| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2306036540818 |
| Дугаар | 2024/ДШМ/854 |
| Огноо | 2024-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нямжав |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2024/ДШМ/854
2024 7 23 2024/ДШМ/854
Р.Ут холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Нямжав,
хохирогч С.О,
шүүгдэгч Р.Уийн өмгөөлөгч Л.Ононбаяр,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/586 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.У, түүний өмгөөлөгч Л.Ононбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Р.Ут холбогдох эрүүгийн 2306036540818 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Оточ ургийн Р.У, 1972 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, “Бадрал” хүнсний төвийг ажиллуулдаг гэх, ...................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........................../;
Шүүгдэгч Р.У нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх
дүүрэг, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадрал” хүнсний
бөөний төв дотор, НӨАТ-ын баримтын асуудлаас болж үйлчлүүлэгч иргэн
С.Отай маргалдан, улмаар зүүн хацар хэсэгт алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Р.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Р.Уийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Ут мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, дэх хэсэг. 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Уээс хохиролд 3.435.910 төгрөг гаргуулан хохирогч С.Од олгож, хохирогч С.О нь хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн энэ гэмт хэргийн улмаас хохирсон бусад зардлыг нотлох баримтаар бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Р.Уээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Р.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Р.У, түүний өмгөөлөгч Л.Ононбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Л.Ононбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ процессын ноцтой алдаа гаргасан нь даргалагч шүүгч “сайн дураар”, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчид зөвлөгөө өгч, хөтлөн, сэтгэцэд учирсан хор уршгийг хохирогч өөрөө нэхэмжлээгүй байхад тайлбарлан ярьсаар гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэж байна. ...” гэв.
Прокурор М.Нямжав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 29-32/,
хохирогч С.Огийн: "...Бадрал худалдааны төв ороод хүнсний
ногоо, 1кг гурил 2 ширхгийг аваад тооцоогоо хийх гэсэн 10.000 гаран төгрөг
болоод “И баримтаа авъя” гэсэн чинь худалдагч нь “гурил болон ногоон
дээр И баримт гарахгүй” гэж хэлсэн. “Яагаад өгдөггүй юм бэ” гэхэд цаанаас нь
нэг эмэгтэй гарч ирээд манайх гурилаа Таван богдоос, ногоогоо барсаас авдаг учир
тэр газрууд нь И баримт өгдөггүй юм гэж хэлэхээр нь би танайхыг татварын газарт
гомдол гаргана гэж маргаан эхэлсэн. Тэгсэн тэр лангууны ард байсан эзэн бололтой
эмэгтэй наадахынхаа авсан юмыг нь ав гээд миний хар торонд байсан
зүйлийг булааж, тэр эмэгтэй миний энэ тэндээс зулгаагаад
үсдээд, чимхээд байсан. Мөн миний утсыг газарт унагаагаад эвдсэн. Учирсан
гэмтлүүдийг надтай маргалдаж байсан эмэгтэй миний толгой болон бие
рүү цохиж учруулсан. ..." /хх 28/,
шүүгдэгч Р.Уийн яллагдагчаар өгсөн: “...12 цагийн үед нэг настай эмэгтэй үйлчлүүлж байгаад хэрүүл, маргаан үүсгээд байхаар нь би арын өрөөнөөсөө гарч ирээд ямар асуудал болсон талаар тухайн эмэгтэйгээс асуухад НӨАТ-ын баримт авна гээд байхаар нь би манай худалдааны төв хүнсний ногоогоо “Барс” худалдааны төвөөс, харин гурилаа Таван богдоос авдаг үйлдвэрийн гэрээт борлуулагч нараас НӨАТ өгдөггүй юм гэсэн чинь, заавал НӨАТ-ын баримтаа авна гээд байсан. Тэгэхээр нь та өөр дэлгүүрээс авчих гээд лангуу тойрч очоод үүрч байсан цүнхнээс нь гурилыг нь авсан чинь тэр хүн намайг маажаад алгадсан. Яаж байгаа юм бэ гээд би хойд өрөө рүүгээ явсан. Тэрнээс болж маргаан үүсээд тэр хүн орилоод байхаар нь манай дэлгүүрт ажиллаж байсан хүн гаргах гээд үзээд байсан. Тэгсэн тэр хүн манай дэлгүүрт байсан тэрэгнээс зуураад зогсоод хөдлөхгүй байж байгаад өөрөө цагдаа дуудсан. ...” /хх 75/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9503 дугаар "...С.Огийн биед зулайн хуйх, цээж, зүүн хацар, бугалга,
баруун дал, мөр, шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд мохоо
зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд
үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. ..." /хх 9-10/ гэсэн дүгнэлт зэргээр шүүгдэгч Р.У нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэг, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадрал” хүнсний бөөний төв дотор, НӨАТ-ын баримтын асуудлаас болж үйлчлүүлэгч иргэн
С.Отай маргалдан, улмаар зүүн хацар хэсэгт алгадаж, эрүүл мэндэд нь зулайн хуйх, цээж, зүүн хацар, бугалга, баруун дал, мөр, шуу, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэнтэй нийцжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.
Шүүгдэгч Р.Уийн үйлдлээс хохирогч С.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Р.Уийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгож ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчмыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Р.У, түүний өмгөөлөгч Л.Ононбаяр нар “...даргалагч шүүгч “сайн дураар”, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчид зөвлөгөө өгч, хөтлөн, сэтгэцэд учирсан хор уршгийг хохирогч өөрөө нэхэмжлээгүй байхад тайлбарлан ярьсаар гаргуулахаар шийдвэрлэсэн тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт /хх 65-66/, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвартай хохирогч С.О танилцаж, сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байна. /хх 67/.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэхэд шүүгч шүүх хуралдааны үед сайн дураараа хохирогчийг нэхэмжлээгүй байхад нь түүнд сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой мөнгө авах талаар зөвлөгөө өгсөн, хөтөлж асуусан, хэргийн нэг талд илүү хандсан гэх байдал тэмдэглэгдээгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааны тэмдэглэлтэй холбоотой санал, гомдол гаргаагүй байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсны дагуу Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд анхан шатны шүүх дээрх тогтоолд заасны дагуу Р.Уээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн буюу 3.300.000 төгрөгийг гаргуулсан байгааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохдоо тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биш хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх үед мөрдөгдөж байсан хэмжээгээр тооцсон байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, тооцооллын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал, гэмт хэрэг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байх тул Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хурлаар улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сард 550.000 төгрөгөөр тогтоосон байх тул 550.000х5=2.750.000 төгрөг гаргуулан, мөн нотлох баримтын шаардлага хангасан 135.910 төгрөгийн хохирлыг нэмж, нийт 2.885.910 төгрөгийг шүүгдэгч Р.Уээс гаргуулан, хохирогч С.Од олгохоор өөрчлөлтийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээн шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/586 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, дэх хэсэг. 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Уээс хохиролд 3.435.910 төгрөг гаргуулан хохирогч С.Од олгосугай. …” гэснийг “…Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, дэх хэсэг. 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Уээс хохиролд 2.885.910 төгрөг гаргуулан хохирогч С.Од олгосугай. …” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА