэл өгөхгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандахад хүрээд байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016

оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №Б/53 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Тус хэлтсийн Орлого бүрдүүлэлт, шимтгэлийн байцаагчийн ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу баталсан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заагдсанаар тавигдах ерөнхий шаардлага нь “Эдийн засагч, нягтлан бодогч” мэргэжилтэй хүн ажиллах ёстой бөгөөд Н.Э**** нь Орос хэлний багш, Эрх зүйч мэргэжилтэй тул уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэж хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/53 дугаар тушаалаар Орлого бүрдүүлэлт, шимтгэлийн байцаагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Н.Э****ийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд гаргасан

нэхэмжпэлдээ миний “мэргэжлийн түвшин тодорхойлох асуудал ерөөсөө

яригдаагүй” гэж бичсэн байна. Уг иргэнийг төрийн албанд анх томилох үед

мэргэжил, мэргэшлийн түвшин яагаад яригдаагүй учир нь Н.Э****ийг ажилд

томилох үед тус иргэний төрсөн ах Н.Э**** нь тус хэлтсийн даргаар ажиллаж

байсан бөгөөд өөрийн төрсөн дүү Н.Э****ийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны

өдрийн Б/22 дугаар тушаалаар Орлого бүрдүүлэлт, шимтгэлийн байцаагчаар

томилсон нь “Төрийн албаны тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3 дахь зүйл буюу /хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажпын албаны нэгжид хамт ажиллахаар бол/ гэсэн заалтыг зөрчиж хууль бус тушаал гаргасан байдаг.

Иймд Н.Э**** нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй

байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/39 дүгээр  тушаалаар  тус дүүргийн Нийгмийн даатгалын Орлого, бүрдүүлэлт, шимтгэлийн байцаагч Э.Э****ийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандахад  Төрийн албаны Зөвлөлийн Хүн ам хөгжил, Нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөл гомдлыг хүлээн авсан боловч зохих  хариуг өгөөгүй  тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий тушаалыг “...мэргэшлийн түвшин тогтоох асуудал ерөөсөө яригдаагүй атлаа эзэмшсэн мэргэжлийг минь албан тушаалд тавигдах шаардлага хангахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалт нь халах үндэслэл биш тушаал буруулах заалт...”гэж маргажээ.

Харин хариуцагчаас “...ажлын байрны тодорхойлтод заагдсанаар тавигдах ерөнхий шаардлага нь Эдийн засагч, нягтлан бодогч  мэргэжилтэй хүн ажиллах ёстой, уг иргэнийг төрийн албанд анх томилох үед төрсөн ах Н.Э**** нь тус хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3 дахь заалтыг зөрчиж хууль бус тушаал гаргасан...” гэж Б/53 дугаар тушаалын үндэслэлээ тайлбарлан үгүйсгэжээ.

Нэг. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Н.Э**** нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого бүрдүүлэлт шимтгэлийн байцаагчаар томилогджээ .

Улмаар түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулж, жилийн эцэст 93.5 оноо буюу “Маш сайн” үнэлгээ өгсөн болох нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Үр дүнгийн гэрээний биелэтийг дүгнэх  хуудсаар тогтоогдож байна . 

Энэ цаг хугацаанд буюу 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/53 дугаар тушаал гартал тэрээр тогтвор суурьшилтай Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого бүрдүүлэлт шимтгэлийн байцаагчаар ажиллаж байжээ.

 Хариуцагчаас уг маргаан бүхий Б/53 дугаар тушаалыг гаргахдаа “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 ”Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг,  боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн...” зэргийг үндэслэжээ.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулах харилцааг зохицуулсан ба 23.1.2-т “ үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” бол албан тушаал бууруулах үндэслэл болохоор заасан, харин төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг мөн хуулийн 24 дүгээр зүйлд нэрлэн заасан байна.  

Маргаан бүхий захиргааны актаар М.Энхгэрэлийг “албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй” гэж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг үндэслэн атлаа түүнийг албан тушаал бууруулах бус төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн нь хууль хэрэглээний алдаатай, өөрөөр хэлбэл,  үндэслэсэн эрх зүйн хэм хэмжээ болон шийдвэрлэсэн байдал нь хоорондоо харилцан зөрүүтэй, хууль хэрэглээний хувьд алдаатай байх ба Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-т ”захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй  тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40.4-д “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” нийцэхгүй байна.

Харин нэхэмжлэгч Н.Энхгэрлийг түүний төрсөн ах Н.Э**** уг албан тушаалд томилсон болохыг тэрээр хүлээн зөвшөөрдөг боловч энэ нь маргаан бүхий актыг гаргах үндэслэл болоогүй, актын агуулгад дурдагдаагүй, өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргаж буй тайлбар, үндэслэл  байх тул шүүхээс тухайн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.  

Хоёр. “Ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Энэхүү шүүхийн шийдвэрийн нэг дэх хэсэгт Н.Э****ийг төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болохыг тогтоосон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй юм. 

Гэхдээ Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны Б/53 дугаар тушаалын “Нэг” дэх заалтаар Н.Э****ийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байх бөгөөд Н.Э****ийн нийгмийн даатгалын дэвтэр болон 2016 оны цалингийн тооцооны картаас үзэхэд, тэрбээр 2016 оны 4 дүгээр сарын цалинг /бүтэн/ авсан болох нь тогтоогдож байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2016 оны 5 дугаар сарын 12-ны эхлэн тооцож олгохоор шийдвэрлэлээ.   

Энэхүү шийдвэр нь захиргааны байгууллагын албан тушаалтантай хариуцлага тооцох үндсэн эрхийг хязгаарласан шийдвэр биш бөгөөд хууль хэрэглээний хувьд алдаатай гарсан акт учраас Захиргааны ерөнхий хуулийг зөв хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, хэвшүүлэхийн тулд хариуцагчийн гаргасан тушаалыг хүчингүй болгосон болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон Н.Э****ийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого бүрдүүлэлт, шимтгэлийн байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.        

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар тус тус баримтлан Н.Э****д ажилгүй байсан 5 сарын хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.088.351.40 /гурван сая наян найман мянга гурван зуун тавин нэгэн төгрөг дөчин мөнгө/ төгрөгөөс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгасугай.

3.3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.   

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.БАТБААТАР