Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ/2026/0151

 

    2026        02           09                                    128/ШШ2026/0151    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: Ш.Б  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н*******  

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Л*******, Г.З******* 

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Б*******  

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Ш.Бийг хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай” Б/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:   

1.Нэхэмжлэгчээс “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Ш.Бийг хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай” Б/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагаар маргаж байна.    

2.Маргааны үйл баримтыг дурдвал

2.1.Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоолоор нэхэмжлэгч Ш.Бийг Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргад нэр дэвшиж, олонхын санал авсан тул тус хорооны Засаг даргаар томилуулахаар дүүргийн Засаг даргад уламжилж, Сүхбаатар дүүргийн Засаг дарга тус дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргаар Ш.Бийг томилжээ.

2.2.Дээрх байдлаар нэхэмжлэгч Ш.Б нь Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байхад нь маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Ш.Бийг хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай” Б/******* дугаар захирамжаар ажлаас нь огцруулсан байна.

2.3.Дээрх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.2.5 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.16 дахь заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт, Байгууллагын Дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэг, 6.3.1, 6.3.3, 6.3.4 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ш.Бийг ажлын цаг ашиглалт хангалтгүй гэх үндэслэлээр огцруулжээ.

2.4.Тодруулбал, маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг “... 2025 оны эхний хагас жилийн албан хаагчдын ирцийн бүртгэлийн тайлангаар ажлын 52 хоногийн цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй болон 335 минут хоцорсон, мөн 829 минутын өмнө явсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдах ажилтанд мэдэгдээгүй ажил тасалсан, ажлын цаг ашиглалт хангалтгүй ажиллаж хууль, тогтоомжоор хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй.” гэжээ.

2.5.Тус шүүх иргэн Ш.Боос гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Ш.Бийг хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай” Б/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.     

3.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:“Ш.Б нь ******* дүгээр хорооны Засаг даргаар 3 удаа сонгогдсон. Хорооны Иргэдийн Хурлаар гурван удаа сонгогдон томилогдсон. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 3 удаа тус хорооны оршин суугчдаас улиран сонгогдсон. Сүхбаатар дүүргийн Засаг даргын ажлын албанаас Хорооны Засаг дарга нарын ажлын үр дүнгийн гэрээний биелэлтийг жил, хагас жилээр дүгнэхэд түүний ажлын үр дүн 90% дээш үнэлгээтэй гарч цалингийн 60% урамшуулал авсан нь энэ ажилдаа мэргэшсэн төрийн албан хаагч болохыг баталдаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.А******* нь иргэдийн сонгох сонгогдох эрх, Монгол улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албан хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчин Ш.Бийг 52 хоногийн цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй, цаг ашиглалт хангалтгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын дугаар Б/******* захирамжаар 2025 оны 06 дугаар сарын 17-ны өглөө ажлын цаг эхлэхэд буюу 09 цаг огноолон Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргаас огцруулсан захирамж гаргасан.  

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 13-28 зүйл заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчин сонсох ажиллагааны мэдэгдлийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дугаар 2025105 ажлын цаг дуусаж байхад буюу 17 цаг гарган маргааш өглөө ажлын цаг эхлэхэд хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулсан дээрх захирамжийг гаргажээ. Энэ хууль бус захирамжийг гардан авмагц Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйлийн 92.1, 93-р зүйлийн 93.1, 94-р зүйлийн 94.1-т зааснаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ирүүлсэн гомдлын хариуг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 03/5451 албан тоотод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтад заасны дагуу өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна гэсэн хариу ирүүлсэн байх тул энэхүү гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргав. Дээрх захирамжаас болж, миний амьдралын баталгаа алдагдаж, орлого үгүй болсноос гадна, нийгмийн даатгалын шимтгэл төлөх төлөлт доголдон ирээдүйд өндөр насны тэтгэвэр авахад сөрөг нөлөөтэй, эрүүл мэндийн даатгалын татвар төлөлт таслалдаж эрүүл амьд явах эрх зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлыг хангаж өгнө үү.” гэжээ.   

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг уншиж сонгосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж дараах тайлбарыг гаргаж байна. 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ш.Бийг хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлээс 28 дугаар зүйл заалт бүрийг зөрчиж гаргасан. Тухайлбал, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хорооны Засаг дарга Ш.Бийг "ажил тасалсан" үндэслэлээр ажлаас нь огцруулах тухай захирамж гаргахдаа 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 30 минут буюу зуны улирлын цагийн хуваарийн дагуу ажлын цаг дуусахаас 25 минутын өмнө "Сонсох ажиллагаа мэдэгдэл"-ийг бичгээр хүргүүлж, маргааш өглөө буюу ажлын өдөр эхлэх 2025 оны 07 дугаар сарын 17-ны өглөөний 07 цагт Сүхбаатар дүүргийн Тамгын газар дээр нэг өдөр адил үндэслэлээр ажлаас халагдсан 2, 6, 8 дугаар хорооны Засаг дарга нар бүгд ирж тайлбар гаргах, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг эрх бүхий албан тушаалтнаас гаргуулах, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчоор тодруулж холбогдох сонсох ажиллагаанд хэрэглэгдэх асуудлыг шийдвэрлүүлэхээр очсон боловч Засаг дарга аваад 2 хоносон, ширээн дээр нь Засаг даргыг ажлаас халах захирамж, сонсох ажиллагааны мэдэгдэл зэргийг гарын үсэг зураад тавьчихсан байсан. Энэ бол хууль ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд олон нийтээс сонгогдсон төрийн албан хаагчийн эрхийг урьдаас, санаатайгаар халдаж байгааг н.Г******* өөрөө харж байсан. Тэр цочир мэдээтэй танилцаад 8 дугаар хорооны Засаг дарга ухаан алдаж унаж байсан. Захиргааны шийдвэрийг гаргасан н.А******* амраад явсан хойноо эчнээ гаргасан бөгөөд, эчнээ гаргахдаа сонсох ажиллагааны мэдэгдэл худлаа гэдгийг харуулах зорилготой. Гэтэл Засаг даргын ажлаас огцруулах захирамж, сонсох ажиллагааны мэдэгдлээс өмнө албажин гарын үсэг зурагдан, тамга дарагдсан ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 15, 21, 22, 24, 25 дугаар зүйл заалтад заагдсан ажиллагаа огт хийгдээгүй хууль зөрчсөн болохыг харуулж байна. Шинэ жилийн баярын өдөр болон цагаан сараар бүх нийтээр амардаг. Гэтэл эдгээр амралтын өдрүүдийг оролцуулсан жишээ татсан баримтуудыг оруулж захиргааны акт гаргасныг худлаа гээд шүүхэд нэхэмжлэл гаргахаар Захиргааны хэргийн шүүх дээр ирээд шүүхээр өөрийн хийх ёстой байсан ажиллагааг хийлгэх гээд байна. Товчхондоо энэ бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх нөхцөл бололцоог хангаж байна гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн диспозитив зарчмыг хангахын тулд нэхэмжлэгч талаас захиргааны акт гаргасан нь үндэслэлгүй гэдгийг нотлохоор зарим нотлох баримтыг гаргаж өгсөн. Бүх баримтыг гаргаж өгөх шаардлага байгаагүй. Сүхбаатар дүүргийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны Б\******* дугаар Ш.Бийг хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай захирамжийн эшилсэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хуульчилсан байх бөгөөд 37.1.6-д харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 37.1.16-д Хөдөлмөрийн тухай хууль байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийн үр бүтээлтэй ашиглах... гэсэн заалтуудыг барьж ажлаас огцруулсан нь логик алдаатай. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлд Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох гээд, 65 дугаар зүйлийн 65.2.5-г баримталж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Гэтэл мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.2.5-д энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр гэсэн байна. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн бол хариуцлага тооцно гэж заасан. Гэтэл ийм даалгавар өгсөн зүйл байхгүй. Тийм учраас ажлаас халахад барьсан хууль логик алдаатай байна. Дээрх хуулийн 65 дугаар зүйлд зааснаар нийтээр сонгогддог албан тушаалтныг 2 үндэслэлээр шийтгэх бөгөөд үүнд сануулах, цалинг 3 сарын хүртэл хугацаагаар 30 хувь хувиар хасах гэж заасан. Хуульд ингэж хуульчилж заасан байхад ажил тасалсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуультай хутгаад тушаалыг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг хуулиудын заалтуудыг ойлгож хэрэглээгүй алдаа гаргасан буюу зөрчилтэй акт гаргаж нэр бүхий 4 Засаг даргыг улсын төрийн зорилгоор ажлаас нь хоморголон халсан. Эдгээр хүмүүс Дээд шүүх дээр маргаж байхад хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах үйлдлээс болоод өнөөдөр анхан шатны шүүх дээр хэлэлцэгдэж байна.  

Дээрх захирамжийг гаргах үндэслэл болгон эшилсэн Төрийн албаны хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх гэснийг зөрчсөн гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч Ш.Б нь тэргүүний хорооны даргаар дурдагдаж байсан, одон медаль, иж бүрээр нь шагнал урамшуулал авч байсан. Нэхэмжлэгч нь ёс зүйг зөрчсөн, байгууллагын нэр хүндэд харшилсан үйлдэл гаргаагүй байхад хуульд байгаа халж болох бүх заалтуудыг цуглуулаад тушаал гаргасан байна. Миний зүгээс тус тушаалыг мэргэжлийн хүн гаргаагүй гэж үзэж байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. ” гэв. 

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ш.Бийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбар хүргүүлж байна. Иргэн Ш.Б нь 2025 оны эхний хагас жилд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дахь “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” хэсгийг ноцтой зөрчсөн нь ERP цаг бүртгэлийн цахим системээр тогтоогдсон. Ш.Б нь тус хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 52 ажилдаа хүрэлцэн ирээгүй, 335 минутын ажлаас хоцролт, 829 минут ажлын цаг дуусахаас өмнө эрт гарсан бүртгэл бүртгэгдсэн. Энэ нь Төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх” заалтыг мөн зөрчсөн болох нь баримтаар нотлогдсон.” гэжээ.  

6.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/******* дугаар захирамж нь хуульд нийцэж гарсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хуулийн зарим нэг зүйл заалтыг зөрөөтэй уншиж танилцууллаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах ерөнхий заалт байгаа. Энэ заалт нь маргаан бүхий захирамжийн үндэслэл хэсэгт дурдагдсан. Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3 гэх 2 заалтыг дурдсан. . Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т дээд шатны Засаг дарга, ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна гээд, энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр гэсэн байгаа. Хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг нэхэмжлэгч өөрөө уншиж танилцуулсан. Үүнд Засаг даргын үүрэг даалгавар гэх нөхцөл байдлаас гадна хууль тогтоомж гэдэг үг хэллэг авагдсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглана гэх хуулийн заалт байгаа. Байгууллагын дотоод журамд ажилтан ирсэн явсан цагаа дээд шатны удирдлагаас зөвшөөрөл авч бүртгүүлнэ. Хэрэв дээд шатны захиргаа нь байхгүй бол ирсэн явсан ажлын дэвтэрт бүртгүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч Ш.Бийн тухайд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ирсэн, явсан цагийн тайланд дурдсанаар нийт ажлын 52 хоногийг цагийн бүртгэлд бүртгүүлээгүй, ирсэн явсан цагийн тайлан дээр зураас /-/ тэмдэглэгээгээр тэмдэглэгдсэн байна. Мөн 335 минут хоцорсон, 829 минутын өмнө ажлаас явсан байна. Энэ нь ирсэн явсан цагийн тайлангаас тодорхой харагдаж байгаа. 

