Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ/2026/0159

 

 

   2026         02          10                                     128/ШШ2026/0159      

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: К. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.Б 

Хариуцагч: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ал*******, Б.С 

Нэхэмжлэлийн шаардлага: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “К.ыг ажлаас халах тухай” Б******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгчээс “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “К.ыг ажлаас халах тухай” Б******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагаар маргаж байна.    

2.Маргааны үйл баримтыг дурдвал 

2.1.Иргэн Т.Б******* “... Баян-Өлгий аймгийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга К. нь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 10 хоног баривчлагдсан, газар усны нэр өөрчилсөн хэргээр 10,000,000 /арван сая/ төгрөгөөр шүүхээс торгуулсан зэрэг мэдээллийг үзэж аймгийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрыг одоог хүртэл удирдаж Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны ёс зүйн тухай хуулийг зөрчиж буйд ямар нэгэн хариуцлага тооцохгүй байгаад гайхаж байна. Энэ хүнд хуулийн хүрээнд хариуцлага тооцож төрийн албанаас чөлөөлөх нь зүйтэй гэж гомдол гаргаж байн. Та бүхэн зохих журмын дагуу шалгаж хариуцлага тооцож өгнө үү.” гэх гомдлыг Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газарт бичгээр гаргажээ.     

2.2.Төрийн албаны зөвлөлөөс дээрх гомдлыг хүлээн авч хянаад, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “... тус гомдолд дурдсан дээрх асуудлыг судлан, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч, тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллээ Төрийн албаны зөвлөлд 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлнэ” гэх “Гомдол шилжүүлэх тухай” 0******* дугаартай албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэргэдэх салбар зөвлөлд хүргүүлсэн байна.    

2.3.Улмаар нэхэмжлэгч К.ыг Баян-Өлгий аймгийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрын даргаар ажиллаж байхад нь маргаан бүхий Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “К.ыг ажлаас халах тухай” Б******* дугаар тушаалаар ажлаас нь халжээ.

2.4.Тус шүүх иргэн К.аас гаргасан “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “К.ыг ажлаас халах тухай” Б******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.                

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б******* дугаар тушаалаар намайг Баян-Өлгий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргын албан тушаалаас халсан. Тус шийдвэрт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/667 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэл болгосон ба уг тогтоолд намайг нийтийн албанд ажиллахыг хориглоогүй. Мөн би авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдээгүй болно.” гэжээ. 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа“Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална гээд, 47.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэх үндэслэл байгаа. Энд гол анхаарах зүйл бол төрийн албанаас халах гэсэн зохицуулалттай. Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 08 дугаар сарын 15-ны Б******* дугаар тушаалаар К.ыг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-ыг баримталсан боловч Баян-Өлгий аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргыг албан тушаалаас халсан байна. Өөрөөр хэлбэл, төрийн албанаас халаагүй албан тушаалаас халсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасны дагуу утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт байна гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар төрийн албанаас халах ёстой байхад нэхэмжлэгчийг төрийн албанаас халаагүй, зөвхөн тухайн албан тушаалаас халсан. Гол асуудал бол төрийн албанаас халсан уу, төрийн албан тушаалаас халсан уу гэдэгт байгаа. Нэхэмжлэгч нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлээгүй, цаашид үндсэн ялаа эдэлсний дараа төрийн албанд ажиллах эрх нээлттэй байгаа. Энэ тохиолдолд төрийн албаны ерөнхий шалгалт өгөөд, цаашлаад тусгай шалгалт өгснөөр төрийн албанд томилогдох уу гэдэг асуудал байгаа. Энэ тушаалаас харахаар нэхэмжлэгчийг албан тушаалаас халаад төрийн албанаас халаагүй зөрчилтэй байна. Тийм учраас бид үүнийг гол үндэслэл болгож маргаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай хууль бус захиргааны акт байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байгаа. Нэгэнт захиргааны акт гарсан цагаасаа эхлэн илт хууль бус учраас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.   

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “К.ы нэхэмжлэлтэй, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад холбогдох захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б******* дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/667 дугаартай шийтгэх тогтоолыг тус тус үндэслэн баталгаажсан. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т төрийн жинхэнэ албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол ажлаас нь шууд халахаар хуульчилсан. 

Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг хуульчилсан. Уг тангарагт төрийн албан хаагч “үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх”-ээр заажээ. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг үйл ажиллагаандаа мөрдөөгүй гэж үзэн дээрх тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартааТөрийн албаны зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0******* дугаартай гомдол шилжүүлэх тухай албан бичгийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд Монгол Улсын сайдын бүрэн эрхийг хуульчилж өгсөн. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, эдгээрээс гаргасан хууль, бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана. Мөн Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т аймаг, нийслэлийн Соёлын газрын удирдлагыг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө гэсэн бүрэн эрхийн дагуу Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасныг үндэслэн маргаан бүхий захиргааны шийдвэрийг гаргасан байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, төрийн захиргааны байгууллагад анх орохдоо эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Энэ тангаргаасаа няцвал төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хариуцлага хүлээхээр хуульчилсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.      

2.Нэхэмжлэгчээс “... Миний бие шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгүүлсэн нь үнэн гэхдээ дээрх байдлаар шүүхээс шийтгэхдээ миний нийтийн албанд ажиллах эрхийг хязгаарлаагүй мөн миний бие авлига, албан тушаалаар хэргээр шийтгүүлээгүй тул нийтийн албанд ажиллах боломжтой.” гэж, хариуцагчаас “... Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь ямар хэрэгт холбогдож шийтгүүлснээс үл хамааран ял шийтгүүлсэн л бол төрийн албанаас халагдах хуулийн зохицуулалттай тул маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.     

3.Нэхэмжлэгч К.аас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад холбогдуулан “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “К.ыг ажлаас халах тухай” Б******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.         

4.Иргэн Т.Б******* “... Баян-Өлгий аймгийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга К. нь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 10 хоног баривчлагдсан, газар усны нэр өөрчилсөн хэргээр 10,000,000 /арван сая/ төгрөгөөр шүүхээс торгуулсан зэрэг мэдээллийг үзэж аймгийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрыг одоог хүртэл удирдаж Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны ёс зүйн тухай хуулийг зөрчиж буйд ямар нэгэн хариуцлага тооцохгүй байгаад гайхаж байна. Энэ хүнд хуулийн хүрээнд хариуцлага тооцож төрийн албанаас чөлөөлөх нь зүйтэй гэж гомдол гаргаж байн. Та бүхэн зохих журмын дагуу шалгаж хариуцлага тооцож өгнө үү.” гэх гомдлыг Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газарт бичгээр гаргажээ.      

5.Төрийн албаны зөвлөлөөс дээрх гомдлыг хүлээн авч хянаад, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “... тус гомдолд дурдсан дээрх асуудлыг судлан, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч, тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллээ Төрийн албаны зөвлөлд 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлнэ” гэх “Гомдол шилжүүлэх тухай” 0******* дугаартай албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэргэдэх салбар зөвлөлд хүргүүлсэн байна.    

6.Улмаар нэхэмжлэгч К.ыг Баян-Өлгий аймгийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрын даргаар ажиллаж байхад нь маргаан бүхий Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “К.ыг ажлаас халах тухай” Б******* дугаар тушаалаар ажлаас нь халжээ.

7.Дээрх тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч К.ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлээр халсан байна.

8.Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл.“Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах”, 47.1.“ Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална.”, 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.” гэж тус тус заажээ.

9.Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, төрийн жинхэнэ албан хаагч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн албан хаагчийг төрийн албанаас халахаар байна. 

10.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/667 дугаар шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч К.ыг шүүгдэгчээр татаж “... Ж******* С******* овогт К******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлээрээ санаатай нэгдэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэжээ.  

11.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ДШМ/157 дугаар магадлалаар “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/667 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ... шүүгдэгч К.ы өмгөөлөгч Ө.А*******аас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ. 

12.Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор “... шүүгдэгч өмгөөлөгч Ө.А*******ын гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсугай.” гэж шийдвэрлэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/667 дугаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

13.Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгч К. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож, хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн байна.

14.Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.” гэж заасан хуулийн заалт нь төрийн жинхэнэ албан хаагч ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэнээс үл хамааран гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах зохицуулалттай байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг ажлаас халсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.

15.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч К.аас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад холбогдуулан гаргасан “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “К.ыг ажлаас халах тухай” Б******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасныг баримтлан иргэн К.аас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад холбогдуулан гаргасан “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “К.ыг ажлаас халах тухай” Б******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ГАНБАТ