Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 281

 

“Э...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн

Хяналт, шалгалтын тасгийн татварын

улсын байцаагч Т.О,

Д.С нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                       Л.Атарцэцэг

                                                  П.Соёл-Эрдэнэ

                                                  Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:              Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

            Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.О, Д.С нарын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 230013886 дугаар актыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0185 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0362 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-О, хариуцагч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсүрэн нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-О-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0185 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/-ийн 33 дугаар зүйлийн 33.2.6, 33.5, 74.1, 74.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э...” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.О, Д.С нарын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 230013886 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0362 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0185 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 33 дугаар зүйлийн 33.2.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э...” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.О, Д.С нарын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 230013886 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь нотлох баримтыг илт буруу үнэлсэн, нотлох баримтыг үнэлэхдээ нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн нь гомдол гаргах үндэслэл болж байна.

4. Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт анхан шатны шүүх, хариуцагчийн “... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж заасныг үндэслэн төлбөл зохих татвараа бууруулсан зөрчилд 18,181,818.30 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан гэх тайлбарыг үндэслэлтэй байна” гэж үнэлсэн ба энэхүү үнэлэлтийнхээ хүрээнд нэхэмжлэгчийг “... татварын хуурамч буюу хий бичилттэй падаануудыг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй байна” хэмээн дүгнэсэн нь хэт өрөөсгөл, нэг талыг барьсан, эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа компанийн эрх ашиг зөрчигдөж байгааг бодитоор харж, үнэлж чадаагүйгээс хууль бус шийдэр гаргахад хүрсэн гэж үзэж байна.

5. Хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол”-ыг нэхэмжлэгч, хариуцагч талаас гаргаж өгсөн ба үүнд Прокурорын тогтоол үйлдэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх хийсвэр дүгнэлтээр хариуцагчийн тайлбарыг үнэлсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор үнэлэх зөрчмыг зөрчсөн, захиргааны хэргийн шүүх нотлох үүрэгтэй байсаар атал зохих нотлох ажиллагааг хийгээгүй хэрнээ хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна.

6. Хэрэгт нэхэмжлэгч тал Эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийн хуулбарыг гарган өгсөн ба үүнд “Э...” ХХК-ийн захирал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үг үсэг, агуулга нэг ч байхгүй ба харин ч татварын албанаас олгосон, бүртгэлтэй падааныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт тооцон тайлагнасан талаар мэдүүлсэн байхад энэ баримтыг үнэлээгүй, хэрхэн үнэлсэн талаараа шийдвэртээ дүгнэлт хийж тусгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэхээ илэрхийлсэн баримт эрүүгийн хэрэгт байгаа эсэх талаар нотлох ажиллагаа хийгээгүй буюу эрүүгийн хэрэгт үзлэг хийгээгүй хэрнээ хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

7. Шийдвэр, магадлалууд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

8. Хэрэв нэхэмжлэгч “Э...” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаангүйгээр төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан бол дээрх хуулийн болон аргачлалаар тогтоосон зохицуулалтыг хэрэглэх үндэслэлтэй байна.

9. Гэтэл “Э...” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварын 10079521, 10079522, 10079523 дугаартай падаануудыг үндэслэсэн, падаанууд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “... падаангүй ... бол албан татварыг хасч тооцохгүй”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2 дахь заалтын “... падаангүй ... бол албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.

10. Нэхэмжлэгч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болох нь падаанаар нотлогдсон, тухайн падаан нь хуурамч, хий бичилттэй эсэхийг өөрөө шалган тогтоох боломжгүй, Татварын албанаас олгосон, бүртгэлтэй падааныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн байхад нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байх ба татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварыг нэг худалдан авалтанд давхардуулан буюу 2 дахин татвар ногдуулж байгаа шударга бус хэрэг юм.

11. Энэхүү 2 үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь илт хууль бус байх тул хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хууль (2008), Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.

            13. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Д, Г.О нар “Э...” ХХК-ийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, “... 2012 онд “Далайдорж” ХХК-иас ... нийт 181,818,182.20 төгрөгийн бараа материал худалдан авснаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан баримтыг хуурамчаар бүрдүүлж,  .... татвар ногдох орлогоос хасч, татвар ногдох орлогоос бууруулсан” гэх зөрчил тогтоон,  татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 230026 дугаар дүгнэлтээр цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э...” ХХК-ийн захирал Ц.М уг үйлдлээ хүлээн зөвшөөрсөн нь Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 267 дугаар тогтоолоор тогтоогдсон байх тул нэхэмжлэгч “Э...” ХХК-ийн 2012 онд “Далайдорж” ХХК-иас  худалдан авсан гэх 181,818,182.20  төгрөгийн бараа материалын хувьд “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн” гэж шүүх дүгнэх боломжгүй байна.

14. Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүх нэхэмжлэгч “Э...”  ХХК-ийг хэн нэгнээс “барилгын материал, цахилгаан болон сантехникийн материалууд” худалдаж аваагүй гэж дүгнээгүй, харин бараа материал худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь баримтаар нотлогдоогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу албан татварыг хасч тооцохгүй, энэ үндэслэлээр гаргасан маргаан бүхий акт хуульд нийцсэн гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр зөв байна.

15. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001) хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлэх”-ээр, 8.2-т “... аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт (ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт) хийх”-ээр тус тус заажээ.

16. Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох бөгөөд эдгээр хуулийн заалтуудыг шүүхүүд маргааны үйл баримтуудад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

17. Өөрөөр хэлбэл, бараа материал худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэмэгдсэн өртгийн албан татварын нэг падаанаар бус, өөр бусад санхүүгийн анхан шатны баримтаар давхар тогтоогдох ёстой, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-О-ын “... татварын албанаас олгосон, бүртгэлтэй падааныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт тооцон тайлагнасан ... /байхад/ энэ баримтыг үнэлээгүй”, “... падаанууд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “... падаангүй ... бол албан татварыг хасч тооцохгүй”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2 дахь заалтын “... падаангүй ... бол албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй.

18. Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 267 дугаар тогтоолоор “...”Э...” ХХК-ийн захирал Ц.М, нягтлан бодогч Т.У нар 2012 онд “Далайдорж” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 181,818.2 мянган төгрөгийн хий бичилт хийж, 18,181.8 мянган төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” тул Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг баримтлан, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг тогтоол хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хэт өрөөсгөл, нэг талыг барьсан, эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа компанийн эрх ашиг зөрчигдөж байгааг бодитоор харж, үнэлж чадаагүйгээс хууль бус шийдвэр гаргахад хүрсэн’, “...хийсвэр дүгнэлтээр хариуцагчийн тайлбарыг үнэлсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор үнэлэх зарчмыг зөрчсөн, захиргааны хэргийн шүүх нотлох үүрэгтэй байсаар атал зохих нотлох ажиллагааг хийгээгүй хэрнээ хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй”, “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэхээ илэрхийлсэн баримт эрүүгийн хэрэгт байгаа эсэх талаар нотлох ажиллагаа хийгээгүй” гэх гомдлуудыг хүлээж авах боломжгүй.

            19. Эдгээр үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.        

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0362 дугаар магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгч “Э...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-О-ын гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Э...” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА