Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/862

 

 

 

 

 

 

    2024           7            24                                         2024/ДШМ/862

 

 

Б.Гад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Чанцалдулам,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1446 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ууганбаатарын бичсэн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаар эсэргүүцлээр Б.Гад холбогдох эрүүгийн 2208024960095  дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Чонос овгийн Б.Г, 1980 оны 12 дугаар
сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй,
дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн
газрын 3 дугаар хэлтэст хэв журмын цагдаа ажилтай, цагдаагийн хошууч цолтой, ам
бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт ................. тоотод оршин суух
хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

Яллагдагч Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус
дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны ахлах
байцаагчаар ажиллах хугацаандаа, ажлын байрандаа “эрүүлжүүлэх саатуулах байранд
ойр зуурын юм авна, засвар хийнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит
байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж
үргэлжилсэн үйлдлээр:

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх,
саатуулах байрны
эмч, цагдаагийн ахмад Д.Баярмагнайд 2019 оны 10 дугаар сард
үндсэн цалингийн 20 хувийн буюу 149.620 төгрөгний нэмэгдлийг нэмж улмаар өөрийн
“Хаан банк"-ны 5548001426 тоот данс руу 105.000 төгрөгийг,

  • тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах
    байрны эмч цагдаагийн ахмад Д.Баярмагнайд 2020 оны 01 дүгээр сард 20 хувиар буюу
    161.589 төгрөгийг нэмж өөрийн “Хаан банк”-ны 5548001426 тоот данс руу 120.000
    төгрөгийг, 2020 оны 10 дугаар сард 20 хувийн буюу 161.589 төгрөгийг нэмж өөрийн
    “Хаан банк”-ны 5548001426 тоот данс руу 120.000 төгрөг буюу нийт 345.000 төгрөгийг,
  • Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа,
    цагдаагийн ахлах ахлагч Н.Даваадоржид 2020 оны 10 дугаар сард үндсэн цалингийн 20
      хувийн буюу 155.252 төгрөгний нэмэгдлийг нэмж өөрийн “Хаан банк”-ны 5548001426 тоот данс руу 140.000 төгрөгийг,
  • Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа,
    цагдаагийн ахлах ахлагч Ж.Чад 2021 оны 06 дугаар сард 20
    хувийн буюу 155.252
    төгрөгийг нэмж, улмаар өөрийн “Хаан банк”-ны 5548001426 тоот данс руу 130.000
    төгрөгийг,
  • Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаагийн
    ахлах ахлагч Х.Цэрэннадмидад 2021 оны 04 дүгээр сард үндсэн цалингийн 20 хувийн
    буюу 155
    .252 төгрөгийг нэмж өөрийн “Хаан банк”-ны 5548001426 тоот данс руу 110.000
    төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан, бусдад нийт 725.000 төгрөгийн хохирол
    учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Нийслэлийн прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллах дүгнэлтэд дурдсан яллагдагч Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны ахлах байцаагчаар ажиллах хугацаандаа, ажлын байрандаа “эрүүлжүүлэх саатуулах байранд ойр зуурын юм авна, засвар хийнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Чад 2021 оны 06 дугаар сард 20 хувийн буюу 155.252 төгрөгийг нэмж, улмаар өөрийн “Хаан банк”-ны 5548001426 тоот данс руу 130.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангахгүй, нотлогдон тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд залилах гэмт хэрэгт нь
шунахай сэдэлтээр, ашиг
олох зорилгоор, хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг
шилжүүлэн авч үйлдэгддэг.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/172 тоотод тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны нэр бүхий 16 албан хаагчид үндсэн  цалингийн 20 хувийн нэмэгдлийг олгосны дотор хохирогч багтсан байна. /1хх 67/

2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр яллагдагч Б.Гын Хаан банкны
5548001426 тоот данс руу
Б.Батнасангийн Хаан банкны 5020814250 данснаас 130.000 төгрөг “batnasan”, X.Баяртулгын Хаан банкны 5005628387 данснаас 130.000 төгрөг “bayartulga”, Ж.Чын Хаан банкны 5857057751 данснаас 130.000 төгрөг “а.ch.Chinbat”, Б.Бямбазаяагийн Хаан банкны 5022484911 данснаас 130.000 төгрөг “Zaya
гэсэн утгаар тус тус шилжүүлсэн байна.
/2хх 48, 121-125/.  Улмаар 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч Б.Гын Хаан банкны 5548001426 тоот данснаас гэрч Б.Тэргүүнбат Хаан банкны 5025242708 тоот данс руу 515.000 төгрөгийг “ганбат” гэсэн утгаар шилжүүлсэн /2хх 48/ болох нь тогтоогдож байна. Дээрх мөнгөн шилжүүлгийн талаар гэрч Б.Батнасан “2021 оны 06 дугаар сард миний цалин нэмэгдсэн гэдгийг мэдээгүй. Цалин буудаг өдөр цалин буухын өмнө байсан санагдаж байна Б.Г хошууч залгаад “цалин дээр чинь мөнгө нэмэгдэж орсон байгаа, над руу шилжүүлчихээрэй” гэхээр нь 130.000 төгрөгийг өөрийн нэрийг бичээд шилжүүлсэн. Эрүүгийн офицер нар нь эрүүлжүүлэх саатуулах байрны ахлах байцаагчид харьяалагддаггүй.” /2хх 162-163/, гэрч Б.Баяртулга “Би тэр өдөр миний цалин нэмэгдэж орсон талаар мэдээгүй байсан. Цалин ороод удаагүй байтал Б.Г залгаад "чиний цалин дээр мөнгөн нэмж оруулсан байгаа, 130,000 төгрөгийг над руу шилжүүлчих, албанд ашиглагдана гээд дансаа явуулсан. Би хэлснээр нь 130.000 төгрөгийг Б.Гын Хаан банкны 5548001426 тоот данс руу шилжүүлсэн.” /2хх 165-166/, гэрч Б.Бямбазаяа “Б.Г нь албанд зориулна гэж байсан шиг санагдаж байна. Гэхдээ надад ямар зүйлд зарцуулсан талаар танилцуулаагүй, би ч асуугаагүй./2хх 169-170/, Харин гэрч Б.Тэргүүнбат “2021 онд ковид тахалтай, гадуур цайны газрууд ажиллахгүй байсан учир өмч хамгаалах зөвлөлийн гишүүд хуралдаад цагдаагийн газарт албан хаагчдад зориулсан гал тогооны булан гаргаж тохижуулахаар шийдвэрлэсэн. Цагдаагийн газарт энэ төрлийн төсөв хөрөнгө батлагдаагүй, байхгүй учир бид алба хаагчдын цалин мөнгийг нэмж түүгээрээ худалдан авалтаа хийж цагдаагийн газрын үндсэн хөрөнгөд авахаар болсон. Ингээд тухайн үед Ганбат руу шилжүүлсэн 3 албан хаагчийн 515.000 төгрөг дээр бусад хэлтэс тасгийн 10 гаруй албан хаагчийн 870.000 гаруй төгрөг буюу 1.385.000 төгрөгийг хурааж энэ мөнгөөрөө 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Говь хангай мебель” ХХК-иас 1.289.000 төгрөгөөр 1 ширхэг буйдан авч албан хаагчдын амралтын өрөөнд тавьсан. ...Албан хаагчдаас хураасан мөнгөөр авсан буйданг Нийслэлийн өмчийн харилцааны газарт данс бүртгэлд тусгах албан бичгийг хүргүүлж цагдаагийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэж авсан. Энэ нь мөн баримтаараа байгаа.” /2хх 142/ гэж тус тус мэдүүлсэн байна. Түүнчлэн гэрч Б.Тэргүүнбатаас гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/10 дугаартай “Үндсэн хөрөнгө бүртгэх” тухай тушаал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар тушаал, тушаалын хавсралт, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26з/75 тоот албан бичиг, хавсралт, гэрэл зургийн хуулбар, орлогын баримт, “Говь хангай Мебель”-ийн Е баримт, тооцооны хуудас, “Trend mebel тавилгын үйлдвэрийн захиалгын хуудасны хуулбарууд зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт “Ж.Чын мөнгийг би хувьдаа аваагүй, мөнгийг аваад ерөнхий нягтлан бодогчид шилжүүлсэн. гэж мэдүүлсэн. Дээрхээс үзвэл Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас Ковид цар тахлын үед албан хаагчдад зориулсан амралт, гал тогооны хэсгийг тохижуулах зорилгоор нэр бүхий албан хаагчдаас мөнгөн хөрөнгө хурааж, улмаар эд хөрөнгө худалдан авч байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэн авсан байна. Яллагдагч Б.Г нь нэр бүхий 4 албан хаагчаас /үүнд: хохирогч Ж.Чболон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүгийн офицер ажилтнууд/ дээр дурдсан эд хөрөнгийг худалдан авахад зориулагдсан мөнгөн хөрөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авч холбогдох албан тушаалтанд шилжүүлсэн үйлдлээс зөвхөн хохирогч Ж.Чын үйлдлийг салган авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй юм. Учир нь яллагдагч Б.Гын дээрх үйлдэлд бусдыг хуурсан, бодит байдлыг нуун дарагдуулсан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, хохирогчийг төөрөгдөлд оруулсан, шунахай сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэх нөхцөл
байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүхээс гэм буруугийн асуудлаар Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийдвэрийг гаргахаас өөрөөр шийдвэрлэх боломжгүй. Иймд яллагдагч Б.Гад холбогдох эрүүгийн 2208024960095 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Прокурор Б.Ууганбаяр бичсэн эсэргүүцэлдээ болон шүүх хуралдаанд прокурор Г.Чанцалдулам гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Чын “Намайг уг эрүүлжүүлэх байрны цагдаа жолоочоор орж ажиллахад эрүүлжүүлэх байрны ахлах байцаагчаар цагдаагийн хошууч Б.Г, мөн эрүүлжүүлэх байрны 4 эмч, 3 жолооч, эрүүлжүүлэх байрны жижүүрийн 12 цагдаа нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Уг эрүүлжүүлэх байр нь 21 хүний бүтэц орон тоотой. 2019 оны 9 билүү 10 дугаар сард цалингийн үр дүнгээр намайг
болон цагдаагийн дэд ахлагч Энх-Отгон, мөн нэг алба хаагчийн буюу нийт 3 алба
хаагчийг +20 хувиар нэмж байсан. Тэгсэн цалин ороход Ганболд над руу утсаар
ярьж “Чам руу +20 хувийн нэмэгдэл буюу 130.000 төгрөг орсон байх ёстой, тэрийг
мөнгийг одоо над руу шилжүүл гээд 4-5 удаа залгаж өөрийнхөө “Хаан банк”-ны
дансыг өгсөн. Тэгэхээр нь би анхандаа миний цалин дээр нэмэгдсэн учир өгөх
дургүй байсан боловч нэгдүгээр манай ахлах албан тушаалтан, хоёрдугаарт
зогсоо зайгүй утсаар залгаад байхаар нь би аргагүй эрхэнд шилжүүлсэн. Ганбат нь
тухайн үед зөрчил гаргасан 3 алба хаагчийн цалинг хасаж өөр 3 алба хаагч дээр
нэмж тэр мөнгийг цалин буухаар өөрийнхөө данс руу авсан. Үүнийг Энх-Отгон мөн
гэрчилнэ.Би Ганбат руу мөнгө шилжүүлэхдээ Ч гэсэн утгатай өөрийнхөө
данснаас шилжүүлж байсан. Мөн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч
М.Мягмарсүрэн ярихдаа мөн л цалин нэмээд нэмсэн хувийнхаа мөнгийг авсан гэж
ярьж байсан. Ганбат нь алба хаагчдын цалинг хасаад цагдаа жолооч, цагдаагийн
ахлах ахлагч О.Хонгор, Ц.Энхтүвшин, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч
Х.Цэрэннадмид, Даваадорж нар дээр нэмж өөрийн данс руугаа авч байсан удаа
байгаа. ...Ийм учир энэ асуудлыг шалгуулахыг хүссэн. “...Энэ асуудлын талаар
манай алба хаагчид өөрсдөө мэдүүлгээ өгчих байх. Энэ асуудлыг хуулийн дагуу
шийдэж өгнө үү л гэж хүсэж байна”
/1хх 21-23/ гэж мэдүүлсэн. Хохирогч Ж.Чдээрх мөнгийг Б.Гын Хаан банкны 5548001426 тоот данс руу шилжүүлэхдээ “1 ширхэг буйдан авч албан хаагчдын амралтын өрөөнд тавих” гэсэн шалтгаанаар бус “эрүүлжүүлэх байранд ойр зуурын юм авна ” гэсэн шалтгааны улмаас шилжүүлсэн.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг
сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1
дэх хэсэг,
мөн зүйлийн 17.5.3 дэх хэсэгт тус тус хуульчлан тодорхойлсноор албан
тушаалтан нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс санхүүгийн
туслалцааг авах, хүсэхийг хориглосон, мөн хохирогч Ж.Чаас дээрх мөнгийг
хандив хэлбэрээр сайн дурын үндсэн дээр өгөөгүй болох хэрэгт авагдсан нотлох
баримтуудаар тогтоогдсон байхад хохирогч Ж.Чын мэдүүлэгт хууль
дүгнэлт хийхгүйгээр, хэрэгт ямар ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй үндэслэлээр
хэргийг буцааж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал
, тус
шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 379 дугаартай захирамжид
бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийг
прокуророос Нийслэлийн Эрүүгийн хэргийн
давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд
тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн магадлалд
“..яллагдагч Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус
дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны
ахлах байцаагчаар ажиллах хугацаандаа, ажлын байрандаа “эрүүлжүүлэх
саатуулах байрны ахлах байцагчаар ажиллах хугацаандаа ажлын байрандаа
“эрүүлжүүлэх саатуулах байранд ойр зуурын юм авна завсар хийнэ” гэж зохиомол
байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд
оруулж албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж,
бусдад нийт 725
.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь тухайн эд  хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авснаар залилах гэмт хэрэг төгссөн бөгөөд дээрх гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгийг хэрхэн, хэзээ, юунд зарцуулсан нь энэ хэргийн зүйлчлэлд хамааралгүй бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальсан, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан болохыг мөн дурдаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Гад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...яллагдагч Б.Гын хохирогч Ж.Чхуурсан, бодит байдлыг нуун дарагдуулсан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, хохирогчийг төөрөгдөлд оруулсан, шунахай сэдэлтээр эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. ...” гэх үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ДШМ/368 дугаар магадлалын тодорхойлох хэсгийн 2 дахь заалтад дурдсан “анхан шатны шүүхийн шүүх, нэр бүхий албан хаагчдад цалингийн нэмэгдэл олгох шийдвэр, санал гаргасан этгээд хэн болох, ийнхүү шийдвэр, санал нь хууль тогтоомж, бусад хэм хэмжээний актад нийцсэн эсэхийг шалгаж, яллагдагч Б.Гын үйлдэлд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай” гэх магадлалын заалт биелэгдээгүй байх тул шүүгчийн захирамж болон шүүхийн магадлалд заасан бүхий л ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хийж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/1446 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Ууганбаатарын бичсэн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХӨӨ

 

                             ШҮҮГЧ                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

   

                        ШҮҮГЧ                                                                   Ц.МӨНХТУЛГА