Тийм учраас хариуцагч Засаг дарга нь өөрийн төсөөллөөр, эсхүл далдыг харж шийдвэр гаргаагүй. Ш.Бийн И Ар Пи /ERP/ системд заасан мэдээллийг хариуцагч, нэхэмжлэгч, эсхүл өөр ямар нэгэн албан тушаалтан өөрчлөх боломж байхгүй. Уг системд заасан тайланд үндэслэж шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэлийг хүлээн авсан талаар дурдсан боловч сонсох ажиллагааг гаргаагүй гэдэг зүйлийг тайлбарладаг. Мөн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр захирамж гарсны дараа хариуцагч байгууллагад хариу тайлбар гаргах боломж байсан. Гэтэл үүнтэй холбоотой ямар нэгэн тайлбар, хүсэлт гаргаж байгаагүй. Шууд Төрийн албаны зөвлөл болон шүүхэд хандсан. Нэгэнт Ш.Бийн ажилдаа бүртгүүлээгүй үйлдэл нь одоо ч өөрчлөгдөөгүй бөгөөд И Ар Пи системд одоо ч бүртгэлтэй байгаа. Мөн шүүхээс тухайн системд үзлэг хийж баталгаажуулсан байдаг. Иймд Засаг дарга өөрт авагдсан баримтын хүрээнд, зохих журмын дагуу шийдвэрийг гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс “... Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан процесс ажиллагааг явуулаагүй бөгөөд актад дурдсан зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй нь нотлогдож байгаа тул маргаан бүхий захиргааны акт үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Нэхэмжлэгч Ш.Б нь ажлын цаг ашиглалттай холбоотой асуудлаар алдаа зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч Ш.Боос хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Ш.Бийг хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай” Б/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоолоор нэхэмжлэгч Ш.Бийг Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргад нэр дэвшиж, олонхын санал авсан тул тус хорооны Засаг даргаар томилуулахаар дүүргийн Засаг даргад уламжилж, Сүхбаатар дүүргийн Засаг дарга тус дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргаар Ш.Бийг томилжээ.

5.Дээрх байдлаар нэхэмжлэгч Ш.Б нь Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байхад нь маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Ш.Бийг хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай” Б/******* дугаар захирамжаар ажлаас нь огцруулсан байна.

6.Дээрх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.2.5 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.16 дахь заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт, Байгууллагын Дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэг, 6.3.1, 6.3.3, 6.3.4 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ш.Бийг ажлын цаг ашиглалт хангалтгүй гэх үндэслэлээр огцруулжээ.

7.Тодруулбал, маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг “... 2025 оны эхний хагас жилийн албан хаагчдын ирцийн бүртгэлийн тайлангаар ажлын 52 хоногийн цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй болон 335 минут хоцорсон, мөн 829 минутын өмнө явсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдах ажилтанд мэдэгдээгүй ажил тасалсан, ажлын цаг ашиглалт хангалтгүй ажиллаж хууль, тогтоомжоор хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй.” гэжээ.

8.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.“Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ.”, 37.1.6.“харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;”, 37.1.16.“Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах;”, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.“Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө.”, 7.1.8.“байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх.” гэж тус тус заажээ.

9.Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар баталсан дотоод журмын 6.1-д “Албан хаагч ажилд ирэх, ажлын цагаар гадагш явах, буцаж ирэх, ажил тарах болгонд нэгдсэн удирдлагын системд бүртгүүлэх бөгөөд харьяалах нэгжийн даргад, нэгжийн дарга байгууллагын удирдлагад тус тус мэдэгдэнэ. Албан хаагчийн ажлын цагийн бүртгэлийг хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагч сар бүр нэгтгэн байгууллагын удирдлагад танилцуулах бөгөөд ажилтныг таньж баталгаажуулах үйлдлийг хялбарчлах зорилгоор ажилтны зөвшөөрлөөр биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ээс бусад биометрик мэдээллийг ашиглаж болно”, 6.3-д “дараах тохиолдолд ажил тасалсанд тооцно” гээд 6.3.1-д “Хэрэв албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд журмын 6.2 дахь хэсэгт зааснаар чөлөө аваагүй”, 6.3.3-д “ажлын байрыг ажлын цагаар орхин явахдаа эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй, нэгдсэн удирдлагын систем болон гадуур ажлын дэвтэрт бүртгүүлээгүй 2-оос дээш цагаар ажлын байрыг орхисон бол тухайн өдрийн ажлыг”, 6.3.4-д “албан хаагчид байгууллагаас болон холбогдох бусад байгууллагаас зохион байгуулсан мэдээллийн цаг, сургалт, зөвлөгөөн бусад арга хэмжээнд бүрэн хамрагдах бөгөөд хоцорсон, тасалсан цаг минутыг ажлын цаг тасалсанд тооцно”, 10.1-д “сахилгын зөрчилд дараах зөрчлийг хамруулна” гээд 10.1.4-д “хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ажлын 2 өдрөөс дээш хугацаагаар ажил тасалсан” гэжээ.

10.Дээрх хууль болон дотоод журмын заалтуудаас үзвэл, төрийн албан хаагч нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөж, байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх үүрэгтэй байна.  

11.Хэрэг нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн ажлын цаг ашиглалтын ирцийн бүртгэлд /2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл/ түүнийг байхгүй хоног *******, хоцорсон минут 335, эрт явсан минут 829 гэж бүртгэжээ.

12.Үүнээс цагийн бүртгэлд огт бүртгэгдээгүй, тасалсан гэх 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд бүх нийтийн амралтын өдөр болон 2025 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага, Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооноос зохион байгуулсан өдөрлөг, Сүхбаатар дүүргийн Ахмадын хорооноос зохион байгуулсан өдөрлөгт оролцож зохион байгуулсан болох нь Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооны 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/68 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн ахмадын хорооны тодорхойлолт, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 36/417 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 674 дүгээр албан бичиг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2025 оны 11 дүгээр сарын *******-ний өдрийн 30ё-1/1507 дугаар албан бичиг, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч сургуулийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 277/331 дүгээр тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул дээрх өдрүүдэд тасалсан гэх зөрчил үгүйсгэгдэж байна.

13.Харин хоцорсон, эрт явсан гэх зарим өдрүүдэд нэхэмжлэгчээс хорооны иргэдэд гэр гардуулах, гэрэлтүүлэгт засвар үйлчилгээ хийх, авто зам дээр давс цацах, зам засах зэрэг гадуур ажилласан нь фото зургаар тогтоогдож байна. 

14.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн ажил тасалсан болон хоцорсон, эрт явсан гэх зөрчлийг нарийвчлан тогтоогоогүй байна. Мөн хорооны Засаг даргын албан тушаал нь Засаг, захиргааны анхан шатны нэгж учир ажлын бүтээмжийг ажлын байранд байнга байх ёстой гэх байдлаар үнэлэх боломжгүй юм.

15.Тодруулбал, хорооны Засаг дарга өөрийн хооронд хамаарах бүхий л нутаг дэвсгэр, иргэдэд хүрч ажиллах шаардлагатай онцлог албан тушаал тул ажлын 8 цагаар, ажлын байрандаа, ажлын цагаа бүртгүүлэн ажиллах ёстой гэх шаардлагыг тавих нь тухайн албаны тушаалын онцлогт нийцэхээргүй байна. 

16.Мөн нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийг ажлын цаг ашиглалттай дээрх зөрчлийг гаргасан гэж үзсэн тохиолдолд түүнд бусад төрлийн сахилгын шийтгэлийг   ногдуулах боломжтой болохоос шууд огцруулах үндэслэл болохгүй юм.

17.Учир нь хорооны Засаг даргыг иргэдийн Нийтийн Хуралаас нэр дэвшүүлж, дүүргийн Засаг дарга томилдог болохын хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т огцруулах үндэслэлийг нарийвчлан зохицуулсан.

18.Маргаан бүхий захиргааны актад дурдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д “энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр”, 65 дугаар зүйлийн 65.1.3-д “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” гэх заалт нь нэхэмжлэгчийн дээрх зөрчилд хамааралгүй.

*******.Өөрөөр хэлбэл хорооны Засаг даргыг гагцхүү хуульд тухайлан заасан үндэслэлээр огцруулах боломжтой бөгөөд түүний гаргасан гэх ажил тасалсан, хоцорсон, эрт явсан гэх зөрчлүүд нь дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх зөрчилд хамаарахааргүй байна.

20.Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийг дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр тухайлан маргаагүй бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

21.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/******* дугаар захирамжийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох тус дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож олгон мөн дүнгээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/******* дугаар захирамжийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох тус дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож олгон мөн дүнгээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ГАНБАТ