| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2017/00053/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2017-11-21 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 52
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х овогт Б ын П ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000190016 дугаартай 154/2017/00052/Э/ индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Б ын П , Ховд аймгийн Үенч суманд 1979 оны 06 сарын 12-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Ховд аймгийн Ү сумын У багт оршин суух, РД:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Б.П нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн нутаг дэвсгэрт орших Бага-Лиш гэх газраас 120-160 ширхэг хар мод буюу шинэс мод зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтад Б.П ийн яллагдагчаар өгсөн:“Би хашаа барих зорилгоор 2017 оны 09 сарын 25-аас 28-ны хооронд ажлынхаа завсар зайгаар Үенч сумын Улиаст багийн Бага-Лиш гэх газраас хуурай модыг малын хашааны саравч барих зорилгоор авсан. Би модыг авахдаа газарт унасан болон босоо хуурай модыг тайрч аваад модны хаяанд хурааж тавьсан. Би тухайн үед зөвшөөрөл аваагүй байсан. Ойролцоогоор урт нь 4-5 метр, өргөн 10-15 см хэмжээтэй 120-150 ширхэг хуурай мод бэлтгэж авсан. Би ганцаараа бэлтгэсэн” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ариунбатын өгсөн:“...Иргэн Б.П нь 2017 оны 08-р сард хууль бусаар 160 ширхэг хуурай хар мод бэлтгэсэн байсан. Намайг Улсын тусгай хамгаалалттай газар хариуцан ажилладаг болохоор тус хэрэгт би хохирогчоор тогтоогдсон. Байгаль орчинд нийт 680000 төгрөгний хохирол учирсан. Б.П байгаль орчинд учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч С.Далхаагийн өгсөн: “...Би хяналт шалгалтаар өөрийн хариуцсан бүс нутагт ажлаар явж байхад Үенч сумын Улиаст багийн Бага-лиш гэх газрын уулын хаяанд бэлдээд хураасан хуурай мод байсан. Ойролцоогоор 120-150 ширхэг 4-5 метр мод байсан. Сураглаад тогтооход Үенч сумын иргэн Б.П бэлдсэн байсан. Би П оос яагаад зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар асуухад өвлийн хашаандаа саравч тавих зорилгоор авсан. Ганцаараа ажлынхаа завсар зайгаар бэлтгэсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч А.Мөнхбаатарын өгсөн: “...Ховд аймгийн Үенч сумын Бага-Лиш гэх нэртэй газарт ойролцоогоор 160 ширхэг шинэс нэртэй хар мод бэлтгэсэн байсан. Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн Бага-Лиш гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн, байгалын цогцолборт газрын ангилалд багтдаг. Бага-Лиш гэх газар нь 2011 онд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орсон...” гэх мэдүүлэг,
Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“1. Хураан авсан 160 ширхэг мод нь хамгаалалтын бүсийн нэгдүгээр мужийн ойгоос бэлтгэгдсэн шинэс мод байна.
2. Бүс нутаг хариуцсан байгаль хамгаалагч, байцаагчдын хамт газар дээр нь хийсэн тооллого, үзлэг, хэмжилт зэргээр тухайн модыг ургаа хуурай мод түүж бэлтгэсэн болохыг тогтоолоо. Бэлтгэсэн мод нь чийггүй, чигтээ хатсан, навч мөчиргүй, үзүүр нь хатсан, элэгдсэн зэргээр хуурай гэж нотлов.
3. Зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн мод нь: БОАЖ-ын сайдын 2009 оны 394-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 1 м3 хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ нь нэгдүгээр мужид 60000 төгрөг, тууш модны итгэлцүүр болох 1,4-өөр үржин бодож, 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 84000 төгрөг болж байна. Бэлтгэсэн 160 ширхэг модны эзэлхүүнийг “Монгол улсын MNS 2379:2010 стандарт: 0,5-9,5 метр урттай бөөрөнхий модны эзэлхүүний Х ”-ийг ашиглан тогтооход нийт 8,1788 м3 болж, тухайн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 8,1788м3 х 84000 төг=687019 /зургаан зуун наян долоон мянга арван есөн/ төгрөг болж байна” гэх дүгнэлт,
- Монгол Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай “зарим нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах тухай” тогтоол
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл
- Гэрэл зургийн үзүүлэлт
- Модонд үзлэг хийсэн тэмдэглэл
- Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох аргачлал
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн гэрч Ж.Хашхүү,А.Мөнхбаатар нарын мэдүүлэг зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Б.П нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн нутаг дэвсгэрт орших Бага-Лиш гэх газраас зөвшөөрөлгүйгээр 160 ширхэг хар мод буюу шинэс мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох аргачлал, мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ариунбат, гэрч С.Далхаа, А.Мөнхбаатар нарын болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.П ийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.П нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.П нь бусдад төлөх төлбөргүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 160 ширхэг шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б ын П ийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П ид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П ийн тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.П нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.П нь бусдад төлөх төлбөргүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг ерөнхий шүүгчийн туслах Б.Алтангэрэлд даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 8,1788 м3, 160 ширхэг шинэс /шургаа/ модыг улсын төсөвт шилжүүлэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.П ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.