2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/00754

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 29

191/ШШ2025/00754

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, *******, ******* хаягт байрлах, Д******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Б.Э*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б-ийн Э******* нь Д******* ББСБ ХХК-тай 2021.09.08-ны өдөр ЗГ2123226х тоот Зээлийн гэрээ байгуулж 1 099 900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй Д******* ББСБ ХХК-ийг хохироож байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.19-ний өдрийн 182/ШЗ2024/13810 дугаар шүүгчийн захирамжаар зээлдэгч нь зээл авахдаа оршин сууж байсан *******, *******, *******, , хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд зээлдэгчийн хаягийг тодруулсны дараа энэхүү зээлийн маргаан шийвэрлэгдэгдэх болсон тул Б-ийн Э*******ыг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Д******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Э*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Д******* ББСБ ХХК болон Б.Э******* нарын 2021.09.08-ны өдрийн ЗГ2123226х дугаартай Зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.08.19-ний өдрийн 182/ШШ2024/13810 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, төлбөрийн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Б.Э*******ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Д******* ББСБ ХХК нь ... хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Э*******ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт нийт 757 179.99 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан дээрх Д******* ББСБ ХХК болон Б.Э******* нарын 2021.09.08-ны өдрийн ЗГ2123226х дугаартай Зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Б.Э******* нь хүсэлт гаргагч Д******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3.Зээл авах үедээ Д******* ББСБ ХХК болон Б.Э******* нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ баримтад тусгагдсан хаягт хариуцагч Б.Э******* нь оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.08.19-ний өдрийн 182/ШШ2024/13810 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Б.Э*******ын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Б-ийн Э******* /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Б.Э*******ыг эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Д******* ББСБ ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА